• Өнөөдөр 2024-10-15

ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна

2021-08-23,   832

              “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин бусдад хүчиндүүлж харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гарсан. Өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа ээдрээтэй, ноцтой дээрх хэргийг нэг жил 10 сарын хугацаанд үнэ төлбөргүй өмгөөлж шударгаар шийдвэрлүүлж чадсан. Үүгээр зогсохгүй иргэн Б.Ундрахтай хамтран талийгаач охины гэр бүлд амьдрах итгэл найдвар бий болгох зорилгоор “Итгэлцлийн сүлжээ” сайн үйлсийн аян санаачлан, аяны хүрээнд цугларсан 30 сая төгрөгийг ар гэрт нь өгсөн аж. Мөн тэрбээр шинэ оны босгон дээр Монголын хуульчдын холбооны “Оны шилдэг хуульч” шагнал хүртжээ. Нийгэмд шуугиан тарьсан, хүний эрх тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэргүүдэд үнэ төлбөргүй, амжилттай ажилласан хэмээн дээрх шагналыг түүнд олгожээ. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа “Оны шилдэг хуульч” шагнал хүртсэнийхээ дараа анх удаа хэвлэлд ярилцлага өглөө.


-Хуульч хүний хүүхэд хуудуутай зүйлд холбогдож болохгүй –

-Оны шилдэг хуульчаар шалгарсанд тань баяр хүргэе. Хуульч, өмгөөлөгч болох таны багын хүсэл мөрөөдөл байв уу?

-Манай аавыг Ё.Ринзаан гэдэг. Монгол Улсын Гавьяат хуульч хүн. Аав маань МУИС-ийг төгсөөд Булган аймгийн Хуулийн хэлтсийн даргаар томилогдож, ажлын гараагаа эхэлж байсан. Булган аймагт олон жил үр бүтээлтэй ажилласны дараа Увс аймгийн хуулийн хэлтсийн дарга, аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байлаа. Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ээж маань эмч хүн байсан юм. Багадаа эмч болно гэж их боддог байлаа. Ахлах ангид орсон жилээ аавынхаа мэргэжлийг өвлөж, хуульч болохоор шийдсэн. Намайг хуульч мэргэжлийг сонгоход аавын минь хийж, хэрэгжүүлсэн ажил маш их нөлөөлсөн гэж боддог. Сонгосон мэргэжилдээ эзэн болж явахын төлөө өдөр бүр л хичээж явна даа.

 -Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил тань хуульч болоход нөлөөлжээ?

 -Тэгэлгүй яах вэ. Хүүхэд байхын л хуульч хүний зовлон, жаргалыг мэдэрч өссөн. Хуульч гэдэг бол нийгмийн эмч болсон мэргэжил. Би “Миний ажлын чиг үүрэг нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой” гэсэн үндсэн зарчмыг гэр бүлийн хүмүүжлээр олж авсан. “Зөв, зарчимч байр суурийг эрхэмлэж, алхам тутамдаа зөв түүхийг бүтээ” гэж аав минь захидаг. “Хуульч хүний хүүхэд хуудуутай зүйлд холбогдож болохгүй” гэж хэлнэ. Одоо ингээд хийсэн бүхнээ харж суухад аавынхаа захиж хэлсэн бүхнийг хэрэгжүүлэхийн төлөө хичээж явна гэж боддог. Нөгөөтэйгүүр хүн удам судраа маш сайн мэддэг байж, нэр төрийг нь өргөж явах ёстой. Миний аавын нагац ах нь нам төрийн удирдагч, нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх гэж хүн байсан. Тэр хүний улс төр, нийгэмд оруулсан хувь нэмрийг манай гэр билүүн гишүүн бүр хүндэтгэж, үйл хэргийг залгамжлах ёстой гэж хүүхэд байхаас минь зааж сургасан.

-Таныг хуулийн сургуулийн оюутан байхаасаа л олон амжилт гаргаж байсан гэж сонссон?

 -Манай сургуульд Монгол Улсын Гавьяат хуульч, УИХ-ын гишүүн асан С.Төмөр багш хичээл ордог байлаа. Тэр үед багш их завгүй, зөвхөн лекц унших гэж ирнэ. Семинарыг нь УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар багш орно. Дөнгөж I курсийн оюутан багш дээр очоод “Би илтгэл тавьж, мэтгэлцэж сурмаар байна” гэж хэлж байлаа. Тэгэхэд С.Төмөр багш эелдгээр хүлээн авч, “Одоохондоо багш нь зав чөлөөгүй байна. Гэхдээ би чиний хүсэл эрмэлзлийг хүлээн авч илтгэл яаж бичдэгийг зааж өгнө” гэсэн юм. Дараа долоо хоногийн хичээл дээр ирэхдээ “Судалгааны арга зүй” гэдэг ном авч ирж өгөөд “За чи ямар сэдвээр бичмээр байна” гэдэг байгаа. Дөнгөж I курсийн оюутан байж “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” сэдвээр бичнэ гээд хэлчихэв. Өөрөө багагүй юм бэлдсэн байсан болохоор тэр байх. II курстээ “Эврика” эрдэм шинжилгээний хуралд түрүүлж байлаа. Түүнээс хойш илтгэл, мэтгэлцээний тэмцээнд тогтмол оролцдог болсон. Төгсөх курстээ Монгол Улсын хуулийн салбарын “Оны шилдэг оюутан” болж байсан. Тэмцээн уралдаанд байр эзэлж, шагналын мөнгөө өөртөө зарцуулаад ирэхээр аав, ээжийнхээ санхүүгийн ачааллаас хуваалцаж эхэлсэн. Тухайн үед хоёр оюутны сургалтын төлбөр төлнө гэдэг төрийн албан хаагчдын хувьд амаргүй байсан байх. Энэ бүх хугацаа аливаа асуудалд онол, практикийг хослуулж ул, суурьтай ажиллах, судалгаа шинжилгээтэй ажиллах арга барил, дадлага туршлагыг өгсөн гэж боддог.

-Боловсролын салбарт цөөнгүй жил ажиллаж байгаа байх аа?

-“Улаанбаатар эрдэм” их сургуулиас гадна “Их Засаг” ОУИС-д хуулийн сургуулийн тэнхимийн багш, хууль зүйн салбарын декан, мөн сургалт эрхэлсэн дэд захирал зэрэг албыг хашиж ирсэн. Өнөөдрийг хүртэл 17 жил тасралтгүй боловсролын салбарт ажилласан байна. Мөн Монголын худалдаа, аж үйлдвэрийн үндэсний тэнхмийн дэргэдэх олон улсын Арбитрийн арбитрчаар арав гаруй жил ажиллажээ. Мөн Шийдлийн Засгийн газарт Ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан. Монголын Залуучуудын холбооны Хууль зүйн байнгын хорооны даргаар цөөнгүй жил ажилласан. Энэ бүх ажилласан он жилүүд Булгамаа гэдэг хүнийг хүний эрхийн төлөө зоригтой дуугарч, бусдын төлөө ажиллах эрч хүч, урам зоригийг өгсөн гэж боддог.

Мөн Шийдлийн Засгийн газарт Ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.

 -Гавьяат хуульч аавынхаа захиасыг биелүүлж, олны төлөө ажилласан гавьяаг тань үнэлж “Оны шилдэг хуульч”-аар шалгарууллаа. Шагнал гардаж байх үед юу бодогдож байв?

-Монголын хуульчдын холбооноос “Оны шилдэг хуульч” шагналыг авна гэдэг нэр төрийн хэрэг. Манай фирмийн хуульчид намайг эзгүйд энэ шагналд тодорхойлсон юм билээ. Яг шагнал авах мөчид дэлгэцэн дээр хүмүүсийн нэр гарсан. Харж суутал миний зураг, нэр гарч ирэхэд их гайхсан. “Өмгөөлөгчөө таныг тайзнаас зарлаж байна” гэж манайхан хэлэхэд нь итгээгүй. Нэр дэвшигч нарыг зарлаж байгаа байлгүй дээ гэж бодоод хэсэг суусан. Хэдийгээр шагналын төлөө ажиллаж байгаагүй ч тэр том шагналыг авч байгаадаа маш их баярласан. Шагнал аваад хамгийн түрүүнд аавдаа очсон. Баяр хүргээд үнсэх байх гэтэл “За миний охин зөв эхэлж байна. Цаашдаа маш олон хүнд тусалж, хүний эрх зөрчигдөхгүй байх тал дээр илүү олон зүйл хийх хэрэгтэй дээ” гэж сургаал хэлж, даалгавар өгсөн. Энэ шагнал сүүлийн хоёр жилийн турш охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үнэ төлбөргүй өмгөөлөл хийсний үр дүн гэж ойлгож байгаа.

-Таны хувьд нийгмийн эмзэг бүлэг, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө үнэ төлбөргүй өмгөөлөл хийдэг. Мөнгөнөөс татгалзаж, бусдын төлөө бүхнээ зориулах хүн ховорхон байх?

 -Мэдээж, өмгөөлөгчийн ажил амаргүй. Зүрх сэтгэлээсээ ажлынхаа гүнд орж чаддаг хүнийг өмгөөлөгч гэнэ. Амь, амьдралаа шийдүүлэх гэж надад хандаж байгаа. Тэр хүний амьдралыг сайн, сайхан байлгахын төлөө түүний зүрх сэтгэлийг мэдэрч, түүгээр амьсгалж байж үр дүнд хүрнэ шүү дээ. Миний өмгөөллийн дийлэнхийг охид, эмэгтэйчүүдтэй холбоотой хэрэг эзэлдэг. Мөн нийгмийн эмзэг бүлгийн болон хууль, шүүхийн байгууллагаар яваад хэрэг нь шийдэгдэхээ больж, “Хонгилын үзүүрт гэрэл асна гэж худлаа юм байна” хэмээн итгэл алдарсан хүмүүсийн хэрэг дээр ажилласан. Тодруулбал, нийт ажилласан хэргийн 30 гаруй хувь нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байсан. Дээрх хэргүүдэд ажиллахад олон хүчин зүйл нөлөөлсөн. Би эх хүн, эмэгтэй хүн. Эрэгтэй хүнийг бодвол гэмт хэргийн улмаас амь насаа алдсан, хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлыг илүү ойлгож, сэтгэл зүрхнээсээ ханддаг байх. Тэгэхээр зүрх сэтгэлээрээ үйлчлүүлэгчээ мэдэрч чаддаг нь миний онцлог болов уу. Ер нь бол манай бүх өмгөөлөгчид жилд тодорхой тооны хүнийг үнэ төлбөргүй өмгөөлж ажлаа үнэлүүлдэг. Хүчиндэх гэмт хэрэг ураг төрлийн шинжтэй болж, аюулын харанга дэгдээж байна

 -Гэмт хэргийн хохирогчидтой харилцаж, ойлголцоно гэдэг хэцүү биз?

 -Үйлчлүүлэгчдийн маань дийлэнх нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байсан. Аймшигт гэмт хэргийн золиос болсон охид, эмэгтэйчүүдтэй яг юу болсон тухай нь ярилцаж, ойлголцоно гэдэг тун амаргүй. Маш их цочирдсон, айсан, эргэн тойрныхноосоо ичсэн байдалтай, шоконд орсон хүнийг нээхэд асар их мэдрэмж, тэвчээр, хугацаа шаардагддаг. Жишээлбэл, “Оюутолгой” ХХК-д гарсан хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйг өмгөөлүүлэхээр гэр бүлийнхэн нь надад хандсан. Тэр хүний оюун санаа, орон зай руу нь нэвтэрч, ойлголцох гэж нэлээд хичээсэн. Чичрээд, уйлаад, нөхцөл байдлаа тайлбарлаж чадахгүй байсан. Тэгээд би “Маск” продакшны тоглолтын хоёр тасалбар аваад хамт үзэхийг санал болгосон юм. Тоглолт талаасаа өнгөрчихөөд байхад тэр маань инээдэггүй ээ. Би ч хажууд нь инээгээд байж чаддаггүй. Инээдтэй хэсэгт дэргэдэхээ бодоод тэсээд л байлаа. “Яах вэ” гэж бодож суутал тэр охин бага, багаар инээж эхэллээ. Инээмсэглэх төдий тэр үе надад ямар сайхан санагдаж байсан гэж бодно. Тоглолт дуусахад хоёулаа баахан инээлээ. Үйлчлүүлэгч маань “Өмгөөлөгчөө өмнө нь ярьж чадаагүйд уучлаарай. Сайхан тайвширлаа. Хоёулаа хамт алхах уу. Би юу болсон талаар танд хэлж өгье” гэв. Ингэж л түүнд тохиолдсон бүхнийг сонсож, ярилцаж байсан юм.

-“Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэрэг дээр харуусан уйлснаа та ярьж байсан. Өмгөөлөгчөөр ажиллах явцад өр эмтрэх зүйлтэй цөөнгүй таардаг бололтой?

-Амиа алдсан 13 настай охины аав шүүх хурал дээр уйлахыг хараад дагаад уйлчихсан. Эцэг хүн, эрэгтэй хүн хажууд уйлах сэтгэл өвдөм юм билээ. Сая Хэнтий аймагт болсон гэр бүлийн хүчирхийллийн шүүх хурлын үеэр мөн л тэсэлгүй уйлсан. Маш олон сэтгүүлчид энэ талаар ярилцлага, сурвалжилга авахыг хүсдэг. Би хувьдаа татгалздаг. Яагаад гэвэл, хүчирхийллийн тухай дэвэргэж ярих тусмаа ёс суртахуунгүй, сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүст сэдэл өгч байдаг. Төрсөн аавдаа хүчиндүүлсэн охины хэрэг дээр ч ажиллаж байлаа. Энийг би зарлаад байх шаардлага байхгүй. “Өө ийм хэрэг гарч, төрсөн охиноо ч хүчиндэж болдог юм байна” гэдэг бодол архи уусан согтуу эцгийн толгойд орж ирвэл яах вэ. Тоо баримт дурдвал, сүүлийн жилүүдэд хүчиндэх гэмт хэргийн 86 хувь нь ураг төрлийн шинжтэй болсон.Энэ бол маш том аюул, хамгийн аймшигтай, жигшим явдал. Төрсөн аав нь, хойд аав нь, нагац ах нь, хамар хашааны ах нь гэх мэтчлэн хүчингийн хэрэг үйлдэгч хохирогчтой маш ойр байдаг. Яагаад эрэгтэй хүмүүсийг онцолж байна вэ гэвэл, хүчингийн гэмт хэргийн хохирогчдын 98 хувь нь охид, эмэгтэйчүүд байдаг. Үлдсэн хоёр хувь нь эрэгтэй хүн байдаг. 2017 онд найман эрэгтэй хүүхэд хүчиндүүлж байсан бол 2018 онд 12 болж өссөн.

-Хэнтий аймагт болсон гэр бүлийн хүчирхийллийн хэргийг та өмгөөлсөн. Шүүх хурлын үеэр охиныхоо үгийг сонссон аав нь буруугаа хүлээсэн гэдэг байх аа?

-Миний өмгөөлж байсан онцлох хэрэг гэвэл, яалт ч үгүй Хэнтий аймагт болсон гэр бүлийн хүчирхийлэл. Тодруулбал, Хэнтий аймгийн иргэн архидан согтуурч, эхнэрээ зодсон. Хэдийгээр хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч долоо хоногийн дараа нас барсан байдаг. Шүүх эмнэлгийн дүн “Зодуулсан нь амь насаа алдахад хүргээгүй. Элэгний өвчнөөс болж нас барсан байна” хэмээн гарч, гэмт хэрэгтэн хөнгөн гэмтэл учруулсан болж, 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хааж байхад жүжигчин Б.Навчаа хохирогчийн охиныг дагуулж ирсэн. Талийгаачийн охин жүжигчин Б.Навчаад фэйсбүүкээр хандаж, тусламж гуйсан учраас хамт ирсэн нь тэр юм билээ. Тэгээд би үнэ төлбөргүй өмгөөлөхөөр болсон. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гэмт хэрэгтэн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг тогтоохоор ажилласан. Шүүх хурал маш хүнд болсон. Ээжийгээ алдсан охины хэлж байгаа үгийг сонсоод, танхим тэр чигтээ чимээгүй болоход өөрийн эрхгүй нулимс дусалдаг юм билээ. Ээжийнх нь толгой руу хадаастай банзаар цохисон аав нь шүүх хурал дээр “Би цохисон нь үнэн. Хадаас зоогдсон газраас жаахан цус алдсан. Гэхдээ энэ үйлдэл үхэлд хүргэсэн гэж бодохгүй байна” хэмээн тоох ч үгүй хэлж зогссон. Охиноо үг хэлсний дараа гэмт хэрэгтэн гэм буруугаа хүлээж, 16 жилийн ял авсан. Энэ бүхний эцэст хөөрхөн гурван охин хохирч үлдсэн юм. Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна.

-Шударга үнэний төлөө гал цогтой тэмцэнэ гэдэг сайхан хэрэг. Өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцохдоо ялагдаж байсан тохиолдол танд бий юу?

-Ялагдаж байсан тохиолдол одоохондоо алга. Харин сэтгэл зовнисон буюу шийдэгдээгүй удсан хэрэг бий. Нэгдүгээрт, 2019 оны тавдугаар сарын 30-нд “Өргөө” амаржих газарт хүүхдээ төрүүлэхээр очсон 37 настай эмэгтэй, ургийн хамт амиа алдсан хэрэг байна. Хоёрдугаарт, 2018 оны аравдугаар сарын 25-нд болсон загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэрэг. Охид, эмэгтэйчүүдийн хэргээс гадна олон хэрэг дээр ялалт байгуулж байлаа. Тухайлбал, гадны нөлөөгүй гэж хуулийн байгууллагаас олон нийтэд зарлаж байсан Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаад амиа алдсан цэргийн хэрэг аймгийн Анхан шатны шүүхээр гадны нөлөөтэй нь тогтоогдож, хэрэгт хамаарал бүхий этгээд хуулийн хариуцлага хүлээсэн. Мөн 2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сум Эмээлтэд зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн гурван хүүхэд, дөрвөн том хүн амиа алдсан хэрэгт хохирогчийн өмгөөлөөгчөөр ажиллаж байна. Түүнчлэн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн найман эмэгтэй, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон насанд хүрээгүй 12 хүүхдэд, мөн ажлын байрны бэлгийн дарамтын хохирогч болсон зургаан эмэгтэйг өмгөөлж, хууль зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн.

-Хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсаар байна. Хуульч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

 -Гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийн гүнд ороход хууль зүйн зохицуулалтыг эргэж хармаар байна. Жишээлбэл, хүчирхийлэл үйлдсэн хэргээр арван хоног хоригдсон эцэг шоронгоос гараад хэзээ ч сайхан аашлахгүй. “Та нар намайг барьдаг, хорьдог хэн бэ” хэмээн араатан шинж гаргаж, дахин маргаан үүсгэдэг. Хууль зүйн байнгын хорооны дарга “Гэр бүлийн хүчирхийллийн хууль гарснаар энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 40 хувь болж өссөн” гэж хэлэхийг би нэг биш удаа сонссон юм. Илэрч байгаа нь сайн хэрэг боловч илэрсний ард үүсээд байгаа үр дагавар юу вэ гэдгийг хууль тогтоогчид олж харахгүй байна. Миний харж байгаагаар бид гэр бүлийн хүчирхийлэл юунаас болов гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ийм нөхцөл байдлыг бий болгохгүйн төлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээнд төрийн бодлого чиглэгдмээр байна. Түүнээс биш нөхрийг нь аваачаад цагдан хориод байдаг нь зөв гарц биш. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд дийлэнхдээ бие махбодын хүчирхийлэл үйлддэг бол эмэгтэйчүүд эсэргээрээ оюун санааны хүчирхийлэл үйлддэг. Үргэлж загнах, үглээд байхаар эр хүн тэсгэл алдаж, буцаагаад бие махбодын хүчирхийлэл үйлддэг. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд хуулиар зохицуулж болох, болохгүй харилцаа гэж өөр, өөр ойлголтууд байна. Зан заншлын холбогдолтой харилцааг гэр бүлд нь үлдээх хэрэгтэй байх. Аав нь хүүдээ хатуу үг хэлж чадахаа больчихсон цаг үед бид амьдарч байна. Жаахан хатуу үг хэлэхэд, хүүхэд нь 102-т дуудлага өгдөг, хүүхэд чангахан уйлахад хажуу айл нь цагдаа дууддаг болчихсон. Бид хэтэрхий хувийн орон зай руу нь орохгүй, гэр бүлийн нандин харилцааг өөрсдөд нь үлдээж, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх ёстой. Эцэст нь хэлэхэд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гарснаараа энэ төрлийн гэмт хэрэг багасаж байгаа гэх боловч бодит амьдрал дээр төдийлөн эерэг үр дүнд хүрэхгүй байна. Энэ хууль гэр бүлийн аз жаргалд чиглэгдэх учиртай. Салж сарниж, бие биедээ гэмтэл учруулснаар эрүүгийн хариуцлага хүлээдэг байдал газар авах ёсгүй. Тийм учраас эргэж хармаар, нягталмаар олон заалт байна.

2020 он

 


ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-01 14:12:56
    zochin: tan schig chun olon baigaasaa mongold min !!! , tand ajliin ich amjilt chusei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-23 16:31:48
    Zochin: Amjilt hvsie
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188