• Өнөөдөр 2024-05-16

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НАМТАР НЬ “ТАВ”-ААР ЭХЭЛЖ, НҮҮДЭЛ НЬ “ТАВ”-ААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-02-09,   871

      Тэр таван нас хүртлээ хэл ороогүй гэдэг юм. Аварга тосон рашаанд сувилуулж байж, таван насандаа “Бороо орж байна, ээж ээ” гэж анх үг хэлсэн гэдэг. Түүнээс хойших намтарт нь ч “тав” гэх тоо олон бий. Жишээ нь, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуулийг төгсөж, тэр ондоо “Алсын хараа” номоо бичсэн. Дараа нь, 2015 онд Харвардын их сургуулийг төгсөж, мөн л тэр ондоо “Азийн хүлэг улс” номоо бичсэн гэдэг. Цаашилбал, тэр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр таван жил ажилласан. УИХ-ын гишүүнээр таван жил ажиллаад Ерөнхий сайд болсон, гэх мэт. 
 
Намтарт нь байх энэ “тав”-ын тоонууд ч яах вэ, мэдээж тохиолдол л байх. Гэхдээ ажиглаад харахаар тэр улс төрч болсноосоо хойш “тав” гэх зориудаар ашигладаг мэт харагддаг. Магад, хэлд орсон, ном гаргасан гэх мэт амьдралынх нь чухал мөчүүд "тав" гэх тоонд давхацдаг учраас энэ тоонд ойр байдаг ч биз.Ер нь ч тэр өөрөө тооны давхцалд дуртай юм билээ л дээ. "Миний хоёр хүү хоёулаа хоёрдугаарт сарын 22-нд төрсөн" гэж ихэд билэгшээн ярьж байлаа. У.Хүрэлсүх гэхэд тоог биш "Сүхбаатар" гэх үг намтарт нь олон байдгийг билэгшээдэг юм билээ. Нэг удаа "Аав маань Сүхбаатар аймгийнх. Би Сүхбаатарын нэрэмжит II-р сургуулийг, Сүхбаатарын нэрэмжит Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн. Насаараа Сүхбаатар дүүрэгт амьдарлаа.Сүхбаатар гэдэг үгтэй холбогдоод байдаг" гэж ярьсан бий. Цаашилбал, Х.Баттулга гэхэд“17” гэх тоотой их холбогддог. Түүний хувьд билэгшээх гэхээсээ муу талаараа холбогддог.Анх “17 чингэлэг спиртийн хэрэг”-т нэр холбогдож байлаа. Ерөнхийлөгч болсныхоо дараа 17 шүүгчийн бүрэн эрхийг нэгэн зэрэг түдгэлзүүлэх зарлиг буулгаж байлаа. Саяхан АТГ-аас “Нүүрсний хэрэг”-т холбогдуулж, АН, МАН-ын нийлсэн 17 хүний нэрийг зарласан бас л багтсан, гэх мэтээр. 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДЭЛБЭЛСЭН ГУРАВ, ДЭЛБЭЛЭХ ХОЁР БУЮУ ТАВАН БӨМБӨГ

      У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “сэлэм” ярьдаг, “сэлэмдэнэ” гэж сүрдүүлдэг байлаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “бөмбөг” ярьдаг, “дэлбэлнэ шүү” гэж дарамталдаг арга барилтай болоод буй. Магад, улс төрд хөтөлсөн У.Хүрэлсүх ах нь “Улстөрч хүн заавал зэвсгийн эрдэмтэй байх ёстой” гэж сургаж, суралцуулсан биз. 
 
Тэр төрд таван бөмбөг тэслэхээр төлөвлөсөн шиг байгаа юм. Үүнээсээ гурвыг нь дэлбэлчихсэн, үлдсэн хоёрынх нь улаан товчлуурыг дарахад бэлэн, улс төрийн тохиромжтой цагийг хүлээж буй. Жишээ нь, өнгөрсөн оны өдийд “Хөгжлийн банкны хэрэг” гэх анхны бөмбөгөө дэлбэлсэн. Тэр дэлбэрэлтэд нь Ё.Баатарбилэг тэргүүтэй намын нөхөд нь айхтар хүнд “бэртсэн”. Араас нь “Нүүрсний хэрэг”, “Төмөр замын хэрэг” гэх хоёр том бөмбөг угсруулан дэлбэлсэн. Энэ дэлбэрэлтүүдэд нь хөхөө өвлөөр “хөтлөлцөн” жагсаж асан Т.Аюурсайхан нарын нөхөд нь өртөөд буй. Одоо түүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үе үеийн сайд, дарга нарын дунд шидэх “Газрын наймаачид”, Монголбанкны үе үеийн удирдлага, дарга нарын дунд шидэх “Мөнгө хүүлэгчид” гэх хоёр цэнэгтэй бөмбөг бий. Чухам хэзээ тэслэх нь хүлээлгийн горимд байна. 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОЛГОЙЛСОН "ШУДАРГА ТАВ" 

        Улс төрийн урвалтыг сонгодог байдлаар харуулсан таван хүн байдгийн толгойлогч нь Л.Оюун-Эрдэнэ. Уг нь тэд “Урвагч тав” гэх хоч зүүх ёстой байсан ч өрсөөд өөрсдийгөө “Шударга тав” гэж өргөмжилсөн. 
 
Эргэн санавал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдын уулзалтуудыг хөтөлж байлаа. Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хамт суучихаад “Яаж ч харсан та дарга харагдаад байдаг. Яаж эхнэрээ найрсан юм бэ” гэж тал засан, тохой түшин асууж байв. Харин хоёр жилийн дараа Төрийн ордонд өөдөөс нь харж суучихаад “Та бол МАНАН бүлэглэлийн толгойлогч” гэж нүд цавчихгүй, нүүр улайхгүй тулгаж байлаа. Улмаар улс төрөөс М.Энхболдыг унагах акц өрнүүлж, Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нартай “хөтлөлцөн”, үнэгэн малгай, үстэй дээлээр “ижилсэн” төв талбайд гарч жагссан. “Шударга тав” хэмээн өөрсдийгөө өргөмжилж, өөрөө толгойлогчоор нь тодорч байлаа, тэр. Төв талбайд таван ханатууд эгнүүлж, тайз засаж, түмэн олныг цуглуулж, хэдэн өдөр хоолой сөөтөл хашхирч байж “Шударга тав” хүссэндээ хүрсэн. 
 
      “Хормойдож” явсан ахыгаа “хөөж” явуулсан “Шударга тав”-ынхан хэн хэн нь гомдохооргүй шагнуулцгаасан. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдын сэнтийг угсруулсан. Ж.Батзандан Австралид “амрах” виз авч, Л.Болд Люксембург рүү элчингээр одсон. Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга болж, хожим нь ХНХ-ын сайдын сэнтийд очсон. Харин Х.Нямбаатар Хууль зүйн сайдад “дархлагдсан”. 
 
Харамсалтай нь, “Шударга тав”-ынхан хоёр хуваагдчихлаа. Ж.Батзандан саяхан сарын хугацаатайгаар буруу нэртэд “заларсан”. Жагсагчаараа зард гарсан Ж.Батзандан нэгхэн сарын хугацаанд “номхорсон” нь гайхмаар, гарч ирснээсээ хойш ганц үг унагаагүй нам гүм байгаа. Т.Аюурсайхан “Нүүрсний хэрэг”-т холбогдож, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаас буухаар хүсэлтээ өгчихлөө. Нэгэн цагт мөр зэрэгцэн жагсаж асан нөхрөө “нүүрсний хэрэг”-ээр "яллах" түүнд амар байгаагүй биз. 

Л.ОЮУН-ЭРДЭНЭД “ГОЛОГДСОН” ТАВ 

 
      “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх ард түмний жагсаал Ардын намынхныг мөн ч сандаргасан. Төрийн ордны хаалгыг “цөм” өшиглөж, төмөр хашааг нь нураасан тохиолдол төрийн түүхэнд тийм олон биш л дээ. Тэр тусмаа Ерөнхий сайд руугаа хамрын цацлага, хоолны сэрээ шидэлж, хамгаалагчид нь хар шүхрээ дэлгэсэн тохиолдол бүр ч байсангүй. Улстөрчдийн холбогдсон “Нүүрсний хэрэг” ард түмнийг ингэж уурлуулсан. 
 
      Ардын намынхан ард түмнийг тайвшруулах гэж арга ядахдаа АТГ-аар 17 хүний нэрийг зарлуулсан. Тэдний дотор Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн гэх Ардын намын таван гишүүн багтсан. Энэ тавыг тухайн үед Л.Оюун-Эрдэнэд “гологдсон тав” буюу туг тахигдахаар сонгогдсон “гарцгүй тав” гэж тодорхойлж байлаа. Одоо эргээд харахад тун оносон тодорхойлолт байсан нь батлагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Нүүрсний хулгайч” гэж нэр нь зарласан таван гишүүнээсээ түрүүлээд Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёр яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ хүргүүлчихлээ. Гэтэл түрүүлж нэр нь зарласан таван гишүүнээс Ш.Раднаасэдээс бусад нь яллагдагчаар татагдсан эсэх нь, тэр байтугай АТГ-т шалгагдаж байгаа эсэх нь ч тодорхойгүй байна. Эндээс харвал, уг нь Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёрын нэр түрүүлж зарлагдах ёстой байсан ч Л.Оюун-Эрдэнэ хамгаалж үлдээд, харин ах дүү, анд нөхдийн холбоогүй Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нарын таван гишүүнийхээ нэрийг түрүүлээд зарлуулсан болж таарч байгаа юм. 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “ТАВАН Ш” АЖИЛЛАГАА 

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газрын дарга болчихсон аятай л байна. Төр, түмнээрээ “хулгайч, цагдаа”, “муур, хулгана” гэж “тоглоод” хэдэн сар боллоо. Өмнө нь, өдийд өвөлжилт хүндэрсэн эсэх тухай л ярьцгаадаг байсан санагдах. 
 
    Л.Оюун-Эрдэнэ 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгожээ. Ингэхдээ өнөөх л “тав” гэх тоогоо ашиглаж. Тухайлбал, авлигатай тэмцэх ажлын хүрээнд энэ онд “Таван Ш” буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шил, Шилжүүлэн авах гэсэн таван ажиллагааг зохион байгуулах болсноо зарлав. Тухайлбал, Албан тушаалтнуудын авлигын хэргийг илчилсэн шүгэл үлээгчдийг хамгаалах хууль батлуулах ажлыг “Шүгэл ажиллагаа”, Орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг шалгах ажлыг “Шүүр ажиллагаа”, Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдээд гадагш зугтсан этгээдүүдийг олж авчирч, хариуцлага тооцох ажлыг “Шувуу ажиллагаа” гэх ажээ. Харин оффшор бүсэд нуусан хөрөнгийг илрүүлэх, буцаан авчрах ажлыг “Шилжүүлэх ажиллагаа”, Төрийн өмчит компаниудын удирдлага, санхүүжилтийг ил болгох ажлыг “Шил ажиллагаа” гэж нэрлэхээр болжээ. Түүний эл төлөвлөгөөгөөр бол Х.Нямбаатар Хууль зүйн яамнаасаа “цухуйх” завгүй л ажиллах нь бололтой. Ямартай ч, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох, хохирлыг нь төлүүлэх ажилд анхаарал хандуулж буй нь сайн хэрэг. Гол нь, авлигатай тэмцэх ажлыг өш хөнзөн, өгөө авааны хэрэгсэл болгочихгүй байгаасай л хүсэх байна. 
 

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НАМТАР НЬ “ТАВ”-ААР ЭХЭЛЖ, НҮҮДЭЛ НЬ “ТАВ”-ААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-09 22:33:15
    Отгоо: Их өндрөөс унана даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188