• Өнөөдөр 2024-05-05

МАН-ЫНХАН Б.ЦОГТГЭРЭЛД НҮҮРСНИЙ ХЭРЭГ, ТӨМӨР ЗАМЫН ДУУЛИАНЫГ МАРТУУЛАХ ДААЛГАВАР ӨГӨВ ҮҮ

2023-02-02,   1903

      “Шилэн” Цогоо сошиал орчинд “Койны луйварчид” гэж зургаа хоног “сэвсэн”. “Койны луйварчдад мөнгөө алдсан иргэд нэн даруй цагдаад гомдол гарга” гэж баруун солгойгүй сошиалд бичихийн сацуу, хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгсөн. Үндсэн мэргэжлийнхээ хэргийг гаргаж, цахим хуудсаараа шууд дамжуулалт хийж ч уриалсан. Улмаар “унах унаа, амьдрах байраа койнд алдчихсан” гэх хоёр иргэн хэвлэлийн хурал хийж, хэнд хаягласан нь тодорхойгүй ч хоолой чичрүүлэн тусламж хүссэн. Хууль хяналтынхан ч хүлээж байсан мэт залгуулан хэвлэлийн хурал хийж, улмаар “Их Бит” ХХК-ийг үүсгэн байгуулагч О.Мөнхжингийн орон гэр, оффист нэгжлэг хийж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн. Ийнхүү “IHC” гэх 30 тэрбумын койн иргэдийг "хохироосон", "хохироогоогүй" гэж хоёр жил яригдсаны эцэст хууль хяналтынханд ирлээ. 
 
      “Койны хэрэг” хууль хяналтынхны анхааралд албан ёсоор орж, хаана, хэнд хандахаа мэдэхгүй байсан хохирогч иргэдийн хүлээлт тайлагдсан нь сайн хэрэг. Одоо хууль дүрмийн дагуу хэн, хэзээ, хэдэн төгрөгөөр хэчнээн хэмжээний койн авсан, хэдэн төгрөгөөр хохирсон гэх мэт нарийн ажлууд үргэлжилнэ. Тэгвэл “Койны хэрэг”-ийн энэ үйл явдал дунд О.Мөнхжингөөс дутахгүй анхаарал татсан хүн нь “Шилэн” Цогоо буюу Б.Цогтгэрэл байв. Мэдээж тэр “Койны луйварчид” гэж түрүүлж хашхирснаараа тодорч харагдсан биз. Алга таших хүн ч цөөнгүй, “Ард”-ын Ч.Ганхуяг тэргүүтнүүд ч түүнд талархал илэрхийлээд сүйд харагдана лээ. 
 
Гол нь “Шилэн” Цогоо чухам яагаад гэнэт “Койн” гэх сэдвийг барьж авах болов гэдэг асуулт хариулт нэхэж байна. Хариулт хайж үзвэл Б.Цогтгэрэл “Койн”-ыг барьж авсан нь хоёр шалтгаантай харагдаж байна. 

ӨНЦӨГ 1: “ШИЛЭН” ЦОГООГИЙН НҮҮРС ТЭЭВРИЙН БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР КОМПАНИУДТАЙ ХОЛБОГДДОГ СЭЖҮҮР БУЮУ ТЭР ӨӨРИЙГӨӨ БОЛОН НАМЫНХНАА “НҮҮРСНИЙ ХЭРЭГ”, “ТӨМӨР ЗАМЫН ХЭРЭГ”-ЭЭС МУЛТЛАХ ГЭЖ “КОЙН” АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ ҮҮ

      МАН-ынхан “Шилэн” Цогоод “Койн” гэх ажиллалааг удирдах улс төрийн даалгавар өгсөн гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Койны хэрэг”-ийг ард түмний анхаарлын төвд оруулах замаар нөгөөх өөрсөдтэйгөө холбоотой “Хөгжлийн банк”, “нүүрс”, “төмөр зам”-ын хэргүүдээ магтуулах гэсэн МАН-ын захиалга гэсэн үг. МАН-ынхан хулгайч нартайгаа тэмцэх гэж оролдсон ч эсрэгээ “жоомоо алах гээд гэрээ галдах” гэгч болчихоод байгаа. “Нүүрсний хэрэг”-т нэр, нөлөөтэй бүх гишүүд нь холбогдсоноос болж төв талбайд өрнөсөн жагсаалаар Төрийн ордноос бүгд хөөгдөх шахсан. Ард түмний анхаарлыг сарниулах гэж “Төмөр замын хэрэг”-ийг дэлгэсэн ч  гал дээр тос нэмсэн. Ардын намынхан удахгүй Үндсэн хуульд гар хүрэхээр төлөвлөж буй тул ард түмний сэтгэлзүйг аль болох тайвшруулах шаардлагатай. “Нүүрсний хэрэг”-ийг нийтийн ой санамжаас мартуулбал бүр сайн. Харин одоогоор хамгийн боломжит сэдэв, сайн явах сенсаци нь “Койн” мөн. Тиймдээ ч “Койн” ажиллагааг богино хугацаанд нийтийн анхааралд оруулах чадвартай гэж твиттер, фейсбүүкт асар олон дагагчтай, “Шилэн” Цогоод энэ ажлыг даалгасан хэрэг. 
 
     Хамгийн гол нь, “Нүүрсний хэрэг”-ийн дуулианыг “Койны хэрэг”-ээр солих нь Б.Цогтгэрэлд өөрт нь ч ашигтай. Яагаад гэхээр, Б.Цогтгэрэл 2016 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болсноосоо хойш энэ салбараас салаагүй. Тиймдээ ч “Нүүрс хэрэг”, “Төмөр замын хэрэг”-т хардагдах Ардын намын албан тушаалтнуудын жагсаалтад түүний нэр бий. Тиймээс нийгэм нүүрсний ба төмөр замын хэргийг түргэн мартах тусмаа түүнд ашигтай гэсэн үг. Сар гаруйн өмнө л гэхэд “Улаан бал” нэвтрүүлэгт орсон Б.Батбаатар гэгч “Дэд сайд асан Б.Цогтгэрэл нүүрс тээврийн компанитай холбоотой” гэх бүдэг бадаг ганц өгүүлбэр хэлсэн. Харин Б.Цогтгэрэл “Намайг нүүрсний тээврийн компанитай гэсэн хүнийг хууль хяналтын байгууллагад өгчихлөө” гэж хариу тайлбарыг тун түргэн өгсөн. 
 
 
Б.ЦОГТГЭРЭЛ БА НҮҮРС ТЭЭВЭР
 
      Тэгвэл “Шилэн” Цогоог нүүрс тээврийн нэг биш хоёр ч компанитай холбодог нэг сэжим байдаг ажээ. Тухайлбал, Б.Цогтгэрэлтэй худ ургийн холбоотой, ажил хэргийн хамааралтай М.Сугарсүрэн гэх эмэгтэй бий. М.Сугарсүрэн, Б.Цогтгэрэл нар өмнө нь сэтгүүлчийн хувиар хамтран ажиллаж байсан. Дараа нь Б.Цогтгэрэлийг дэд сайд байх үед буюу 2017-2019 онд М.Сугарсүрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ахлах референтээр ажиллаж байсан. Цаашилбал, М.Сугарсүрэнгийн дунд хүү Зуунбилэгийн Сайнхүү нь Б.Цогтгэрэлийн 2012 онд үүсгэн байгуулсан “Ус мөрөн олон” ТББ-ын тэргүүнээр 2020 оны долдугаар сараас хойш ажиллаж байгаа гэх мэтээр холбоо хамаарал нь үргэлжилнэ. Хэн хэнийгээ гэр бүлтэй хэр дотно байдгийг нь дурдах илүүц биз. 
 
    Тэгвэл М.Сугарсүрэнгийн том хүү Зуунбилэгийн Хонгор нь “Хан модун” ХХК, “Эй Юү Ар” ХХК, “Гунтаам дэлгэр” ХХК, “Аталар” ХХК, “Дорнод хангайн уул” ХХК-иудад хувь эзэмшиж иржээ. “Хан модун” ХХК, “Аталар” ХХК-иуд нь Зам, тээврийн хөгжлийн сайдын тусгай зөвшөөрлөөр автомашины улсын дугаар үйлдвэрлэх бизнес хийж иржээ. Хамгийн ноцтой нь, З.Хонгор 2020 оны арваннэгдүгээр сард “Хан модун” ХХК-ийн эзэмшигчээс нэрээ хасуулж, эзэмшигчээр нь “Тайж сүх” ХХК үлдсэн байгаа юм.  “Тайж сүх” ХХК-ийг нь судлаад үзвэл, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, “Их даваа уул” ХХК гэх охин компанитай ажээ. Гэтэл “Их даваа уул” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 65 автомашинаар гэрээ байгуулж, Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээвэрлэж иржээ. 
 
Цаашилбал, З.Хонгор нь “Дорнод хангайн уул” ХХК-ийг Б.Бямбадорж гэгчтэй хамтран эзэмшиж ирсэн. Б.Бямбадорж нь 2020 он хүртэл “Нэмэх тээвэр” ХХК-ийг эзэмшиж байжээ. Гэтэл “Нэмэх тээвэр” ХХК нь 2020 он хүртэл “Эрдэнэс тавантолгой” ХК-иас Гашуунсухайт-Ганц мод чиглэлд 60 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэж иржээ. Ингэхдээ “Эрдэнэс тавантолгой” ХК-иас нүүрс худалдаж авдаг хоёр компанитай байнга хамтран ажиллаж, нүүрсийг нь зөөдөг байгаа юм.
 
Ингэж харвал, “Шилэн” Цогоо нүүрс тээврийн компаниудаас тийм ч хол биш гэдэг нь шууд харагдана. 
 
Б.ЦОГТГЭРЭЛ БА ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР
 
       Б.Цогтгэрэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болсон цагаасаа “УБТЗ” ХНН-тэй наалдаж эхэлсэн. Б.Цогтгэрэл, “УБТЗ” ХНН-ийн дарга асан Д.Жигжиднямаа агсан нар 2017 онд ОХУ-аас актлагдсан 977 вагоныг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулж оруулж ирж, дундаас нь асар их ашиг хүртсэн гэгдэж АТГ-т хамт ээрэгдэж байсныг санаж буй биз. Дараа нь Б.Цогтгэрэл өөрөө “УБТЗ” ХНН-ийн ТУЗ буюу Ерөнхий хорооны орлогч дарга болж, “УБТЗ” ХНН-ийн дарга асан Д.Жигжиднямаа агсангаас бүр ч салахаа больсон. Б.Цогтгэрэл ингэж төмөр замтай хэт ойр байснаараа илтэд хөрөнгөжиж, FM-ээс өөр бизнесгүй гэх мөртөө том жийп хөлөглөдөг, Зайсанд, Нүхтэд амьдардаг гэж шүүмжлүүлж ирсэн. Үнэндээ тэр ганцаараа ч биш хадмууд нь ч, төрсөн дүү нь ч том хар жийпээр хосолдог, Зайсангийн байраар ижилсдэг л юм билээ. 
 
Тэгвэл өдгөө Б.Цогтгэрэл Д.Жигжиднямаа агсантай холбогддог байсан бизнесийн сүлжээгээ өөр хэлбэрээр үргэлжлүүлж байж болзошгүй ажээ. Өөрөөр бол, Б.Цогтгэрэлд төмөр замын тээвэрлэгч компанитай холбогдох нэг сэжүүр байгаа бөгөөд эцсийн цэгт Д.Жигжиднямаа агсаны хуучин сүлжээтэй холбогдож байна. Тодруулбал, Б.Цогтгэрэлийн бага эмэгтэй дүү нь Зам, тээврийн хөгжлийн яаманд бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. "Ахыгаа дэд сайд болж очих үед гэр бүлээрээ нэг яаманд ажиллаж болохгүй гээд өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан" гэх утгатай уярам түүхийг Б.Цогтгэрэл сошиал хаягтаа нийтэлж байв. Тэр дүү нь яамнаас гармагцаа урд хилийн гаальд байцаагч болж очсон гэхээр анхнаасаа ахынх нь төлөвлөгөө байсан ч байж болох. Тэгвэл тэр дүүгийнх нь нөхрийг Ц.Лхагвадорж гэдэг ажээ. Судалж үзвэл, Б.Цогтгэрэлийг дэд сайдын суудалдаа дасаад байх үед нь буюу 2017 оны долдугаар сарын 27-нд Ц.Лхагвадорж, Ш.Ганзориг, Н.Энхнасан гэх гурван иргэн “Интернэйшнл транспорт девелопмент монголия” гэх тээврийн компани байгуулж, Ц.Лхагвадорж нь захирлаар нь ажиллаж эхэлжээ. Цааш нь хөөвөл, Ш.Ганзориг, Н.Энхнасан нар “УБТЗ” ХНН-ийн дарга асан Д.Жигжиднямаа агсантай “Эн энд Жэй” ХХК-ийг аль 2008 оноос хойш хамтран эзэмшиж ирсэн хоёр ажээ. Өөрөөр бол, Д.Жигжиднямаа агсны бизнесийн шадар хоёр хүн нь гэсэн үг. 
 
      Илүү ноцтой нь, Ш.Ганзориг, Н.Энхнасан нар 2019 онд “Смарт глобал ложистикс” гэх төмөр зам, автозамын тээврийн компанийг байгуулжээ. Ингэхдээ “Смарт глобал ложистикс” ХХК нь ихэвчлэн төмөр замаар ачаа тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг ажээ. Албан ёсны сошиал хуудастаа л гэхэд “Бид Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншанд, Сүхбаатар гээд Монгол Улс дахь бүх өртөө, зөрлөгөөр таны ачааг хүргэнэ. Мөн бид Орос, Хятад хоёр улсаас дамжин өнгөрөх бүх төрлийн тээврийг гүйцэтгэнэ” гэж рекламддаг юм байна. 
 
Магад, Б.Цогтгэрэл одоо ч “УБТЗ” ХНН-ийн ТУЗ буюу Ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүсдэггүй, энэ салбараас холдохыг хүсдэггүй шалтгаанууд нь дээрх бүгд биз ээ. Тэгэхээр “Койн” гэх шинэ сенсациар өөрийг нь нүүрсний ба төмөр замын хэрэгт чирч болзошгүй энэ бүхнээ далдлах нь түүнд хамгийн хожсон хувилбар болно. 
 

ӨНЦӨГ 2: “ШИЛЭН” ЦОГОО “КОЙН” АЖИЛЛАГААГ “ХАРИУЦСАН” ЭЦСИЙН ЗОРИЛГО НЬ СОНГУУЛЬ УУ, АЛБАН ТУШААЛ УУ

      “Шилэн” Цогоо “Койн” ажиллагааг тун сайн “дэглэв”.  Өөрөөр бол, эхний тав хоногт нь хохирогчдыг “сэрээх”, “хохирлоо нэхэмжил” гэж сэдэлжүүлэх сошиал давлагааг аажмаар үүсгэсэн. Дараа нь хүүхдийнхээ мөнгийг хамаатнуудынхтайгаа нийлүүлээд алдчихсан гэх ээж, унах унаагаа хүртэл алдаж эгчийндээ толгой хорогдох хүртлээ хоосорсон гэх эцэг хоёроор хэвлэлийн хурал хийлгэж, нийгмийн анхааралд нэг мөр оруулсан. Ингээд эцэст нь хууль хяналтынхан хохирогч нар гарч ирж, хэвлэлийн хурал хийхийг хүлээж байсан аятай хөдөлж эхэлсэн. Товчхондоо, “Шилэн” Цогоо “Койн” гэх ажиллагааг амжилттай удирдаж, Ардын намынхан ч араас нь дэмжихээ дэмжлээ гэж харагдаж байна. 
 
     Тэгвэл Б.Цогтгэрэл урьд нь Ардын намынхаа төлөө улс төрийн ямар нэг “даалгавар” гүйцэтгэхдээ хариуд нь заавал хождог байсан. Энэ удаад “Койны хэрэг”-ийг дэгдээж, намынхаа нөхдийг “нүүрс хэрэг”-ийн дуулианаас аварсныхаа хариуд юу авах бол гэдэг нь сонин байна. Магад, ирэх сонгуульд Сэлэнгэд нэр дэвшиж, өнгөрсөн сонгуулийн “гашуу”-гаа тайлах биз. 
 
Эргэн санавал, Б.Цогтгэрэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Шударга сонгууль” ТББ-ын тэргүүн гэх сэтэртэй байв. Тэр тус ТББ-ынхаа нэрээр Ц.Элбэгдоржийн эсрэг ажиллаж, “Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Солонгосчуудаас хандив авсан” гэх сенсаци дэгдээж, тухайн үедээ л дуулиан тарьж байлаа. Тэр үйлдэл нь Ардын намын ах нарт нь ихэд таалагдаж, ивээлдээ багтаасан гэдэг. Ардын намын “албат” болсныхоо дараа хувийн сайт ажиллуулж, өөрөө хэрэгт унан байж Ардчилсан намын эсрэг улстөржсөн. Хариуд нь 2012 онд Ардын намд дарга сэтэртэй болж, нам дагахаар нэг мөр шийдсэн. Удалгүй төрийн байгууллагуудын “шилэн данс”-нуудыг нэгждэг болж, Ардчилсан намыг засаглах хугацаанд амар заяаг нь үзүүлээгүй. Тэгж байж өнөөгийн “Шилэн” гэх хочоо олж авсан. Ардчилсан нам 2016 оны сонгуулиар тоос манарган унахад түүний оролцоо бага боловч байсан гэсэн үг. Ингээд сонгуулийн дараа Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын сэнтийгээр “шагнуулж”, энэ салбартай тас зууралдаж авсан. Сайдын сэнтийгээ өгсөн ч салбараас нь яваагүй. Өдгөө УИХ-ын Төсвийн байнгын хороонд зөвлөх, “Синчи ойл” ХХК-ийн зөвлөх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ТУЗ буюу Ерөнхий хорооны гишүүнээр тус тус ажиллаж буй. 
 
Ингэж харвал тэр Ардын намынхаа төлөө хөдлөх бүрдээ хариуд нь албан тушаал, ашигтай “байрлал” авч ирсэн. Тэгэхээр энэ удаад ч хоосонгүй байх нь тааж цөхөх зүйл биш биз ээ. 
 

МАН-ЫНХАН Б.ЦОГТГЭРЭЛД НҮҮРСНИЙ ХЭРЭГ, ТӨМӨР ЗАМЫН ДУУЛИАНЫГ МАРТУУЛАХ ДААЛГАВАР ӨГӨВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 16:47:34
    Батаар: Энэний УБТЗ-д чихсэн, хамтрагч Пунцаг гэгч нь нийслэлийн прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүх рүү шилжсэн. 3 удаа эрүүгийн ял сонсож бга рецедив хулгайч. Хулгайчаар бол даян аварга хулгайч гэсэн үг!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 15:59:11
    зочин: Энэ Цогоо гэж худлаа шударга царайлсан новшийг өөрийг нь сайн шалгах хэрэгтэй шүү АТГ-хаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 13:15:53
    ол: ТЗ ын хэргийг АТГ шалгана нэж байхгүй эгч нь байхад харин цагдааг дээрээс нь боль гэхгүй бол шалгаад гаргаад ирнээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 11:35:46
    irgen: TZd gadnihan.tsagdaagiinhan.oruulj ballaj bga nuher TZiin mungiig idsen hunee holduulj chadahgui uoma.7.5 terbum gerees garaad.4 tb ul hudleh hurengetei huniig horihgui.ard tumnii duu hooloin hucheer horio bizde.Setguulch 500.0 avsan gd shuud horidog.MAN .shuuh yaj ajillaad bn ve.Batdeld ATG shagah.hergiin talaar duugarhgui bga shuu Tsever .Alban tushaaliin hergiig yaj shiideh bol.Herlen buruugui uo.Bymbatsogt eeree olon heregtei uchir yajij chadahgui .Buun zeel.luivartai gd bicheed bn.Heerhii heden TZ chini tsaling nemej chadahgui.hulgaichid aldaad duusah n.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 11:33:50
    J: Tm lag bsn yum coin ehleh uyd n ingej dugarahgvi ysn yum, darvaisan ******** ymr negen atgag sanatai l shaj bgada
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 10:43:00
    Төмөр замчин: Шилэн Цогоог гэх энэ хар нөхрийг төмөр замаас холдуулдаг буянтан байдаггүй л юм байхдаа. Амташсан хэрээ 13 эргэнэ гэгчээр бүр салахгүйнэ ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 09:21:16
    Zochin: Shalguulaad idsen uusan n' ilerch shorond orchikh geed sandarch yavaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 09:21:14
    Zochin: Shalguulaad idsen uusan n' ilerch shorond orchikh geed sandarch yavaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-02 09:01:22
    ххр: энэ дарваан хар төмөр замаас төрсөн тэрбумтан шүү өөрийг нь шалгахгүй байна ТЗ хан бүгд мэднэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188