-Сайн байна уу. Анхны киногоороо үзэгчидтэй уулзаж, шинэ анги гарах бүрд догдлолтой байна уу?
-Маш их догдолж байгаа. Хөгжимөөрөө хүмүүст хүрч байсан бол энэ удаа дэлгэцээр өөр өнцгөөс өөрийгөө илэрхийлэх боломж гарлаа. Анхны бүтээл учраас үнэ цэнтэй, бас хариуцлагатай санагдаж байгаа.
-“Оддын гэгээ” кинонд хэрхэн дүр бүтээх болсон бэ. Дүрийнхээ тухай яриа дэлгээч?
-Анх зохиол уншихад миний дүр хувь хүнтэй маань маш ойр санагдсан. Залуу хүний дотоод ертөнц, мөрөөдөл, хайр, эргэлзээ бүгд бодитоор гардаг учраас сонирхол татсан. Тэр дүрээрээ дамжуулаад олон залуусын мэдэрч байсан зүйлсийг үзэгчдэд хүргэнэ гэж бодсон. Өөрийнхөө хэмжээнд хичээж, сэтгэлээ бүрэн зориулж тоглосон.
-Залууст зориулсан уран бүтээл гэдэг утгаараа тоглоход илүү дөхөм байв уу?
-Тийм ээ. Өөрийн үеийнхэн, бидний амьдралд ойр мэдрэмжүүд гардаг болохоор дүрээ ойлгоход амар байсан. Гэхдээ яг тэр мэдрэмжийг үнэмшилтэй гаргана гэдэг өөрөө бас том хариуцлага. Мэргэжлийн бус хүн болохоор жаахан айдастай байсан ч ард нь гарсандаа баяртай байна.
-Кино зохиолоо унших үед ямар мэдрэмж төрсөн бэ. Таны төсөөлөлд буусан уу?
-Анх уншихад их дулаахан мөртлөө бодолд оруулсан мэдрэмж төрсөн. Зүгээр нэг хайрын түүх биш, залуу насны өсөлт, сонголт, мөрөөдлийн тухай байсан нь таалагдсан. Миний төсөөлөлтэй их ойр байсан болохоор дүр дээрээ ажиллах хүсэл төрсөн.
-Анх удаа кинонд тоглож, дүр дээр ажиллажээ. Бэрхшээлтэй зүйл тулгарав уу?
-Шинэ зүйл болохоор эхэндээ камерын өмнө жүжиглэх тал дээр өөрийгөө их сорьсон. Дуу дуулна гэдэг нэг өөр. Харин дүрийн сэтгэлзүйгээр амьдрана гэдэг шал өөр мэдрэмж байсан. Гэхдээ баг хамт олон маш гоё уур амьсгалтай байсан болохоор их зүйл сурсан.

-Та хэзээнээс урлагийн салбарыг сонирхож, дуучин болохоор зэхэж эхлэв. Хүүхэд байхаасаа урлагтай ойр байв уу?
-Анх тавдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа Урлагийн наадамд дуулахаар шалгаруулалтад орсон чинь намайг “Солгой хоолойтой юм байна” гээд хасагдсан. Тэгээд хоёр жилийн дараа санамсаргүй байдлаар сургуулийнхаа хоор дууны хамтлагт ороод, дуулж эхэлсэн. Тэр үеэс дуунд илүү дуртай болсон доо. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг маркетингийн менежер мэргэжлээр төгссөн. Урлагийн сургуульд сурч чадахгүй бол маркетингийн мэргэжлээр суралцана гэж боддог байсан. Ирээдүйд эрэлттэй гэдэг талаас нь л сонгож байсан даа.
-Таны аавыг бөх гэж сонссон, гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч. Таныг урлагийн хүн болно гэхэд нь юу гэж байв?
-Би чинь айлын ганц хүүхэд, аав минь Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан, багш Д.Батсайхан гэж хүн бий. Ээж минь Э.Гантуяа гэж ардын багш хүн. Багш нарын гэр бүлд өссөн болохоор урлагийн хүн болгохгүй гэж байсан. Гэхдээ тэмцээнд оролцоод, амжилт гаргаад ирсэн чинь өөрсдийнхөө бүхий л нөөц бололцоогоороо намайг дэмждэг болсон доо.
-“The Voice of Mongolia" тэмцээн таны урлагийн замналд үнэтэй хувь нэмэр оруулсан байх. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Энэ тэмцээн миний амьдралд маш том өөрчлөлтүүдийг авчирсан, гайхалтай шоу байсан. Өөрийгөө гололгүй зоригтойгоор оролцсондоо баярлаж явдаг. Тухайн үед намайг дэмжиж байсан, одоо ч дэмжсээр байгаа сонсогчдодоо маш их баярлалаа.
-Тэмцээний дараа шилдэг оролцогчид нэгдэн “The R&N” хамтлагийг байгуулж, “The voice of Mongolia”-ийн тайзан дээр анхны үзүүлбэрээ үзүүлж байсан шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Гайхалтай сонин мэдрэмж төрж байсан даа. Сонсогчид биднээс их зүйл хүлээж байсан байх. Бид хамтлагаа байгуулсныхаа дараа хамтдаа нэг зуны турш амьдарсан. Н.Ганбилэг ихэвчлэн хоол хийж, хамтдаа гэрээ цэвэрлэж, бэлтгэл хийж байсан. Тэр үед илүү нэгдэж, хамтын хүч гэдэг ямар сайхныг мэдэрч байсан даа.
-Сүүлийн үед соло уран бүтээл цацаж байгаа харагдсан. “R&N” хамтлаг тарсан юм уу?
-Бидний гэрээ дуусаад өөр өөрсдийн өнгө төрх, хөгжмийн мэдрэмжээ илүү нээж, туршиж байгаа үе гэж хэлж болно. Соло уран бүтээл бол уран бүтээлч хүний өсөлтийн нэг хэсэг. Өөрийнхөө үзэл бодол хэв маягийг бусдад хүргэх хэрэгсэл гэж боддог. Ирээдүйдээ соло карьераа хөөнө гэж боддог . Хамгийн сүүлд “Оддын Гэгээ” кинонд оо зориулж “Жижигхэн Охин” дуугаа хийж цацсан байгаа. Цаашдаа маш гоё дуунуудыг та бүхэндээ зориулан бүтээх болно оо.
-Эхнэртэйгээ хамт сошиалд бичлэг оруулдаг шүү дээ. Та хоёрын хайрын түүх хэрхэн эхэлж байв?
-Манай эхнэр анх намайг 2018 оны “The Voice of Mongolia” шоугаар харж байсан юм билээ. Тэр үеэс хойш намайг чимээгүйхэн дэмждэг. Уран бүтээлийг маань үргэлж үздэг үнэнч үзэгчдийн нэг байсан гэсэн. Харин би 2020 онд “Ардын буйдан” шоугаар анх хараад их гоё энергитэй, маш дулаахан хөөрхөн охин байна гэж бодож байсан. Тэр үедээ эхнэр минь болно гэж ерөөсөө төсөөлөөгүй. Дараа нь илүү ойртож танилцаад, бие биенийхээ мөрөөдөл, үзэл бодол, амьдралын хандлагыг ойлгох тусам хайр маань илүү бодит болсон доо. Тэр үед зүгээр л дэлгэцийн цаанаас харж байсан хоёр хүн өнөөдөр нэг нэгнийхээ амьдралын хамгийн том түшиг болсон байна гэдэг их гоё мэдрэмж санагддаг.
-Шинэ хүнээ өлгийдөж авах гэж байна шүү дээ. Ямар мэдрэмж төрж байна вэ?
-Үгээр хэлэхэд хэцүү их догдлол, бас маш том хариуцлага мэдэрч байгаа. Амьдралын хамгийн нандин үеүүдийн нэг юм шиг санагдаж байна. Манай охин аавын амин охин болох байх аа. Хоёр хүний хайр дундаас, аминаас ургасан хамгийн амьд, хамгийн нандин цэцэг бол охин минь гэж бодохоор үнэхээр сонин сайхан мэдрэмж төрдөг.
Сонирхолтой нь, Би охиныхоо нэрийг бүр наймдугаар ангийн жаахан хүү байхдаа хүртэл бодож явдаг байсан. Тэр үедээ ирээдүйд охинтой болчихсон, аав болсон байна гэж өөрийгөө төсөөлдөг байж. Одоо тэр мөрөөдөл маань бодит амьдрал болоод ирж байна гэхээр үнэхээр итгэмээргүй. Одооноос л ирээдүйг нь төсөөлөөд, ямар хүн болж өсөх бол гэж бодохоор бүх зүйл илүү утга учиртай санагдаж байна. Хүн өөрийнхөө төлөө биш, гэр бүлийнхээ төлөө илүү их хичээдэг юм байна гэдгийг энэ үед хамгийн их ойлгож байгаа. Бид хоёрын хайрын хамгийн гоё үргэлжлэл ирж байна гэж бодохоор үнэхээр аз жаргалтай байна.
-Ярилцсанд баярлалаа. Гэр бүлд аз жаргал, уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.



| Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |