• Өнөөдөр 2024-05-05

ЗТХ-ИЙН САЙД АСАН Б.ЭНХ-АМГАЛАНГ З.ЭНХБОЛДЫН ЗАХИАЛГААР ТУШААЛ ГАРГАЖ, “СТРАТО” ХХК-Д “ҮЙЛЧИЛСЭН” ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

2023-02-13,   1482

       АТГ-аас УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгаланг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболдын захиалгаар тушаал гаргаж, түүний хамаарал бүхий этгээдүүдийн “Страто” ХХК, “Их дэлгэмэл ингүүн” ХХК-иудад хууль бусаар нүүрс тээврийн зам бэлдэж өгсөн хэргээр яллагдагчаар татах санал гаргасан байна. Хамгийн ноцтой нь, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын энэхүү хуйвалдааны гороор нь говьд гамшиг нүүрлэж, гурван аймгийн долоон сумын хөрс, хүн, мал хохирсон нь тогтоогдоод байгаа ажээ. 

ЗТХ-ИЙН САЙД АСАН Б.ЭНХ-АМГАЛАН З.ЭНХБОЛДЫН ЗАХИАЛГААР “ИХ ДЭЛГЭМЭЛ ИНГҮҮН" ХХК-Д ЦОГТЦЭЦИЙ-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН 407 КМ ШОРООН ЗАМЫН ЭЗЭМШҮҮЛЭХ ТУШААЛ ГАРГАЖ, НҮҮРС ЗӨӨХ ЭРХ ОЛГОЖЭЭ 

     Эхлээд З.Энхболд Б.Энх-амгаланд ямар захиалга өгч, ямар тушаал батлуулсныг танилцуулъя. З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК нь 2019 онд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн нутагт жилд 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай “Нүүрс угаах үйлдвэр” барьсан. Гол төлөвлөгөө нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хямд үнээр нүүрс худалдан авч, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт барьсан “Нүүрс угаах үйлдвэр”-тээ авчирч, угааж баяжуулаад, улмаар урагш нь гаргаж өндөр үнээр борлуулах байв. 
 
Гэвч “Страто” ХХК-д төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь тулгамдсан гол асуудал нь нүүрс тээвэрлэх замын асуудал байсан. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт барьсан “Нүүрс угаах үйлдвэр”-тээ зөөж авчрахын тулд тэдэнд нүүрс тээврийн зам хэрэг болсон гэсэн үг. 
 
Ингээд “Страто” ХХК-ийн нүүрс тээврийн замын асуудлыг шийдвэрлэхийн тулд З.Энхболдын хамаарал бүхий этгээдүүд “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг байгуулсан. Улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК нь “Страто” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн хойш Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан сумын нутгаар дамнуулан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байх “Нүүрс угаах үйлдвэр” хүртэл 407 км шороон замаар зөөх маршрут гаргасан. Гурван аймгийн долоон сумыг дамнасан Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км энэхүү шороон замын маршрутаа Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн удирдлагуудад танилцуулж, нүүрс зөөх зөвшөөрөл хүссэн. Гэвч тухайн аймгийн удирдлагууд “Нэгт, орон нутгийн чанартай шороон замаар нүүрс тээвэрлэх нь хуулиар хориотой. Хоёрт, нүүрс тээврийн хүнд даацын автомашинууд говийн эмзэг хөрсийг эргэж сэргэхээргүй гэмтээнэ. Гуравт, нүүрсний машинуудыг яваад эхэлбэл шороо тоос босож, нутгийн хүн мал амьдрах аргагүй болно” гэж эрс эсэргүүцсэн байгаа юм. 
 
Ийнхүү орон нутгийн удирдлагууд нь “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн нүүрс зөөх замын маршрутыг зөвшөөрөөгүйн улмаас “Страто” ХХК-ийн угаасан нүүрс урд хөрш рүү гаргаж худалдах том төлөвлөгөө гацаанд орсон. Тэгмэгц нь тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай уулзаж, “Страто” ХХК-ийн нүүрсийг зөөх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн замын маршрутыг зөвшөөрүүлж чадсан байгаа юм. 
 
Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан 2019 оны тавдугаар сарын 3-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэсэн. Ийнхүү “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн нүүрс зөөх маршрут буюу Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон зам “Улсын чанартай авто зам” статустай болсноор орон нутгийн удирдлагууд оролцох эрхгүй болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон зам “Орон нутгийн авто зам” статустай байхад тухайн замыг орон нутгийн удирдлагууд нь хариуцаж байсан бол “Улсын чанартай авто зам” статустай болгосноор Зам, тээврийн хөгжлийн сайд нь хариуцахаар болсон гэсэн үг. 
 
Хамгийн ноцтой нь, үүнээс хоёр сарын дараа буюу 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан дахин “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон зам “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн эзэмшлийн болж, тэд тус замаар “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсээ зөөх бүрэн эрхтэй болсон гэсэн үг. 
 
Ингээд тус замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх Б.Энх-Амгалангийн 227 дугаартай тушаал гарснаас ердөө хоёр хоногийн дараа буюу 2019 оны долдугаар сарын 3-нд “Страто” ХХК-ийнхан Шивээговь сумын нутаг дахь “Нүүрс угаах үйлдвэр”-ийнхээ нээлтийг сүр дуулиантайгаар хийж, тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагуудыг урьж, тэд тууз хайчилсан байдаг. 
 
Товчхондоо, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан З.Энхболдын захиалгаар Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” болгож, тэгээд болоогүй “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх тушаал гаргаж өгсөн байгаа юм. Эндээс, З.Энхболд, Б.Энх-амгалан хоёрын хуйвалдааны ард асар том тоотой мөнгө байсныг харж болох юм. Харамсалтай нь, авто замын тухай хуулиараа аймгуудыг холбосон хатуу хучилттай авто замыг “Улсын чанартай авто зам” статустай болгох ёстой байтал сумдыг холбосон шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож, хувийн компанид эзэмшүүлж, нүүрс зөөхийг нь зөвшөөрсний улмаас тус замаар нүүрс тээврийн автомашинууд өдөр шөнөгүй цувж, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн хүн, мал улаан шороонд дарагдсан. Эцэстээ, тус аймгийн иргэд жагсаал, цуглаан хийж, тэмцлийн хэлбэрт шилжиж байж 2022 оны дөрөвдүгээр сард "Их дэлгэмэл ингүүн" ХХК-д Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замыг эзэмшүүлсэн тушаал цуцлагдаж байв. 
 

Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТУШААЛААР ЦОГТЦЭЦИЙ-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН 407 КМ ШОРООН ЗАМЫГ ЭЗЭМШИЖ, “СТРАТО” ХХК-ИЙН НҮҮРСИЙГ ЗӨӨЖ БАЙСАН “ИХ ДЭЛГЭМЭЛ ИНГҮҮН” ХХК-ИЙГ З.ЭНХБОЛДЫН ТӨРСӨН ДҮҮ З.ХИШИГТОГТОХЫН ХАДАМ ДҮҮ ЭЗЭМШДЭГ

        “Страто” ХХК болон тус компанийн нүүрс тээврийг хариуцаж байсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг ЕТГ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий гэж тодотгосноо одоо тайлбарлая. 
 
       Б.Энх-Амгалангийн тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг эзэмшиж, “Страто” ХХК-ийн нүүрсийг зөөж байсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг 2019 оны хоёрдугаар сарын 27-нд байгуулсан. Анхнаасаа “Страто” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсийг зөөлгөхийн тулд зориулж байгуулсан компани гэсэн үг. Одоо тус компанийг Шагдарын Батдэлгэр, Лувсангийн Батмагнай, Товуудоржийн Батчулуун, Ванчигийн Ганцолмон, Ядамсүрэнгийн Доржчанга, Мөнхбатын Дөлгөөн, Батнягтын Энхболд нар эзэмшиж байгаа. Энэ хувьцаа эзэмшигчид нь цөм ЕТГ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий хүмүүс юм. 
 
Тодруулбал, 
 
1. “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Шагдарын Батдэлгэр нь З.Энхболдтой дотно найзууд, хамтарсан бизнестэй хамаарал бүхий этгээд нь. Тухайлбал, Ш.Батдэлгэр нь анх З.Энхболдтой хамт Төрийн өмчийн хороонд Байр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж байсан. Улмаар З.Энхболдыг УИХ-ын гишүүн болсны дараа буюу 2007 оны үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон. Тухайн үедээ авлига авсан, мөнгө завшсан хэргээр хууль хяналтынханд ээрэгдэж байсан. Дараа нь З.Энхболдыг УИХ-ын дарга болмогц “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон. Мөн л “Эрдэнэт үйлдвэр”-ээс асар их хэмжээний урамшуулал авсан хэрэгт холбогдож байсан. Хамгийн сүүлд, 2016 онд Хэнтий аймгийн Ардчилсан намын даргаар томилогдсон. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын штабт З.Энхболдтой хамт гол үүрэг гүйцэтгэсэн. Хамтарсан бизнесийн тухайд, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох, З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзийгийн төрсөн дүү Т.Батдэлгэр нар 2007 онд “Эм Пи Өү” ХХК-ийг үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад Шагдарын Батдэлгэрт шилжүүлсэн байдаг. 
Тайлбар: Ерөнхийлөгч асан Х.Баттулга, "Буурал" А.Гансүх, Шагдарын Батдэлгэр нар, 2017 он
2. “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ванчигийн Ганцолмон нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр В.Алтантуяагийн төрсөн дүү юм. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын шууд хамаарал бүхий этгээд нь. Цаашилбал, З.Хишигтогтохын эхнэр В.Алтантуяа нь “Эко сүү” ХХК-ийг эзэмшдэг. “Эко сүү” ХХК нь З.Энхболд, түүний эхнэр Т.Бат-Өлзий нарын эзэмшдэг “Интер” ХХК-ийн байрны 807 тоотод оффистой. Мөн В.Алтантуяа, В.Ганцолмон нарын аав Бадарчийн Ванчиг агсан нь З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед “Баянчандмань милк” ХХК-иараа ХХААХҮЯ-наас хэд хэдэн төслөөр хөнгөлөлттэй зээл авч байсан. 
Тайлбар: З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр В.Алтантуяа
Тайлбар: З.Хишигтогтохын эхнэр В.Алтантуяагийн төрсөн дүү, "Их дэлгэмэл ингүүн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Ганцолмон
 
3. “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Товуудоржийн Батчулуун нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ыг 2010 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Цаашилбал, Товуудоржийн Батчулууны төрсөн дүү Т.Баттулга нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр В.Алтантуяатай “Эйч Ти Эн” ХХК-ийг 2013 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Т.Батчулууны өөр нэг дүү Т.Батсүх нь З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед туслахаар ажиллаж байсан гэх бөгөөд тухайн үедээ “Атаасү” ХХК-иараа ХХААХҮЯ-наас 450 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан хэл аманд өртөж байсан. Одоо Т.Батсүх нь ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажилладаг. 
 
4. “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн нягтлан бодогчоор Төмөрбаатарын Батдэлгэр ажилладаг гэх мэдээлэл бий. Т.Батдэлгэр нь З.Энхболдын эхнэр Төмөрбаатарын Бат-Өлзийгийн төрсөн дүү. Т.Батдэлгэр одоо “Метроком” ХХК, “Викомнэт воркс” ХХК-иудад хувь эзэмшдэг. Энэ компаниуд нь З.Энхболд, түүний эхнэр Т.Бат-Өлзий нарын “Интер” ХХК-ийн 901 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг. З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзийгийн тухайд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажилладаг гэдгийг дурдах нь зүйтэй байх. 
 
     Товчхондоо, “Страто” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсийг тээвэрлэх ажлыг хариуцаж байсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК нь ЕТГ-ын дарга З.Энхболдын хамаарал бүхий этгээдүүд байгаа нь илэрхий харагдаж байгаа биз ээ. Тийм ч учраас З.Энхболд Цогтцэций-Чойр чиглэлийг 407 км шороон замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх захиалгыг Б.Энх-Амгаланд өгсөн гэсэн үг юм. 
 
“Страто” ХХК болон З.Энхболдын хамаарал
 
     “Страто” ХХК-ийг Ачитсайханы Баттүшиг, Гончигийн Эрдэнэбилэг, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг, БНХАУ-ын “Шаньдун шенхан жиеэ эдийн засгийн худалдааны” компани хамтран эзэмшдэг. “Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал А.Баттүшигийн хувьд 1995-1997 онд Людвих Максимилианс-Мюнхений их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны мэргэжлийн магистр, 1997-2000 онд докторын зэрэг хамгаалсан. Улс төр судлалын мэргэжилтэй учраас З.Энхболд дэргэдээ авч, 2016 оны УИХ-ын сонгуулиар өөрийнхөө сонгуулийн менежерээр ажиллуулсан гэдэг. Улмаар А.Баттүшиг нь 2017 оноос З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нүүрс баяжуулах чиглэлийн “Браунрок” ХХК, “Инфра инженеринг” ХХК-иудыг хамтран үүсгэн байгуулсан. 

Өөрөөр хэлбэл, ЕТГ-ын дарга асан З.Энхболд төрсөн дүү З.Хишигтогтохынхоо найз А.Баттүшигийн нэрээр “Страто” ХХК-ийг байгуулж, З.Хишигтогтохынхоо хадам дүү В.Ганцолмон, өөрийн найз Ш.Батдэлгэр нарынхаа нэрээр “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг байгуулж, улмаар “Эрдэнэс тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч, угаагаад урагш нь гаргаж байсан гэх маш ноцтой схем харагдаж байгаа юм. 

     Сонирхуулахад, “Страто” ХХК-ийн бас нэг хувьцаа эзэмшигч Гончигийн Эрдэнэбилэг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул. Төрсөн ах Г.Чинзориг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар ажилладаг.  Г.Чинзориг нь 2016 онд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн орлогч захирал болж, 2018 онд Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар томилогдсон. Улмаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу 2021 оны хоёрдугаар сард Монгол Улсын Гавьяат холбоочин цолоор шагнуулсан. 
 
Харин Гончигийн Эрдэнэбилэгийн бас нэг төрсөн ах Г.Цоггэрэл нь Үндэсний урлагийн их театрын захирлаар ажилладаг. 2017 онд Х.Баттулга түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан байдаг. 
 
     Ийнхүү, Ардын намын З.Энхболдын холбогдсон “Нүүрсний хэрэг”-т Ардын намын Б.Энх-Амгалан хамтрагчаар оролцсон нь илэрлээ. Өөрөөр хэлбэл, “Нүүрсний хэрэг”-т нам харгалзахгүй оролцсон нь ийнхүү илчлэгдэж байна. УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалангийн тухайд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын тендерийг будилаантуулсан хэргээр хууль хяналтынханд ээрэгдэж байсан. Нэмээд Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замын будилаанд холбогдчихлоо. Тэгэхээр Ардын намаас аврал эрэх эрхгүй болсон гишүүдийг жагсаалтад Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын араас Б.Энх-Амгалан бичигдэх нь бололтой. 
 

ЗТХ-ИЙН САЙД АСАН Б.ЭНХ-АМГАЛАНГ З.ЭНХБОЛДЫН ЗАХИАЛГААР ТУШААЛ ГАРГАЖ, “СТРАТО” ХХК-Д “ҮЙЛЧИЛСЭН” ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ САНАЛ ГАРГАЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 23:32:05
    Зочин: Улс орноо хөгжүүлэхэд яг ингэж улайран зүтгэдэг болоосой, амь зуулна ашиг хонжооны араас хамаатан садан худ ураг нийлэлдээд улсын мөнгө байгалийн баялгийг цөлмөж, улсаа хорлох юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 12:04:54
    1: Б. Энх-Амгалангийн но ч Дарханы замаас ихтэй дээ шалгавал ч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 11:16:23
    irgen: deerh zurgan deerh 2 hun bol gem zemgui, neg ih uhaantai tsetsen tuulai tsaraildag humuus l bna, kkk. odoo yalaa avah bolj dee. tsag tsgaaraa baidaggui gedgiig martaj dee, hoorhiis
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 10:00:10
    РАВДАН: Чин зориг бол улааны дагуул. Морийг нь уядаг. Малладаг л хүн байсан гэтэл одоо ХХЗХорооны дарга болчихоод занданшатарын хормойг дараад сууж буй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 10:00:10
    РАВДАН: Чин зориг бол улааны дагуул. Морийг нь уядаг. Малладаг л хүн байсан гэтэл одоо ХХЗХорооны дарга болчихоод занданшатарын хормойг дараад сууж буй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188