“...Нээх их цас шуурсан өдөр намайг "Шалган дээр дуудаж байна" гэхээр нь яваад очлоо. Гэтэл Ц.Итгэл өмгөөлөгч тухайн үеийн “Ганц худаг”-ийн дэд дарга байсан Баярсайхан, төлөөлөгч Эрдэнээ нартай хамт зогсож байсан. Тэд ярилцаж байгаад намайг ээжийн минь газар дээр аваачих шийдвэр гаргаад ирсэн нь тэр. Хөл минь дөнгөтэй, гар минь гавтай намайг хоёр төлөөлөгч "УАЗ-69" машины хойд руу өргөж суулгаад, Далан давхар руу очиж байсан юм. Тэр их цасан шуурган дунд би дөнгөтэй ч гэсэн дэгэнцсээр ээжийнхээ шарилыг гурав тойрч байлаа. Тэгэхэд төрийн цагдаа намайг хараад уйлж байсан. Харин Ц.Итгэл өмгөөлөгч "Ээжийнх нь шарил дээр уугиулах арц авчирсан" гээд надад өгч байсныг нь би хэзээ ч мартдаггүй” хэмээн “90 сая-“ын хэргээр ял эдэлж байсан Б.Гансүх дурссан байдаг.
Энэ бол Ц.Итгэл өмгөөлөгчийг чадварлаг, туршлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байсныг нь төдийгүй сайхан сэтгэлээрээ мянга мянган өмгөөлөгч, хуулийн байгууллагынхнаас ялгарч, онгойрч, олонд хүндлэгдэж явсных нь зөвхөн нэг жишээ билээ. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ итгэл найдварыг олж, хэргийг нь нарийн задлан шинжилж, ялалт байгуулахаас гадна тэднийхээ “ээж", “эгч”, “найз”, үнэнч итгэл нь болдог юм байна гэдгийг Ц.Итгэл өмгөөлөгчийн хүнлэг, энэрэнгүй мөртлөө нухацтай, найдвартай зан чанараас олонтаа харагддаг. Б.Гансүхэд тэгж их сэтгэл гаргаж байсан шигээ тэр өөрийг нь зориод ирсэн хэн бүхэнд нэг сэтгэлээр хандаж, хэргийг нь үнэгүй өмгөөлж, ялыг нь хөнгөлж, заримыг нь цагаатгуулж чадсан гавьяатай өмгөөлөгч нарын нэг байсан юм. Хуулийн байгууллагад 50 гаруй жил ажиллаж, олон хүний амьдрал, хувь заяаг нь шийдэлцэж, үүрэлцэж явсан түүний бага охин Ц.Дунжидтай ээжийнх нь тухай ярилцлаа.
-Таны ээж өмгөөлөгчөөр ажиллахаасаа өмнө цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар олон жил ажилласан дэд хурандаа цолтой хүн байсан юм билээ. Бас Монголын анхны эмэгтэй мөрдөн байцаагч болж байсан гэдэг. Ээжийнх нь цагдаа болж байсан үеийнх нь дурсамж, түүхээс ярилцлагаа эхлүүлэх үү?
-Ээж минь Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байгаад өвчний улмаас сургуулиасаа шилжиж, Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангид суралцаж, төгссөн байдаг. Ээжийг сургуулиа онц төгсөхөд нь Улсын дээд шүүхэд хуваарилсан юм билээ. Гэтэл аав яг тэр үед нь Анагаах Ухааны их сургуулиа төгсчихөөд, Зүүнхараад мэс заслын эмчээр томилогдож таарсан гэдэг. 1962 онд том ахыг хоёр сартай байхад нь аав ээж хоёр минь Зүүнхараа руу ажиллаж, амьдрахаар явсан байдаг. Ээж Зүүнхараагийн Цагдан сэргийлэх хэлтэст цагдаагийн дэслэгч цолтой ажил, хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн юм билээ. Тэр үед эмэгтэй цагдаа, эмэгтэй мөрдөн байцаагч огт байгаагүй учир ээж минь Монголын түүхэнд анхны эмэгтэй мөрдөн байцаагч болж байсан. Тэр утгаараа “Анхдагч эмэгтэйчүүд” номонд намтар түүх нь бий. Харин аав, ээж минь зургаан жилийн дараа Зүүнхараагаас Улаанбаатар хотод шилжин ирээд, ээж Улсын мөрдөн байцаах газарт Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж, Аав УБТЗ-ын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж эхэлсэн. Сүүлд ээж минь Хан-Уул дүүргийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан даа.

/Зүүнхараад мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа/
-Тэтгэвэртээ гарчихаад хоёр жилийн дараа өмгөөлөгч болсон юм билээ. Ээж нь өмгөөлөгч болчихоод анх ямар хэрэг дээр ажиллаж байсан бол. Хүмүүсийн сайн мэдэх хэргүүдээс нь та дурдаж болох уу?
-Ээжийн өмгөөлөгч болчихоод ажилласан анхны хэрэг нь дөрвөн шуудай нүүрс хулгайлсан гэх хэрэг байсан. Ээж хэргээ сайн шалгахын тулд нойргүй хонож, шүүхийн үүдэнд очихдоо сандарч байсан гэдэг юм. Ээжийн өмгөөлж байсан хэргүүдээс хүмүүсийн сайн мэдэх нь “90 сая”-ын Б.Гансүхийн хэрэг. Мөн эхнэрээ хөнөөсөн гэгдэж байсан гавьяат жүжигчин Б.Сүххуягийг өмгөөлж, хэргийг нь хэрэгсэхгүй болгуулж байлаа. Хоёр эмэгтэй нийлж байгаад гурилын ченжийг хөнөөсөн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Бас гэр бүлийнхээ таван хүнийг хөнөөсөн Баярбатыг эхнэр Энхжаргалынх нь хамт өмгөөлж байсан юм. Тухайн үед Баярбатад цаазаар авах ял оноож, эхнэрийнх нь хэрэг хэрэгсэхгүй болж байсан юм. Мөн Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон хурандаа нарыг өмгөөлж байлаа. Ээж минь тэдгээр хэргүүд дээр ажиллаж байхдаа огт завгүй байдаг байлаа. Заримдаа оройтож ирнэ, шөнөжин материалаа уншаад, нягтлаад суучихдаг тийм л нягт, нямбай хүн байсан. Гэхдээ гэртээ ирээд хэргийн талаар нэг ч ярьдаггүй, ярихгүй гэдгийг нь бид мэддэг болохоор асуудаггүй байлаа даа. Одоо бодоход тэр нь мэргэжлийн ёс зүй, хүний нууцыг хадгалдаг чанар нь байжээ гэж ойлгодог. Манай ээж ер нь ажлаа маш их хүндэлдэг хүн байсан. Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа ч, өмгөөлөгч болсныхоо дараа ч нэг л зарчимтай байсан нь шударга байх. Ээж минь олны танил хүмүүсийн хэрэг дээр ажиллаж байсан ч хэзээ ч хүний асуудлыг сенсаци болгож ярьдаггүй байсан. Хуульч хүн хүний хувь заяаг хүндэтгэх ёстой, хүний хувь заяатай холбоотой ажил хийж байгаа хүн зарчимтай байх ёстой гэж үздэг байсан. Ээж маань аливаа хэрэг дээр хүнийг урьдчилж дүгнэх ёсгүй, хамгийн гол нь, хууль, баримт, үнэн дээр тулгуурлах ёстой гэж их ярьдаг байлаа. Зарим хүн өмгөөлөгчийг зөвхөн хүн өмөөрдөг хүн гэж ойлгодог. Харин ээж маань “Өмгөөлөгч хүн бол хуулийн дагуу хүний эрхийг хамгаалдаг хүн” гэж хэлдэг байсан нь санаанаас гардаггүй юм. Ээж минь ийм л зарчмаар хуулийн байгууллагад 50 гаруй жил бие, сэтгэлээ зориулсан хүн дээ.
-Ээж нь мөрдөн байцаагчаар ажиллаж байсан төдийгүй цагдаагийн байгууллагын үе үеийн дарга нарын багш байсан юм билээ. Хэдэн оноос багшилж эхэлсэн юм бэ?
-Ээж 1974 онд цагдаагийн хэсгийн байцаагч нарыг бэлтгэх анхны курст багшаар томилогдон аймаг, хотын хэмжээнд анхны хэсгийн 45 байцаагчийг бэлтгэж байсан. Мөн 1974 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Нийгмийг Аюулаас хамгаалах Яамны цэргийн тусгай дунд сургууль байгуулагдахад анхны эмэгтэй багшаар ажиллаж эхэлсэн. Тус сургуульд эрүүгийн байцаан шийтгэх эрхийн багшаар ажиллаж байхдаа сонсогч нартаа мэдлэг боловсрол олгохоор тусгай кабинет байгуулан бодит үзүүлэн хийж түүнийгээ бататгахаар шүүх эмнэлэгт дадлагын хичээл зохион байгуулан онолыг практиктай хослуулан зааж байлаа. Тэгээд цагдаагийн шинэ залуу боловсон хүчнүүд сургуулиа дэслэгч цолтой төгсөхөд нь ээж минь баярлан уйлж байсан юм. Ээжийн минь шавь нараа харж, баярлаад уйлаад зогсож байгаа зураг нь байдаг. Төгсөж гаргасан шавь нар нь хошууч, дэд хурандаа, хурандаа, генералууд болсонд ээж минь үргэлж бахархдаг байж билээ. Шавь нараас нь гэвэл, генерал Ч.Амарболд, Г.Ганхүү, Дотоодын цэргийн дарга байсан Т.Хүрэлбаатар генерал, хурандаа Ж.Бумнамжид, Б.Цог, хошууч генерал М.Ганболд гээд олон хүн бий дээ.

/Нийгмийг Аюулаас хамгаалах Яамны цэргийн тусгай дунд сургуульд анхны эмэгтэй багшаар ажиллаж байсан нь/
-Цагдаагийн ажил бол өдөр, шөнөгүй дуудагддаг, ялангуяа эмэгтэй хүнд зориг, тэвчээр, хатуужил шаардсан мэргэжил шүү дээ. Ажлынх нь хүнд хэцүү нь танд болон танай гэр бүлийнхэнд мэдэгддэг байв уу?
-Тэр үеийн цагдаагийн алба маш хатуу дэг журамтай, ачаалал ихтэй байсан. Одоогийнх шиг техник хэрэгсэл, машин тэрэг ч байдаггүй байлаа. Түргэн цугларалт байнга авна, шөнө дөлөөр дуудлага ирнэ, баяр ёслолоор ч ажиллана. Шөнө ээжид дуудлага ирэхэд бид юмыг нь бэлдэлцэж өгөөд л явуулдаг байсан. Ээж минь эмийн сан, гэрэл чийдэн, бэлэн хоол, хувцас гээд байнга бэлэн байлгах шаардлагатай зүйлсээ чемадонд хийчихдэг түүнийгээ бариад л ажил руугаа яаран гардаг байсан. Тэр үед бид хүүхэд байсан болохоор ээж минь ядарч байгаа, хүнд хэцүү байгаадаа гэж огт боддоггүй байжээ. Ээж минь ажилдаа л явж байна гээд тоодоггүй байсан байна. "Цагдаа хүний ажил зөвхөн өөрөөс нь биш, гэр бүлээс нь хүртэл тэвчээр шаарддаг байжээ" гэж одоо боддог. Гэхдээ ээж маань хэзээ ч ажлаа хүнд гэж гомдоллож байгаагүй. Харин ч цагдаагийн албаа нэр төртэй ажил гэж үздэг байсан нь сайхан. Ээж ажлаа маш хариуцлагатай хийдэг, зарчимч хүн байсан болохоор хүнд хэцүүгээ бидэнд мэдрүүлэлгүй ажилласан даа. Дүрэмт хувцас, пагон тэмдгээ их хүндэлнэ. Бидэнд ч “Хүн ажлаа хүндэлж байж бусдаар хүндлүүлдэг юм шүү дээ” гэж их захидаг байсан сан.
-Ээж нь гэртээ ямар эмэгтэй байсан бэ. Ээжийг нь хамт ажиллаж байсан хүмүүс, шавь нар нь хэрхэн дурсдаг вэ?
-Гэр бүлийнхэндээ их халамжтэй эмэгтэй байсан. Бидэнд хөдөлмөрч, хүн чанартай, нэр төртэй амьдрахыг байнга сургадаг байлаа. “Хүн нэрээ цэвэр авч явах л хамгийн чухал” гэж их хэлдэг байсан нь одоо хүртэл санаанаас гардаггүй. Ээж минь олон хүний багш, олон хүний өмөг түшиг, эх орондоо үнэнчээр ажилласан офицер хүн байсан. Ийм ээжийн хүүхэд болж төрсөндөө би насан туршдаа бахархаж явдаг. Манай ээж жирийн нэг ээж байгаагүй, маш хүчтэй эмэгтэй хүн байсан гэдгийг одоо л би ойлгож байна. Биднийг бага байхад ээж маань албандаа яваад олон хоног завгүй байх үе зөндөө байсан. Тэр үед нь хүүхэд болохоор ‘Ээж ажилтай, ээж ажилдаа явж байна’ гээд тоодоггүй байж. Харин одоо бодоход ард нь асар их хариуцлага, дарамт, тэсвэр байсан юм байна гэдгийг нь ухаарч байна. Хүнд хэрэг, хүний хувь заяатай холбоотой зүйл дээр ажиллачихаад тэр бүхнийг дотроо л авч үлддэг байж дээ. Цагдаа хүний хат гэдгийг ээж тэгж өөрөөрөө үлгэрлэж амьдарсан хэрэг. Ээжийг таньж, мэддэг хүмүүс надтай таарахаараа “Таны ээж их мундаг хүн байсан”, “Бидний хайртай багш байсан”, “Их шударга хүн байсан” гэж ярихад нь би дотроо их огшдог. "Хүн мөнгө, албан тушаалаас илүү нэр хүнд, сайхан зан чанараараа амьдардаг, хүндлэгддэг юм байна" гэдгийг ээжээсээ ойлгосон. Ээж минь эмэгтэй мөртөө эрчүүдтэй мөр зэрэгцээд алба хааж, дэд хурандаа хүртэл дэвшинэ гэдэг тухайн үедээ маш том амжилт, нэр хүнд байсан. Тэр үеийн эмэгтэй офицерууд үнэхээр хаттай, тэвчээртэй хүмүүс байсан гэж боддог. Ээжийнхээ дүрэмт хувцастай зургийг харахаар үргэлж бахархал төрдөг. Хүний халамжит эхнэр, хүүхдүүдийн сайн ээж байгаад зогсоогүй, энэ улсын хууль, шударга ёсны төлөө амьдралаа зориулсан тийм л гавьяатай хүн байсан даа. Ээжийн минь хүмүүжүүлсэн шавь нар, тусалж явсан хүмүүс, үлдээсэн нэр хүнд нь амьд хэвээрээ үлдсэн. Тэр нь бидний хамгийн том бахархал болдог.

-Ээж нь ямар гавьяа шагнал хүртэж байсан бэ. Өмгөөлөгчдийн холбооноос юм уу, цагдаагийн байгууллагаас ээжийг нь гавьяатад тодорхойлж байсан уу?
-Ээжийг минь гавьяат болгохоор ажиллаж байсан байгууллагууд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хоёр ч удаа өргөдөл, тодорхойлолт өгч байсан. Гэвч ээжид минь хараахан тэр цолыг өгч амжаагүй. Харин эжийн маань хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Багшийн алдар, Багшийн гавьяа, Хууль зүйн тэргүүний ажилтан, Сурган хүмүүжүүлэгч, ойн медалиуд, Өмгөөлөгчийн алдар, Тэргүүний өмгөөлөгч, Буянтай ээж зэрэг шагналаар шагнаж байсан.
-Өмгөөлөгч болчихоод хууль зүйн “Найдвар” товчоог байгуулж байсан юм билээ. Өөрийн гэсэн хууль зүйн товчоотой болчихоод их л баярлаж байсан байх даа?
-“Найдвар” товчоог ярихаас өмнө ээжийнхээ нэртэй холбоотой нэг түүхийг ярьж өгье гэж бодлоо. Ээжийг орос эмч эх барьж авахдаа Вера гэдэг нэр өгсөн юм билээ. Ээжийг аравдугаар ангиа төгсөх жил нь орос нэртэй монгол хүмүүсийг нэрээ монгол болгохыг нь шаардсан үе байсан тул хамаатны эгч нь ээжид Биндэрьяа гэдэг нэр өгсөн юм билээ. Ээжийг шинэ нэртэй болчихоод анги дээрээ очиход нь ангийнхан нь “Араараа модтой Биндэрьяа” гэдэг буриад дуу ангиараа дуулахад нь ээж ичээд нэрээ солихоор шийдсэн гэдэг. Тэгээд толь бичиг дээрээс Вера гэдэг үгийг харж байгаад өөртөө Итгэл гэдэг нэр өгсөн байдаг юм. Вера гэдэг нь монголоор итгэл гэсэн үг юм билээ. Тэгээд дараа нь өөрийнхөө нэрнээс улбаатайгаар “Найдвар” гэдэг хууль зүйн товчоог байгуулж байсан юм. Өмгөөлөгч болоод гэмт хэрэгт холбогдсон олон зуун хүний эрхийг хамгаалахад идэвхтэй ажиллаж байсан. Үйлчлүүлэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн өмгөөлөгч байсан болохоор тэд нь байнга холбоотой байж, зарим нь бүр найз нөхөд болсон нь ч бий. Ээж минь тийм л өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу, байгаагаа хүнд өгч явдаг хүний дээд байсан. Ном их уншдаг байсан төдийгүй Хууль сахиулахын их сургуулийн оюутнуудад зориулан бодлогын ном, зөвлөгөөний ном гаргаж, оюутнуудад бэлэглэж байсан.
/Ц.Итгэл өмгөөлөгч ээжтэйгээ/
-Таны ээж хаана төрж, өссөн бэ. Бага насных нь тухай та хэр сайн мэдэх вэ?
-Ээж минь 1940 онд Улаанбаатар хотод төрсөн. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан Цэнджав гэж хүний ганц охин байсан юм. Ээжийг бага байхад аав, ээж нь хоёр тийшээ болж, эмээ минь Шарав гэж хүнтэй гэр бүл болсноор ээж минь П.Очирбат Ерөнхийлөгчийн эхнэр Ш.Цэвэлмаа гуайтай эгч, дүү болсон түүхтэй. Ээж минь хүүхэд байхын уян зөөлөн сэтгэлтэй, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг, онц сурдаг, хүний арга эвийг олдог хүүхэд байсан гэдэг. Тэр нь хуулийн байгууллагад нэр төртэй ажиллахад нь ихээхэн нөлөөлж байсан байх. Ээж минь бас их сайхан эвлэгхэн дуулдаг, дуулах дуртай эмэгтэй байсан.
-Танайд баяр ёслолоор төдийгүй ер нь л хүн их ирдэг байсан байх. Тэр үеийнхээ дурсамжаас ярьж өгөөч?
-Манайх цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Манай цагаан сарын буузыг ээжийн ажлынхан, манай хамаатнууд ирж хийлцдэг байсан. Тэгээд ээж минь шинийн нэгний өглөө 05:00 цагт босоод зочдынхоо цай, салат, хайлмаг тэргүүтийг бэлддэг байлаа. Намайг аав, ээждээ золгож амжаагүй байхад л ээжийн шавь нар, ажлын хамт олон нь эхнэр, хүүхдүүдтэйгээ ирдэг байж билээ. Ээж цагаан сараар ирэх хүн болгоны нэрийг цаасан дээр бичиж байгаад тус тусад нь зориулж бэлэг бэлдэж, уутанд хийгээд нэрийг нь наадаг байсан. Бас цагдаагийнхантай холбоотой янз бүрийн баяр болохоор манайд хүмүүс ирж, залуу насныхаа сайхан дурсамж, түүхийг их ярьж, хөгжилдөж суудаг байж билээ. "Тэдний яриаг сайн сонсож байхгүй яав даа" гэж одоо би харамсдаг юм. Ээжтэй минь хамт ажиллаж байсан Лхагважав гэдэг дэд хурандаа цолтой эмэгтэй байсан юм. Түүний нөхөр нь Дамдиндорж гэж яруу найрагч байсан. Тэр хүн ээжид минь зориулж,
"Итгэл гэж цэцэг шиг явсан бүсгүйн нэр
Итгэл гэж Цэрэндорж эмчийн гэргийн нэр
Амин хайраа нөхөртөө өгсөн
Ар Монголын нэгэн бэр
Итгэл гэж үрээ төрүүлсэн ээжийн нэр
Итгэл гэж үнэнчээ харуулсан эхнэрийн нэр
Ач гуч гэгч мөчир салаатай
Агч мод шиг нэгэн буянтны нэр
Итгэл гэж цаггүй ажилтай бүсгүйн нэр
Итгэж гэж цагдаагийн хурандаа эмэгтэйн нэр
Хувиа бодолгүй улсдаа зүтгэсэн
Хуульч болсон хүмүүний нэр
Итгэл гэгч ерөөлийг хайрласан ачтан билээ
Итгэл гэгч өмгөөлөгч болсон алдартан билээ
Сар нартай хорвоод та зуу наслаарай
Санасан хэрэг тань сэтгэчлэн бүтэх болтугай" гэдэг шүлэг бичиж өгч байсан.


/Бага охин Ц.Дунжидын хамт/
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Ээжийн нь ажил мэргэжлийг өвлөсөн хүн таниас өөр байдаг уу?
-Бид эхээс дөрвүүлээ, би айлын бага охин. Том ах минь дэд хурандаа цолтой цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өвчний улмаас бурхан болсон. Би бас цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад ээж, ах хоёрыхоо цолонд хүрээд тэтгэвэртээ гарсан. Миний хүү цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад өөр чиглэлээр суралцахаар гадаад явчихлаа. Хүн аав, ээжийнхээ ач тусыг хариулж бардаггүй юм гэнэ лээ. Яаж ч барах вэ дээ. Аав, ээж минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч гэлээ ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж, ажил, амьдралынх нь түүхээр дурсамж ном бичих юм сан гэж бодож, мөрөөдөж явдаг юм. Мөрөөдөл минь удахгүй биелж, ээж минь тэнгэрээс хараад баярлах байх гэж бодон яарч сууна даа.
-Ээж тань олон дуулиант хэргийг өмгөөлсөн. Тухайлбал, ярианы эхэнд дурдагдсан "90 сая"-ын Б.Гансүхийг өмгөөлж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх байсныг нь нээлттэй болгож хөнгөрүүлж байсан гэдэг. Тэгээд ч зогсохгүй Б.Гансүх гэдэг хүнийг гав, дөнгөтэй нь хөтлөөд ээжийнх нь оршуулган дээр очиж байсан юм билээ. Энэ тухай та хэр мэдэх вэ?
-Би дээр хэлсэн дээ. Ээж минь бидэнд ажил, албаныхаа талаар төдийлөн сайн ярьдаггүй байлаа. Гэхдээ ээжийнхээ мэргэжлийг өвлөөд, ямар хэрэг өмгөөлж, яаж ажиллаж байсан бэ гэдгийг хайж, уншиж, үзсэн. "90 сая"-ын Б.Гансүх гэдэг хүн өөрийнхөө тухай нэгэн илтгэлдээ ээужийн тухай ярьсан байна лээ. Миний ээж Б.Гансүхийг хорих ангиас нууцаар шахуу авч яваад, ээжийнх нь шарил дээр аваачиж, "уулзуулсан" байдаг. Тэгэхдээ тэр хүнийг гав, дөнгөтэй нь хөтлөөд, ээждээ өргөх сүүг нь, газар дээр нь очоод уугиулах арц, хүжийг нь хүртэл бэлдчихсэн байсан гэсэн. Тэгж л хүний төлөө ажиллаж, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан байгаа юм. Энэ бол олон нийтийн мэдсэн ганцхан жишээ нь. Үүний цаана гэмт хэрэгт холбогдсон, хилсээр гүтгэгдсэн, хүнээ алдсан гээд олон хүний зовлонг нь хамт үүрэлцэж, хүний төлөө амьдарсан даа. Заримдаа үйлчлүүлэгчдээсээ өмгөөллийн мөнгө авах нь бүү хэл хоолны мөнгийг нь хүртэл өгдөг байсан гэнэ лээ. Ээжийн ажиллаж байх үед нийгэм хэцүү, хүмүүсийн амьдрал ядруухан байсан шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Миний ээжийн хуулийн байгууллагад оруулсан үнэтэй хувь нэмэр, хүнлэг ариун сэтгэлийг нь эргэн дурссанд баярлалаа. Та бидний ярилцлагыг уншиж байгаа үе үеийн шавь нар нь, хамт ажиллаж байсан найз нөхөд, мянга мянган үйлчлүүлэгч нь ээжийг минь дурсан суугаа гэдэгт итгэлтэй байна.

| ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |