• Өнөөдөр 2024-04-26

ТӨРИЙН ТЭРГҮҮНД ДАЙХ ҮГ: Архины араас амиа хорлолтыг анхааралдаа аваарай

2022-03-18,   596

          Өнөөдөр бол Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол цэргийн өдөр. Товчхондоо “Эрчүүдийн баяр” ч гэж нэрлэдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.4 “Эх орноо хамгаалах, хуулий дагуу цэргийн алба хаах үүрэгтэй” хэмээн заасан байдаг буюу эр хүн бүр цэргийн алба хаах үүрэгтэй учраас “Монгол цэргийн өдөр”-ийг “Эрчүүдийн баяр” гэж шууд хамаатуулдаг хэрэг л дээ. 
       “Эрчүүдийн баяр”-ыг угтан сүүлийн хэдэн өдөр сошиал орчин архины сэдвээр “амьсгаллаа”. Тэгэхдээ, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх “Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог ч үнэндээ архи эрчүүд биднийг ууж байна” хэмээн мэдэгдэхийн сацуу “Архины эсрэг үндэсний хөдөлгөөн” эхлүүлж буйгаа зарлаж, архины сэдвийг анхаарлын төв оруулж ирэв. Архины хэрэглээ эрчүүдийн дунд асар их, тэр тусмаа “Эрчүүдийн баяр” мэтийн тэмдэглэлт баяр ёслолоор хавтгайрдаг. Түүнээс бол гэр бүлийн хүчирхийлэл гаарч, хөөрхий хүүхдүүд хохирогч болж үлдэж байна. Мөн архины хэтийдсэн хэрэглээнээс болж эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 жилээр богино насалж байна. Тиймээс архи гээч аюулт дайсантай бүх нийтээрээ тэмцэх цаг болсон, Төрийн тэргүүнээсээ түүчээлэн анхаарч буй нь зөв. 

Тэгвэл архитай тэмцэхээ илэрхийлээд буй Төрийн тэргүүнд “Эрчүүдийн баяр” гэх энэ өдөрт зориулан дайх үг байна. Архины араас амиа хорлолтыг анхааралдаа аваарай. Учир нь, манай улсад жил тутам 350-400 эрэгтэй амиа егүүтгэж, энэ хорвоогоос цаг бусаар одож байна. Архинаас болж амиа алдаж буй эрчүүдийн тоотой эн тэнцүү гэсэн үг. Амиа егүүтгэх энэ үзэгдэлд анхаарал хандуулахгүй явсаар дэлхийд гуравт бичигдэж эхлээд байна. 

  • 2019 оны хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороо, Шарга морьтын хойд ууланд 32 настай, эрэгтэй Г амиа хорлов. 
  • 2020 оны есдүгээр сарын 9-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 23 настай Б өөрийгөө буудаж, амиа хорлов. 
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 28-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар III хороонд 41 настай эрэгтэй өөрийгөө буудаж амиа хорлов. 
  • 2021 оны нэгдүгээр сарын 5-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 26 настай Ц өөрийгөө буудаж амиа хорлов. 
  • 2021 оны хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд 34 настай, эрэгтэй А өөрийгөө шатааж амиа хорлов. 
  • 2021 оны хоёрдугаар сарын 14-нд Ховд аймгийн Дуут суманд 17 настай эрэгтэй өөрийгөө шатааж, амиа хорлов...
 
       Өөрийгөө буудаж, шатааж, дүүжилж амиа егүүтгэсэн энэ мэт харамсалтай тохиолдлуудаас хэдийг л бол хэдийг дурьдаж болж байна. Гэвч цаг ч, цаас ч эс хүрэлцэнэ. Тэд бүгд хэн нэгний голомтыг нь залгах хүү, хэн нэгний сайн хань, хүүхдийн сайн эцэг байсан. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-нд өөрийгөө буудсан Ц гэхэд эхнэртэйгээ эв найртай, хэрүүл маргаангүй, хардалт сэрдэлтгүй, жаргалтай амьдрахыг л хүсэж байсан. Өнгөрсөн оны есдүгээр сард ууланд өөрийгөө буудсан Б төрсөн нутагтаа аав, ээжтэйгээ малаа маллаж, мянгат малчин болохыг зорьж байсан. Гэвч тэдний хэн хэн нь замын дундаасаа буцаж, нэг л өдөр амиа хорлох адын бодолд өөрөө ч мэдэлгүй хөтлөгдөөд аав ээжийгээ, эхнэрээ, хүүхдээ, зорилго, мөрөөдлөө хаяад, үүрд явчихсан. Гэвч тэднийг өөрсдийг нь буруутгах аргагүй. Учир нь амиа хорлох болсон цаад шалтгаан нь өвчин, өр зээл, хардалт, ажилгүйдэл, ядуурал, бас ялгаварлан гадуурхалт. Чухамдаа энэ нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудал бүхэн эрчүүдийн сэтгэлд зовлон болж хуралдаж явсаар эцэст нь амиа хорлоход хүргэдэг аж.
       
         Сэтгэлзүйчдийн тайлбарлаж буйгаар монгол эрэгтэй хүний хүмүүжил, сэтгэлзүйн онцлог нь аливаа зовлон жаргал, баяр гунигаа гадагш гаргаж, бусдад илэрхийлдэггүй үг, нулимс нь дотогшоо байдаг ажээ. Тийм эрчүүдээ бид гүдэсхэн, гүндүүгүй гэдэг. Гэвч дотогшоо, гүдэсхэн, гүндүүгүй монгол эрчүүд маань амиа хорлолтоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байна. Өөрөөр хэлбэл монгол эр хүний дотор уужим гэдэг ч зовлон, шаналал, стресс, уур бухимдал, айдас, гомдолыг багтаах хэмжээ гэж бий. Тухайн хүний дотор хурсан бүхий л зовлон, нулимс нь багтхаа болиж, тэр хэмжээ нь дүүрхээрээ дааж давшгүй ачаа мэт санагдаж, тэр үед тэд дүүжлүүрийн олс бэлдэж, бензин савлаж, эсвэл өөр рүүгээ буу чиглүүлж, гох дардаг аж. Агаарын шаарыг үлээгээд л байвал хагарчихдагтай адилхан... Харин эмэгтэйчүүдийн амиа хорлолт бага байдаг нь тэд аливаа сэтгэл хөдлөлөө тэр дор нь уйлаад, уурлаж хашгичаад гаргачихдагтай холбоотой гэнэ. 
 
        Нөгөөтээгүүр энэ нийгэм эрчүүдээ хэтэрхий зөнд нь хаяж, “Эр хүн юм чинь” гэдэг байдлаар ялгаварлана гадуурхаж байна. Бодит жишээг нь бид өнгөрсөн охины эхээр нийгмээрээ харсан. Халдварт тахлын хөл хорионы дараахан, дөнгөж төрсөн эхийг дүн өвлийн хүйтэнд тавчиг, халадтай нь эмнэлгээс гаргалаа гэж нийгмээрээ бухимдаж, жагсаж, цуглаж Засгийн Газраа бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Гэтэл түүнээс хагас сарын дараа автобусанд зорчиж явсан 20 орчим насны залууг коронавирустэй хэмээн автобусаараа дайрч, доромжилж, цагдаа нар ирээд гавлаж, эмч нар ирэх хүртэл бүтэн дөрвөн цаг буруу харуулаад гудамжинд зогсоосон. Тэр залуу “Халдвар тараагч” гэж бусдад чичлүүлэн, хэнд гомдохоо мэдэхгүй даарч зогсохдоо амиа хорлох тухай нэг биш удаа бодсон л байх. Гэвч хэн ч тэр залууг өрөвдөж, дүн өвлийн хүйтэнд зуны пүүзтэй дөрвөн цаг гудамжинд зогсоолоо гэж төр засаг руу бухимдаагүй. Уг нь тавчигтай эмнэлгээс гараад тав алхаад машинд суух, зуны пүүзтэй дөрвөн цаг гудамжинд зогсох хоёр яг л адилхан өмөөрөх асуудал баймаар. Даанч тэр залуу эрэгтэй учраас хэн ч түүнийг өмөөрөөгүй. Эмэгтэйчүүдээ өмөөрч, эрчүүдээ зөнд нь хаягдаг уламжлалт, буруу тогтолцоо эрчүүдийн амиа хорлолтын суурь шалтгаануудын нэг гэдэг нь эндээс харагдаж байгаа биз дээ. 
 
       Тиймээс нийгмээрээ эрчүүдээ анхаардаг, сонсдог болъё. “Эр хүн юм чинь” гэдэг уламжлалт сэтгэлгээнээс салж, нулимсаа нуу гэж шаардахгүй байя. Бас эрэгтэй хүүхдүүдээ сэтгэл хөдлөлөө гадагшаа ил гаргадаг, ярилцдаг, бас илүү сэтгэлийн хаттай болгож өсгөе. Эхнэрүүд нь эр нөхрөө амьдралын төлөө зүтгэж байгаад нь талархдаг, түүнийгээ хэлж илэрхийлдэг, юунд гомдож, юунд зовж, юунаас айж байгааг нь мэддэг, мэдэрдэг, асууж шалгаадаг болоё. Төр засгаас ч, Төрийн тэргүүний зүгээс ч энэ мэт нийгмийн амин чухал асуудалд анхаарлаа хандуулдаг, шууд биш юм гэхэд бодлогоор оролцдог байя. Амиа егүүтгэлтийн суурь шалтгаан буюу өр зээл, ажилгүйдэл, ядууралтай төр бодитой тэмцэх учиртай. Тэгж байж л сая гаруйхан монгол эрчүүдээ өөрөө өөртөө дүүжлүүрийн олс бэлдхээс нь хамгаална. Эс бөгөөс гүдэсхэн, гүндүүгүй гэх эрчүүд маань зовлон, гунигаа дотроо нууж явсаар бурханд очиж хэлэхээр бидний дундаас одсоор байх болно.
 

ТӨРИЙН ТЭРГҮҮНД ДАЙХ ҮГ: Архины араас амиа хорлолтыг анхааралдаа аваарай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-19 21:09:28
    Зочин: МАН-ынхан хүүхнээс болж болж үхэж байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188