• Өнөөдөр 2026-10-06

Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна

2026-10-06,   118

     Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор 16 өрхийн 6296 толгой ямааг зориудын устгалд хамруулжээ. Энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд чиглэл өгч байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

      Тэрбээр “Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний нөхцөл байдал хүнд байна. Энэ оны есдүгээр сард Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд уг өвчин баталгаажсан.

     Өвчин хаанаас гаралтайг тогтоохоор судлахад Монгол Улсын Засгийн газрын 92 дугаар тогтоолд огт тусгагдаагүй үүлдрийн мал болохыг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Монгол Улсад оруулж ирэх ёсгүй Арвас үүлдрийн ноолуурын ухна байсан нь тодорхой болсон.

     Цаашлаад Арвас үүлдрийн ухныг оруулж ирж, зарсан Алтанбулаг сумын иргэн уг ухныг Говь-Алтай аймаг руу тээвэрлэсэн байна. Холбогдох албан тушаалтнуудад өгсөн мэдээллийн дагуу тараагдсан ухнуудыг тусгаарлах, холбогдох арга хэмжээг авч байна.

      Цаашид хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ энэхүү өвчин юунаас шалтгаалан гарсан болохыг зөв тодорхойлох шаардлагатай болж байна.

     Монгол Улсын хилээр ямааг хайрцаг, чимдаанд тээвэрлэн оруулж ирсэн тохиолдол 2025 оны зургаадугаар сард бүртгэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт дэмжлэг хүссэн албан бичгийг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд хүргүүлсэн байна.

    Тухайн үед энэ тохиолдлыг илрүүлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон бол өнөөдөр ямааны годрон өвчин гарахгүй байх боломжтой байсан болов уу гэж бодож байна.

    Сошиалаар Хөдөө аж ахуйн сайдыг “элий, балай юм ярьж байна” гэх мэтээр наргиа, мааз хэлбэрээр ярих нь үндсэн асуудал болох ямаа хэрхэн Монгол Улсад орж ирсэн, годрон өвчин ямар их хохирол учруулж байгаа зэрэг асуудлыг саармагжуулах үйл ажиллагаа гэж харж байна.

     Тиймээс цаашид хууль бус асуудлыг хуулийн байгууллагад хүргүүлж, буруутай этгээдийг шуурхай тогтоох, дахин ийм асуудал гаргахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай. Эс бөгөөс Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна.

      Тухайн үед унтуулгын тариа тарьсан ямаануудыг нэг нэгээр нь хилээр гаргаж байсан бөгөөд сүүлчийн ямааны унтуулгын тариа гарч, тээш дотор дуугарснаар баригдсан юм байна лээ. Үнэхээр ийм зүйл болсон бол тухайн үйлдэлд ямар хүмүүс оролцсон, хэнд хариуцлага тооцсон, энэ асуудал одоо ямар шатанд явж байгаа талаар тодорхой мэдээлэх хэрэгтэй” гэв.


Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188