• Өнөөдөр 2024-05-01

ТЭД ЯАГААД НҮҮРСНИЙ СОНСГОЛД ДУУДАГДСАН БЭ

2023-12-12,   1697

         Нүүрсний сонсгол эхэлснээр энэ улсыг хэн тонож, хэн хулгайлж, хэн хумсалж ирсэн нь баримтаар илчлэгдсээр буй. Эхний шатны сонсголоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, “Буурал” хочит А.Гансүх, УИХ-ын гишүүн, “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн, “Босоо” хочит С.Ганбаатар, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан, “Фортуна” хочит Н.Батбаяр, АН-ын дарга Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхан тэргүүтэй АН-ын голдуу томчуудын нүүрсний хулгайн схемүүд ил болсон. Тун товчоор дүгнэвэл, Ерөнхийлөгч нь Ерөнхий прокурортойгоо хамтарсан компани байгуулж, халаасаа нэгтгэчихээд нүүрс зөөж байсан жигжүүрт хэргийн гэрч болцгоолоо.
 
Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр хоёр дахь шатны нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан 168 хүний нэрийг нийтэд зарласан. Мөн л сүүлийн 20-оод жил улс төрийн өнгөнд, эрх мэдлийн оройд байсан томчууд дуудагджээ. Товчхондоо, ирэх долоо хоногт Төрийн ордонд “гал” гарах нь.  
 
Иймд бид хоёр дахь шатны нүүрсний сонсголд дуудагдсан албан тушаалтнуудын яагаад дуудагдсан шалтгааныг тоймлон хүргэж байна. Хоёр дахь шатны нүүрсний сонсгол ирэх долоо хоногийн даваа гарагт буюу энэ сарын 18-нд эхэлж, таван өдөр үргэлжлэх юм. 

ЭХНИЙ ӨДӨР-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН ХУЛГАЙГ СОНСОНО

      Хоёр дахь шатны нүүрсний сонсголын эхний өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, Цагаан хад-Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэж байсан компаниуд, тэдний цаад эздийг Төрийн ордонд гэрчээр дууджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд асан, “Буурал” хочит А.Гансүх, Гаалийн ерөнхий газрын үе үеийн дарга нар буюу Х.Баатар, Д.Цэвээнжав, Б.Цэнгэл, О.Ганбат, С.Пүрэв, Б.Асралт нар, Хил хамгаалах ерөнхий газрын үе үеийн дарга нар буюу Ш.Лачинжав, Ж.Бямбасүрэн, Х.Лхагвасүрэн нар, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран зэрэг хүмүүс дуудагджээ. Тэгвэл тэд нүүрсний тээврийн ямар компаниудтай хэрхэн холбогддогийг товч тайлбарлъя.
 
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Хятадуудтай хамтарч нүүрс тээврийн “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК гэх компаниудыг үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Энэ дөрвөн компани “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нийт 504 автомашинаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс зөөдөг. 
 
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2010 онд “Алтанговь транс” ХХК-ийг, төрсөн дүү Ш.Болдхуяг нь 2011 онд “Тив транс” ХХК-ийг тус тус байгуулж, нүүрс тээврийн бизнест хөл тавьж байв. Улмаар Ш.Адьшаа 2012 онд “Алтанговь транс” ХХК-аа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн баруун гар, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайханд шилжүүлсэн байдаг. Өдгөө “Алтанговь транс” ХХК нь Өмнөговь аймгийн хамгийн олон автомашинтай нүүрс тээврийн компаниар нэрлэгдэж буй. Цаашилбал, Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягийн том хүү Б.Энх-Оргил нь нүүрс тээврийн “Форси эс майнинг транс” ХХК-ийг, бага хүү Б.Энхсайхан нь нүүрс тээврийн  “Шанд ложистик” ХХК, “Шинэ Ази ложистик” ХХК, “Усны эх шанд транс” ХХК-уудыг эзэмшдэг. Мөн Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Батзаяагийн хүү А.Мягмардорж нь нүүрс тээврийн “Ханбогд өлзийт” ХХК-ийг, хамаатны дүү Б.Тэмүүжин нь нүүрс тээврийн “Хан тээлийн сүлд транс” ХХК-ийг, Ш.Адьшаагийн туслах Т.Доржпалам нь нүүрс тээврийн “Зууны транс” ХХК-ийг тус тус эзэмшдэг. 
 
- Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн эхнэр Цэрэнпүрэвийн Амгалан нь нүүрс тээврийн Их британийн хөрөнгө оруулалттай “Винтрак” ХХК, Сингапурын хөрөнгө оруулалттай “И Коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-уудын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Зөвхөн “И Коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК нь л гэхэд “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 551 автомашинаар нүүрс зөөдөг. 
 
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн 2013-2016 онд “Тэдмэнт групп” ХХК-ийн охин компани болох “Импайргаз монголиа” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн Ц.Сэргэлэнгийн төрсөн ах Ц.Дашням нь “Тэдмэнт групп” ХХК-ийн охин компани болох “Дорнын дэс” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. Тэгвэл “Тэдмэнт групп” ХХК-ийг “Хар” хочит Баасанжавын Отгонбаатар, “Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн төрсөн дүү Ц.Мөнхбямба нар хамтран эзэмшдэг. Харин Ц.Даваацэрэн нь “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэтэй “Гурвансайхан интернэшнл” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд нь эцсийн цэгт “Ажнай” Д.Бат-Эрдэнээр дамжин “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-д хүрч очдог гэсэн үг. 

ХОЁР ДАХЬ ӨДӨР- “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ, ТЕНДЕРИЙН ХУЛГАЙГ СОНСОНО

       Хоёр дахь шатны нүүрсний сонсголын хоёр дахь өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг анх байгуулсан түүх, түүнээс хойших нүүрсний квот, тендерийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Төрийн томчуудаас УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн үе үеийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүд, газар, хэлтсийн дарга нар дуудагджээ. 
 
Д.Зоригт, С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар яагаад дуудагдсаныг тайлбарлъя. Засгийн газраас 2010 оны аравдугаар сарын 20-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулах тухай 272 дугаартай тогтоол баталж байв. Энэ тогтоолын дагуу тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулах, 10 хувийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажлыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэнэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгаж байв. Тэгэхээр нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Д.Зоригт, С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг анх хэрхэн байгуулж байснаа тайлбарлах нь ээ гэсэн үг. 
Харин УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёрын хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаар дамжуулан тус компаниас нүүрсний квот, тендер авч байсан. Жишээ нь, Т.Аюурсайхан өөрийн Б.Отгонжаргал, И.Даваадорж гэх хоёр шадар туслахаараа дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсний квот, тендер авч байсан. Тухайлбал, Т.Аюурсайханы шадар туслах Б.Отгонжаргал нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны даргаар томилогдмогцоо “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендер зарлаж, тус тендерт нь Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадоржийн“Лаки лайф” ХХК нь шалгарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайханы нэг туслах нь тендер зарлаж, нөгөө туслахынх нь компани шалгарч байсан гэсэн үг. Цаашилбал, Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн гэрт АТГ-аас нэгжлэг хийх үед “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 500 мянган тонн нүүрсний квотын бичиг баримт гарч ирсэн байдаг. Энэ мэтээр цааш үргэлжилнэ. 

ГУРАВ ДАХЬ ӨДӨР- “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН АСУУДАЛ БОЛОН УЛСЫН НУУЦАД ОРУУЛСАН “ЭС ЭНД ЭЙ ТРЕЙД” ХХК-ИЙН АСУУДЛЫГ СОНСОНО

      Хоёр дахь шатны нүүрсний сонсголын гурав дахь өдөр Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор 800 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн асуудал, мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 39 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, уг гэрээгээ улсын нууцад оруулсан “Эс энд Эй трейд” ХХК-ийн асуудлыг хэлэлцэхээр товлосон харагдаж байна. Тодруулбал, нүүрсний сонсголын гурав дахь өдөр гэрчээр “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, ТУЗ-ийн гишүүн М.Ганбаатар, “Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч С.Билэгдэмбэрэл нарыг Төрийн ордонд дууджээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, үе үеийн удирдлагуудыг нүүрсний сонсголд дуудсан шалтгаан нь маш ноцтой. Өөрөөр хэлбэл, “нүүрсний хулгай”-н хэрэгтнүүд “Тавантолгой түлш” ХХК-ийг ашиглан хууль бус мөнгөө оруулж,гаргаж, угааж байсан байж болзошгүй хэргийг АТГ-ынхан илрүүлээд байгаа. Тодруулбал, “нүүрсний хулгай”-н хэрэгт шүүгдэж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Х.Нурлат нар хуйвалдаж, АНУ руу 5.3 сая ам.доллар, БНСУ руу 6.0 сая ам.доллар хууль бусаар гаргаж угаасан. Ингэхдээ “Тавантолгой түлш” ХХК-ийн дансыг ашигласан байж болзошгүй сэжүүрийг АТГ-ынхан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирлуудыг нүүрсний сонсголд дуудсан хэрэг. 
 
Нүүрсний сонсголын гурав дахь өдөр “Эс энд эй трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Аюушжав гэгчийг дууджээ. И.Аюушжав гэгч нь “Эс энд эй трейд” ХХК-аараа 2022 оны нэгдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай 39 тэрбум төгрөгийн дүнтэй “Ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, улмаар энэ гэрээгээ улсын нууцад оруулсан байдаг. Тэгэхээр Б.Ганхуягийн хэрэгтэй шууд холбогдоно гэсэн үг юм. 

ДӨРӨВ ДЭХ ӨДӨР- Х.БАТТУЛГА, Д.БАЯСГАЛАН НАРЫН “ХУЙВАЛДААН” БУЮУ “БОДЬ ИНТЕРНЭЙШНЛ” ХХК-ААР ГҮЙЦЭТГҮҮЛЖ, УЛСЫН НУУЦАД ОРУУЛСАН ТӨМӨР ЗАМЫГ ХЭРГҮҮДИЙГ СОНСОНО

    Хоёр дахь шатны нүүрсний сонсголын дөрөв дэх өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-аас санхүүжүүлж, “Бодь интернэйшнл” ХХК-аар гүйцэтгүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хэргийг хэлэлцэхээр товлосон харагдаж байна. Тодруулбал, нүүрсний сонсголын дөрөв дэх өдөр гэрчээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Бодь групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, “Бодь интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үе үеийн гүйцэтгэх захирлууд буюу Д.Отгонсүх, Б.Цэнгэл, Р.Батсүх, О.Батнасан, П.Ганхүү нарыг гэрчээр дууджээ. 
 
Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК нь 2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нэг тэрбум ам.долларын санхүүжилттэй гэрээг байгуулсан. Ингэхдээ санхүүжилтээ мөнгөөр биш нүүрсээр авахаар Б.Ганхуягтай тохиролцож дахин оффтейк гэрээ байгуулсан. Улмаар тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Бодь интернэшнл” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК хооронд байгуулагдсан гэрээнүүдийг улсын нууцад оруулсан байдаг. Товчхондоо, хоёр дахь шатны нүүрсний сонсголын дөрөв дэх өдөр Төрийн ордонд “гал” гарах нь. 

ТАВ ДАХЬ ӨДӨР- ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН НЭР ХОЛБОГДООД БУЙ “АДМИНЕРАЛ” ХХК-АА ТАЙЛБАРЛАНА

     Хоёр дахь шатны нүүрсний сонсголын тав дахь өдөр буюу сүүлийн өдөр тун сонирхолтой, басхүү маш ноцтой хэргийг хэлэлцэх нь. Тодруулбал, нүүрсний сонсголын тав дахь өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, “Админерал” ХХК-ийн захирал Ц.Лхамжав нарыг гэрчээр дууджээ. 
 
“Админерал” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшлийн Бортээгийн уурхайг түшиглэн жилд таван сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьж байгаа. “Админерал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Лхамжав нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах. Харин Ц.Чулуунзагд нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүсгэн байгуулсан компаниудыг удирддаг, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд. Энэ сэжмээр “Админерал” ХХК-тай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан эрх мэдлээ ашиглан “Админерал” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийг бариулж байгаа юу гэх уу гэдэг хардлага сүүлийн жил гаруй явж байгаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө "Админерал"ХХК-тай хамааралгүй гэх мэдэгдлийг нэг биш удаа хийж байсан. Тэгвэл ирэх нүүрсний сонсголоор Д.Амарбаясгалан албан ёсоор тайлбар өгөх нь бололтой. 
 

ТЭД ЯАГААД НҮҮРСНИЙ СОНСГОЛД ДУУДАГДСАН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-19 08:10:28
    irgen: B.Enhbayr bolon shuuh gj shou hgd bn.Jinhene hulgaich Javhlan buh nuh suveer.hamsaatanguud bugd hulgaich.TZiin Batdel henii tataasaar TZd orov.ymar yl avsan.dor n davj zaaldaad yliig n hungelsen.Sangiin mungiig zeelduulh ajil hiisen.Ek.ES.SUgiin hamsaatanguudiin uragiin mod naad nuursnii gol ezed bnaa.Shudarga shuuh n yahiig haray.Shuud shorond hiigeech.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 21:35:52
    Otgoo: Hulgaich nariin bvh hurungiin huraaj shorond n hiih heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 21:34:37
    Otgoo: Hulgaich nariin bvh hurungiin huraaj shorond n hiih heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-13 01:21:10
    Зочин: Сэргэлэн гэж шал худлаа шударга царайлсан хогийн хулгайч. Худлаа юм л бол байлдагчаас эхэлсэн энэ тэр гэж шаана муу гөлөг. Жирийн хилчдийг өөрийн эрх ашигт ашигласан муу лалар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 16:24:04
    ард: Цаазын ялыг сэргээж бж эд нарыг цэвэрлэнэээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 14:26:49
    S: DYYDLVN MERGJLN8095577
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 13:13:50
    Zochin: Амарбхясгаланд хууль үйлчилдэггүй биз дээ. Одоо ч хууль зөрчөөд 2 албан тушаал хашаад явж байгаа. Нүүрсний тээврийн компанитай л гээд байсан. Тэр асуудал нь яагаад таг байгаа юм. Ах нь нүүрс зөөдөг гээд л байсан. Одоо хулгай нь бүүр томроод угаах үйлдвэр ЭТТ-гийн өөрийх нь мөнгөөр бариулж байгаа гээ биз дээ. Өөрийн хөрөнгөөр барьж байгаа гээд ЭТТ -гээс мөнгө гаргуулсан гээд байсан уу үгүй юу. Харж л байя даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 11:00:27
    S: SEKSSER ZYGAATSD UILCHLGEE80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 10:58:54
    S: SEXSDN80955877XUSNR
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 09:34:55
    Доржоо: Одоо бид нар энэ шударга бус зүйлтэй хатуу тэмцэхгүй бол Монгол улс дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 09:33:13
    Отгоо: Амарбаясгалан бол угаасаа хулгайч намын сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэлд зарцуулсан мөнгөнөөс эхлэээд ждү нүүрс тендер албан тушаалын наймаа гээд асар их хулгай хууль бус зүйлийг хийсэн. Одоо ч намын дүрмээс зөрчөөд явж байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188