• Өнөөдөр 2026-10-28

МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би

2026-10-27,   28

 

- Нутгаа зориод ирсэн үү. Тэс нутагт налгар намар болж байгаа байх даа? 

- Тэс нутаг. Нэр нь хүртэл сайхан шүү. Хар нялхаараа нутгаа орхиж гарсан болохоор бодлын үзүүрт ойрхон байдаг юм. Би чинь нутагтаа очихдоо ганц, хоёрхон хонож, морин дэл дээгүүр явдаг хүн. Харин энэ удаад сар орчим нутгаараа сайхан аялаад ирлээ. Маш ихийг бодуулж, түүний энтэй сэдэл өгсөн гуч хоног байлаа гэдгийг онцолж хэлмээр байна.  

- Гэрийнхээ буурин дээр баян хуур хөгжмөө тоглож суугаа бичлэгийг тань олж харсан юм. Сэтгэлээ барьж суухаас асгартал уйлчхаасай билээ гэж их бодлоо?

- Тэр их хайранд умбаж өссөн хүн харуусалд дийлдэнэ ч гэж байхгүй ээ. Төрсөн гэрийнхээ бууцанд очиж, утаа май цоргиулж, ээжийнхээ дуртай дууг тоглосон юм. Тэрийг л олж үзжээ дээ. Уулзаж чадахгүй тавилан хойно, өөр яалтай билээ. Энэ аугаа хайрын хариуд 60 гаруй жил юу хийж бүтээлээ гэж эргэцүүлсэн өдөр хоногууд л өнгөрлөө. 

- Эцэг, эхийн ач хариулах тухай яриад байна аа даа. Монгол хүн бүр таны зохиосон дууг аялж, ижий аавыгаа дурсан санадаг. Харин ч та ачийг нь хариулсан юм биш үү? 

- Хүн бүхэн л энэ тухай эргэцүүлэн боддог байх. “Аав, ээжийнхээ ачийг зуун хувь хариулж чаддаггүй” гэсэн үг байдаг биз дээ. Би өөрийгөө чинээнд нь тулдаггүй юм аа гэхэд хариулах учиртай хэмжээнийхээ тал орчимд нь хүрсэн гэж боддог. Яг чиний хэлдгээр хажуугаар нэг хүн зөрж өнгөрөхдөө л “Сүүн далай ээжий минь...”, “Сүслэн хайрлаж яваарай...”, “Ээжийн минь амттайхан цай...” гээд л аялна. Ээжийгээ амьд байхад нь цөөхөн ч гэсэн уран бүтээлээ сонсгож амжсан. Зарим нэгийг нь мордоод явсных нь дараа, холоос ч гэсэн сонсгож байна. Тэгэхээр энэ Маагаа бас ч гэж юм хийчихсэн байна шүү гэж өөртөө жаахан урам өгч суулаа. 

- Сонсгож амжсан дуунууд дунд “Насны намар” дуу багтдаг байх аа? 

- Аавыг өвдөхөд Хурандаа генерал Ж.Ёндон надад байлдааны онгоц гаргаж өгсөн юм. Албаны ажлаар баруун аймгаар явах далим ч таарсан байх л даа. Онгоцонд явж байхдаа аавыг өнгөрчихсөнийг мэдэж байгаа болохоор сэтгэл их хоосорсон. Халаасаа тэмтэртэл Д.Амгалан гуайн ач надад өгсөн “Насны намар” шүлэг байлаа. Уншихад гол зураад л явчих шиг болсон. Хаана ч явсан баян хуур хөгжимтэйгөө явдаг болохоор шууд л ая оруулж эхэлснээ санаж байна. “Аав маань намайг ямар их харсан бол доо” гэж бодохоор л өмрөөд болдоггүй. Онгоцны экипажийнхан “Ямар сайхан дуу яваад байна аа, алив сураад авъя” гээд ээлж, ээлжээрээ гарч ирнэ.  Хэнтий аймгаас гуравхан цаг нисээд Увсад хүрч байгаа юм. Тухайн экпажийнхан бүгд сураад, бүтэн дуулдаг болоод бууцгаасан. Аавынхаа шарилыг барьж байлаа. Уулзаж амжаагүй аав, ээж ер ялгаа байхгүй л дээ. Тэр их гуниглал л энэ дуунд тусчихсан хэрэг. Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, их аюултай нүгэл үйлдсэн хүн дээ би. 1989 онд гарсан даруйдаа хит боллоо. Ээж анх сонсоод цочирдсон шиг байгаа юм. “Заа даа миний хүү чинь надтай бас л уулзахгүй хүн юм байна” гэж тун гомдонгуй хэлж билээ. 

- Тэгвэл та чинь ачийг нь хариулахаас гадна гомдсон сэтгэлийг нь тайтгаруулах чухал албатай болж дээ? 

- Тэгэлгүй яах вэ. Сайхан дуу хийлээ гэтэл ээжийгээ гомдоож, сэтгэлийг нь уймруулчихсан хүн чинь “Би яаж ээжийгээ баярлуулах билээ” л гэж олон хоног шаналсан. Надад маш том шалгуур болж байгаа юм. Үгүй ээ мөн хүнд цаг үе шүү.  Угтаа бол “Сүүн далай ээж” дуугаараа баярлуулсан хэр нь “Насны намраар” гуниглуулчхаж байгаа юм. Тэр хачин мэдрэмж, уй гунигаас салгасан хүн бол Дөнгөтийн Цоодол ах юм шүү дээ. Надад их хайртай, сайн ханддаг хүн дээ л очиж байгаа нь тэр. Зохиолчдын хороо руу гүйхээрээ очиж Д.Цоодол ахад эр сэтгэлийн зовлон, уй гуниг бүхнээ л ярилаа даа. Тэгсэн Д.Цоодол ах сонсож, сонсож “Их золигийн юм болж дээ. За хоёулаа яаж ээжийн чинь гомдлыг гаргах уу” гээд хэсэг бодолхийлж байснаа “Ерөөсөө л хоёулаа гоё дуу хийх хэрэгтэй юм байна. Чи бидний чадах зүйл л энэ. Аан харин Насны намарыг давсан дуу зохиох учиртай” гэв. Төд удалгүй санаа алдаж “Ээ дээ Насны намарыг давна гэдэг чинь том даваа байна шүү, тиймээ” гэснээ л ээжийнхээ тухай надтай баахан ярьсан юм. Тэгээд “За цаг орой болж. Чи маргааш хүрээд ир. Ах нь бодож хоноё” гэлээ. Маргааш өглөө нь яараад очтол “Сүслэн хайрлаж яваарай” гээд гайхалтай шүлэг биччихжээ. Нэг үгийг нь ч хөдөлгөх аргагүй тултал нь хийчихсэн байсан. 

Цоодол ахын шүлгийг уншиж байхдаа “Сийлгийн чичиргээтэй хоолойг ашиглаад биччихвэл яадаг бол” гэж бодох байгаад л “Сүслэн хайрлаж яваарай” дууг хийчихсэн юм.

- Тэгэхээр чинь ямар ч эх хүн уярч хайрлаад уучилж, тайтгарна биз дээ? 

- Тэр үед би Цэргийн ансанбльд хөгжимчин байлаа. Манайх Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгатай түр хугацаанд нэгдэж байсан үе. Тэгсэн чинь Б.Сийлэгмаа гээд чичиргээтэй хоолойтой, хүний анхаарал татахаар их хөөрхөн дуучин охин Хилийн цэргээс орж ирж таарсан. Юуг нь нуух вэ би ч бас “Яасан хөөрхөн дуулдаг охин бэ” гэж анхаарч л байлаа. Явандаа бид хоёр сайхан найзууд болсон. Сийлгээ маань “Маагаа чи найз даа гоё дуу зохиож өгөөрэй” гэж ярьдаг байсан юм. Цоодол ахын шүлгийг уншиж байхдаа “Сийлгийн чичиргээтэй хоолойг ашиглаад биччихвэл яадаг бол” гэж бодох байгаад л “Сүслэн хайрлаж яваарай” дууг хийчихсэн юм. Б.Сийлэгмаа маань гавьяат автлаа л дууллаа даа. 

- Нандин хүмүүсээ дурсах ч сайхан шүү. Солгой Н.Төмөрхуягаа  үгүйлж байна уу? 

-Маш их үгүйлнэ. Давтаад хэлье. Маш их үгүйлнэ. Хүн хүнээ санана гэдэг чинь хэцүү зүйл байдаг юм байна. Манай Хуягаа үнэхээр төгс мэдрэмжтэй хүн. Тэр мэдрэмж нь туйлын, дээд цэгтээ гэж би хэлнэ. Уран бүтээл дээр маш их ажиллана. Нэг үгийг ч анзааралгүй орхихгүй. “Энэ үгийг би яаж хэлэх вэ” гэдгээс л эхэлнэ. Би өнөөг хүртэл ийм дуучинтай дахиж учраагүй. С.Жавхлан маань тун дөхнө. Дөхдөг шүү. Дэндүү эрт явлаа даа. 

- Хорвоо уудам гэдэг шүү дээ. Мэдрэмжтэй дуучин таарах байлгүй дээ? 

-Хэцүү дээ, хэцүү. Одоог хүртэл “Насны намар”-ыг зориглож дуулсан хүн алга. Ц.Төмөрхуягийн тэр их мэдрэмжийг гаргаж чадахгүйд л учир байна. Түмэндэмбэрэл гуай, Адраа, Хуягаа шиг сод авьяастнуудыг дуурайх ер нь л боломжгүй дээ. 

- Нэгэн цагийг үеийг эзэлж, хамтдаа явсан нөхөд тань мөнх бусыг үзсэн болохоор таны сэтгэл эзгүйрч байгаа бололтой? 

-Эзгүйрнэ ээ. Хааяа ганцаардах шиг болно. “Зүүдэн бороо”-г анх дуулсан С.Цэрэнчимэд гэж сайхан дуучинтай нэгэн цаг үед амьдарч, нөхөрлөж байлаа. Миний бодлоор “Зүүдэн бороо”-г түүн шиг дуулсан дуучин одоо болтол алга. Тэд бол нотлож болдоггүй гэдэг шиг нотоос гадуур өнгөтэй, онцлогтой дуучид. Би ер нь дуучдаа их бодож, ая зохиодог хүн. Жишээ нь С.Жавхлангаа бодож олон ч дуу бичсэн.

- МУГЖ С.Жавхлан та хоёрын дуу ч гарсан даруй даа л хит болдог. Энд бидний мэдэхгүй ямар нууц байна? 

- Нууцлаад байх юу байх вэ. Хөгжмийн зохиолч тэр дуучнаа мэдэрч хүнийг татах чадалтай ямар өнгө, хаана нь байдаг вэ гэдгийг судалж, бичсэн дуу л маш хурдан хит болдог. Үүнээс гадна өнө удаан жил амьдардаг. 

- Нэгэнт дууны тухай ярьж болохоор сүүлийн үеийн дуу, дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолчдын талаар бодлыг тань сонсмоор байна?    

- Хөгжмийн зохиолч нар дуучидтайгаа тулж ажиллахгүй байгаад үнэхээр сэтгэл өвдөж, санаа зовж байна. Одоогийн дуунууд амьдрахгүй, “нас” богинотой байна. Яагаад гэдэг нь ч тодорхой. Ерөөсөө л техник, технологийн аргаар анхаарал татаж, хүнийг самууруулах болсон. Гүн ухааны хэв шинтэй дуу огт хийхгүй байна. Энэ нь дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч гээд хэн нь ч бай нэгнийгээ судлахгүй байгаагийн илрэл. Хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоо, нэгдэл маш муу байна. Ямар сайн даа би яруу найрагч гэргийтэй болох вэ дээ. Эмч хүнийг яруу найрагч болгож байна шүү дээ. 

- Дууны урлагийн оргил байдаг бол таныг түүнд хүрсэн гэж боддог. Тэр оргилоос цааш юу харагдаж байх юм? 

- Чи их хоосон магтаж байна шүү. Дууны урлагийн оргилд гарсан гэж ч болохгүй л дээ. Өдийг хүртэл хийсэн бүтээлүүдээ эргэж харахад ямар ч байсан дууны урлагт нэгэн хэсэг орон зайг эзэгнэсэн байна. Баригдаж, хэмжигдэшгүй хязгааргүй орон зайн нэгээхэн мөчлөгт хавчуулагдаж амжжээ хэмээн бахархаж сууна. Энүүхэндээ гэж хэлэхэд Ард түмэн миний дууг аялаад явж байх шиг жаргал хаана ч байхгүй. Зон олон минь дуулж л яваа цагт “Би юм хийжээ” л гэж харна. Чи их зальжин байна шүү. Надаас дуу биш, дуунаас давсан юу хийж байна вэ гэж асуугаад байна аа даа. Сүүлийн үед Магсаржавын хэлбэр жаахан өөрчлөгдөж байна. 

- Хэрхэн, яаж өөрчлөгдөж байна гэж? 

- Цаг үеийнхээ шаардлагаар гэж болно. Бидний үед ятгатай, намуухан дуу хит болдог байсан. 1980-аад онд ард түмэн нээх сайхан налайгаад ирсэн шүү дээ. Яг тэр цаг үед нь би цаг үе, нийгмээ дагаад налайсан дуу хийж байжээ. Тэгээд 1990 оноос бужигначихсан. Электрон хөгжмөөс эхлээд бүх салбарт компьютер, техник орж ирлээ. Өөрөөр хэлбэл, нийгэм тэр чигтээ өөрчлөгдөж байгаа юм. Энэ зарчмаар дууны салбарт ч өөрчлөл гарсан. Өмнөх үеийн үндсэн хэлбэр буюу налайсан байдал байгаа хэр нь хөгжмийн найруулгад цаг үеэ дагасан цохилт, цохилготой хувиралт гарсан гэж болно. Илүү боловсронгуй болж байна гэх юм уу даа. 

- Зохиогчийн эрхийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй байх. Авьяас үнэгүйддэг цаг үе ард хоцорсон уу, үргэлжилсээр байна уу? 

- Заа даа, зохиогчийн эрх гэж яривал өрөвдмөөр л байна. Уран бүтээлч хүн ард түмэн дууг нь дуулах тусам л баярладаг. Олон хүн дуулаасай ч гэж боддог. “Зүүдэн бороо”-г 1000 дуучин дуулсан ч яадаг юм. Тэр тусам нэг хүний өмч болгоод, энэ л ганцхан энэ дууг дуулах ёстой гэдэг нь өрөөсгөл ойлголт. Монголчуудын хайртай олон дуу зохиосон, түүнийг маань ард түмэн дуулаад байгаа болохоор надад мэдэгдэхгүй ч байж магадгүй. Алийн болгон дууныхаа араас хөөцөлдөх вэ дээ. Тэртэй тэргүй домог болоод явж байгаа болохоор надаас “Ахаа энэ дууг чинь дуулъя” гэхэд нь “тэгээ” л гэдэг. Жишээлбэл БНХАУ-д бол төрөөс нь их анхаарч, ач холбогдол өгдөг юм билээ. Улс орны бодлогын түвшинд шийдэх асуудал юм болов уу.

- Залуу яруу найрагчидтай Ц.Гайтав гуай шиг, Б.Лхагвасүрэн гуай шиг дотносож байна уу. Ер нь энэ цагийн дууны шүлгийн чансаа ямар байх шиг байна?

- Дуу гурван жигүүртэй гэдэг үг байдаг. Дээр хэлсэнчлэн дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолчдын нэгдэл маш дутмаг байна. Амьд, гүн утгатай уран бүтээл үгүйлэгдэж байна. Шүлгийн хувьд сүүлийн үеийн залуучууд гүн рүү орохгүй хэт хийсвэр бичиж, өнгөцхөн талаас нь хараад байна уу даа гэж ажиглаж байгаа. Миний хамтарч дуу хийсэн хүмүүс агуу шүү дээ. Тэд байхгүй байсан бол би хаана байх бол. Бодох л асуудал. Чиний хэлсэн Ц.Гайтав гуай, Б.Лхагвасүрэн нараас гадна Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн гуай, Д.Цоодол, П.Бадарч, Ш.Дулмаа гээд явж өгнө. 1970-1980 оны төр засаг авьяастай хүмүүсээ маш сайхан дээдэлдэг байсан. Бүгдийг нь нэгтгээд томилолтоор явуулна, 18 аймаг, сум, бригад бүрд тоглолт хийлгэнэ. Үүнд төр оролцож төсөв санхүү, зардал мөнгийг нь гаргадаг байлаа. Энэ сайхан нэгдэл, уялдаа холбооны ачаар би бүх лидерүүдтэй хамтарч дуу хийсэн байхгүй юу. Хувь, хувьдаа ганц нэгээрээ тоглолтоо хийгээд байх нь буруу. Бүр илүү нэгдэх ёстой. Тэгж байж сайн бүтээл бий болно. 

Энүүхэндээ гэж хэлэхэд Ард түмэн миний дууг аялаад явж байх шиг жаргал хаана ч байхгүй.

- Ганц нэгээрээ дуулж, тоглолтоо хийх нь юу нь буруу гэж. Ард түмэн сонсох дуртай болоод л үзээд байгаа юм биш үү? 

- Уран бүтээлч нар бие биеэ таньж байж ард түмэнд танигддаг юм даа. Нэгнийхээ авьяас, чадвар, сайхан бүхнийг таних тухай ярьж байна шүү. Тэгэхгүй ард түмэнд өөрийгөө таниулах гээд л зүтгээд, зүдрээд, зовохоо л болимоор байна. Миний яриад байгаа тэр нэгдэл, нийлбэр дундаас торойгоод гараад ирсэн хүнийг энэ ард түмэн чинь өлгийдөөд авчихдаг юм. Бусдаар гуйж гарч ирдэггүй. Шагнахдаа тулсан ч ард түмэн л шагнадаг байхгүй юү.  Би энийг л хэлээд байна. 

- Танд тоглохгүй хөгжмийн зэмсэг байхгүй байх. Өөрийгөө ямар ямар хөгжмийн зэмсэгтэй зүйрлэх вэ? 

- Баян хууртайгаа л зүйрлэнэ. Миний баян хуур траншэйнд ч орно, тойгүй баян айлд ч очно. Тог цахилгаан, дэн гэрэл нэхэхгүй. Ардын жүжигчин, эгэл малчин алийг нь ч ялгалгүй аяыг нь тоглож чадна. Энэ чинь бас олон төрлийн ааш гаргана. Заримдаа гуниглана, үггүй хөөрөх ч үе байна. Тэгэхээр баян хууртайгаа л зүйрлэнэ дээ. 

- Ц.Гайтав гуай их зөнтэй хүн байсан гэж та нэг ярилцлагадаа дурдсан байдаг. Та өөрөө хэр их зөнтэй хүн бэ. Зөгнөж бүтсэн уран бүтээл бий юу л гэж асуух гээд? 

- Гайтав багш анхны дууны минь шүлгийг өгөхдөө “За даа миний хүү сарын дотор л аяыг нь хийж дуусгаарай” гэж захисан юм. Би шүлэгт нь ая хийсэн хэр нь үзүүлж чадаагүй. Нэг өдөр радиогоор “Ц.Гайтав гуай бурхны оронд одлоо” гэж зарласан. Энэ үйл явдал зөнтэй хүн байж дээ гэж бодоход хүргэсэн. Уран бүтээлээ зөгнөж хийх нь ховор доо. Хийсэн уран бүтээлийнхээ хувь заяа, дуулагдах насыг харин зөнгөөрөө мэдрээд байдаг шүү. Хүнд чинь нэг багцаа байна даа. Аан тийм бас нэг ийм зүйл байдаг. Цаг үеэсээ түрүүлээд төрчихсөн дуу гэж бий. Зохиосноосоо арав, хориод жилийн дараа амьдарсан дуу байдаг гэсэн үг. 

- Өөрийнхөө дуунаас жишээ болгож тайлбарлавал илүү ойлгомжтой санагдах болов уу? 

- “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дууг би арван жилийн өмнө сэтгэчихсэн юм шиг байгаа юм. Их сонирхолтой. Зохиосон даруйдаа хүн ч тоогоогүй, нэрд гараагүй. Угтаа хар мянган хүн дуулж байгаа шүү дээ. Цэрэг болгон дуулсан. Тэгсэн чинь нутгийн маань дүү Лосолын Болдбаатар энэ дууг олж байгаа юм. Би түүхийг нь ярьж өгье л дөө. Болдбаатар нутаг явахаар пругон машин суусан гэнэ. Хамт явсан нэг залуу нь энэ дууг дуулж л дээ. Тэр үед мань хүн “Энэ л миний дуу байна. Би л энэ дууг дуулах хүн” гэж бодсон байгаа юм. Тэгээд нөгөө залуугаараа заалгаад Тэс сум ортлоо хамтдаа дуулсан гэдэг. Хэн, хэзээ зохиосныг нь ч тэр үед мэдээгүй гэж байгаа. Тэгээд Болдбаатар ганц дуулаад л гаргаад ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бичсэн дуу маргааш нь “амьдарна” гэдэг цөөхөн. Уран бүтээлийнхээ хувь заяаг эдэлж, өөрийн гэсэн цаг хугацааг туулна. 

- Шүлэг, ая хоёрын аль нь түрүүлж гарах зүгээр байдаг вэ? 

- Бодоод байх юм байхгүй. Ерөөсөө л үг түрүүлж гарах хэрэгтэй. Аялгуу гарна гэдэг бол хөгжмийн бүтээлд илүү их харагддаг. Дуу гэдэг чинь шүлэг нь өөрөө амьтай, аятайгаа байдаг юм шүү дээ. Тэрийг гаргаж ирдэг хүн чинь л хөгжмийн зохиолч. Хүчээр гардаг эд биш. Үнэхээр авьяастай хүн тэр шүлэг дотор яваа аяыг суга татаж гаргана. Ая, аялгуу байхгүй шүлэг бичээд байхаар яаж дуу бүтэх вэ дээ. Энэ дууны яруу найрагчид өөрсдийнхөө үгийг аятай, аягүй гэдгээ ч мэдрэхгүй байна. Нэгэнт энэ тухай ярьсных залуу яруу найргчдыг хөгжим рүү уус, бүр дотор нь ор гэж хэлье. Судал, маш сайн судал гэсэн үг. Хэмнэлийг мэдэрнэ гэдэг маш их авьяас. Жишээ нь Лхагва ах (Б.Лхагвасүрэн) дуулаад, аялаад л бичээд байна. Тэр ая нь таг солгой байсан ч тоохгүй. Юу аялаад байгааг нь бүү мэд. Гэхдээ л тэндээс аятай, амьтай шүлэг гараад байдаг. 

- Та ирэх сард уран бүтээлийн тоглолтоо хийнэ гэсэн. Таны сонсогчид хэр зэрэг хүлээлттэй байгаа гэж бодож байна? 

- Хүлээлттэй байлгүй яах вэ. Учир нь би хуучин танил хэдий ч шинэ Маагаа болчихлоо. Хуучин, шинэ хоёрын хооронд асар их ялгаа байгаа биз. Тэгэхээр ард түмэн миний энэ шинэ дүр төрхийг хүсэж байсан байна. Өөрөөр хэлбэл “Миний мэддэг Магсаржав хэрхэн өөрчлөгдөж вэ” гэдэг уран бүтээлийн өөрчлөлтийг тэд хүсэж байгаа. Ингэх ч ёстой. Би ч энэ цаг үеийг удаан хүлээсэн. 

- Тэгэхээр таныг сонсдог, үнэлдэг ард түмний урлагийн боловсрол хуучин шигээ сэргэг байна гэсэн үг үү? 

- Бүр илүү нарийссан байх. Өөрийнхөө бүх дууг шүүж, түүж үзээд “Хамгийн сайн бүтээл нь аль нь юм бэ” гэсэн асуултад хариулж чадах ганц дуу гэж “Насны намар”-ыг сонгосон. Ингээд “Насны намар” дуугаа бүр том хөгжмийн бүтээл болголоо. Дуунаас дуурь хүрдэг биз дээ. Дуу яагаад илүү өргөн цар хүрээтэй хөгжмийн бүтээл болж болдоггүй юм бэ, үүнийг хийх юм сан гэдэг мөрөөдөл надад байсан юм. Хар нялхаасаа хөгжимтэй холбогдсон амьдралын минь туйлын мөрөөдөл 60 гарсан хойно минь биелж байна. Хожуу ч гэсэн биелж байна. 

- Сонирхолтой бас бахархмаар сонсогдож байна. Тоглолтыг хэн найруулах вэ? 

- Энэ тоглолтын үндсэн шаардлага бол зайлшгүй нэг найруулагч надтай хамтрах хэрэгтэй байсан. Маагааг хэн сайн мэдэх вэ, тэр хүн л найруулна. Энэ хүн бол манай Урлагийн гавьяат зүтгэлтэн, Морин хуур чуулгын удирдаач Д.Түвшинсайхан. Тэр миний улаан фен. Би бас Түвшээгийнхээ улаан фен. Бид нэгдэхээр заавал нэг юм гардаг юм байгаа биз дээ. Хоёр жил гаруй хугацаанд төлөвлөж, хэлэлцэж байж өнөөдөр тоглолтын тов маань гарлаа. 

- Тэгэхээр та хоёр нийлж монголчууддаа том бэлэг барих нь ээ? 

- Үүнийг би хүсэх биш ард түмэн хүлээж байгаа. Иймээс зорьж ирээд “Насны намар”-ын хөгжмийн бүтээлийг сонсоосой гэж хүсэж байна. Энийг л ард түмэндээ хүргэчихвэл боллоо, миний сэтгэл ханана. Ямар хөгжим, яаж тоглохыг тоглолтоос үзсэн нь илүү сайхан байх. Нөгөөтээгүүр би энэ дуугаа хөгжмийн зохиол болгосноороо ээжийнхээ ачийг хариулж байгаа юм. 

-Танд баярлалаа. Удахгүй болох тоглолтод нь амжилт хүсье!

- Миний дуунд дуртай, намайг сонсодог ард түмнээ 11.21-нд болох тоглолтдоо урьж байна. Та бүхэнтэйгээ цоо шинэ уран бүтээлээрээ уулзах болно.


МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188