• Өнөөдөр 2026-10-07

ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ

    Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болсон нөхөрсөг тэмцээнд Лионел Месси Бениний эсрэг гоол оруулснаар Аргентины шигшээ баг дахь яруу алдарт замналаа нэр төртэй өндөрлүүллээ.

     Ийнхүү Аргентины шигшээ багийн төлөө 208 дахь буюу сүүлчийн тоглолтоо хийсэн 39 настай супер од тэр бээр тоглолтын хоёрдугаар хагаст торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо төлөөх 126 дахь гоолоо оруулав.Тоглолтын турш Месси Аргентины багийн довтолгоо бүрийн төвд байж Николас Отаменди болон Нико Пас нарын амжилттай гоолын оновтой дамжуулалтыг хийсэн. Ийнхүү тэр бээр тоглолтын турш хоёр оновтой дамжуулалт өгч, нэг гоол оруулснаар 3:0 харьцаатай өлхөн ялалтыг багтаа авчирлаа.

   Өнгөрсөн наймдугаар сард шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан Лионел Месси талбайд бүтэн 90 минут тасралтгүй тоглосон юм. Тоглолтын дараа "Монументаль" цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан 85,000 гаруй хөгжөөн дэмжигч түүнд хайр хүндэтгэлээ илэрхийллээ. Месси үзэгчдэд хандан 10 минут үг хэлсэн бөгөөд талбайгаас явахыг хүсэхгүй байгаагаа дурдсан нь хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа. Энэ үед түүний багийн нөхөд, тухайлбал Манчестер Ситигийн Энцо Фернандес зэрэг зарим тамирчид нулимс дуслуулж харагдав.

   Месси талбай дээр Аргентинын шигшээ багийн өмсгөлтэйгөө дахин гарахгүй ч түүний карьер клубүүдийн түвшинд үргэлжилнэ. АНУ-ын дээд лигийн “Интер Майами” багтай 2028 оны хөлбөмбөгийн улирал дуустал хүчин төгөлдөр үргэлжлэх гэрээтэй байгаа билээ. Ямартаа ч хөлбөмөгийн хөгжөөн дэмжигчид Мессигийн уран тоглолтыг 2028 оныг дуустал ногоон талбай дээр харах нь ээ.

  Аргентины нийслэлд болж өндөрлөсөн хөлбөмбөгийн тэмцээн эхнээсээ дуустал баяр ёслолын уур амьсгалтай байсан ч амьд домог Мессигийн сэтгэл сэмэрч, зарим үед сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан мөчүүд дамжуулалтын бичлэгт үлдсэн билээ. Тухайлбал цэнгэлдэх хүрээлэн рүү явах автобусанд нулимсаа арчиж байсан нь, мөн улсынхаа төрийн дууллыг эгшиглэх үеэр сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байсан нь олон хөгжөөн дэмжигчдийг огшоосон мартагдашгүй түүхэн мөч байлаа.

Тоглолт эхлэхээс өмнө Мессигийн домогт 10 дугаарын хамт "gracias" (баярлалаа) гэсэн үг бүхий аварга том Аргентины өмсгөлийг талбай дээгүүр дэлгэсэн нь сүр жавхлан дор нь эрхгүй мэхиймээр санагдуулж байлаа. Тоглолт эхлээд арван минутын дараа үзэгчид зөвхөн Мессид зориулж алга ташсан нь цэнгэлдэх даяар цуурайтаж, Бениний тоглогч нэг бүр түүнтэй гар барин хүндэтгэлээ илэрхийлснээс болж тоглолтыг түр зогсооход хүрэв.

Наймдугаар сард шигшээ багаасаа зодог тайлахаа зарлахдаа Месси “Хэцүү шийдвэр боловч  цаг нь болсон" хэмээж байлаа. Алтан бөмбөгийн 8 удаагийн эзэн тэрээр зодог тайлах захидлаа өнгөрсөн зуны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Испанид хожигдсоноосоо хоёр хоногийн дараа буюу долоодугаар сарын 21-нд бичсэн байна.

Месси Аргентины шигшээ багийн анхны тоглолтдоо 2005 онд оролцож байсан бөгөөд Унгарын эсрэг нөхөрсөг тоглолтод 63 дахь минутад сэлгээгээр орж ирэн 2:1 харьцаатай хожил байгуулж байсан билээ. Гэвч гараа савж, тохой нь хамгаалагч Вилмос Ванцакийг цохиж талбай дээр гараад нэг минут ч болоогүй улаан хуудас авч байжээ. Месси Аргентины шигшээ багийнхаа хамт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Копа Америкагийн хоёр түрүүг авч, бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг болж чадсан юм.

Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 21 гоолтойгоор Францын Килиан Мбаппегийн (22) араас хоёрдугаарт, мөн оруулсан нийт гоолынхоо (126)  тоогоор өөрийн өрсөлдөгч Португалын Криштиану Роналдугийн (146) араас бичигдэж байна.

"Би түүнд хайртай гэдгээ хэлмээр байна"

Тоглолт эхлэхээс өмнө Мессигийн одоогийн болон өмнөх өмнөх багийн хамтрагчид нийгмийн сүлжээгээр дамжуулан түүнд хүндэтгэл илэрхийлсэн. Тухайлбал, 

Барселона болон Парис Сен-Жермен-д мөр цэрэгцэж байсан Неймар: Зөвхөн Аргентин төдийгүй бүх дэлхийн хөлбөмбөгийн төлөө хийсэн бүхэнд тань талархаж байна. Намайг хөлбөмбөгт дурлуулсанд баярлалаа. Тантай нэг цаг үед амьдарч, таны эсрэг тоглож, тэр байтугай тантай хамт нэг багт түүхийг бүтээлцсэн минь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Мессигийн дотнын найз хамтрагч Родриго Де Пауль: Тэр намайг зөвхөн хөлбөмбөгчин төдийгүй хүн болоход тусалсан. Би илүү сайн хүн, илүү сайн тамирчин, илүү сайн аав, илүү сайн найз болсон. Би түүнд хайртай гэдгээ хэлмээр байна. Тэр асар уужуу сэтгэлтэй хүн гэдгийг дэлхий мэднэ.

Аргентины шигшээ багийн хамтрагч асан Анхель Ди Мариа: Түүнийг зориулсан бүхнийхээ хэрээр сэтгэл хангалуун, амар амгалан байгааг харах нь бид бүгдэд маш таатай байна. Амьдралынхаа туршид түүнд талархаж явна.

 


ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188