• Өнөөдөр 2024-05-16

Төр Хөгжлийн банкийг "тоногчид"-ын толгойг илж, ард түмний хүлээлт талаар болов

2022-03-31,   587

        Хөгжлийн банканд нүүрлэсэн хулгай, тонон дээрэмдсэн төрийн түшээдийн дуулиан дэгдээд даруй хоёр сар өнгөрлөө. Хууль хяналтынхан ажлаа хийж байгаа, эрх баригч намын удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарч байгаа гэж итгэж хүлээсээр. Атал, хүлээлтэд нийцсэн үр дүн гарсангүй, хоёр сар өнгөрчихлөө. Ард түмэн “Зээлээ төл” гэж хоолой сөөтөл хашхирхын хүчинд 130 гаруй тэрбум төгрөг л эргэн төлөгдсөн төдий, хамтраад төрөөс шахаж шаардсан бол арай ахиу төлөгдөх байсан ч юм бил үү. Нэмээд Хөгжлийн банкны хуучин захирлуудаас хэд гурвыг нь хорив, гэхдээ өгсөн нь хоригдож байгаа юм бол авсан нь яагаад хоригдохгүй байгааг ард түмэн ойлгохгүй л байгаа.
 
Адагт нь, Хөгжлийн банкнаас хөлжигсөд Ардын нам, Ардчилсан намаараа хуваагдаад, би ч авсан, чи ч авсан, адилтай адил гэцгээгээд дуусч байх шиг. Харилцан хувь хүртэцгээсэн хүмүүс хэн хэнээсээ хариуцлага нэхэж чадахгүйг ард түмэн сая ухаарч байна. Хөөрхий, Хөгжлийн банкны дуулианаар дамжуулан урт гартай улстөрчдөөсөө “салах” нь гэсэн ард түмний хүлээлт ингээд талаар болж байна. Ард  түмний амьдрал ядуу, хөргөгч, ходоодных нь аль аль хоосон сууж байхад тэднийг сайхан амьдруулна гэж саналыг нь өвөртлөөд төрд одсон түшээд нь тэр дээр, төрөөс хэдэн арван тэрбумын зээл авчихсан, тэгсэн мөртөө төлөхгүй гүрийж явахыг харах хоржоонтой л байдаг юм байна. Хариуцлагын сэлэм ярьдаг асан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таг чимээгүй, улсаа хөгжүүлэхийн тулд эхлээд хулгайч нараасаа салах ёстой атал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч ялгаагүй ус балгасан мэт байхад ард түмэн мянга шаагилдаад яах ч билээ.
 
        Уг нь Хөгжлийн банкны эл асуудалд эрх баригч нам идэвхтэй ажиллаж, хулгайд оролцсон гишүүдээ хөөж, хожим хулгай хийхгүй болтол нь хариуцлага тооцох болов уу гэж ард түмэн их найдсан. Сайн дураараа найдчихсан юм биш, Хөгжлийн банкны асуудал дэгдмэгц л Ардын намын генсек Д.Амарбаясгалан хэвлэлээр баахан гарч, “Хулгайтай эвлэрэхгүй, хатуу хариуцлага тооцно” гэж удаа дараа мэдэгдэж асан учраас тэр. Гэтэл хөөгдөх болзлоо аль эрт хангачихсан буюу хэдийн “ЖДҮ”-гээрээ зард гарчихсан Б.Ундармаа тэргүүтэй таван хүнээр туг тахисан болоод, харин Хөгжлийн банкны тонон дээрэмдэгчдээ авч үлдэх арга саам сүвэгчилж буй нь ард түмэнд мэдрэгдэж эхэлсэн. Тэгмэгц нь дахиад хариуцлага нэхээд эхэлтэл, "УИХ-ын гишүүд бүхий есөн хүнийг хууль хяналтынхнаар шалгуулах шаардлага хүргүүлсэн" гэж өчигдөр “нохой шуугиулав”. Хөгжлийн банкнаас зээл авчихсан, авсан зээлээ багадаа хоёр жил түмнээс тас нуучихсан тэд одоо өөрсдөө гүйж очиж өөрийгөө шалгуулаад, “Намайг буруугүй болохыг тогтоолоо” гэж нийтэд зарлах юм байх. Ард түмний Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж Ардын намаас хүлээсэн хариуцлага, шударга ёс арай ч ийм биш л дээ. 
 
Зүй нь, Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компаниараа зээл авсан нь цагаан дээр хараар дурайгаад, хувийн бизнес нь цэцэглэн хөгжсөн нь нүдэн дээр ил харагдаад байхад түүнийг нь өөрсдийнх нь оролцоогүй хууль хяналтынхнаар батлуулаад, хөөх, хариуцлага тооцох тухай асуудлыг шууд л ярьмаар. Гэтэл “Хууль хяналтын байгууллагад очиж өөрийгөө шалгуул” гэж үүрэг өгөх нь эрх баригч намынхан гишүүддээ уснаас хуурхай гарах боломж олгож байгаагаас ялгаагүй харагдаж байгаа юм. Жишээ дурдахад, тэр есөн хүнд багтсан, Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт л гэхэд цахим хуудастаа “Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй бол хэн ч буруутан биш шүү” гэж их л маадгар бичсэн байна билээ. 
 
Өөрөөр бол, хууль хяналтынхан тэднийг шударгаар шалгаад, анх зээл авахдаа албан тушаалаа ашигласан эсэх, авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэхийг нь үнэхээр үнэнээр нь тогтоох эсэхэд ард түмэн бүрэн дүүрэн итгэлтэй бус л байна. Хэрвээ тийм бол Хөгжлийн банкны хулгай илчлэгдээд хоёр сар болж байхад шалгаж, тогтоож байхгүй юу хийж байв. Жишээ нь, Хөгжлийн банкнаас хоёр ч компаниар дамжуулан зээл авсан гэж ад болж буй асан Ерөнхийлөгч Х.Баттулга л гэхэд хоригдож, байцаагдах бүү хэл, хорин нэгэн аймгаар хэдэндээ тойрч явахад нь хууль хяналтынхнаас хэн нь ч хөндөлсөхгүй байгааг ард түмэн харж л суугаа. Тэр эрх баригч намын хүн биш ч гэлээ намын даргад нь зөвлөж явсных нь хувьд хамаатуулж байгаа юм. Нэмээд, 33 тэрбум төгрөгийн зээл авсан гурван найз хууль хяналтын байгууллагын хаалга хавьд биш Төрийн ордны зөөлөн буйдандаа заларсан хэвээр л байгааг ч харж л байгаа. 
 
Харин одоо хүссэн ч, эс хүссэн Хөгжлийн банкны эл хэрэг мартагдах тийш хандаж байна. Арга ч үгүй дээ, "загасны ой санамжтай" гэж "өөрийгөө" гайхдаг энэ нийгэм харин ч хоёр сар марталгүй санаж, шахаж, шаардлаа. Харамсалтай нь, хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. Нэмээд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, шатахууны үнэ, ам.долларын ханш хоёр "дөрөө" харшуулан 3000 руу "уралдаж" байхад ард түмэн Хөгжлийн банкны "тонуулчид"-тай хэдий хүртэл зууралдаж чадах вэ дээ. 

Төр Хөгжлийн банкийг "тоногчид"-ын толгойг илж, ард түмний хүлээлт талаар болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188