• Өнөөдөр 2024-05-15

Арай л дэндэж байна даа, Ардчилсан нам дахь С.Эрдэнийн “самралт”

2022-03-10,   847

       Хөгжлийн банк, хойд хөршийн өдүүлсэн дайн, хаврын урь зэргээс болоод хөөрхий муу Ардчилсан намын алдардаггүй хэрүүлийг түр мартаж орхижээ, бид. Харин өнөөх С.Эрдэнэ Ардчилсан намын хэрүүлээ аанай л үргэлжлүүлсээр байгаа ажээ. Ингэхдээ Ц.Туваантай эхлүүлсэн хэрүүлээ Х.Баттулгатай үргэлжлүүлж, “Ардчилсан нам минийх” гэж бархирсаар, барьц ахиулж Ардчилсан холбоог хүртэл өмчилж байгаа юм байна. Тун товчоор бол, 22 жилийн түүхтэй Ардчилсан намын “хойдохыг” нь уншиж дуусаад, Ардчилсан холбоог хүртэл алсын замд нь үдэхээр зэхэж байгаа юм даг уу.
      С.Эрдэнийн сошиал хуудсаар хэсэж, хэлсэн ярьсныг нь сонсож хэсэг суулаа. Хэлсэн өгүүлбэр бүрд нь Х.Баттулга гэдэг үг хавчуулагдаж явах юм. Хуучин төрийн тэргүүндээ тэгж их хорсдог уу, түүн шиг муу хүн байхгүй л гэнэ. Ардчилсан холбоонд салхи оруулалгүй 15 жил “авдар”-таа тас нуусан л гэнэ. Ардчилсан намыг алиа салбадай нараар дүүргэж, амжилтаас нь хойш татсан хүн нь Х.Баттулга л гэнэ. Х.Баттулга хөшигний ардаас хамаг хорыг найруулж суудаг тухай хангалттай олон сонссон тийм л түүхүүдийг тоть шиг давтаж байх юм. Жилийн өмнө, өдийд Ц.Тувааныг цадигаа алдсан нөхөр хэмээн яг л ингэж муулж явсан. Хараад байхад С.Эрдэнэ Ардчилсан нам руу хавьтсан, ойртсон болгоныг хавчиж, хайрч байдаг бололтой юм. Өрөөлд өгөхгүй өмчлөх гэж зүтгэх, тэгэх мөртөө өөрөө тордохгүй, өтөнд бариулж, өтгөнд шивүүлэх, хаашаа ч юм. Арай аятайхнаар хэлбэл, ардчилсан нэртэй атлаа дотроо ардчилалгүй болохоор “авс”-нд орсноос ялгаагүй болж байгаа юм л даа, Ардчилсан нам. Нийтийн байр байх ёстой Ардчилсан нам нэг хүний хаус болоод дуусч байна гэсэн үг.
 
Тэгвэл Х.Баттулгыг хамгаалагч ч биш, Ц.Тувааныг тунхаглагч ч биш, С.Эрдэнийг элдэвлэгч ч биш, хөндлөнгийн хүний хувьд ажвал Ардчилсан намыг үнэ хүндгүй, үнэт зүйлгүй болгож хувиргасан хүн нь Х.Баттулга биш С.Эрдэнэ л гэж санагдана. 
       С.Эрдэнийн тарьсан балгийг эргэн саная л даа. Цагтаа цэлийтэл цэнхэртүүлж явсан Ардчилсан нам 2020 оны сонгуулиар хамраараа газар хатгасан. Хатиг нь хагарсан ч гэж болно. Зуун саяын дэнчин нэхэж, зузаан хэтэвчтэйд нь зусардсаных нь “шагнал” тэр байсан. Тэгмэгцээ С.Эрдэнэ “Хариуцлага хүлээж байна” гэж хадаг яндар барьж, тамга тэмдэгээ Ц.Туваанд хүлээлгэж өгөөд, хаяж одсон. Зургаан сар гаруй зугаалж явсан уу, ардын намд зулгуйдаж явсан уу, ямартай ч нам гүн байсан. Гэтэл гэнэт гарч ирээд, “Ардчилсан нам минийх” гэх алдарт “эшлэл”-ээ хэлж, арслантай тамганы хэрүүлээ эхлүүлсэн байдаг. Хоёр он дамнасан хэрүүл, хуваагдлын оршил ингэж тавигдсан түүхтэй. Адаг сүүлд нь Ардчилсан нам алдар хүндгүй, хүүхэд нохойн доог болж хоцорсон, харлуулах гэсэнгүй, үнэн нь энэ. Ямар сайндаа, Ардчилсан намын УИХ дахь гишүүд нь Д.Ганбат бас бусад гэж бутраад, ахмад сонгогчид, ясны дэмжигчид нь хүртэл “Хэрвээ С.Эрдэнгэ явснаараа явсан бол” гэж халаглаж л суух вэ дээ. 
        Уг нь С.Эрдэнэ Ардчилсан намд 18 жил дарга хийсэн юм билээ. Тооцож үзвэл, тэр 1990 онд Багануур дүүргийн анхны Монголын Ардчилсан намын дарга байв. Улмаар 1995 оноос 2000 он хүртэл буюу таван нам нэгдэж, одоогийн Ардчилсан намыг байгуулах хүртэл нь БГД-ийн Монголын Үндэсний Ардчилсан намын хорооны дарга, Нийслэлийн Монголын Үндэсний Ардчилсан намын дарга, 2000 онд Монголын Ардчилсан намын даргаар ажилласан. Дараа нь 2003-2007 онд Ардчилсан намын анхны суурь буюу Монголын Ардчилсан холбооны дарга, 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга, 2017 оноос Ардчилсан намын даргаар ажилласан. Ингээд тоолбол, С.Эрдэнэ Ардчилсан намд 18 жил дарга хийсэн байгаа юм.  Уг нь 18 жил гэдэг эмэгтэй хүүхдийн эхнэр болох, хүү хүүхдийн хил манах хугацаа. Гэтэл ийм урт хугацаанд тогооноос нь хооллож, тохойноос нь зүүгдэж ирсэн намаа талын нэг тарааж бутаргаад, буйрыг нь хоосон үлдээх гэж зүтгээд, зарж “идэх” гээд, задалж хаях гээд байгаа нь ойлгомжгүй. Нэг хэсэг нь МАН-ын захиалга гэх, нөгөө хэсэг Монголоо бодож сэрдэг хүний захиалга ч гэх. Аль нь ч байлаа, арай л дэндэж байна даа, Ардчилсан нам дахь С.Эрдэнийн "самралт". 
 

Арай л дэндэж байна даа, Ардчилсан нам дахь С.Эрдэнийн “самралт”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 20:06:30
    Ө: Эрдэнээ бол маш сайн хүн...Гэхдээ та нар дундаас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 12:31:00
    Зочин : Ардчилсан нам , НДШ , Баянгол дүүргийг самараад дууслаа даа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 07:34:41
    del: Эрдэнэ бол угаасаа бүтэхгүй гар байсан бараг төрөлхийн бүтэхгүй гар гэвэл хүн доромжилсон болчих байх гэхдээ эрдэнэ мэтийн юмнууд энэ намыг самарч дууслаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188