• Өнөөдөр 2026-10-07

Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ

    Монголын дүрслэх урлагийн салбарт уламжлал болон зохион байгуулагдаж буй “АЛТАН НАМАР” судалбар зургийн үзэсгэлэн ес дэх удаагаа зохион байгуулагдаж, 2026 оны аравдугаар сарын 2-нд B Contemporary Art Gallery-д нээлтээ хийлээ. 2018 оноос эхлэлтэй тус үзэсгэлэн нь уран бүтээлчдийн байгаль, ахуй, хүний амьдралын ажиглалт, мэдрэмжийг судалбар бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэж, ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийн эрэл хайгуул, туршлага, ур чадварыг нэгтгэсэн уламжлалт талбар болон хөгжиж байна.

     Энэ жилийн үзэсгэлэнд нийт 78 уран бүтээлчийн 123 бүтээл ирснээс 84 бүтээлийг сонгон шалгаруулж, үзэгчдийн хүртээл болгож байна. Бүтээлүүдэд Монгол орны байгаль, намрын өнгө төрх, хүний дүр, мал ахуй, өдөр тутмын амьдралын агшин зэрэг сэдвийг уран бүтээлчид өөр өөрийн арга барил, өнгөний шийдэл, харах өнцгөөр илэрхийлжээ.

 Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр:

  • Дэчиндоржийн Булгантуяа — “Сөгнөгөр”
  • Даваахүүгийн Соёлмаа — “Хонин нуга”
  • Сүхбаатарын Пүрэвхүү — “Судалбар”

бүтээлүүд тус тус шалгарсан бол Тогтохын Баатарцогтын “Судалбар” бүтээл тусгай байр эзэлж, Урлан Жаазны эрхээр шагнууллаа.

     “АЛТАН НАМАР” үзэсгэлэн нь Монгол орны байгаль, ахуй, амьдралын онцлогийг уран бүтээлчийн шууд ажиглалт, мэдрэмж, дүрслэлийн арга барилаар илэрхийлсэн судалбар бүтээлүүдийг олон нийтэд хүргэдгээрээ онцлог юм. Мөн судалбар зураг нь уран бүтээлчийн ажиглах чадвар, мэргэжлийн ур чадвар, өнгөний мэдрэмж, тухайн агшныг шууд тэмдэглэх уран сайхны арга барилыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

       Есөн жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй “АЛТАН НАМАР” үзэсгэлэн нь үе үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийн туршлага, эрэл хайгуулыг холбон, Монгол орны байгаль, ахуй, амьдралын гоо сайхныг дүрслэх урлагийн хэлээр илэрхийлэн харуулах чухал талбар болж байна. Үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188