• Өнөөдөр 2024-03-29

"ТӨМӨР ЗАМ"-ЫН ХЭРГЭЭС Х.ХЭРЛЭНГ МУЛТАЛЖ ҮЛДЭЭХ ҮҮ

2023-01-21,   1470

        “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга С.Батдөлийг 10 тэрбумын хэргээр баривчлаад 10 хонолоо. Атал ардах эзнийг нь өнөөг хүртэл зарласангүй, зарлахыг ч завдсангүй. С.Батдөл өөрөө ч “Манай гэрээс хураагдсан 7.3 тэрбум төгрөгийн 2.0 тэрбум нь минийх, үлдсэн 5.3 тэрбум төгрөг нь өөр хүнийх” хэмээн барьц алдсан ч ардах эзнээ ам алдахгүй гүрийж байгаа гэх. Бидний олсон баримтуудаар бол С.Батдөлийн орооцолдсон олсны үзүүрт Х.Хэрлэн, Б.Цэнгэл нарын “акул”-ууд гарч ирж буй. Хар ухаанаар бодсон ч шууд удирдлага доор нь ажилладаг С.Батдөл нь шуудай, шуудайгаар нь доллар, юань гэртээ хураачихсан байхад Х.Хэрлэн огт мэдээгүй байсан гэвэл үлгэр. Үндсэндээ С.Батдөлийн хэрэгт хамгийн түрүүнд барьж байцаах ёстой хүн нь Х.Хэрлэн гэсэн үг. Гэвч 10 хоног өнгөрсөн ч хууль хяналтынхан Х.Хэрлэнг барьж хорих байтугай, байцаалт мэдүүлэг ч авсангүй. Энэ зуурт өнөөх хурган даргын 10 тэрбумын төгрөгийн дуулиан хүүхдийн 100 мянган төгрөгийн сенсациар солигдож, олон нийт ч ор тас мартах нь бололтой. 
 
      Тэгвэл 20 жилийн өмнө анх “Кадастр” хочоороо алдаршиж, түүнээс хойш АМГТГ-ын дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, “УБТЗ” ХНН-ийн дарга гээд аль ашигтай албан тушаал бүрд томилогдож ирсэн Х.Хэрлэн гэж ер нь хэн юм бэ гэдэг асуултад хариулт хайж үзлээ. Х.Хэрлэнгийн хань хамсаатан, хамаарал бүхий этгээдүүд, хамтрагчдынх сүлжээнд “лицензийн магнат” гэгддэг И.Сүхбат, хувьдаа хамгийн олон вагон, хамгийн урт төмөр замтай Б.Дэлгэрсайхан, бага “Тавантолгой”-н эзэн, өдгөө нүүрсний хэргээр шалгагдаж буй “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ гээд асан олон хүн холбогддог ажээ. Мөн эхнэрийнхээ төрсөн дүү Г.Ганбаярыг эрх баригч намд “нааж”, дэд сайдын сэнтийгээс таван жил буулгахгүй авч явж байгааг нь, төрсөн хүүгээ төрийн албанд дарга болгосныг нь ч дурдах нь зүйтэй байх. 

Харин энэ удаад бид Х.Хэрлэнгийн ноцтой “но” буюу төрсөн дүү Х.Чингэсээрээ дамжуулан хэрхэн лицензийн наймааны сүлжээ бий болгож, эцсийн цэгт Б.Дэлгэрсайхантай холбогддог болсныг нь, цаашилбал уул уурхайн лиценз олгодог байхдаа эхнэрийнхээ нэр дээр ББСБ ажиллуулж, мөнгө хүүлж байсныг нь танилцуулахаар бэлтгэлээ. 

"КАДАСТР" ХОЧИТ Х.ХЭРЛЭНГИЙН ТӨРСӨН ДҮҮ Х.ЧИНГЭСЭЭРЭЭ ДАМЖУУЛЖ БАЙГУУЛСАН "ЛИЦЕНЗИЙН СҮЛЖЭЭ"
 
     Х.Хэрлэн 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи, Уул уурхайн Кадастрын албаны даргаар ажилласан. Кадастрын албаны дарга байхдаа уул уурхайн хайгуул, ашиглалтын асар олон лиценз хууль бусаар худалдаалж, хамаарал бүхий этгээдүүддээ тарааж, “хамгийн залуу тэрбум” болж хөлжсөн гэгддэг. Одоо ч түүнийг “Кадастр” гэх хоч нь сүүдэр мэт дагадаг. 
 
     Тэгвэл түүний лицензийн наймааны талаар баримттай, бас ноцтой нэг жишээ дурдъя. Х.Хэрлэнг АМХЭГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байх үед буюу 2005 онд түүний төрсөн дүү Хишигжаргалын Чингэс нь Ишбадамын Сүхбат, Дэмчигсүрэнгийн Төрбат нартай хамтран “Алтай-Эксплорэйшн” ХХК-ийг байгуулжээ. Энэ компани бол Х.Хэрлэнгийн төрсөн дүү Х.Чингэсийнхээ нэрээр байгуулсан лицензийн наймааны гол зангилаа гэж болно. Тодруулбал, Х.Хэрлэнг Уул уурхайн кадастрын албаны дарга байх үед төрсөн дүү Х.Чингэстэй нь хамтрагч болж, түүний сүлжээнд орсон Ишбадамын Сүхбат гэгч нь өдгөө “лицензийн магнат” гэгдэх болсон. Түүний өөрийнх нь болон төрсөн дүүгийнх нь нэр дээр асар олон лиценз, алт, нүүрсний уурхай байдаг учраас ингэж “авгайлах”-аас ч аргагүй. Хамгийн гол нь, И.Сүхбат, түүний дүү И.Наранхүү нарын эзэмшдэг лицензүүд Х.Хэрлэнг Уул уурхайн кадастрын албаны дарга байхад, хожим АМГТГ-ын дарга байхад олгогдсон буюу олсон ашгаасаа Х.Хэрлэнд хувь хүртээдэг гэдгийг нь эхэнд нь дурдах хэрэгтэй. Заримаас нь танилцуулъя. 
 
     И.Сүхбатын “Эс Жи групп” ХХК нь Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын VII багийн нутагт Шар нуур гэх газарт MV-021083 дугаартай, 2003.6 га талбайтай ашиглалтын лиценз эзэмшдэг. Тус орд дээр өдгөө том уурхай, баяжуулах үйлдвэр ажиллаж байгаа. Ноцтой нь, “Эс Жи групп” ХХК-ийн тус уурхай нь Алтай таван богд хайрхны салбар Тэргүүн уулын бэлд байрладаг, эртний булш бунхан ихтэй, малчдын өвөлжөө олонтой учраас малчдын эсэргүүцэлтэй тулгарсан. Цэнгэл сумын малчид эсэргүүцлийн жагсаал хийж, төрийн бус байгууллагуудад хандан хэвлэлийн хурал хийж байсан ч үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Мөн И.Сүхбатын өөр нэг компани буюу “Эс Жи майнинг эрдэс” ХХК нь Дорнод аймгийн Баяндун сумын нутагт Ухаа шар уул нэртэй MV-017164 дугаартай, 497.9 га талбайтай алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 
 
      Цаашилбал, И.Сүхбатын эзэмшлийн ихэнх лиценз нь түүний дүү И.Наранхүүгийн нэр дээр байдаг гэдэг. Жишээ нь, “Өнгөт маргад” ХХК нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт Алтанцөгц нэртэй зэс, алт, стратиформын XV-014758 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.  “Эм Си Эй Ди” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт алтны XV-015432 дугаартай, 5238.4 га талбайтай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. “Түмэн айл инвест” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Алхан тээг, Баянхошуу тэргүүтэй хайгуул, ашиглалтын зургаан лицензтэй гэдэг. 
 
И.Наранхүүгийн “Түмэн айл инвест” ХХК-ийн Дорноговь аймгийн Мандах сумын нутаг байрлах нүүрсний уурхай нь дуулиан тарих болсон. Тодруулбал, И.Наранхүүгийн “Түмэн айл инвест” ХХК-ийн Мандах сумын нутаг байх нүүрсний уурхайг өнгөрсөн оноос нутгийн малчид эсэргүүцэж эхэлсэн Малчдын эсэргүүцэл газар авч, илүү олуулаа болж эхэлмэгц нь “Түмэн айл инвест” ХХК-ийн И.Наранхүү тэргүүтэй удирдлагууд нь хамгаалагчид болон бөхчүүдтэй “бүлэглэн” нутгийн малчдыг хүлж, зодсон гэдэг. Улмаар асуудал хурцдаж, цагдаа, шүүхдээ тулсан тул Дорноговь аймгийн удирдлагууд “Түмэн айл инвест” ХХК-ийн уурхайг түр зогсоосон байдаг. Тухайн үед нутгийн малчид аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд албан бичиг хүргүүлж, арга хэмжээ авч өгөхийг гуйсан гэдэг. Гэхдээ Б.Дэлгэрсайхан “Түмэн айл инвест” ХХК-ийн өөдөөс хөдлөөгүй. Хөдлөөгүй шалтгааныг одоо тайлбарлая. 
“УБТЗ” ХНН-ИЙН ДАРГА Х.ХЭРЛЭН БА “ТӨМӨР ЗАМ”-ЫН БОСС, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН НАРЫН ХОРШИЛ
 
       Хоржоонтой нь, Х.Хэрлэнгийн лицензийн хамтрагч И.Сүхбат нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай шууд холбогдоно. Тодруулбал, И.Сүхбат, Б.Дэлгэрсайхан нар уурхайн эздийн хувиар одоогоос 11 жилийн өмнө буюу 2012 онд “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо”-г хамтран үүсгэн байгуулж байжээ. Улмаар Б.Дэлгэрсайхан 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу тус оны тавдугаар сард тус холбооны Удирдах зөвлөлөөс нэрээ хасуулж, өөрийнхөө оронд Пүрэвдоржийн Чулуунхүү гэгчийг бүртгүүлжээ. Гэтэл П.Чулуунхүүг судлаад үзвэл, Б.Дэлгэрсайханы “цэрэг” буюу түүний “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг залуу байгаа юм. Өөрөөр хэлбэл, Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн болохдоо “лицензийн хаан” И.Сүхбаттай хамааралтай харагдахгүйн тулд хамтран эзэмшдэг холбоогоо нуухыг оролдсон ч өөрөөсөө нэг их холдуулж чадаагүй буюу ийнхүү баримтаар илчлэгдэж байгаа юм. 
 
Хамгийн ноцтой нь, дээрх холбоосоор УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь “лицензийн магнат” И.Сүхбат, Х.Чингэсээр дамжин “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй шууд холбогдож таарч байгаа юм. Б.Дэлгэрсайхан, Х.Хэрлэн хоёрын хувьд “төмөр зам”-ыг халаасаа түнтийлгэхэд ашиглаж байгаа, асар сонирхлын асар их зөрчилтэй хамтрагчид. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК, “Монголиан транс лайн” ХХК-иудынхаа нэр дээр 4000 орчим вагонтой. Б.Дэлгэрсайхан, Х.Хэрлэнтэй жил бүр гэрээ байгуулж, хувийн вагонуудаа “УБТЗ” ХНН-т өндөр өртгөөр түрээслүүлж ашиг хүртдэг, хүртсэн ашгаа Х.Хэрлэнтэй хуваадаг нэгэн. Дээрээс нь Б.Дэлгэрсайхан өнгөрсөн онд дээр дурдсан хувийн компаниудаараа Засгийн газартай концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 416 км төмөр замыг барьсан. Гэрээ ёсоор Б.Дэлгэрсайханы тус төмөр замыг эзэмшиж байгаа. Тус төмөр замаар зорчсон вагон бүр Б.Дэлгэрсайханд төлбөр төлөх ёстой гэсэн үг. Товчхондоо “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, хувьдаа хамгийн урт төмөр зам, хамгийн олон вагонтой Б.Дэлгэрсайхан хоёр холбоо, хамааралтай байх нь энэ мэтээр асар том ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм. 
 
Х.ХЭРЛЭНГ "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ, АМГТГ-ЫН ДАРГААР АЖИЛЛАХ ХУГАЦААНД ТҮҮНИЙ ЭХНЭР, ДҮҮ ХОЁР НЬ ББСБ АЖИЛЛУУЛЖЭЭ
 
Эцэст нь, нэг сонирхолтой баримт дурдъя. Х.Хэрлэнгийн 2016 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдмогц түүний эхнэр Г.Гансувд, төрсөн дүү Х.Чингэс нар нь “Капитал-Аз” ББСБ-ийг бусдаас худалдан авч, эзэмшиж эхэлсэн байгаа юм. Улмаар Х.Хэрлэнг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаас чөлөөлөгдөж, АМГТГ-ын дарга болсноос хоёр жилийн дараа буюу 2019 оны арванхоёрдугаар сард Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө цуцлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Х.Хэрлэнг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, АМГТГ-ын даргаар ажиллах хугацаанд яг зэрэгцээд түүний эхнэр, дүү хоёр нь ББСБ ажиллуулж, гурван жилийн хугацаанд мөнгө хүүлсэн гэсэн үг. Эндээс Х.Хэрлэн ашигт малтмалын лиценз хууль бусаар наймаалж, олсон ашгаа эхнэр, дүүгийнхээ ББСБ-аар дамжуулан бусдад хүүтэй зээлдэх замаар угаасан бол яах вэ гэдэг хардлага гарч ирнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд ББСБ байгуулж, мөнгө хүүлэх нь “мөнгө угаах” төгс аргуудын нэг гэдгийг хэн эс андах. Хууль хяналтынхан шалгах л ёстой. 
 

"ТӨМӨР ЗАМ"-ЫН ХЭРГЭЭС Х.ХЭРЛЭНГ МУЛТАЛЖ ҮЛДЭЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-22 16:27:14
    пясда: МИЕЭ ХУЖАА , ЭЛБЭГДОРЖ, ХҮРЭЛСҮХ. муу хар бууных нь охой ХЭРЛЭН КАЗИНО ЧАМАЙГ АЛНАА ТА НАР МОНГОЛЫН АРД ТУМНЭЭС ЮУ ХУЛГАЙЛСАН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-21 10:49:37
    Зо: Пөөх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 18:38:20
    олон түмэн: Хэрлэнг барина гэж байхгүй монголд хулгайч дарга нар дархан эрхтэй болсон одоо хавар болход нэг тэсрэлт гарч магадгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 18:21:46
    Zochin: Хаа байна нөгөө мундаг шударга байна майна гээд байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар. Эд нараараа хулгай хийлгээд хамтарч идэж уудаг болохоор эд нар нь бүүр юунаас ч айхгүй, ичиж зовохгүй идэж уудаг болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 08:54:33
    МАН ын хулгайч нарыг яана даа: Нөгөө найз Хүрэлсүх нь хуулийнханд нөлөөлөх үү?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188