Нэг үе гадаадын бөхчүүд “Монгол Улсад хөл мэхэнд унадаггүй хоёр мундаг бөх бий” гэж ярьдаг байж. Чөлөөт бөхийн дэлхийн шилдгүүд тэдний хөлд орж оноо авах биш. Харин эсрэгээр оноо алдан хожигдоно. Хөл мэхэнд унадаггүй энэ хоёр бөх бол ах, дүү Зэвэгийн Ойдов, Зэвэгийн Дүвчин нар байв. Тэднийг зодог тайлснаас хойш хөлөө алдсан ч оноо авдаг хамгаалалтын аргыг монгол бөхчүүд бараг л мартсан гэж хэлж болно. Гэтэл 30 гаруй жилийн дараа хөлөө алдсан хэрнээ оноо авдаг хариу мэх дахин сэргэн гарч ирсэн нь дэлхийн бөхийн мэргэжилтнүүдийг алмайруулжээ. Гайхахаас ч өөр аргагүй юм.
Олимп, дэлхийн аварга шилдэг бөхчүүдийг олны танил болоогүй монгол охин ээлж дараалан өвдөг сөхрүүлэн буулган авч дэлхийн аварга болов. Дэлхийн аварга болсон энэ гайхамшигт монгол охины дасгалжуулагч нь хөл мэхэнд унадаггүй мөнөөх монгол бөх, “Унаа холтой, усан биетэй. Загас шиг зулзгасан уян бөх” Зэвэгийн Дүвчин байлаа. Тэрбээр С.Батцэцэгийг шавиа болгож аваад хоёр жилийн дотор дэлхийн аварга болгож чаджээ. Шавьдаа өөрийн болон олимпын мөнгөн медаль, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ ах З.Ойдовын босоо барилдааны өвөрмөц дахин давтагдашгүй арга барилыг суулгаж чадсан нь бахархууштай байв.
.jpg)
МУГД З.Дүвчин багш өөрийн шавь Соронзонболдын Батцэцэгийг ах шигээ дэлхийн хошой аварга болгож чадсан Монгол Улсын цорын ганц дасгалжуулагч билээ. Харин дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ З.Ойдов гуай “С.Батцэцэг босоо барилдаанаас их сайн барилдаж байгаа. Харин их гэдгэр босоо өрөөд байх юм. Уян хатан бие, гар, хөлийн тамир, шилжилт хөдөлгөөн нь одоогоор сайн байгаа тулдаа бусдаасаа ялгарч байна. Нам өрж, хөлөө сайн хамгаалж, өрсөлдөгчийн хөлийг авч, оноо болгох олон хувилбарт барилдаанд суралцаж, хэвтээ барилдаанаа сайжруулах хэрэгтэй. Тэгэж чадвал С.Батцэцэг дийлдэхгүй” гэж байлаа.
.jpg)
Харин З.Дүвчин багшийн шавь нар гол төлөв гар талласан, босоо барилдаанаас, тахимдах, хонгодох, давхар хамах, этэх, хутгах, гар ачих, тонгорох, мордох тавхайлдах, нааж өлгөх, хавирах гээд л “Монгол барилдаан”-аараа ялгардаг. Босоо барилдаанаас бүхэл олон оноог авч чаддаг хэдий ч хөлөө алдаж, хэвтээ барилдаанд олон оноо алдаж байгаа нь сургалтынх нь сул тал нь нэг алдаа болчихоод байгаа. 1960-1970-аад оны үед гадаадын бөхчүүд Монгол үндэсний бөхийн мэхийг мэддэггүй байсан. Тийм болохоор тэр үед манай бөхчүүд амжилт сайн гаргадаг байлаа. Орчин үед судалгаа өндөр болжээ. Гэтэл З.Дүвчин багш хуучин босоо барилдааны арга барилаараа заасан хэвээр байгаа нь гол алдаанынх нэг болчихоод байна уу гэж бодогддог.
.jpg)
З.Дүвчин багш жирийн үед их тайван, чимээгүй хүн. Барагтай бол дуугараад байхгүй. Харин шавь нар нь барилдах үед дэвжээний захад суугаад л хамаг байдгаарай бухимдаж, неревтэнэ, орилж, хашхирч тэс өөр хүн болж хувирна. Тэр шавь нарынхаа амжилтын төлөө нь хамаг мэдэх, чадах бүхнээ дайчлан гаргаж чаддаг дасгалжуулагч билээ. З.Дүвчин багшийн шавь нар багшийнхаа барилдааны арга барилтай төстэй барилдаантай. Ааш зангийн хувьд багшийнхаа зан, араншинг хуулаад авчихсан мэт адилхан. Ихэнх шавь нар жирийн үед их тайван амгалан, харин дэвжээн дээр гарахаараа эрэмгий дайчин болж хувирдаг нь сонин.
Зэвэгийн Дүвчин багш 1954 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Өвөрхагай аймгийн Хархорин суманд төрсөн юм билээ. Үндэсний бөхийн улсын заан цолтой. Харин чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальтай. Залуучуудын дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, Азийн наадмын аварга, оюутны “Универсиад” их наадмын аварга, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч юм. Харин түүний эхнэр нь волейболын шилдэг дасгалжуулагч Доржийн Солонго багш билээ. Тэрбээр “Ганзам” 20-р дунд сургуулиас олон шилдэг волейболчдыг бэлтгэн гаргасан ачтан юм. Харин түүний хүү Хошихикари Лхагва японы мэргэжлийн сүмо бөхөд нэг үе гялалзаж явсан билээ.
.jpg)
З.Дүвчин багш олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Гантуяа, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан, Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, Азийн наадмын мөнгөн медальт Ш.Түмэнцэцэг, үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ш.Пүрэвгарьд гээд шилдгүүдийн төрүүлэн гаргасан юм.
З.Дүвчин багшийн ах З.Ойдов Баянхонгор аймгийн Барилгын ТМС-т сурахаар явсан байдаг. З.Ойдов аварга ТМС-д сурч байх үедээ чөлөөт бөхөөр хичээллэж, өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга болж улмаар Хархорин сумынхаа наадамд барилдаад түрүүлжээ. Энэ нь З. Дүвчин багшийн цагаахан хор шарыг хөдөлгөж л дээ. Тэгээд л тэрбээр ах шигээ бөх болохоор ТМС-д сурч эхэлсэн гэдэг. Төгсөөд Хужиртын барилгын ангид хуваарь авчээ. Гэтэл Дүвчин багш барилга барихаас биш, барилдааны бэлтгэл хийхгүй байж. Түүнийг барилдах тухай бодол л эзэмдээд болохгүй байсан учраас аргаа бараад ах З.Ойдовтой барилга барих биш, барилдах сонирхолтой байгаагаа хэлжээ.
Тэгээд л ах З.Ойдов нь Улаанбаатар руу З.Дүвчин багшийг шилжүүлэн авч, “Хөдөдмөр” нийгэмлэгт МУГД Х.Намшир багшийн секцэнд оруулж өгсөн юм билээ. Ингэж л түүний бөх болох гараа эхэлжээ. Гэвч 1970-1975 онд барилгаа барьсаар, бас бэлтгэл хийж, барилдсаар байв. Дараа нь гутлын үйлдвэрт ажилчин болж тэндхийн үндсэн ажилтанаар 16 жил ажилласан байдаг. Энэ үедээ буюу 1977 онд улсын өсөх идэр начин цол хүртсэн байна. 1987 онд М. Мөнгөн арслангаар долоо давж улсын заан болжээ.
Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн бөхчүүдийн төгсгөл үеийн төлөөллийн нэг нь яах аргагүй З.Дүвчин багш мөн билээ. Тэрбээр монгол үндэсний бөхийн мэхийг чөлөөт бөхийн сонгомол мэхтэй хослуулан уялдуулан холбож олимп, дэлхийн дэвжээнд гайхалтай амжилтуудыг гаргаж чадсан байдаг. Харин сүүлийн үед тэдний мэх, барилдааны арга барилыг хоцрогдсон, чөлөөт бөхийн техник шинэчлэгдсэн гэж мэдэмхийрэн цэцэрхэх нөхдүүд монголын чөлөөт бөхийн хөгжлийг зогсонг, царцанг байдалд оруулчихсан билээ. Гэтэл З.Дүвчин багш өөрийн шавь Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэгт тэр хоцрогдсон гээд байгаа мэхүүдийг зааж сурган дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальтан болгож, хоцрогдсон мэх гэж байдаггүй гэдгийг нотлон харуулж чадсан юм.
З.Дүвчин багш “Аливаа мэх, барилдааны арга барилыг өөрийн болгож зөв дадлаар эзэмшин, даацтай гүйцэтгэх нь чухал байдаг” гэж шавь нартаа байнга захидаг. З.Дүвчин багшийг ид барилдаж байх үед нь гадаадын бөхчүүд түүнээс жийрхэн бэргэдэг байсан гэдэг. З.Дүвчин багшид бөх хүнд байх олон гайхамшигтай нандин чанарууд бий. Гадаадын бөхчүүд Монголын Дүвчин “Унаа холтой. Усан биетэй. Уян загас шиг гулзганасан бөх шүү” хэмээн дурсан ярьсан байдаг. Миний мэдэхээр З.Дүвчин багш ид барилдаж явах үедээ ямар ч мундаг бөхөөс айж бэргэдэггүй тайван мөртлөө зоримог шийдэмгий дайчин барилдаан хийдэг байв.
.jpg)
Хөлөө алдсан ч хариу, хамгаалалтын мэх хийж барилддаг байлаа. Хав золгоод этэх, гар уургалж хөмөрдөг. Баруун, зүүн хоёр талаараа өрж барилддаг байсан. Давхар хамсан хүнийг хөмрөөд мушгина. Бололцоо гарвал өөрөө давхар хамдаг тийм нэгэн “ Нойтон барилдаан”-тай унаа холтой бөх байж билээ. Тэгвэл түүний шавь дэлхийн хошой аварга, “Лондон-2012” олимпын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг багшийнхаа тэр бүх шинж чанаруудыг өвлөн авч өөртөө шингээсэн дэлхийд данстай шилдэг бөх болж чадсан юм. Ер нь С.Батцэцэгийн өөрийнх нь барилдааны төрөлх араншин, байгалиас заяасан уян бие, тайван дөлгөөн зан чанар, хариу үйлдэл хийх мэдрэмтгий, тэсрэмтгий шинж чанар нь үнэхээр гайхалтай. Хөлдөө оноо алдахгүй гэсэн бодол, хэт гэдгэр босоо өрдөг нь түүний алдаа болж амжилтыг нь хойш чангаасан билээ.
Харин одоо ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан, З.Дүвчин багшийн залуу үеийг санагдуулам барилдааныг хийдэг. Түүний гол алдаа нь мөн л хөлийн хамгаалалт муу, хэвтээ барилдааны ур чадвар дутмаг байгаа. Тэр бүх алдаагаа засаж чадвал, Б.Хулан дэлхийд гайхагдсан шилдэг уран барилдаантай бөх болж чадна.
Ер нь З.Дүвчин багшийн шавь нар “Хөл мэхэнд унахгүй” гэсэн бодлоо тархинасаа авч хаях нь чухал болов уу. Хэвтээ барилдааны хамгаалалтад маш сайн суралцах хэрэгтэй. З.Ойдов аварга Энэтхэгийн шигшээ багийн суурийг тавилцсан анхны гадаадын дасгалжуулагчийн нэг билээ. Өнөөдөр Энэтхэгийн чөлөөт бөх дэлхийд гараад ирчихсэн байна. Гэтэл монголчууд З.Ойдов аваргын мэх, техник, ур чадвараас суралцаж, бүрэн эзэмшиж чадахгүй л яваа. Харин түүний дүү З.Дүвчин өөрийн өвөрмөц барилдааны арга барилыг уламжлуулан зааж явна.
“Москвагийн-2010” ДАШТ-ний дараа З.Дүвчин багш “С.Батцэцэг маань дэлхийн аварга болсноор үе тэнгийнхээ эмэгтэй тамирчид гэлтгүй. Эрэгтэй бөхчүүд, баг хамт олон дотроо эерэг уур амьсгал авчирсан. Монгол бөхчүүдээ сэтгэл зүйн хувьд дээш өргөлөө. Олдохгүй, баригдахгүй байсан алтан медалийг бид зүтгэвэл авч чадна. Алтан медаль их ойрхон байна. Хичээвэл бүтэж, хэнийг ч ялж болох юм байна гэдэг өөдрөг бодлыг бөхчүүдэд төрүүллээ” гэж хэлж байсныг бид мартах ёсгүй.
| “УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |