• Өнөөдөр 2024-05-07

Т.ДОРЖХАНД ГИШҮҮНИЙ БАЙГАА ОНООГҮЙ ПОПРОЛ

2022-01-27,   757

-ӨӨРӨӨ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГААДАА БУХИМДАХДАА ӨРӨӨЛ БУСДЫГ “БООВ БИТГИЙ ӨГ” ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ-
 
        “Сангийн яамнаас салаагүй шахуу намтартай, санхүү талын туршлага гайгүйвтэр, чухамдаа толгой сайтай төрийн түшээ” гэж ард түмэн анх үнэлж байв, Т.Доржхандыг. Гэтэл тэр хоёрхон жилийн хугацаанд холбиромтгой, хов жив хоосон, сэдэв голдоггүй, сенсаац бүрийг алдалгүй “барьж” авдаг нөхөр гэдгээ хэд хэдэн удаагийн үйлдлээрээ нотолж өгөв. ХҮН-ынх атлаа МАН-ынх мэт явдалтай, үе үе Үндсэн хуулийн цэц рүү гүйдэлтэй түүний үнэлэмж түмний дунд бага багаар унасаар үлэмж болоод байна.  

Өчигдөр л гэхэд, УИХ-ын гишүүн Т.Доржханд АН-ын С.Одонтуяатай хамт төрийн түшээд тойргийнхоо ахмадуудад хэвийн боов тарааж байгааг эрс шүүмжилж, Сонгуулийн тухай хуулиудад хэвийн боов тараахыг хориглох зүйл, заалт нэмэх тухай санаачилга гаргаж буйгаа зарлаж, попорлоо. 

       Ядаж хань хамтрагчаараа өөр хүн сонгосон бол арай итгэл үнэмшилтэй байх байлаа. Гэтэл иргэдэд хэвийн боов бэлэглэхийг шүүмжилж зогсоо хамтрагч С.Одонтуяа нь хилээр “Хуучин хувцас” гэж худал мэдүүлээд брэндийн баахан хувцас оруулж ирж, сонгуулийн үеэр тойргийнхондоо тараасан нь хууль хяналтдаа тулж явсан билээ. Ийм хүмүүс нийлж зогсчихоод, бусдынхаа тойргоо тойглохыг нь шүүмжлээд зогсож байх нь төдийлөн итгэл үнэмшилгүй байна л даа. Нэмээд арслантай тамганы хэрүүлдээ л анхаарал хандуулахаас ард түмний амьдралд огт санаа зовдоггүй Ардчилсан намынхан хэвийн боов тараахыг шүүмжлээд, хөгшдөө ядуугаар нь дуудаад, хөгжих хөгжихгүйн тухай ярих нь бүр утгагүй, үнэмшилгүй байна.  
 
          За энэ ч яах вэ. Гол нь УИХ-ын гишүүн Т.Доржханд “Улстөрчид ахмадуудад ул боов тарааж байгаа нь санал худалдаж авах гэсэн явуургүй санаархал тул хуулиар хориглуулна” хэмээн хаа сайгүй ярьлаа. УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай гээд төрийн бүх шатны сонгуулийн хуульд “Төрийн түшээ хүн тойргийнхоо ахмадуудад хэвийн боов тарааж болохгүй” гэх хатуу заалт тусгуулах юм байх. Хэрвээ хэн нэг улстөрч тэр хуулийг нь зөрчвөл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгээд, эргэж сонгуульд оролцох эрхгүй болгож, хар тамга дарах юм гэнэ. Зэрвэс харвал ард түмэндээ бэлэн юм тараах биш, өөрсдөө бүтээх нийгэм, боломж бий болгохыг уриалж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ энэ нь түүний зүгээр л нэг ээлжит попрол, олны анхаарлыг татах гэсэн арга, зорилтот үйл ажиллагаа нь гэж болохоор. “Боовоор биш, бодлогоор өрсөлдье” гэж байгаа эрхэм гишүүн Т.Доржханд өөрөө өнгөрсөн хугацаанд бодлогын шийдэл гаргаж, болж бүтэхгүй байгаатай тэмцсэн бил үү, ер нь. Тэрбум тэрбумаар нь төрөөс “туучихдаг”, тендер “сугалах”-даа гаршсан түшээд Төрийн ордноор дүүрэн сууж байгаа. Т.Доржханд тэдэнтэй тохой нийлүүлж, хоёр жил суухдаа булхайг нь нэг удаа илчилсэн бил үү. Чуулганы индэр дээр “Тендер гувчуулахаа боль” гэж хэн нэгэнтэй тангараг тасартлаа үзэлцсэн бил үү, “Хамаарал бүхий компани чинь хувьсгалын мөнгийг хуу хамаад байна” гэж ил цагаан, ичтэл нь хэлж байсан удаа бий бил үү. Ядаж л ул боовыг үзэн ядаж байгаа шигээ урт гартай улстөрчдөд эгдүүцэж байгаагаа илэрхийлж байл уу.  

Ийм атлаа жилдээ ганц тохиодог сар шинийн баяраар хэдэн настанд хэн нэгэн нь ул боов өгмөгц л “Улс орны хөгжил дэвшлийн гацаа бол энэ” гэж “гаслаад”, “Хэвийн боов тараасан түшээдэд хуулийн хариуцлага тооцъё” гэх уриалга гаргаад сандарч, тэвдэх нь утгагүй харагдаад байна л даа. 

         Чухамдаа, хэвийн боов бэлэглэж байгааг ховлож, хориглох бус, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчийн тухай дуугарсан бол, ул боовны асуудлаар хуульд өөрчлөлт оруулна гэж байхаар Улаанбаатарын түгжрэл, утааг арилгахад гаргаж буй  төсвийг шүүмжилсэн бол УИХ-ын гишүүнийх нь хувьд нийцэх байлаа. Гэвч түүнд ийм ухаан, тийм зангараг байсангүй. Хувь хүнийх нь араншин ийм аахар шаахар юм уу, аль эсвэл ард нь Ардын намынхан “зогсчихоод” “Одоо алиа салбадай бол. Тэр асуудлыг тэнэг юм яриад ч хамаагүй намжаа” гэж ашиглаад байдаг юм уу гэмээр үйлдлүүд түүнээс үе үе гардаг. Ингэж хардах хэд хэдэн шалтгаан бий. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ҮХЦ-д Ерөнхийлөгчийн асуудлыг өргөн барьсныг нь учир мэдэх хүмүүс “МАН-ын захиалгаар ҮХЦ-д хандсан” хэмээж байсан нь хэвлэлийн хуудаснаа тодоос тод бий. Мөн “МАН-д ашигтай санал, шүүмжлэлд ханцуйгаа шамлаад, хамгийн түрүүнд ордог” гэх яриа ч Саарал ордноос үе үе гарсаар буй. Гэхдээ Т.Доржханд хувь хүнийхээ хувьд хэнд үйлчлэх, ямар санал дэвшүүлэх нь олон нийтэд тийм ч ач холбогдолтой биш. Гол нь ард иргэдийг төлөөлж, УИХ-д сууж байгаагийн хувьд зөв зүйтэйн дээр сонгогчдынхоо нүүрийг улалзуулаад байхааргүй асуудал дэвшүүлж, ярих нь түүний үүрэг. Гэвч үүнийг түүнд зөвлөж байгаа хүн ч алга, өөрөө ухамсарлаж байгаа ч юм алга. 
      Үнэндээ, ард иргэдэд хэвийн боов бэлэглэхэд юу нь буруу гэж. Хэдэн өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрх амттай, амтгүй тавгийн боов авлаа гээд халамж хавтгайраад, цадталаа идээд, баяжчих хэрэг огт биш. Сонгууль болгоноор ярьдаг ч өндөр настнуудынхаа тэтгэврийг хангалттай нэмж чаддаггүйгээс хойш хэвийн боовыг нь жилдээ нэг дөхүүлээд өгчихөд буруудах юмгүй биз ээ. Тэгээд ч ханцуй дотроо тэрбумаар нь наймаалцдаг томчуудад тойргийнхоо настнуудыг хэвийн боов төдийхнөөр жилдээ нэг “хуурах” нь хийх ёстой ажлынх нь нэг гэгддэг билээ. 
          Сонирхуулахад, Т.Доржханд жил бүрийн сар шинийн үеэр албаар ингэж попордог юм уу, аль эсвэл үнэхээр л ёс уламжлалаас хол хөндий хүн үү гэмээр үйлдэл гаргаж иржээ. Хэвийн боовтой холбоотой хэл ам таталсан нь ганц энэ удаа биш. Ноднин жилийн цагаан сараар зовлонгоор төгссөн буюу дөрвөн үеэр зассан цагаан идээтэй, хажууд нь аяга ааруултай хоосон шахуу ширээний дэргэдээс ард түмэнд хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, олны эгдүүцлийг барж суусан билээ. Өөрөөр хэлбэл, “Нийт олноороо тэмдэглэх чухал баярын өмнө попорвол нэг хэсэгтээ ярианы сэдэв болно” гэж итгэж, тооцоолж суудаг юм биш байгаа. Үүндээ бат итгээд ирэх жилийн энэ өдрүүдэд “Нийтээрээ хэвийн боов хэрэглэхийг хориглоно” гэчихсэн, бүр ийм агуулгатай  хуулийн төсөл барьчихсан гүйж явах вий дээ. 
 

Т.ДОРЖХАНД ГИШҮҮНИЙ БАЙГАА ОНООГҮЙ ПОПРОЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-29 21:15:33
    Баттүшиг: МАН-ынхан өөрсдөө эвгүй байдал ороод үхлээл дээ, Доржханд руу дайрах хэрэггүй шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188