• Өнөөдөр 2024-04-19

Хөшиг ярагдаж, Х.Баттулга тайзнаа гарч ирэх нь

2022-03-11,   815

       Хөшиг ярагдаж, Х.Баттулга тайзнаа гарч ирэх нь. Төрийн тэргүүний “дүр”-ээ шилжүүлж, тайзнаас буухдаа тэр “Би эргэж ирнэ” гэсэн. Хөшигний цаана буй, хамаг үзэгдлийг найруулдаг л гэгдэхээс өөрөө харагдах нь бүү хэл, хоолой нь ч сонсогдохгүй өдий хүрсэн. Тэгвэл өчигдөр тайзнаа түүний нэрийг зарлалаа. Хаврын улс төрийн нээлт ийнхүү “халуухан”-аар эхлэх нь. Учир мэдэх хүмүүсийн төлгөнд улс төрийн тайзнаа түймэр ч гарч мэдэх төлөв бууж байна гэх. 
      Ардчилсан намын шинэ даргын “дүрд” Х.Баттулга хэн нэг хүнийг өмнөөсөө “тоглуулаад”, хөшигний цаанаас удирдах боломжтой байсан. О.Цогтгэрэлийг Ардчилсан намын дарга болоход ард нь Х.Баттулга байгаа гэцгээж байсан шиг. Гэтэл Х.Баттулга хөшигний цаанаас өөрөө гарч ирэхээр нэрээ зарлуулж буйгаас үзвэл, тэр Ардчилсан намыг авах нь тодорхой болж, авсныхаа дараа хувааж биш дангаар удирдахаар тохироогоо хийчихсэн бололтой юм.
 
Тодруулбал, эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хавартаа багтаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, үүн дотроо давхар дээлтэй сайд нарт холбогдох заалтыг УИХ-д оруулж, батлуулах “шуум” гараад буй. Гэтэл яг зэрэгцээд Х.Баттулга Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр нэр дэвшсэн нь санаандгүй давхцал төдий биш байх. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр хэн хэндээ, хаа хаанаа хэрэгтэйгээр тохиролцсон байж болно. Эрх баригч намын даргын зөвлөхөөр зүгээр ч нэг уйдахдаа ажиллаагүй л болов уу. Тэгвэл ямар тохиролцоо хийсэн байж болох вэ, гээд төсөөлж үзье. 

Төсөөлбөл, Л.Оюун-Эрдэнийн талаас Ардын нам Ардчилсан намыг “колончлох” санаархлаа зогсоож, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөөр, Х.Баттулгын талаас хариуд нь нэг удаа жинтэй туслахаар тохиролцсон байж болно. 

       Л.Оюун-Эрдэнэд одоогоор Ардчилсан намыг амь тавиулахаас илүүтэй “тавиул” сайд нараасаа салж, давхар дээлтэй сайд нар оруулж ирэх замаар танхимаа хүчирхэгжүүлэх нь чухал байгаа. Ингэхийн тулд түүнд УИХ-д дэмжлэг хэрэгтэй. Хэдийгээр тэр эрх баригч намын дарга ч гэлээ УИХ-аар хүссэн шийдвэрээ гаргуулахад хүч нь арай л хүрэхгүй байж мэднэ. Тэгэхээр түүнд Х.Баттулгын тусламж хэрэгтэй. УИХ дахь Ардчилсан намын 11 гишүүнээс Д.Ганбатаас бусад нь Х.Баттулгын туганд нэгдэх нь тааж ядах юмгүй. Сөрөг хүчний 10 гишүүний санал гэдэг санаснаа гүйцэлдүүлэхэд нь том туслалцаа болно, Л.Оюун-Эрдэнэд. 
 
Харин хариуд нь Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгад юу хийж өгч чадах вэ. Ардын нам хэрвээ хүсвэл Ардчилсан намын хуваагдлыг арилгаж чадна. Улс төрийн тайзнаас С.Эрдэнэ буувал л удтал үргэлжилж, ужгирах тийш хандаад буй Ардчилсан намын хуваагдал нэг тийш болж, тамга нь ганц хүнд очих боломжтой. С.Эрдэнийг тайзнаас буулгах нь төрийн эрхийг барьж буй Ардын намд айхтар хэцүү асуудал биш. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа өдүүлсэн хэрэг нь хууль хяналтынхнаар эцэслэгдэж байгаа энэ үед бол бүр ч хялбархан. Хэрвээ С.Эрдэнийг тайзнаас буулгавал хөшигний цаанаас түүнийг удирдаж байсан Ц.Элбэгдорж өөрөө тайзан дээр гарч ирдэггүй л юм бол тэд Ардчилсан намын тамгыг булаалдаад байх чадамжгүй болно. Тэгэхээр Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёр үгүй бол Ардчилсан нам Х.Баттулга гэдэг ганц даргатай болж, хэрүүл, хуваагдал нь үгүй болно гэсэн үг. 
 
       Товчхондоо, Х.Баттулга Ардчилсан намаа авч, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа хүчирхэгжүүлсний дараа зам замаа хөөе гэж тохиролцсон байж болох. Хэрвээ ийм тохироо хийгдсэн гэж үзвэл Ардчилсан намын 180 мянган гишүүнд алдах юмгүй л санагдана. Арга зам нь ямар ч бай, гол нь энэ намд эв нэгдэл чухал. Хоёр даргатай, хоёр тусдаа хуралдаж, хүүхэд нохойн доог болж явснаас нэг хүний туганд нэгдэх нь харин ч ашигтай байж мэднэ. Ямар ч гишүүнээс нь асуусан нэг даргатай, нэгдмэл бодлоготой байхыг л илүүд үзэх биз. Нөгөөтээгүүр, Ардчилсан намынхан сөрөг хүчин байх ёстой атлаа салхин цэцэгтсэн аятай энд тэнд, эрээн цоохор явцгааж буй. Харин Х.Баттулга Ардчилсан намын дарга болчихвол ядаж л УИХ дахь бүлэг нь нэгдмэл байж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх боломж бүрдэх байх. 
 
Ямартай ч хаврын улс төр нээж, хөшиг ярагдаж, Х.Баттулга тайзнаа гарч ирэх нь. Улс төрийн тайзнаа түүнийг гарч ирэхэд уухайлан алга ташиж угтах уу, усны саваа шидэх үү, үзэгч таны мэдэх хэрэг ээ. 
 

Хөшиг ярагдаж, Х.Баттулга тайзнаа гарч ирэх нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-11 14:04:56
    Zochin: AN gedeg bol namiihaa uls eh orniihoo tuluu bol tui mai .. l gene harin huvi hun buleg bulegleliin tuluu bol nud ni sergeel eldviin hudal yum shaagaal garaad irne 30 jiliin hugtsaand zuvhun l uursdiiguu bodson uruuliin tuluu yu ch hiigeeguidee eh oronch uzeltei ihes deedsee hundeldeg tur zasag turiin suldendee zalbirdag hun chanar hunii mustei aidag ichdeg ahmad nastnaa hundeldeg eh oron gazar shorooniihoo tuluu haluun ami buleen tsusaa haramlaagui yos judagtai tuuhen ard tumniig hunii erh huviin umch nereer baahan yhir ug ymaan omogtoi hun boloogui baij baahan gadaad hel tseejilsen solongos stil amerig bodoltoi hun araatan bii bolgoj l ugluu neg yosnii uls eh oron hun ardaa buren suiruulleedee ardchilal AN
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188