Их талын анирыг сэрээн галт тэрэг дөтлөн явсаар Эрээнцавын вокзал дээр зогслоо. Эрээнцавд үүр цайж байна. Чийг унасан намрын сэрүүн өглөө. Тэнгэрийн баруун хязгаараас өтгөн хар үүл гарч юу юугүй бороо шиврэв. Д.Нямсүрэн найрагчийн шүлэглэснээр үнэхээр “Эрээнцавд бороо орох сайхан” ажээ. Эрээнцавын тэнгэрээс шивэрч буй бороог алгандаа тосон, тал нутгийн уудмыг бишрэн алхах зуур Д.Нямсүрэн агсны шавь Д.Батжаргал биднийг тосон авсан юм. Бид Д.Нямсүрэн гуайн Нэрэмжит дунд сургууль, хөшөөнд очлоо. Нэгийг бодон, нэгийг мэдрэн, нэгийг бясалган буй харагдах Д.Нямсүрэн найрагчийн хөшөө эгэл дарууг өгүүлэх мэт сүндэрлэнэ. Их найрагчийн гэргийгээ дагуулан ирж, амьдралаа зохиосон энэ тал нутгийн салхи санаашраад ч байх шиг, санаа алдаад ч байх шиг сэвшинэ. Энэ л тал нутагтаа шүлгээ бичиж, хундага сархад хүртэж, бичсэн шүлгээ цангинуулан уншиж явсан их найрагчийн дуу хоолой хөх өвсний сэрчигнээнд сонсогдох шиг санагдана. Энэ үед Д.Нямсүрэн гуай суурингийн хаа нэгтэйгээс үсээ салхинд хийсгэн, магнайгаа илбэсээр гараад ирэх юм шиг хүлээлт төрүүлнэ.
---Их талын нар тэртээ доороос мандаж, Улз голын ус мэлмэрэнхэн урсана. Усны шувууд тэнгэр өртөөлөн нисэж, үүлсийг хөөх мэт болоход тунгалаг цэнхэр тэнгэр дорнын их талыг хучлаа. Усны шувууд чуулан цэнгэдэг Улз голын Улаан эрэгт их найрагч байнга очдог байжээ. Тэр эрэгт одоо ч цэн тогоруу хөнгөн хөнгөн алхаж, торгомсог далавчаа аяар аяархан дэвж байна. Хул зэгэл зэгсэн халиурч, тал нутагт намрын хонгор салхи аялгуу мэт зөөлөн сэвэлзэнэ. Яруу, тун чиг яруухан.
Ийн явсаар Д.Нямсүрэн агсны гэрийн үүдэнд ирлээ. Байшингийнх нь хойно найрагчийн шүлэгт цөөнгүй гардаг хөх ванн байхыг хараад
Гэзгээ шууж, цагаан алчуур зангидаж байсан
Гэдийхэд нь өврөөс нь хоёр шувуу ниссэн
Түмпэн дотроос холбоотой хөөрхөн юм гаргаж өлгөсөн
Түрүүчийн ниссэн шувууны үүр байсан
Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм
Дэргэд нь усны хөх ванн байсан юм” хэмээх шүлэг эрхгүй уншигдаж байлаа.
Цэнхэр торгон дээл намируулсаар их найрагчийн гэргий Г.Хандмаа гуай хаалгаа тайллаа. Мэнд мэдэлцэн гэрт нь орж, цай, унд болсны дараа тэрбээр “Өвгөнийг минь өөд болсноос хойш сэтгүүлч, яруу найрагчид тасрахгүй л байна. 20 жил тасраагүй гэхээр өвгөн минь түмэнд хэрэгтэй хүн байж дээ” гэж бодоод бахархаж суудаг. Заримдаа өвгөнөө жигтэйхэн их үгүйлнэ, санана, санааширна. Тэр бүрдээ баруун талаар урсаж буй Улз голын эргээр алхдаг. Хамт алхаж байсан шигээ хажууд яваа юм шиг л санагддаг” хэмээв.
Найрагчийн гэр цаанаа л нэг дулаахан. Г.Хандмаа гуай нөхрийнхөө эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг сайхан хадгалжээ. Найрагч үгүй ч найрагчийн өрөөнд шүлэг, найраг нь эгшиглэсээр... Шүлгээ бичин суудаг байсан сандал, ширээ нь яг хэвээрээ, байрандаа. Хананд нь ном, зураг, бурхан болон цуглуулга болох буу, сумны хонгио, төрөл бүрийн чулуу, сэлэм гээд сонирхол татах зүйл олон. Найрагчийн шүлгээ бичдэг үзэг нь ч байв. Энэ л яруу найргийн эрчим хүч, энерги чуулсан өрөөнд Г.Хандмаа гуайтай гэрийн ноён нуруу, хүүхдүүдийнхээ сайн аав, тал нутгийн яруу найрагч Д.Нямсүрэнгийн талаар хөөрөлдсөн юм. Цонхны цаана шувууд жиргэж, модны навч ганц нэгээр унаж байлаа.
Өвгөн ихэвчлэн хөдөө суурингийн аж амьдралыг энгийнээр илэрхийлсэн шүлэг бичдэг байсан даа
-Их найрагч Д.Нямсүрэн гуайн талаар хөөрөлдөж уншигчдадаа хүргэхээр Улаанбаатар хотоос таныг зорьж ирлээ. Энэ гэрийн эзэн, таны хань Д.Нямсүрэн гуай ямар зан араншинтай хүн байсан бэ гэдгээс яриагаа эхэлье гэж бодлоо?
-Манайхыг зориод ирсэнд баярлалаа. Муу өвгөнөөс минь хойш хуучин шиг яруу найрагчид байнга ирдэг нь цөөрсөн. Гэхдээ хүмүүс ирж, өрөөгөөр нь ороод надтай уулзаад явдаг нь тасраагүй л байна. Саяхан судлаач, орчуулагч Г.Аким ирээд явсан. Миний хань хэчнээн сайн хүн байсныг би гэлтгүй найз, нөхөд нь хэлэх байх. Хэнийг ч ялгаж харилцдаггүй, тусархуу хүн байсан даа. Хань минь гэрийнхээ бараг бүхий л зүйлийг өөрөө хийдэг байсан. Би тухайн үед гаалийн байцаагчаар ажилладаг байв. Тиймээс гэр орныхоо ажилд тэр бүр оролцоод байж чаддаггүй байлаа. Хань минь үр хүүхдээ хүмүүжүүлж, сургууль соёлд нь явуулна. Тэр бүхнийхээ хажуугаар шүлгээ бичиж, шатраа ч тоглоно.
-Та ханьтайгаа хэдэн онд Эрээнцавд ирж, суурьшиж байв?
-Манайх 1976 онд Сүхбаатар аймгаас ирж, энэ нутгийн айл болсон. Би Сүхбаатар аймгийн Онгон сумынх, хань маань Дарьганга сумынх л даа. Ер нь Сүхбаатар аймгаас үе тэнгийн сайхан яруу найрагч, зохиолч олон төрсөн байдаг. Жишээлбэл, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, миний хань. Д.Нямсүрэн маань хэзээ л бол хэзээ шүлгээ бичдэг байлаа. Бичих санаа нь орж ирэх юм бол хаана ч хамаагүй биччихнэ. Түүнээс зарим хүн шиг цастай үед цасны, бороотой үед борооны тухай дүрслэлтэй шүлэг бичээд байдаггүй. Өвгөн ихэвчлэн хөдөө суурингийн аж амьдралыг энгийнээр илэрхийлсэн шүлэг бичдэг байсан даа.
-Шүлгээ биччихээд танд уншиж өгөөд, таалагдаж байгаа эсэхийг нь асуудаг байв уу?
-Миний хань шинэ шүлэг бичих бүрдээ л уншиж өгнө. Гэртээ цай уугаад сууж байхдаа, гадаа үнээ ивэлгэж байхдаа гээд хаа л бол хаа уншиж өнгө. Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ саагаад сууж байтал өвгөн минь тугал татангаа
Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно” гээд л цангинатал сайхан уншиж байсан нь одоо ч чихэнд сонсогддог. Энэхүү шүлгийг уншиж өгөхөөр нь “Яагаад ийм шүлэг бичиж байгаа юм бэ” гэж асуухад “Ийм санаа орж ирлээ. Тэгээд л биччихлээ” гэсэн. Тухайн үед намар оройн цас малгайлан бударч байсан даа. Хань минь шүлгээ уншиж дуусаад “Ямар байна вэ” гээд асууна. Би юугаа хэлж чадах билээ. Гэхдээ зарим нэг дээр нь ийм байна, тийм байна гээд илүү үглэж байсан үе бий.
-Нямсүрэн гуайн аав Данзан гэдэг хүний талаар та яриа дэлгэвэл?
-Ханийн маань аав Данзан гэдэг хүн Дарьгангын хийдэд сууж байсан лам хүн л дээ. Их эрх танхи өссөн гэж ярьдаг юм билээ. Эрээнцавд том хүүгийндээ амьдарч байгаад бурхан болсон доо.
Сайхан яруу найрагчийн хань болоод, өөртөө зориулуулж шүлэг бичүүлээд би том хувь заяанд төржээ. Энэ хүнээр бахархаж, үлдээсэн өвийг нь бусдад түгээж дэлгэрүүлэх үүрэг бас ирсэн. Тиймээс эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг нь яг байгаагаар нь хадгалахыг хичээдэг
-Аав нь лам байсан гэхээр Д.Нямсүрэн гуай нэлээд шүтлэгтэй хүн байж дээ. Зурган дээр эрх зүүсэн харагддаг. Маани, мэгзэм уншдаг байв уу?
-Яах вэ, өөрийнхөө хэмжээнд шүтлэгтэй хүн байсан. Түүнээс биш, нэг их маани, мэгзэм уншаад яваад байдаггүй. Музейд Нямсүрэнгийн хурдан морь унаж байхдаа хэрэглэж байсан хазаар, ташуур бий. Хань минь ер нь элдэв зүйлийн цуглуулгатай. Сумны хонгио, төрөл бүрийн чулуу гээд л сонин чамин юм бүхнийг цуглуулна. Тэднийгээ нямбай гэгч арчиж, цэвэрлээд хадгалдаг байсан даа.
-Д.Нямсүрэн гуай танд зориулж сайхан хайрын, ханийн тухай шүлэг цөөнгүйг бичсэн байдаг. Та хэрхэн хүлээж авдаг байв?
-Үнэхээр сайхан байдаг байлаа. Одоо тэр шүлгүүдийг нь уншихаар нулимс мэлмэрээд л ирнэ. Сайхан яруу найрагчийн хань болоод, өөртөө зориулуулж шүлэг бичүүлээд би том хувь заяанд төржээ. Энэ хүнээр бахархаж, үлдээсэн өвийг нь бусдад түгээж дэлгэрүүлэх үүрэг бас ирсэн. Тиймээс эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг нь яг байгаагаар нь хадгалахыг хичээдэг. Гэр музейгээр хол, ойроос зочид их ирнэ. “Абшиг хүртэнэ” гээд зарим нь мөргөнө. Энэ бүхнийг хараад ханиараа бахархаж, бахдаж суудаг даа. Энэ бор ширээ, сандал дээр суугаад өвгөн минь шүлэг бичиж, ном уншдаг байлаа.
зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Ш.Дулмаа гээд олон найрагч тасралтгүй ирдэг байлаа. Тэр орон зайг заримдаа их үгүйлдэг л юм
- Энэ жил төрийн баяр наадмын нээлтэд ханийн тань “Дөрвөн цаг” шүлэг дуу болон эгшиглэлээ. Танд сайхан байсан нь мэдээж байх?
-Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн баяр наадамд ханийн минь шүлэг дуу болон улс даяар цацагдлаа. Үнэхээр сэтгэл өндөр байна. Өмнөхийг нь манай Эрээнцавын хүүхдүүд дуулдаг байсан. Аяыг нь хөгжмийн зохиолч н.Ганболд хийсэн. Хүүхдүүдийн дуулсан нь дүрс бичлэгээрээ зарим нэг хүнд байгаа байх. Хань минь амьд ахуйдаа “Хаврын урсгал”, “Сэтгэлийн байгаль” гэсэн яруу найргийн хоёр ном гаргаж байв. Харин бусдыг нь би үр хүүхдүүдтэйгээ нийлж хэвлүүлсэн дээ.
-Д.Нямсүрэн гуайн гар бичмэл үнэхээр цэгцтэй, сайхан юм аа. Одоо энд байгаа “Амитаба” гэхэд л компьютероор шивсэн юм шиг харагдаж байна?
-Тийм ээ, хань минь үнэхээр сайхан бичигтэй байсан. Энд тэндэхийн яруу найрагчдад гар бичмэлүүд нь явж л байдаг. Хань минь гар бичмэлүүдээ найз, нөхдөдөө их дурсгадаг байсан. Би бол гар бичмэлүүдийг нь хүнд өгдөггүй. Ханийнхаа хэлдэг шиг “Цаг ирж, нөхцөл бүрэлдэхээр” ном болгож гаргана даа.
-Та хоёр минь анх хэрхэн танилцаж байв. Таныг энэ талаар сайхан дурсамж дэлгэнэ гэж бодож байна?
-Анх сургуульд сурч байхдаа танилцсан. Тэр үед одоогийнх шиг гар утас байсангүй. Тиймээс бид хоорондоо захиа их бичдэг байлаа. Ханийн минь надад бичиж байсан захианууд одоо ч бий.
-Д.Нямсүрэн гуай та хоёр залуудаа хэрхэн болздог байв?
-Энэ тухай яривал олон сайхан дурсамж бий. Ханьтайгаа цэцэг алагласан зуны орой Улз голын хөвөөгөөр амьдрал, ер юу эсийг яриад алхаж явсан өдрүүд минь мөн ч сайхан байжээ. Өвөл голын мөсөн дээр хамт гулгана. Зарим үед үр хүүхдүүдтэйгээ инээд хөөр болон тоглож өнждөг байлаа. Үүнээс гадна хань минь ширээний теннис сайн тоглодог байсан. Улсын аваргад хэд хэдэн удаа сайн оролцож байв. Ийм л сайхан ханиа үгүйлэхгүй байхын аргагүй. Нөхрийг минь Монголын ард түмэн ямагт дурсаж, хүндэлж байдагт баярлаад ханашгүй.
-Д.Нямсүрэн гуайг зорин ирсэн олон хүнээс Бадарчин Батбаатар ах Улаанбаатараас алхаж ирсэн тухай сонирхолтой түүх байдаг шүү дээ. Энэ тухай дурсамж дэлгээч?
-Ц.Батбаатар Улаанбаатар хотоос Эрээнцавд ханийг минь зориод, алхаад ирж байсан. Хэдэн онд гэдгийг сайн санахгүй байна. Манайд долоо хоноод явсан. Хань минь Дорнод аймгийн төв хүртэл гаргаж өгөөд ирж байлаа. Үүнээс гадна тухайн үед зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Ш.Дулмаа гээд олон найрагч тасралтгүй ирдэг байлаа. Тэр орон зайг заримдаа их үгүйлдэг л юм.
-Хань нь чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?
-Эрээнцавын өртөөнд жижүүр хийж байсан болохоор зав багатай байсан. Ажлынхаа зав, чөлөөгөөр шүлгээ бичээд л, ном уншаад, үр хүүхдүүддээ анхаарал хандуулаад л явдаг байсан. Заримдаа намайг ажлаас ирэхэд хүүхдүүдтэйгээ уйгагүй гэгч нь шатар тоглоод сууж байдаг сан. Нээрээ, Эрээнцавын ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд сургуулиа ханийн минь нэрэмжит болгож, гадаа талбайдаа хөшөөг нь босгож мөнхжүүлсэнд би дандаа баярлаж явдаг. Энэ сургуульд үр хүүхдүүд минь сурсан. Одоо ач, зээ нар минь суралцаж байна. Ханийн минь авьяас, билгийг өвлөж шүлэг, зохиол бичдэг хүн ач, зээ нараас гарна гэж итгэж явдаг.
Энд хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Номин ногоон тал нутагт зэрэглээ суунаглаж, алс тэнгэрийн хязгаар цэнхэртэн байлаа. Д.Нямсүрэн гуайн ажиллаж байсан Эрээнцавын өртөө. Олон салаа төмөр зам эгнэсэн талын өртөө. Үе үехэн салхи эргэж, мөлгөр чулууд наранд халуу цоргин байлаа. Энэ замаар их найрагчийн нэгэн адил алхаж, хилийн цаана харагдах орос тосгоныг харан хэсэг зогслоо. Ийнхүү зогсохдоо түүнийг урдаас минь алхаад ирэх юм шиг хүлээзнэлээ. Тэр дэргэд минь ирсэн байх. Тэнүүн их талдаа дулаан нарын элч болон ирсэн байх гэж бодогдоно. Ингээд энэхүү бичвэрээ Дорнын их найрагч Д.Нямсүрэнгийн шавь Д.Батжаргалын ярьсан нэгэн дурсамжаар өндөрлөе.
Д.Батжаргал : БАГШИЙГ ГУЙГААД БАЙХАД НЬ ХАМТ ЯВААГҮЙДЭЭ ХАРАМСДАГ
Д.Батжаргал “Нэг өдөр УАЗ 69 маркийн орос машин манай гадаа ирж зогслоо. Эхлээд дарга нар, араас нь Д.Нямсүрэн багш бууж ирлээ. Цай цүй болж байтал багш “За, Д.Батжаргал аймагт очиж шүлэг дуудна даа. Сум сумдаас найрагчид Эрээнцавд ирнэ. Алив бос, хамт найрагчдыг тосъё” гэсэн. Би тухайн үед зав муутай байсан тул “Араас нь очъё” гэж хэлээд тэднийг явуулсан. Очиж амжихгүй байсаар унтаад өглөө. Гэтэл шөнө дунд, бараг 02:00 цагийн үед багш “Д.Батжаргал гараад ир, шил юм байна” гээд үл таних нэг хүнтэй ирсэн. Би “Багш аа, манайд ууя” гэтэл “Би шөнө, орой айлд архи уухгүй. Хүүхдүүд чинь унтаж байгаа. Аягүй бол сэрээд над шиг сэгсийсэн юмнаас айчихна” гэсэн. Тиймээс бид Улз голын улаан эрэгт очиж хэсэг суусан. Сарны саруул, усны сайхан цэлэлзэж байсан даа. Тухайн үед багш “Би уухгүй. Та хоёр сайхан танилц, шүлэг, найргаа уншилц“ гээд хань болж зөндөө суусан.
Маргааш өглөө нь нутаг, нутгаас ирсэн яруу найрагчид Дорнод явахаар унаандаа суух болоход багш намайг ахиад л “Хамт явъя” гэж гэсэн. Би тэр өдөр ээлжтэй байсан болохоор “Ангиасаа чөлөө аваад ирье” гээд түр хүлээлгээд ажил руугаа очтол чөлөө өгөөгүй. Үүнийгээ хэлэхээр очтол олон залуус цуглачихсан, багш пургон машинд сууж байснаа намайг харуутаа бууж ирээд “Хоёулаа хамт явъя. Багш нь үүнээс хойш ийм юманд дахиж явахгүй. Нас ч дээр гарлаа. Онгорхой шүдтэй яаж ч шүлэг унших вэ дээ. Одоо л багштайгаа явчих” гэсэн. Би явж амжихгүй болсноо учирлаад маргааш араас нь очихоор тохироод үлдсэн.
Үүр манхайн цайж, дорнын тал нутагт гэгээ орж байлаа. Цаг хартал 06:00 цаг болж байв. Би гурван цагийн дараа ээлжээ хүлээлгэж өгөөд багшийнхаа араас Дорнод явна гэсэн шүү юм бодож байтал хүн цонх нүдэж “Яаралтай шуудан ирлээ” гэсэн. Би “Юун шуудан бэ” гэтэл “Нямсүрэн гуай өөд болчихжээ” гэсэн. Энэ мэдээ миний хувьд хамгийн хүнд, муухай, хэцүү мэдээ байлаа. Би багштайгаа Дорнод явж чадаагүйдээ одоо хүртэл маш их харамсдаг. Тэр уйт мэдээ манай Эрээнцавынхныг тэр чигт нь гуниг, гашуудалд автуулсан. Гэхдээ багш минь энгүй сайхан яруу найраг, шүлгээрээ энэ 20 жилийн хугацаанд бидэнтэй дандаа хамт байсан. Шүлэг, найргийг нь мэддэг, уншдаг хүн бүрийн зүрх, сэтгэлд багш минь амьд сэрүүн, ямар нэгэн байдлаар зааж, зөвлөөд хажууд минь байсан учраас багшийгаа бурхан зүг одсон гэж боддоггүй. Бие нь байхгүй ч бусад бүх зүйл нь бидэнтэй хамт байгаа гэж боддог” гэсэн билээ.
Дорнын их найрагчийн нутгаас буцах нь очиж явах шиг гэгэлгэн байлаа. Сайн хүмүүний гэгээ он цаг улирах тусам улам бүр тодрон гэрэлтсээр байдаг гэдгийг охь өөрөөр мэдэрсээр галт тэргэндээ суулаа.
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |