• Өнөөдөр 2024-04-20

ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ

2023-06-04,   2842

                 “Уран өд” дугуйланг утга зохиол сонирхогчид андахгүй. Монголын утга зохиолд нэлээд жин дарах энэхүү дугуйланг анх санаачилж, 60 гаруй жил тууштай ажиллуулж буй Монгол Улсын гавьяат багш Д.Мандахсан өдгөө Эрдэнэт хотод аж төрсөн сууна. Түүний олон шавь утга зохиолын салбарт зүтгэж, оюун санааны их үйл хэрэгт ханцуй шамлан орж, өөр өөрсдийн хөдөлмөрийг үнэлүүлж яваа гэдгийг дурдах нь илүүц биз. Олон жил аав, ээжийн алдрай бяцхан хүүхдүүдэд эрдэм зааж, ирээдүйн амьдралд хөтөлсөн энэ ачтай гавьяатай эрхэм хүмүүнтэй багш мэргэжлийн сайн сайхан болон утга зохиолын талаар хөөрөлдсөн үүцээ уншигч таны өмнө дэлгэж байна.

-Утга зохиолч сонирхогчдын дунд “Уран өд” дугуйлан өндөр байр суурь эзэлдэг. Та энэхүү дугуйлангаа хэдэн онд нээж, өнөөдрийг хүртэл уран зохиолоор хүүхдүүдийг хүмүүжүүлж явна вэ?

          -Би багшийн ажилд их дуртай. Би энэ олон мэргэжил дундаас багшийн мэргэжил сонгож авсандаа баярладаг. Ер нь ямар ч хүн багшгүйгээр алс хол явахгүй. Тиймээс багшаар хөтлүүлэх гэдэг бол  сурах эрдмийн үндсэн арга юм. Нэг үгээр бол хүн хөлөө олох хүртлээ багшийг дагадаг. Иймээс  би шавь нартаа “Багшгүй хүн навчгүй модтой адилхан. Багш та нарын амьдралд том төлөвшил өгдөг” хэмээн сургадаг. Би 1957 онд Улсын багшийн сургуулийг төгсөөд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд томилогдож очсон. Тэгэхээр миний “Уран өд” дугуйлан багшилж эхэлсэн тэр цагаас эхтэй. Нэг үгээр бол миний залуу настай хамт төрсөн дугуйлан. Үүний үр дүнд, дугуйлангаас минь олон сайхан зохиолч, яруу найрагч, сэтгүүлч төрөн гарсан. Ер нь аливаа хүнийг төгссөн сургуулиар нь биш, тэр сургуулиас төрсөн алдартнуудаар үнэлдэг л дээ. Ингээд бодохоор манай дугуйлангаас Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Баянтунгалаг болон саяхан Төрийн шагнал хүртсэн С.Оюун гээд нэр дурдаад байвал олон хүн төрсөн уяа.

-Таны байгуулсан “Уран өд” дугуйлангаас олон хүн жигүүрлэж, амьдралд хөл тавьжээ. Уншигчдынхаа оюун санаанд амь халуун шүлгүүд нь уншигдаж, утга зохиол сонирхогч залуусын өд, жигүүр нь болж буй Д.Баттогтох агсан бол таны гарын шавь нарын нэг.  Энэ хүн ямар зан араншинтай, авьяас билгийн хүн байсан тухай та сайхан хууч дэлгээч?

         -Д.Баттогтох гэж дугуй царайтай, өтгөн хөмсөгтэй хөөрхөн хүү байлаа. Их даруухан, аливаа зүйлд няхуур, сурах эрмэлзэлтэй хүүхэд харагдаж байсан. Яагаад гэхээр, дугуйланд явж байгаа нөхөдтэйгөө харилцаж байгааг нь харахад их өөр байв. Одоо бодоход уран бүтээлч хүн байжээ. Зургаа, долоо, наймдугаар ангид байхдаа дугуйланд явж байсан. Жаахан хазгар хүү пижигнэтэл гүйж байдаг сан. Түүнээс биш яг ямар зан араншинтай байсныг нь тодорхойлж мэдэхгүй юм. Дугуйланд маань олон хүүхэд явна. Тэр бүгдийг эргэн санана гэдэг хэцүү шүү дээ. Ямар ч байсан Д.Баттогтохыг шүлэг уншихаар үеийн нөхөд нь их хүндэлдэг байсан.

-Утга, уран зохиол хүүхдэд ямар төлөвшил хүмүүжил олгодог вэ. Хүн бүхэн өөр өөрөөр тайлбарладаг. Энэ тал дээр таныг хамгийн зөв, оновчтой дүгнэлт хэлэх болов уу гэж бодож байна. Та нэгэн насаараа хүүхдүүдийг утга зохиолоор хүмүүжүүлэх гэгээн үйлсэд зүтгэж яваа хүн. Утга, уран зохиолын сайн сайхан, давуу талын талаар хууч дэлгээч?

        -Миний хувьд хүүхдийн бичсэн дээр онолын дүгнэлт хэлж, тайлбарлаж сэтгэлгээг нь хөгжүүлдэг байсан. Тухайлбал, “Уран зохиол гэж юуг хэлдэг вэ” хэмээн хүүхдүүдээс асуухад зарим нь хариулж чадахгүй бол зарим нь ийм, тийм гэнэ. “Уран гэж юу гэсэн үг вэ. Зохиол гэдэг нь юу гэсэн үг вэ” гээд л хүүхдүүдэд утгыг нь тайлан хэлж өгдөг. Мөн “Бичгийн зохиол гэдэг нь бичиж зохиосныг хэлнэ. Аман зохиол гэхээр ам дамжин ярьсныг хэлнэ” гээд онолын байдлаар хэлээд өгчихдөг. Харин хүүхдүүдээ ахлах ангид орохоор нь уран зохиол гэдэг бол хүн болоод байгалийн юмс үзэгдлийн талаар өгүүлдэг хэмээн хэлж, сургалтаа гүнзгийрүүлдэг байсан даа. Би шавь нартаа аливаа зүйлийг уншихдаа “Гарчгийг нь сайн унш” гэж хэлдэг. Утга зохиолын бүтээлүүд утга санаа гарчигтаа байдаг. Тиймээс би хүүхдүүддээ “Газар зүй, байгалийн шинжлэх ухааны хичээл дээр аливаа нэршлийн тухай уншихдаа гарчгийг нь сайн бод. Тэгээд өөртөө асуулт тавь. Ус хаанаас гардаг вэ. Хэдүүлээ гол дагаад алхъя, эцэст нь хаана хүрэх вэ ” гэж асууна. Хүүхдүүд “Булаг, шандад хүрнэ” гэнэ. Тэгэхээр нь би “Булаг гэж юу вэ” гэнэ. Хүүхдүүд “Газрын гүнээс булгилан гарч ирж буй цэвэр ус” гэж хариулдаг.  Энэ мэтчилэн хүүхдүүдийн сэтгэлгээг задалж, илүү өргөн хүрээнд харах, сэтгэх тал дээр нь ажилладаг байсан.  Уран зохиол бол хүүхдийн оюун санааг хөгжүүлэх, ургуулан бодох, шинээр сэтгэх зэрэгт их тустай. Наанадаж харилцааны зөв зохистой үг хэллэг, хайрлах ухааныг давхар олгож байдаг. 

-Та бол олон жил хүүхдүүдийг уран зохиолоор хүмүүжүүлж яваа эрхэм хүн. Тиймээс өнөөгийн хүүхдийн уран зохиол ямар хэм хэмжээнд байгаа гэж хардаг вэ?

          -Өнөөгийн түвшинд хүүхдийн уран зохиол дүрсэлсэн, аман зохиолын хэлбэр, хөгжил зэрэг нь гологдохооргүй байгаа. Харин сэтгэлгээ дутагдаж байна. Хүүхдийг өөрөөр нь бодуулах, бичүүлэх зүйл дутаж байна. Үүнээс гадна зарим хүн аман зохиолыг ерөөл, магтаал гэж бодоод байдаг. Хэдийгээр аман зохиол энгийн, амархан юм шиг боловч цаанаа асар их гүн ухаан агуулдаг.  Сэрэх, сэтгэх нь гол тулгуур байх ёстой. Аливаа зүйлийг хүн танин мэдэхдээ оюун тархиндаа тусгадаг.  Тэгэхдээ дүрслэн бодох, сэрж мэдрэх зэрэг мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар ойлгодог. Үүнийг ойлгосон хүн сайн уран бүтээл туурвих нь түгээмэл. Дэлхийн уран зохиолтой харьцуулахад манайх хоцрогдож байгаа. Тэр дундаа хүүхдийн уран зохиол.  

     Харилцааны ямар ч хэлбэр үг ашигладаг. Үг бол шүлгийн жинхэнэ махбод нь юм. Тиймээс ч би хүүхдүүдэд уран бүтээлч хүн үгийн баялагтай байх ёстой гэж байнга хэлдэг.

-Таныг энгийн үгийн хаан гэхээр хаан гэдэг үг нь өөрөө танд зохимжгүй. Харин энгийн үгийн эзэн гэх нь илүү зохимжтой зөөлөн, таатай санагддаг. Нэг үгээр бол та энгийн үгийг төгөлдөр хуур дээр тавиад тоглож юм шиг намуухан, эгшиглэнтэй, айзам хөгийг бүтээж чаддаг. Утга зохиолын салбарт үгээр тоглолт хийж байгаа олон хүн байна. Харин та бусдаас өөр илүү энгийн үгээр хөгжимлөг, уянгалаг байхыг хаанаас, хэрхэн суралцсан бэ?

      -Би уран зохиолын багш учраас өөрөө сурах бичгээ уншаад хүүхдүүдэд заана. Энэ үйл явц намайг заах аргад сургасан байх. Энэ бүхний эцэст дүгнээд хэлэхэд, хүүхдүүдэд хичээл заасан нь намайг сайн болгосон. Нэг үгээр бол хүүхдүүдээсээ суралцаж, өөрийнхөө дотоод ертөнцөд шинэ хуудас нээсэн гэсэн үг. Түүнээс биш энэ үг, тэр үг гэхгүй. Ер нь багш мэргэжил гэдэг хүүхдүүдэд заахаас гадна тэднээс суралцаж байдаг сайхан ажил. Би “Уран өд” дугуйланг минь цааш үргэлжлүүлж авч явах хүнээр Х.Нямхишигийг сонгосон. Яагаад гэхээр, энэ залуу төрөлхийн авьяас, суу билигтэй. Ер нь багшийг авьяастай, хөдөлмөрч, сайн багш гэж гурав ангилдаг. Багш, шавь хоёр учирсан цагт хайраар дамжиж сургалт явдаг л даа. Жигтэйхэн их мэдлэг боловсролтой багш хэрнээ заах арга нь муу учраас хүүхдүүдэд хичээлээ ойлгуулж чадахгүй байх тохиолдол бий. Өөрийн гэсэн заах аргатай авьяастай багш бол хүүхдүүдийн сэтгэлгээг тэлж, цаашид сурах хүслийг өдөөж байдаг.

-Авьяас бол байгалийн өгөгдөл гэж нэг хэсэг нь ярих бол нөгөө хэсэг нь авьяас бол хөдөлмөрийн үр дүн гэх юм. Аль нь илүү оновчтой дүгнэлт вэ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

        -Авьяасыг байгалиас оноосон байдаг. Үүнд өөр тайлбар хэрэггүй. Харин хөдөлмөрлөөгүй хүн авьяасаа гаргаж чадахгүй. Нэг үгээр бол, хөдөлмөрлөсөн хүн л авьяасаа гаргаж чадна. Би ингэж боддог, тайлбарладаг. Авьяастай хүн ярианаасаа эхлээд л мэдэгддэг. Дан нүцгэн авьяас илэрхийлж чаддаггүй юм. Тиймээс хөдөлмөр заавал хэрэгтэй. Уран бүтээлийн хоёр талд хөдөлмөр, авьяас багтдаг. Энэ тал дээр хүн бүхэн өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэдний буруу, миний зөв гэж хэлж болохгүй. Учир нь, хүн бүрийн бүтээх зуршил, үзэл хандлага, сурсан мэдсэн нь өөр байдаг шүү дээ.

-Таны үеийн уран бүтээлчдийн дунд их сайхан дурсамж үлдсэн байдаг. Та үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй хэр ойр дотно нөхөрлөж байсан бэ?

       -Би хотод ажиллаж, амьдраагүй болохоор үеийн уран бүтээлчидтэйгээ нөхөрлөж, сайхан дурсамж бүтээсэн нь цөөн. Гэхдээ уран бүтээл, аян замд танилцсан сайхан түүх бий. Тухайлбал, Л.Дашням эрдэмтэн байна. Би бичсэн номоо энэ хүнд явуулдаг. Энэ хүн мөн л надад зохиол бүтээлээ явуулна. Уншиж ойлгоод би хүүхдүүддээ ярьж өгдөг байсан. Энэ хүнтэй уран бүтээлээр нөхөрлөсөндөө их баярлаж явдаг. Надад энэ хүний нөлөө их бий. Мөн Монголд бүү хэл Азид нэр нь цуурайтсан Д.Урианхай байна. Бид хоёр нэг нутгийнх. Д.Урианхай миний шүлгийг уншаад “Ййм, тийм байна” гээд захиа бичээд явуулдаг сан. Тэр захиа нь миний сурах бичиг болчихдог байлаа. Одоо бол заримдаа утас цохиж, нэгнийхээ мэндийг мэддэг. Энэ мэтчилэн уран бүтээлээр нөхөрлөсөн хүн олон бий. Тэдний нэг бол утга зохиол судлаач, зохиолч, яруу найрагч П.Батхуяг байна. Хөөрхий минь ид хийж бүтээх, залуу насандаа бурхны оронд дэвшсэн нь харамсалтай. Бид хоёрыг уран зохиол танилцуулсан. Миний анзаарснаар П.Батхуяг бол эрдэмлэг хүнээс гадна өөрийн заах аргатай багш. Үүнийгээ ч өөрөө мэдэрсэн хүн юм билээ. Олон талын мэдлэг боловсролтой ёстой мундаг хүн байсан. Энэ эрхэм хүмүүнтэй танилцаж чадсандаа их баярлаж, бэлгэшээж явдаг даа.

-Би таны дурссан П.Батхуяг гэдэг хүний отгон шавь нарынх нь нэг юм аа. Багштай маань анх, хэрхэн танилцаж байсан талаараа сайхан хууч дэлгээч?

       -П.Батхуягийгаа манай Эрдэнэт хотын багш нарт заах аргын сургалт хийж ирэхэд нь анх танилцаж байлаа. Түүнээс хойш хэд хэдэн удаа ирж сургалт зохион байгуулсан. Би тэр бүрд нь зорьж очдог байв. Их сайхан оновчтой ярьж, юуг ч ойлгуулж чаддаг, чадвартай хүн байсан. Үүнд нь би их татагдсан байх.  Хоёулаа багш болохоор ч тэр үү, хөөрөлдөн суухдаа сэтгэл их нийлдэг байсан. Эрдэнэтэд ирэх болгондоо манайхаар ирж, хоноод явна. Үүнд би их дуртай, хүндэтгэж хүлээн авдаг байлаа. Бид хоёр уран бүтээл, сурган хүмүүжүүлэгчийн хувьд салшгүй холбоотой. Тухайлбал, хүүхдүүд миний “Уран өд” дугуйланг  төгсөөд Улаанбаатар хотод очиж П.Батхуягийн шавь болсон нь олон. Нэг үгээр бол би суурь боловсролыг нь олгож, П.Батхуяг илүү өндөр түвшинд бэлтгэдэг байсан. Тиймээс л биднээс сайн шавь төрдөг байсны нэг нууц энэ. П.Батхуяг бол Д.Намдаг, О.Дашбалбар, Д.Батбаяр нарын үргэлжлэл болсон мундаг зохиолчоос гадна том эрдэмтэн. Энэ хүн дээр миний шавь нар шавь болж очдог нь, энэ хүнд миний шавь нар гологдоггүй байсан нь миний хамгийн том бахархал байлаа.

-Дэлхийн улс, орнууд утга зохиолын цагаа нэмж, ирээдүйн иргэдээ уран зохиолоор хүмүүжүүлдэг гэдэг. Харин манай улсад суурь боловсролоос эхлээд уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасаж, багасгаж байгаа. Та энэ тал дээр хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?

     -Яг энэ асуудал дээр П.Батхуяг бид хоёрын санал 100 хувь нийлдэг байсан. Үүнд үнэхээр шүүмжлэлтэй ханддаг. Хэдийгээр шинжлэх ухааны хаан математик гэж хэлж байгаа ч гэсэн уран зохиол бол маш өвөрмөц. Нэг эрдэмтэн “Хоёр дээр хоёрыг нэмээд дөрвөөс өөр хувилбар гаргаж чадахгүй бол сайн математикч болж чадахгүй” гэсэн байдаг. Тэгэхээр үүнээс цаадах хийсвэр ертөнц дотор бидний хэлж чадаагүй, хүрч мэдрээгүй, далд ухамсар, сэрэл сэтгэхүй, зөн билэг багтаж байгаа. Үүнийг уран зохиол хэлээд өгнө. Гэтэл уран зохиолыг сургалтын системээс бага багаар хасаж байгаа нь эвлэрч болшгүй зүйл. Хойд үеийг уран зохиолгүйгээр хүмүүжүүлнэ гэхээр санаанд ер багтахгүй юм. Уран зохиол, математик хоёрыг дээр, доор гэж ангилах нь хамгийн бүдүүлэг, муухай хэрэг.

       Хүн дуртай юмандаа сэтгэл гаргадаг. Сэтгэл гаргасан зүйл хүнд хүрдэг.  Би 1957 оноос хойш тасралтгүйгээр сэтгэл гаргаж, уран зохиолоор хойч үеэ хүмүүжүүлэх гэж оролдсон зүйлийн гэрч бол “Уран өд” дугуйлан. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, зохиолч С.Оюун нар миний шавь. “Шавь нараас минь дэлхийгээс гарч сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор өөрөөрөө, багш мэргэжлээрээ бахархдаг. Багш бол шавь нараа сайн сайхан явааг хараад л бахархаж, баярлаад сэтгэл дүүрдэг хүн шүү дээ.


ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-04 19:55:00
    ,kh.tsendee .: Сайн байна уу.бие тэнхээ сайн уу. Сайхан засаж байна уу .Сайхан ярилцлагыг уншиж , баярлалаа .тандаа эрүүл энх ,аз жаргалыг ерөөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-02 19:35:25
    Hurelhuyg: Ta bol minii bagsh bas huugiin mini yaruu nairgiin ni bagsh shu.huu mini tengerees tand talarhaj bgaa baihaa.BURHAN iveeg
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-02 11:23:53
    Буян дэлгэр: Мандахсан багш мундаг хүн дээ эрүүл энх аз жаргалтай урт удаан наслаараи
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188