• Өнөөдөр 2024-04-19

САНГИЙН ЯАМНЫ УДИРДЛАГУУД УВС, ХЭНТИЙ, ГОВЬ-АЛТАЙ, СҮХБААТАРЫНХ...

2022-09-29,   996

      Сангийн яам ирэх оны төсвийн төслийг боловсруулж дууссанаа өчигдөр зарласан. Өнөөдөр УИХ-д өргөн барина. Жилийн жилд төсөв дагаж гарч ирдэг нэг асуудал бол шударга бус хуваарилалт буюу “Дарга дагасан төсөв” гэх хэл ам. Жишээ нь, өнгөрөгч 2021 оны улсын төсөв “Дарга дагасан төсөв боллоо” гэж хамгийн их шүүмжлүүлсэн. Тухайлбал, Хэнтий аймагт 90 төсөлд 126 тэрбум төгрөг хуваарилсан. Харин Булган аймагт 17 төсөлд 8.5 тэрбум төгрөг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн нэг иргэнд 1.6 сая төгрөг ногдож байхад Булган аймгийн нэг иргэнд 140 мянган төгрөг буюу 11 дахин бага төсөв хуваарилагдсан. Товчхондоо, төрийн өндөрлөгүүд буюу У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын сонгогдсон тойрог Хэнтий аймгийн төсөв хамгийн их хуваарилагдсан нь “Дарга дагасан төсөв” гэж шүүмжлэх гол шалтгаан болсон юм. Нэгэнт төсвөө ингээд баталчихсан учраас Хэнтий аймгийн сумд руу хүртэл хатуу хучилттай автозам тавигдах, хөшөө цогцолбор, нисэх онгоцны буудал баригдаж, аймгийн төвийн айлууд нь дэд бүтцэд холбогдож, тэр байтугай газар доор музей хүртэл байгуулагдсан. Харамсалтай нь, энэ “шог” хуваарилалтаас болж нэг нь хөгжиж нэжгээд нь хоцорч үлдсэн. 
 
       Тэгвэл энэ жилийн төсөв урьд жилүүдийн түүхийг давтах уу гэдэг асуулт гарч ирж байна. Энэ асуултад зориулж нэг сонирхолтой судалгаа хийж үзлээ. Тодруулбал, Сангийн яамны удирдлагуудыг анх хэн төрд татсан, төрж өссөн нутгаараа хэнтэй хамаатаж буйг нь судалж үзэхэд мөн л одоогийн төрийн өндөрлөгүүдтэй хамаатаж байна. Товчоор бол, Сангийн яамны удирдлагууд Ерөнхийлөгчийн нутаг Сүхбаатар, Ерөнхий сайдын нутаг Хэнтий, ЗГХЭГ-ын даргын нутаг Говь-Алтай, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын нутаг Увсад тус тус харьяалагдаж байна.

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БА ХЭНТИЙ     

       Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Хэнтийнх буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутгийнх. Түүний хувьд төрийн алба хашиж буй ч төрж өссөн нутагтаа тун элэгтэй. Тийм байхаас ч аргагүй шалтгаанууд бий. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын төрсөн ах Ж.Ганбаатар нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажилладаг. Харин хадам эгч буюу Ж.Ганбаатарын эхнэр Д.Болортунгалаг нь Монгол банкны Хэнтий аймаг дахь салбарын захирлаар ажилладаг. Сонирхуулахад, Д.Болортунгалагийн төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ нь Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн нөхөр. Ингэхээр Сангийн яамны Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр нь худууд болж таарч байгаа юм. 
 

САНГИЙН ДЭД САЙД БА ГОВЬ-АЛТАЙ

       Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Говь-Алтай аймгийнх буюу ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай нэг нутаг, бүр цаашилбал Говь-Алтай аймгийн Халиун сумынх буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ээжтэй нэг сумынх. Дэд сайд С.Мөнгөнчимэгийн төрсөн ах А.Гансэлэм нь 2016-2019 онд Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Мөн бэр эгч буюу А.Гансэлэмийн эхнэр А.Ганчимэг нь Монголбанкны Говь-Алтай аймаг дахь салбарын захирлаар ажилладаг. 
 
Түүнчлэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг 2015 он хүртэл УИХ-ын гишүүн асан, одоогийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын туслахаар ажиллаж ирсэн. Мөн С.Мөнгөнчимэгийн төрсөн ах С.Ганболд нь Ж.Энхбаярын хүргэн буюу худ ураг гэх сэжмээр ч холбогддог гэдэг. 
 
Сонирхуулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээж талаараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай Говь-Алтай аймгаар холбогдохоос гадна гэр бүлийн хамтарсан бизнес ч бий юм билээ. Тодруулбал, У.Хүрэлсүхийн төрсөн эгчийнх нь охин Кимтэён Энхтуул гэж бий. Тэрбээр У.Хүрэлсүхийн эхнэр Л.Болорцэцэгтэй хамт “Илт хан” ХХК буюу Тэрэлжид амралтын бааз эзэмшдэг. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнтэй хамтран “Хас медиа групп” ХХК-ийг эзэмшдэг юм билээ. 
 

САНГИЙН САЙД БА СҮХБААТАР

       Сангийн сайд Б.Жавхлан Сүхбаатар аймгийнх буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй аав талаараа нэг нутаг. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлангийн аав Л.Болд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул. Гэхдээ тухайн үеийн төрийн бодлогын дагуу түр хугацаанд Дархан-Уул аймагт томилогдон ажиллаж байх үед нь Б.Жавхлан мэндэлсэн. Ингээд Б.Жавхлан наймдугаар анги хүртлээ Дарханд сурч байгаад уугуул Сүхбаатар аймагтаа шилжиж очиж, тэндээ ахлах сургуулиа төгссөн. Тэр байтугай Б.Жавхлан “Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөгчдийн холбоо” гэх ТББ-ыг удирдаж байсан. 
 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БА УВС

       Сангийн яамны шууд удирдлагад Татварын ерөнхий газар байдаг. Тэгвэл Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Увсынх, тэр тусмаа Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хүн гэх хаягтай. Тэрбээр анх Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж, төрийн албанд орох замаа зассан гэдэг. Түүнээс хойш хувь, хувьсгалын намтар нь Ч.Хүрэлбаатартай холбоотой явж ирсэн. Тухайлбал, Ч.Хүрэлбаатарыг 2007 онд Түлш эрчим хүчний сайд болсны дараа Б.Заяабал тус яаманд хэлтсийн даргаар томилогдсон. Улмаар Ч.Хүрэлбаатарыг сайдаас чөлөөлөгдөхөд Б.Заяабал мөн хэлтсийн даргын ажлаа өгсөн. 2012 оноос Ч.Хүрэлбаатарын гавьяагаар УИХ-ын гишүүний зөвлөх гэх нэр зүүж байгаад 2015 онд Татварын ерөнхий газрын дэд дарга болж огцом дэвшсэн. Татварын албанд ажилласан “түй” ч туршлага гэж ихээхэн шүүмжлүүлж байсан учир дэд даргаар дөрвөн жил орчим дасгаад 2019 онд буюу Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа Татварын ерөнхий газрын дарга болгож дахин дэвшүүлсэн. 
 
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өдгөө Увс аймгийн Хяргас сумын нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. 
 
      Ингэж харвал, төсвийн төсөл боловсруулдаг Сангийн яам хэдийнэ төрийн өндөрлөгүүд, нөлөө бүхий улстөрчдийн нутгийнхнаар "дүүрчихсэн", тэдний нөлөө орохоос ч аргагүй дүр зураг харагдаж байна. Өөрөөр бол, төсөл боловсруулагдаж эхлэхэд нь л нутаг руугаа ахиу төсөв илгээх "захиалга"-аа өгөөд хүлээж байдаг гэсэн үг. 
 
 
 

САНГИЙН ЯАМНЫ УДИРДЛАГУУД УВС, ХЭНТИЙ, ГОВЬ-АЛТАЙ, СҮХБААТАРЫНХ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188