• Өнөөдөр 2024-05-16

МАН ЭРХ МЭДЭЛД МӨН Ч ИХ ШУНАЖ БАЙНА ДАА

2022-03-16,   2663

       Ардын нам алсын амбицаа ард түмэнд зарлав, өчигдөр. Амбиц ч гэж айхтар шунал тээж явжээ, тэд. Гэхдээ шуналаа шууд, шулуухан зарлачих зүрх зориг байсангүй, өөрсдөд нь. Сурснаараа УИХ-ын гишүүн Т.Доржханд “ам барьж”, Ардын намын зохиосон “дуу”-г дуулж үзүүлэв. “Час хийсэн гишүүнтэй боллоо” гэж чангаар алга ташиж байсан даа, ард түмэн Т.Доржхандад. Гэтэл эрх баригч намын “чанга яригч” болчих гэж. Уг нь талдаа орж байгаа бүрэн эрхийн хугацаагаа “утсан хүүхэлдэй” болж, томчуудад үйлчилхэд биш тойргоо тордоход, тэтгэвэр тэтгэмж нэмэхэд зарцуулвал өөрт нь хэрэгтэй юм сан. За, тэр ч яах вэ. 
        Энэ хаврын чуулганы хуралдаан бүрийг хязгааргүй эрх мэдэлд хүрэх сууриа бэлдэхэд зориулахаар төлөвлөжээ, МАН. Өсөхийн өлөн өтлөхөд арилдаггүй гэдэг дээ. Өрөмийг нь өөрийнх нь өмнө таваглаж өгөөд байхад хусам руу нь хялайж зогсдог хүүхэд шиг л аашилж байна. Гуравхан жилийн өмнө өөрчилсөн Үндсэн хуулиндаа дахиад гар хүрэх юм гэнэ. Тэгэхдээ бүр энэ хавартаа багтаж, хүссэн заалтуудаа оруулах гэнэ. Ерөөсөө Ерөнхийлөгчийг ард түмнээс асуухгүйгээр бид өөрсдөөсөө сонгодог болоё гэнэ. УИХ-ын 76 гишүүн даанч цөөдөөд байна, дахиад 30, 40 гишүүн нэмбэл гэрлийн хурдаар улс маань хөгжих гээд байна гэнэ. Давхар дээлтнүүдийг дөрөв, тав гэж хязгаарлахгүйгээр хэдийг танхимдаа оруулахаа Ерөнхий сайд нь өөрөө толгой мэдэж шийддэг байя гэнэ. Товчхондоо, Төрийн тэргүүний сэнтийгээс таксины жолоочийн суудал хүртэл шат шатанд эзэгнэчихсэн атлаа үүнийгээ “шалихгүй” хэмээн голж, шинэ эрх мэдлүүдийг өөрсдөдөө бий болгохоор шулуудчихлаа, МАН. 
 
УИХ-ын дарга Г.Занданшатарын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ хавчуулснаар, УИХ-ын гишүүн Т.Доржхандын тайлбарласнаар эрх баригч намынхан энэ хавар Үндсэн хуульд гурван өөрчлөлт оруулахаар цэцэд саналаа хүргүүлжээ. 
 
Тухайлбал, 
 
1. Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгодог болох заалт Үндсэн хуульд оруулахаар төлөвлөжээ. Өөрөөр бас өргөтгөсөн парламентаас буюу нийслэл, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч дундаас сонгодог болох хувилбарыг хамт оруулж байгаа аж. Парламентаас гэхээр тухайн үед эрх барьж байгаа олонх болсон нам хүссэн хүнээ Төрийн тэргүүн болгох боломжтой болно. Бусдад бялуу хүртээхгүй буюу бусад намуудад боломж олгохгүй байх гэсэн санаа. Жишээ нь, Ардын намаас сонгогдсон гишүүд ярилцаад хэн нэгнийгээ Ерөнхийлөгч болгож болно, ард түмэнд ер “падгүй” гэсэн үг. Ханхүүгээр залгамжлуулдаг хаант засаглалаас нэг их ялгарах юмгүй, орчин үеийн хувилбар нь гэмээр.

Ардын нам арай л гэж 12 жилийн дараа Ардчилсан намыг ялж, Ерөнхийлөгчийн сэнтийг авч чадсан. Тэгвэл дахиж эрсдэл гаргахгүйгээр, дундаасаа нэгийгээ Төрийн тэргүүнээр “томилж” байхаар тохиролцжээ гэж харагдаж байна. Бүх нийтийн саналаар бус бүлэг фракцийн үзэмжээр Ерөнхийлөгчөө сонгодог болох нь. Ард түмний Ерөнхийлөгч гэх нэршил үгүй болж, Ардын намын Ерөнхийлөгч л гэж байдаг болох нь л дээ. Тэгэхээр өнөөх Төрийн тэргүүн бол төр, ард түмний эв нэгдлийг хангагч байна гэх язгуур зорилго нь хайчих вэ. 

2. УИХ-ын гишүүн Т.Доржхандын дурдсанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийн хэд нь дан, хэд нь давхар дээлтэй байхыг Ерөнхий сайд өөрөө шийддэг болох гэнэ. Одоогийн Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийн дөрөв нь давхар дээлтэй байхыг зөвшөөрч буй. Тэгвэл одоо Үндсэн хуульд өөрлөлт оруулахдаа давхар дээлийн асуудлыг Ерөнхий сайдын гарт өгөх аж. Ингэсэн тохиолдолд Ерөнхий сайд танхимынхаа бүх гишүүнийг ч УИХ-аас буюу давхар дээлтэйгээр бүрдүүлж болно гэсэн үг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын ах нарынхаа “тавиул” сайд нараас салж, УИХ дотроос өөрийн багийг бүрдүүлэхээр зорьж буй тухай намаржин ярьсан. Гэвч санаснаа гүйцэлдүүлэхэд нь төрсөн ахаас нь өөрцгүй явснаа түгжин хагарсан Төрийн тэргүүн “ах” нь саад болсон гэх. Тун саяхнаас тэд тохиролцоонд хүрсэн гэх мэдээллүүд гарах болсон. Тэгвэл тохиролцоо нь хэрэгжиж, Засгийн газраа хүчирхэгжүүлэх зорилго нь биелэхэд тун ойрхон ирчихлээ. 
 
3.УИХ-ын гишүүдийн тоо цөөдөж байна гэж МАН үзжээ. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх замаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ энэ анх удаа яригдаж байгаа асуудал биш. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108, МАН-ын зүгээс 99 болгох нь зөв гэх байр суурьтай байгаа гэх яриа гарч байлаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх үндэслэл нь хүн амын өсөлт, үүнээс улбаалж УИХ-ын 76 гишүүн нийт иргэдийг төлөөлж чадахгүй болсон гэж “гоморхол”. 
 
Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулиар УИХ-д 76 гишүүн сонгодог болсон. Тухайн үед буюу 1992 онд манай улс 2.1 сая хүн амтай, УИХ-ын нэг гишүүн 27.6 мянган иргэнийг төлөөлж байсан.  Тэгвэл 30 жилийн хугацаанд хүн амын тоо 1.6 дахин өсөж, 3.4 сая болсноор УИХ-ын нэг гишүүн 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон. УИХ-ын нэг гишүүнд ногдох хүн амын тоо ингэж нэмэгдсэнээр тэд урдах ажлаа дийлэхээ больж, сонгогчдоо сонсох завгүй болсон гэж эрх баригч намынхан үзэж буй.

Гэхдээ гишүүдийн тоог нэмээд өөрчлөлт гарах уу, ард түмэн хожих уу, ардын нам хожих уу гэдгийг бодолцох ёстой. 76 гишүүний хэрүүл, хулгай дийлдэхгүй байхад 108 болвол яах вэ. Түм буман амлалт өгч сонгогдчихоод тэр даруйдаа тойргийнхноо мартчихдаг гишүүдтэй улс шүү дээ. Тэгэхээр ард түмэн хожихгүй, Ардын намынхан л илүү олуулаа болж, хожиж мэдэх. 

         Ингээд харвал, Ардын намынхан алс хэтдээ хэмжээлшгүй их эрх мэдэлд хүрэхээр зорьж байгаа юм байна. Зорилгодоо хүрэхийн тулд хэрэгтэй гэсэн хууль болгохыг зогсолтгүй зүтгүүлэх биз. Үр дүнд нь бид ойрын хэдэн жилдээ МАН-аас өөр намын нүүр үзэхгүй буюу МАН-ын дангаар ноёрхлын жинхэнэ эрин үе эхэлнэ гэсэн үг. Улс төрийн нам гэдэг өнөөдөр байгуулагдаад, маргааш хүчирхэгжээд, нөгөөдөр олонх болдог хялбар институт биш. Хүний нөөц, хөрөнгө мөнгө гээд хөл дээрээ босохын тулд хэдэн жил хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал бол, Ардчилсан нам “амилж”, ахиад нийтээр нь цэнхэртүүлэх хэмжээнд тэнхэрдэггүй л юм бол Ардын намд ойрын ирээдүйд өрсөлдөгч алга. Өөрсдөө ч тэрийг сайн мэдэж байгаа болоод ийм бардам, бас итгэлтэйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ханцуй шууж байгаа юм байна. 
 
         Эцэст нь, МАН хэмжээлшгүй эрх мэдлийг хүсэж, шунаж байж болно, гэхдээ хүслээ хянаж, шуналаа шууж байхгүй бол горьгүй шүү. Ард түмний уур хилэн дүүрэн дарьтай торх шиг болчихоод байна. МАН-ын шунал нь магад шүдэнз болж хувирвал ассан галыг унтраах амаргүй л байх болов уу. 
 

МАН ЭРХ МЭДЭЛД МӨН Ч ИХ ШУНАЖ БАЙНА ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-18 11:06:27
    Зоч: МАН дангаар ноёрхлоо тогтооход гол саад нь Ардчилсан нам тул яаж үндсээр нь үгүй хийх вэ гэдэгт бүх анхаарлаа төвлөрүүлж, юу ч хийхэд бэлэн байгаа нь маргашгүй үнэн!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-18 09:49:09
    Зочин: Харин ч зөв шинжлэх ухааны үндэслэлтэй саналууд байна. МАН өөртөө л гэнэ өөр нам парламентад олонх болж болно шдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-18 09:46:25
    Монгол: Монголыг маань сорчлон луйвардаж 938 үйлдвэр завод, орд уурхай, лицензүүдийг маань дээрэмдэж байгаад баригдаж хоншоороо МАН-д тас цохиулж буцааж хураалгасан АНуус намынханы өс хонзон яасан барагддаггүй юм бэ!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-17 22:59:40
    Zochin : Man aas zalhaj bna bugd luivarchid irged bid
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-17 22:58:41
    Zochin: Erguulen tatdag huuli bas garga uy ch hiihgui erh medleeree dalailgan uih gishuud hb aas zeel avsan tegeed ch songon shalgaruulaltgui tsementiin uildver barij bgaa uih gishuun ii uuriih n bolj uldej bgaa shudraga yosond ogt niitsehgui bna huvytsaa gargaj ard tumend uguu ogtsruulj arga hemjee avaach
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-16 15:48:12
    Ээж: Гишүүдийн тоогоо нэмнэ гэнэ үү.МАНгасуудын Солиорол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-16 09:54:24
    Ме: 76 ухна дээр баахан ухнууд л нэмэгдэнэ, улам л дордоно. Тоонд биш чанарт бгааг ойлгохгүй бна гэж бхгүй. Ёстой шуналын дэвнүүд юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-16 09:32:31
    Зочин: Миний бодолдоо тээж сэтгэгдэл бичдгийг энэ хүн бичжээ. Юу үнэн энэ л үнэн.Ард түмний сонголтыг багасгаад ялсан гэх нам ерөнхийлөгч ,өрөнхий сайдаа томилоно.Давхар дээл бол төсөв батладаг хянадаг газраа гүйцэтгэх засаглал нь хармаандаа хийчихнэ гэсэн үг.Идэж уух нь улам далд болно гэсэн үг.Гарах муу үр дагавар нь улам ихсэнэ.Дорж хандын хэлж байгаагаар ард түмний ёонголтыг багасгах тухай ярьж байна гэж ойлгогдож байна.УИХын гишүүдийг сонгох сонгууль бол барөг халамжийн сонгууль болчихсон энэ үед дахиад гишүүн нэмнэ гэхийн оронд 76 гаа бага зэрэг цөөлж 2 танхимтай болох явдал зөв алхам .Доржханд бол угаасаа МАНын охин нам ХҮН шүү дээ. 76 гишүүн байхад нэг намын нөхөд зохион байгуулалттайгаар 49 нь ЖДҮ цохиж баригдаад дараагаар нь ХӨГЖЛИЙН БАНК,НДС, ЭМДС гээд идэж уугаад байхад гишүүд цөөдлөө гэх нь утгагүй санагдлаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188