• Өнөөдөр 2026-07-10

Б.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү

       Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн торгон дэвжээнд анх удаа, 16 насандаа зодоглох гэж буй Б.Сүхбатын ээж Б.Сарантуяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан наадаж байна уу. Хүү тань анх удаа улсын наадмын торгон дэвжээнд гарсан тухай та цахим орчинд догдлол дүүрэн бичсэн байсан. Тэр мэдрэмжээ дахин хуваалцбал?

-Сайн байна уу. Баярлалаа. Хүү минь багаасаа үндэсний бөхөд дуртай байсан. Түүндээ сэтгэл зүрхээ зориулж, тууштай хөдөлмөрлөж ирсэн. "Ээж ээ, би энэ жил улсын наадамд барилдана" гэж хэлэхэд нь үнэхээр их баярласан. Энэ бол зөвхөн хүүгийн минь төдийгүй манай гэр бүлийн бахархалын нэг болсон шүү. Зурагтаар шууд дамжуулахгүй болохоор хүүгээсээ мэдээ хүлээгээд, догдлоод сууж байна.

-Хүүгээ үндэсний бөхөд дуртай болсныг хэзээнээс анзаарсан бэ. Танайд бөхийн удам бий юү?

-Манай удамд бөх хүмүүс бий. Өвөө нь сумын начин, аав нь сумын заан цолтой. Би өөрөө багаасаа жүдо бөхөөр барилдаж, модон барилдаан болон бусад спортын төрлөөр хичээллэж ирсэн. Авга талд ч том цолтой, сайн барилддаг бөхчүүд бий.

Аав, ээж нь спортын хүмүүс болохоор ч тэр үү, хүү маань ухаан орсон цагаасаа хөдөлгөөн ихтэй хүүхэд байсан. Бүр биднийг дагаж спортын ордонд очоод гантил өргөж үздэг хүүхэд байсан. Түүнийг нь хараад хөлд ормогц нь зодог, шуудаг, жанжин малгай өмсүүлээд наадмын талбайгаар дагуулан явж, үндэсний бөхтэй улам ойртуулж байсан болов уу.

-Наадмын өмнөх бэлтгэлд нь хэрхэн анхаарч, дэмжсэн бэ?

-Хүү минь Дархан аварга А.Сүхбатын галд Улсын начин Б.Дэлгэрсайханы удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангасан. Энэ жил Сэлэнгэ аймгийн хоёр ч сумын наадмын өсвөрийн бөхөд барилдаж, үзүүр, түрүү хүртэж урам дүүрэн Улсын баяр наадамд явсан даа.

-Улсын наадмын дэвжээнд анх удаа гарч буй хүүдээ юу гэж захиж, ерөөх вэ?

-Ялалт байгуулах тухай бодохоосоо илүү энэ сайхан дэвжээн дээр өөрийгөө таниулаарай гэж хэлмээр байна. Дараа дараагийн жилүүдэд энэ торгон дэвжээндээ дахин дахин гарч, аварга болтлоо тууштай хөдөлмөрлөөрэй үр минь. Би ер нь үг амьтай гэж боддог хүн. Тийм болохоор хүүгээ үргэлж том мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Хүү минь ч ээжийнхээ үгийг сонсдог, төлөв даруу, хөдөлмөрч хүүхэд. Сэлэнгэ аймаг руу барилдахаар явж байхдаа "Ээж ээ, би сумын заан цолтой болмоор байна. Гэхдээ арай жаахан байх шиг байна" гэж над руу ярьсан юм. Тэгэхэд нь "Чи чадна аа" гэж урам өгсөн. Хүү маань ч өөртөө итгэлтэйгээр зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж явааг харах үнэхээр бахархалтай байдаг.

Ташрамд дурдахад, Б.Сарантуяа нь 2009 оноос пауэрлифтингийн спортоор хичээллэж, олон тэмцээн уралдаанд амжилттай оролцон дэд мастер цол хүртэж байжээ. Тэрбээр,  2022 оноос модон барилдааны спортоор хичээллэж, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аваргын тэмцээнээс хүрэл медаль, улсын 4 удаагийн аварга болж байсан туршлагатай тамирчин юм.


Б.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188