Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан бид анхны Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутат, гавъяат хуульч Д.Чилхаажавтай ярилцлаа.
-Одоогоос 34 жилийн өмнө анхны ардчилсан сонгуулийг хийж, байнгын ажиллагаатай парламент бүрдэж байжээ. Тухайн үед та Бага хурлын гишүүнээр сонгогдон хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан. Парламент байгуулах санаачилга гарч байсан түүхийг эргэн дурсахгүй юү?
-Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан нь ардчилсан хувьсгалын үйл явцтай шууд холбоотой. Ардчилсан эвслүүдээс тухайн үеийн төр засагт тавьж байсан гол шаардлагын нэг бол Улсын бага хурал байгуулж, шинэ Үндсэн хууль батлах тухай байсан юм. Тухайн үед тавьж байсан шаардлагыг биелүүлэхгүй удсанаар 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд улс орон даяар цуглаан болсон. Уг нь хэдхэн хоногийн дараа сонгууль болох гэж байгаа ч хуучин хуулиараа явуулах гээд байсан учраас улс орон даяар жагссан нь тэр. Тухайн үед би Хөвсгөл аймгийн Ардчилсан холбооны тэргүүнээр ажиллаж байлаа. Гэтэл цуглаан хийсэн бидний хэдэн нөхдийг хорихыг нь хорьж, торгохыг нь торгосон. Ингээд бид шаардлагынхаа хариуг авахын тулд өлсгөлөн зарласан юм.
Удалгүй Улаанбаатар хотод тухайн үеийн БНМАУ-ын АИХ-ын дэргэдэх дугуй ширээний уулзалт хийлээ. Тухайн уулзалтад БНМАУ-ын АИХ-ын хэлтсийн дарга Б.Чимэд, ЗГХЭГ-ын орлогч дарга Цэрэндорж, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Н.Жанцан, МОАН-аас Э.Бат-Үүл, Социал демократ намаас Б.Энэбиш, Батбаяр, Үндэсний дэвшил намаас Ш.Ганболд нарын төлөөлөл оролцсон. Энэ уулзалтаар анхны байнгын ажиллагаатай парламент буюу Улсын бага хурлыг байгуулах тухай ярьж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, комиссыг томилох яриа хийсэн юм. Ингээд пропорциональ системээр Бага хурлын сонгуулийг хийж, мажоритар тогтолцоогоор АИХ-ын сонгуулийг хийхээр болж байлаа. Мөн сонгуулийн комисс гэж байгуулсан. Сонгуулийн комисст Дээд шүүхэд бүртгэлтэй бүх намын төлөөллийг багтаана гэсэн олон асуудлыг тохирсон.
-Сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулахаар болсноор та нар өлсгөлөнгөө зогсоосон уу?
-Тийм. Дугуй ширээний уулзалтын үеэр тохирсон тохироогоо 1990 тавдугаар сарын 5-нд протоколд гарын үсэг зурж баталгаажуулаад, маргааш нь өлсгөлөнгөө зогсоосон. Улмаар 1990 оны тавдугаар сарын 10-нд АИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталж, анхны ардчилсан сонгуулиа хийсэн түүхтэй. Холимог тогтолцоогоор сонгууль явуулсны үр дүнд сонгогчдын 60 хувь нь МАН-д, үлдсэн 40 хувь нь Ардчилсан эвсэл, бусад улс төрийн хүчинд саналаа өгсөн юм. Улсын бага хурлаа 50 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны байнгын ажиллагаатай парламент бүрдсэн нь энэ.
-Байнгын ажиллагаатай парламент байгуулсны үр дүн юу байв?
-Нэгдүгээрт, Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, батлуулах ажлыг Улсын бага хурал удирдан зохион байгуулсан гэж болно. Тухайн үед Үндсэн хуулийг боловсруулах комисс байгуулагдсан ч Улсын бага хурлын үүрэг мөн ийм байсан.
Хоёрдугаарт, улс орныг удирдах шинэ систем үйлчилж эхэлсэн. Өмнө нь нэг намын бодлогоор улс орны, төрийн ажил явдаг байсан бол олон намын төлөөлөл парламентад орж, олон намын үзэл, баримтлалаар улсын ажлыг шийддэг болсон. Үндсэндээ байнгын ажиллагаатай парламент бий болсноор Монгол Улс ардчиллын замаар явах эрх зүйн үндэс тавигдсан.
-Одоо хоёр танхимтай парламент бий болгох ёстой гэх санал их гардаг. Хоёр танхимтай парламентын ялгаа юунд байна вэ?
-Байнгын ажиллагаатай парламент бол хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл одоо Төрийн эрх барих дээд байгууллага гэж ярих болжээ. Уг нь Ерөнхийлөгч, Засгийн газар, Дээд шүүх, АТГ гэх мэт байгууллага бүгд орж байж Төрийн эрх барих дээд байгууллага болно.
1990 оны дугуй ширээний хэлэлцээрт орж байсан хүмүүс маш зөв, зарчимч байр суурь баримталж байжээ. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламент байгуулж, хяналт тавьдаг байх нь зөв гэж харсан байгаа юм. АИХ Төсвийн хүрээний мэдэгдэл, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцдэг байлаа. Харин Бага хурал хууль тогтоох үйл ажиллагаа явуулна. Энэ маш зөв шийдвэр байсан. Одоо УИХ хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг томилоод байгаа учраас буцаагаад Их хурлын гишүүдээ хянаж чадахгүй байгаа юм.
Уг нь Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиараа Улсын бага хурал таван жил ажиллах ёстой. Гэтэл тухайн үеийн Бага хурлын гишүүд бид “Шинэ Үндсэн хуулиа баталчихсан. Тиймээс шинэ төр байгуулах ёстой” гэсэн санал гаргаж, өөрсдийн саналаар огцорч байсан юм.
-Өнгөрсөн 34 жилийн хугацаанд парламентын үйл ажиллагаа жигдэрч чадсан уу?
-Байнгын ажиллагаатай парламент бий болсноор 10 дахь удаагийн сонгууль явлаа. Сонгууль явах, парламентын үйл ажиллагаа нэлээд зүгширч байна. Гэхдээ парламентын ёс төлөвшин тогтоход алдаа гарч байна. Тухайн үед Бага хурлын гишүүд “Олон намын тогтолцоо бүрдчихлээ, олонх болсон нь Засгийн газраа байгуулж, цөөнх нь сөрөг хүчин болох юм байна” гэсэн романтик сэтгэлгээндээ автаж, өөрсдийн саналаар огцорсон. Гэтэл олонх, цөөнх хоёр хоорондоо хувилдчихдаг гэдгийг олж хараагүй байгаа юм.
Одоогийн байгуулсан нь бол хамтарсан Засгийн газар биш шүү дээ. Манайд гурван удаа хамтарсан Засгийн газар байгуулахдаа 2012 онд л Үндсэн хуулийн зарчим, парламент ёсны дагуу хамтарсан Засгийн газар байгуулсан юм. Бусад нь сөрөг хүчнээ урьж оролцуулсан Засгийн газар. Гэтэл хамтарсан Засгийн газар гээд байгаа юм.
-Парламент ёс төлөвшин тогтоход алдаа гарлаа гэлээ. Хаана нь алдаа байна. Засаж сайжруулах боломж байна уу?
-Парламент ёсны зарчим 2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд орсон “Дордохын долоон” заалтаас эхлэлтэй. 1992 оны Үндсэн хуульд “давхар дээл”-ний асуудлыг огт тусгаагүй юм шүү дээ
-Үүнийг засаж сайжруулна гээд 2019 онд мөн өөрчлөлт оруулсан шүү дээ?
-2019 оны өөрчлөлтөд сайн талууд бий. Гэхдээ 2023 онд Үндсэн хуульд дахин гар хүрч, “давхар дээл”-ний асуудлыг оруулж ирсэн. Үндсэн хуулийг олон дахин өөрчлөхдөө төрийн удирдах байгууллагууд өөрсдийн эрх мэдлээ нэмэх байдлаар өөрчлөөд байна. Парламент ёсыг гажуудуулсан өөрчлөлт орсон учраас нийгэмд хяналтгүй байдал бий болж байна. Парламент Засгийн газраа хянаж байх ёстой.
Цаашид төрд хяналт бий болгох шаардлага үүсээд байна. Төрийн хяналтыг хоёр парламент байгуулж бий болгоно гэж бий хардаг.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН |
|
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |