Хааяахан тухалж, өдрийн тэмдэглэл голцуу бичдэг гэж боддог энэ ширээний ард суухаараа би онцгой, нандин дурсамж амьдралд минь үлдээсэн хүмүүсийнхээ тухай хааяа хааяахан боддогоо анзаарав.
...Яасан ч олон хүний хайр энэрэл, гэрэл гэгээ, түшиг тулгуураар өнөөдрийг хүрээв дээ, би. Гол нь тэдэндээ ганцын зэрэг ч болтугай тус нэмэр болж чадсан сан бил үү...
НЭГ
...Намайг багад нэлмийсэн том том ширхэгтэй цас Баруунхарааг нэвсийтэл, нэлэнхүйд нь дарж ордог байж билээ. Энд бол нарийхан ширхэгтэй, хуйсагнуур гэж жигтэйхэн цас ихэвчлэн шуурч будардаг. Цасны орон гэхэд ч багадахаар Сэлэнгэд өссөн надад цас ингэж орох нь чамлалттай санагддаг ч дурсамж, дурдатгалын минь цүнхээлийг хангалттай “төнхөж” дөнгөдөг билээ... Гадаа цас бударч байна.
...Одоогоос есөн жилийн өмнө. “Үндэсний шуудан” сонины мягмар гарагийн дугаар буух гээд редакц урьдын л адил яав гэмээр хөл хөдөлгөөнд орж, надаас эхлээд болдог бол компьютер рүүгээ “шургаад” орчих нь уу гэлтэй толгой өндийх сөхөөгүй суутал “Март тэнд сууж байна” гэх яриа дуулдлаа. Хаалганы тэндээс сүрхий танимхайран инээмсэглэсээр дөхөж яваа шавилхан шар өвөөгийн малгайн цас арилаагүй байлаа. Шийдэмгий гэгч нь чиглэж ирээд “За сайн уу, Март аа. Ахыг нь Равдандорж гэдэг. Чамтай танилцахаар ирлээ. Гадаа цас ороод гоё ч байна, хүйтэн ч байна” гээд гар барьснаар бид үүрдийн танилууд болсон билээ.
...Равдан ах тэгж ирэхдээ тус бүр нь 100 хуудастай дөрвөн хавтас дүүрэн сонины хайчилбар авчирсан. Олонх материалын эхлэлийг бичгийн цаасан дээр гараараа нөхөн бичиж, нямбайлан нааж, бүрэн бүтэн болгоод хавтасласан байлаа. Үг, үсэг бүрийг нь гаргацтай бичих гэж хэчнээн хичээсэн нь, нэг материал битгий хэл ширхэг мэдээ ч үлдээлгүй бүтэн есөн жилийн “ажил”-ыг минь тэнд цуглуулсан байлаа. Бүр огт танихгүй надад зориулж, зөвхөн миний материалуудыг цуглуулах гэж, бүрэн бүтэн болгох гэж, ажилласан сонин бүрийг минь захиалж, алдсан зарим дугаараа нөхөхийн тулд Төв номын сан, Архивын ерөнхий газарт удтал сууж, техникээр хуулбарлах боломжгүй хэсгийг нь тийн гараар бичдэг байжээ...
...Яагаад, яах гэж...
...Биеийн хамаг шар үс босож, баярлах гайхахын завсарт инээхээс өөрийг хийж чадахгүй тэнэг болчихож билээ. Миний бүтээлүүдээр дүүрэн хуудаснуудыг цааш нааш эргүүлэнгээ “Ах нь чиний сурвалжилга, ярилцлага, нийтлэлүүдийг ялангуяа амьтны тухай бичвэрүүдийг чинь унших дуртай. “Өдөр тутмын сонины энэ их ажлын дунд гүйж яваад өөртөө нэг ч архивгүй хоцорч байгаа” гэж бодоод чиний өмнөөс архивыг чинь бүрдүүлээд л байлаа. “Хэзээ нэг өдөр чамтай танилцаж, энэ хэдэн хавтсаа өгнө дөө” гэж боддог байсан ч тэр өдөр нь өнөөдөр байна гэж хэн санах вэ. Энэ цас л намайг нааш хөтөллөө. Цонхоор хартал цас орж байна. Юу юугүй л “Одоо цаг нь болсон” гэж бодогдоод эднийгээ сугавчлаад нааш алхчихлаа” гээд цонх руу харснаа “Эднийг чамд өгснөөрөө энэ архиваа зогсоож байгаа хэрэг биш шүү. Ах нь үргэлжлүүлээд л хадгалаад байна. Дараагийн шинэ хавтсаа нээгээд л хадгалаад байна. Чи бичээд л байвал миний ажил ундраад л байна гэсэн үг” гээд бүр нэг баяр дүүрэн хэлснээ “Би чамаас мөнгө төгрөг, элдэв тусламж, хариу огт авахгүй. Чи намайг битгий буруугаар ойлгоорой. Чиний материалуудыг цуглуулах гэж ах нь гурван жил чамтай эчнээ танил явлаа. Миний хувьд чи миний охидын л нэг гэсэн үг. Ах нь таван сайхан охинтой. Энэ бол цэвэр сайн дурын ажил. Чамд хожим хэрэг болно” гээд нөгөө их дүрэлзэн гэрэлтэж байсан харц нь зөөлөрснөө “Энэ бол миний хобби. Ах нь ямар нэг амьтны тухай ч юм уу, Чингис хааны талаарх ч юм уу бүх мэдээллийг төрөлжүүлэн цуглуулах хоббитой хүн. Эхлээд амьтны тухай бичвэрүүдээр чинь чамайг таньдаг болоод, яваандаа чиний бичсэн бүх материалыг унших дуртай болсон. Тэгж байтал хар аяандаа архив үүсчихэж байгаа юм. Тэднийг зүгээр нэг сонин биш, чамд хэрэгтэй юм болгоё гэж санаад цуглуулж хавтасласан л төдий” гээд амьсгаа авав. Би багадаа хамгийн баяр хөөртэй үйл явдал, учрал тохиолоо эсвэл шалгалтаа хэрхэн сайн өгч, онц дүн авснаа ээждээ яг ингээд нэг амьсгаагаар нэг бүрчлэн дуржигнуулдаг байж билээ. Яагаад ч юм яг тийм догдлол, сандрал, сайхан зүйлээ хуваалцаж, бусдыг баярлуулах гэх хүсэлтэй минь түүний ийн ярих нь ижилхэн санагдсан билээ. Яах учраа олохгүй дэмий л “Тийм үү, яасан гоё юм бэ. Аанхаа, баярлалаа танд” гэхээс өөр юм хэлж чадахгүй мэлэрч зогстол “Эрэн сурвалжлах чиглэлийн сурвалжилга, нийтлэлүүдээ их болгоомжтой, маш хянамгай бичээрэй. Цаг цөвүүн болсон. Энэ томчууд яаж ч мэднэ. Зарим сурвалжилгыг чинь уншаад айх юм. “За, нөгөө охиныг чинь айлгаж, сүрдүүлээд зовоочих вий дээ. Энд тэнд аваачаад алаад хаячихаагүй байгаа даа” гээд үглэхээр хөгшин маань “Арай ч үгүй байлгүй дээ” гэдэг юм. Тэгж байтал сонин дээр материал чинь гарсан байхаар баярлаад л ирж байгаа юм шүү дээ” гэхэд нь зогтуссан билээ. “Огт танихгүй миний төлөө санаа зовсон байх нь шүү дээ, уншигчид маань ингэдэг юм байна даа” гэсэн бодол зурсхийх зуурт “За ах нь ингээд буцъя. Харанхуй болчихвол юм харахгүй бүдчиж унаад сүйд болно. Ахдаа утасны дугаараа энэ цаасан дээр бичээд өг. Эднийг чамд ингээд албан ёсоор гардуулж өгч байгаа юм шүү” гээд дөрвөлжилж бэлдсэн цаас өгөнгөө хавтаснуудыг ширээн дээр тавьлаа. Тэгээд бас болоогүй энгэрийн халаасаа ухан мөнгөлөг өнгөтэй үзэгний сав гаргаж ирснээ “Энийг чамд зориулж авсан юм. Сэтгүүлч хүнд сайн үзэг хэрэгтэй” гээд үзэг бэлэглэв. Балмагдаж, сандарсан би дугаараа бичиж өгөөд, олигтой ч баярлалаа, баяртай гэсэн юмгүй хөөрч догдолсоор үлдсэн сэн. Р.Равдандорж ахыг редакциас гарав уу, үгүй юү ажлынхан миний ширээг бүчин авч, зарим нь өнөөх дөрвөн хавтсыг хуудас хуудсаар нь хурдан хурдан эргүүлж, “Ямар гоё юм бэ. Ийм мундаг уншигч байдаг байх нь ээ. Март ёстой азтай юм аа” гэхээс өгсүүлээд намайг сэхээ авах зайгүй хөөрцөглүүлж орхисон билээ.
...Орой нь хариад хавтсаа хуудас бүрээр нь эргүүлж, материал болгоноо харлаа. Миний хүнд битгий хэл өөртөө ч гаргаагүй сэтгэл тэр хавтаснуудад шингэснийг хуудсыг нь эргүүлэх тусмаа мэдэрч, баярлахаасаа илүүтэй “Орчлонд ийм хүн үнэхээр байдаг гэж үү. Огт танихгүй хүний төлөө ингэж хөдөлмөр, цаг, мөнгөө зориулдаг гэж үү. Зүгээр л хобби нь гэхэд хоббиноос давсан хобби биш гэж үү. Миний өөрөө ч тоогоогүй сурвалжилгыг минь бүтэн байлгах гэсэндээ хэдэн хуудсаар нь хуулж бичсэн байна шүү дээ. Энэ хүн ямар учиртай хүн юм бол. Яагаад заавал миний материалуудыг гэж” гэх түмэн асуулттай үлдэж билээ. Тэгээд л “Өөрийнхөө дугаарыг бичээд зогсож байхын оронд өөрийнх нь утсыг авах минь яалаа даа” хэмээн өөрийгөө зэмлэж, утасныхаа дуудлага бүрийг “Равдандорж гуай байгаасай” хэмээн авч байсан тэр өдрүүдийн хүлээлт дэндүү урт байж билээ. Нэг өглөөний шуурхайн дараа “Равдан ах сонин уншиж байгаа бол өнөөдөр л залгах ёстой доо” гэж яагаад ч юм бодож суутал үнэхээр залгаж байна шүү.
-“Энхмарт мөн үү. Равдан ах нь байна аа” гэнгүүт нь л
-“Би харин дээр таны дугаарыг аваагүй. Энэ таны дугаар мөн үү” л гэлээ.
-Мөн мөн, чиний өнөөдрийн бичвэр... гээд л бид нэлээд удаан яриад, би удахгүй гэрт нь зочлохоо, асуух юм цөөнгүй байгаагаа хэлээд “Одоо ингээд хоёулаа байнга яриад байсан ч болохоор боллоо” хэмээн инээлдсээр утсаа салгав.
Бидний утсаар ярьсан анхны яриа анхны уулзалт шигээ л баяр хөөр, догдлол, жаргалаар дүүрэн байлаа. Тэр цагаас хойш Равдан ахтайгаа дотно танилцаж, гэрт нь зочилж, манайхаар ч орж гарсаар бидэн жаргал, зовлонгоо хуваалцдаг болж, бүл улсууд шиг сайхан ижилдсэн дээ.
...Танилцсанаас таван жил гаруйн дараах бидний яриа. “Сайн уу, та. Бие нь сайн уу. Та бүр ярихаа байж ээ, тань руу залгахаар утсаа ер авахгүй юм” гэсэнд “Аан, энэ утас зээ охинд байдаг болсоон. Миний чих улам хатуураад, аппарат л хийхгүй бол юм дуулахаа байсан. Сураагүй болохоор энийгээ чихэндээ байнга байлгаад байж чадахгүй юм. Ах нь хэд хоног сувилалд байж байгаад ирлээ. Бие нь сайн биз дээ. Ээж, аав нь сайн уу. Гэрийнхэндээ мэнд хүргээрэй. Хүрлээ та хоёр ойрноос манайхаар нэг хүрээд ирээч. Танай хоёр жааханд охиноороо хослол оёулсан юм. Багадахаас нь өмнө ирж ав. Энэ биеийг хэд хоног харзнаад болохгүй бол ахиад сувилалд хэвтүүлнэ гэнэ. Намайг үзэг, цаастай зууралдуулахгүй гээд хамаг юмыг маань дунд охин гэр рүүгээ аваад явчихаж. Өдөртөө их уйдах юм аа, шөнө нойр хүрэхгүй. Ингэж байсаар ядарчих юм. Өнөө муу хөл бүр явахаа байсан. Алхахаар төмөр хөл нь махангаа нухаад, алхахгүй болохоор махан хөл нь чилээд инээдтэй л болчихдог юм байна, нас явахаар. Тэгээд л эмнэлгээс эмнэлэг дамжаад явахгүй юу. Гэхдээ ах нь алзахгүй, дажгүй байна аа...” гээд өөр юуны ч тухай билээ хэсэг хөөрөлдөж байгаад хэн хэнийх нь санаа амраад утсаа салгасан. Түүнээс хойш утас руу нь хэчнээн залгаад авахгүй, холбоо тогтоож чадахгүй явсаар орчлонгийн өдөр хоног цахилгааны тоолуур аятай “гүйсэн” байдаг.
...Одоогоос хоёр жил орчмын өмнө нүүр номоос “Равдандорж ах маань өвчний улмаас үүрд одлоо” гэх утгатай гашуудлын үгс уншчихаад уйлж сууснаасаа хойш ачит өвгөн ахынхаа тухай “Равдан ах минь байсан бол...”, Равдандорж гуай маань тэгдэг байж билээ...” гэх зэргээр хөнгөхөн бодож, хааяахан ярина уу гэхээс хамт байсан, инээлдэж суусан, хоёулаа нийлээд Хүрлээг цаашлуулсан шооч яриа, бүх насаа цэрэг, армид зориулсан хурандаа цолтой төдийгүй Л.Дандар Д.Нянтайсүрэн тэргүүтэй баатруудтай дайн болсон газраар арав гаруй хоног явж, “гранат” дэлбэлж асан тухай нь сонсож, хөгшнийг нь бурхан болсны дараа түүнд зүгээр л хань болох гэж гэрт нь байн байн очдог байсан минь, “Гэртээ ганцаараа байхаар хэцүү юм” гээд хүүхдийнх рүүгээ нүүснийг нь мэдэхгүй “Ингээд л бүр мөсөн явчихлаа гэж үү” хэмээн хуучин гэрийнх нь үүдэнд сандарч зогссоноо, байрны найрны маань хүндтэй зочин болж уригдан ирээд жаахан халамцчихаад “Насны хожимд сайн хүүхдүүдтэй учирсан хүн дээ, ах нь...” хэмээн нулимс дуслуулан бардамнаж зогссоныг нь, номоо хэвлүүлчихээд анхныхыг нь “Ивээн тэтгэсэн та хоёртоо халуунаар нь өвөртлөөд ирлээ” гээд ороод ирж байсныг нь, зусланд маань зочлоод, гурав хонохдоо “Дараа ирэхдээ зээ нараасаа дагуулж ирж, танай хоёртой найзлуулна аа” гээд инээж суусныг нь, бага насныхаа тухай “Миний бага нас Бавуугийн Лхагвасүрэнтэй хамт ихэр юм шиг ижилдэж өнгөрсөн. Ах нь Лхагваатайгаа ёстой бөөсгийгөөрөө тоглодгоос нь бүх ард түмний Хөдөлмөрийн баатар болтол нь бүх цаг хугацаанд нь хамт байлаа даа” хэмээн нөхрөө дурсан шүүрс алдаж суусан нь, надтай уулзах гэж яарахдаа Ардын эрхийн шар байрны гурван давхар руу муу хөлөө өвдөхийг ч анзаарах сөхөөгүй, малгайн цасаа хайлахаас урьтаж, харайлгаж орж ирснийг нь... гээд үйл явдал бүрээ нэгжин бодож зүрхлэхгүй өнөөдрийг хүргэсэн билээ.
...Өдгөөгөөс есөн жилийн өмнө Равдан ахын надтай анх танилцахдаа харж зогссон, он цагт онгож, гандсан цонхны цаана өнөөх нарийхан ширхэгтэй цас хуйсагнан лавссаар л байна.
...80 насыг хол давсан, шавилхан шар буурал аль насны учрал ерөөлөөр намайг охин шигээ хайрлаж, надад санаа зовж, миний өмнөөс баярлаж, надад зориулан юугаар ч үнэлэшгүй архив үүсгэж, миний тухай надад ярихдаа догдолж, гавьсан зүйлгүй, олигтой ч баярлаж чадахгүй над шиг хүнтэй танилцахдаа тийн хүүхэд шиг жаргалтай байсан юм бол доо гэж бодохоор зүрх сэтгэл баяр хөөрөөр эсвэл нэг их гунигаар дүүрэх шиг болох юм...
...Одоо бодоход Равдан ах минь хамт байхаар орчлонд зөвхөн сайн сайхан л байдаг гэж итгэмээр гэгээн, хүний мөн чанарыг өөрөөрөө гэрэлтүүлэн тодотгодог, гайхмаар үнэн, үнэнч, амьдралын ямар ч үед даруухан, дөлгөөхөн инээмсэглэж, хоббидоо ч юм уу, ер хэнд ч өөрийгөө бүтэн зориулдаг ер бусын гайхамшигт нэгэн байжээ...
ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ |
|
2025-08-26 19:15:30
2025-08-26 17:53:55
2025-08-26 17:32:06
2025-08-26 17:15:28
2025-08-26 17:12:38
2025-08-26 15:59:32
2025-08-26 15:32:22
2025-08-26 15:01:26
2025-08-26 14:50:52
2025-08-26 14:30:19
2025-08-26 13:35:01
2025-08-26 13:19:21
2025-08-26 10:56:18
2025-08-26 10:47:23
2025-08-26 10:37:35
2025-08-26 10:12:40
2025-08-26 10:04:06
2025-08-26 10:00:00
2025-08-26 09:59:45
2025-08-26 09:42:46
2025-08-26 09:11:08
2025-08-26 07:20:00
2025-08-26 07:10:00
2025-08-26 07:00:00
2025-08-26 07:00:00
2025-08-26 07:00:00
2025-08-26 07:00:00
2025-08-26 07:00:00
2025-08-26 07:00:00
2025-08-25 17:29:54
2025-08-25 17:26:49
2025-08-25 16:53:56
2025-08-25 16:20:42
2025-08-25 16:07:03
2025-08-25 15:48:23
2025-08-25 14:52:19
2025-08-25 14:37:22
2025-08-25 14:19:29
2025-08-25 13:50:19
2025-08-25 13:47:50
2025-08-25 13:17:56
2025-08-25 13:07:31
2025-08-25 12:37:23
2025-08-25 12:36:00
2025-08-25 12:04:32
2025-08-25 09:49:58
2025-08-25 09:46:31
2025-08-25 09:10:42
2025-08-25 09:03:52
2025-08-25 08:12:42
2025-08-25 07:50:00
2025-08-25 07:40:00
2025-08-25 07:30:00
2025-08-25 07:20:00
2025-08-25 07:10:00
2025-08-25 07:00:00
2025-08-25 07:00:00
2025-08-25 07:00:00
2025-08-25 07:00:00
2025-08-25 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |