• Өнөөдөр 2024-05-06

37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ

2024-03-30,   1791

ТҮҮНД ШАНТАРЧ БАЙСАН ӨДӨР ОЛОН Ч ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЧЭЭСЭЭР ӨНӨӨДӨРТ ХҮРСЭН

     Ё.Мягмарсүрэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынх. Тэрбээр цусны хүнд хэлбэрийн эмгэг өвчний улмаас сургуульд сурч чадаагүй юм. Тэр ч бүү хэл өвчнөөсөө болж хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан ч бууж өгөлгүй тэмцсээр 37 настайдаа “Энэрэл” МСҮТ-д элсэж, өдгөө Шангри-Ла төвийн нэгэн сүлжээ ресторанд тогоочоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө хүсвэл оюуны болон биеийн бэрхшээлийг даван туулж, хүсэл мөрөөдөлдөө хүрч чаддагийг үлгэрлэж, харуулж яваа мянга мянган иргэний төлөөлөл юм.

     Тэрбээр “Хамар, буйлнаас байнгын цус шүүрч, гоождог. Нэг гарахаараа зогсохгүй, биеийнхээ хамаг цусыг юүлчихсэн хүн шиг л амьдардаг байлаа. Цус багадаад эхлэхээр татаад уначихна, дархлаа унана. Ах минь надтай адилхан өвчтэй. Сургуулийн сурагч болоход эхэлсэн энэ учир битүүлэг өвчин ах, бид хоёрын сурах эрхийг хүртэл хассан. Өдөржин хамарнаас нь цус гоожиж, буйлнаас нь цус шүүрч яваа хүүхэдтэй хэн л найзалж, нөхөрлөж, хамт сурахыг бодох вэ дээ. Тэгээд ч би өөрөө хүмүүсийн дунд орж амьдарч чадаагүй юм аа. Арга ядахдаа аав, ээж минь намайг нэгдүгээр ангид орсны намар ах, бид хоёрыг сургуулиас гаргаж, хөдөө гэртээ харьсан. Сургууль ч үгүй, өвчний оношоо тодруулсан ч юм үгүй 30 нас хүртлээ хөдөө амьдарлаа. Сүүлдээ нэрээ ч бичиж чадахгүй байхаас залхаад, амьдралын элдэв асуудлаас шантраад алимны хайрцагт хувцсаа хийж аваад, гурван хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод 2009 онд анх хөл тавьж байлаа. Тэгж явсаар 37 настайдаа сургуулийн босго алхаж, мэргэжилтэй болсон. Өвчнийхөө оношийг олж, групп тогтоолгосон. Хэдийгээр би цусны хүнд хэлбэрийн эмгэгтэй ч одоо бол бусадтай адилхан хичээж, амьдралын төлөө зүтгэж байна” гэв.

    Ё.Мягмарсүрэн өнөөдөр 10:00 цагт ажилдаа иржээ. Тэрбээр уг ресторанд таван жилийн өмнө угаагчаар ажилд орсон гэнэ. Харин тогоочийн үнэмлэхтэй болсноор өнгөрсөн жилээс мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлжээ. Тэр ажилдаа дуртай. Хийсэн хоолыг нь амтархан идэж байгаа хүмүүсийг харахаар жаргалтай болдог учраас яаран яаран ажилдаа ирдэг гэж байв. Зарим үйлчлүүлэгч нь “Мийгаа тогооч байна уу. Нэрийн хоолоо хийгээд өгөөч” гээд хүрээд ирдэг гэнэ. Тэр болгонд нь сэтгэлээсээ хоолоо урлаж, үйлчлүүлэгчийнхээ баярлалаа гэх үгэнд бялхаж, өдөржин “нисдэг” ажээ.

     Түүнчлэн “Би 2009 онд Улаанбаатар хотод ирсэн. Кашмерийн үйлдвэрт ээрэгч машины жолоочоор ажилд орлоо. Бусдын адил  амьдрах гэж, гурван хүүхдээ өлсгөхгүй гэсэндээ тэмцсэн. Тэр хооронд өчнөөн удаа цус алдаж, ухаан алдаж унаж байгаа юм. Тэглээ гээд яалтай билээ дээ, хүүхдүүдийнхээ төлөө хичээхээс өөр аргагүй. Улаанбаатар хотод ирснээс хойш гурван жилийн дараа долоон настай охины минь хамраас цус гоожиж, надтай яг адилхан болсон. Бүүр хүндэрч, сэхээнд орлоо. Эх нялхаст үзүүлж, өч төчнөөн шинжилгээ өгсний дараа цусны өвчтэй болох нь тогтоогдсон. Энэ өвчин удамшлынх, ааваас ах, бид хоёрт, надаас охинд минь удамшсан гэсэн үг л дээ. Өөрийгөө, ахыгаа нарийн шинжилгээнд хамруулахад яг адилхан онош тогтоогдсон. Хүн тэгээд ямар өвчтэй гэдгээ мэдэхээрээ хөдөлмөрийн чадвараа бүр алдчихдаг юм билээ. Оношоо тодруулаагүй байхдаа ядарч байсан ч цусаа сэлбүүлээд ажиллаад л байдаг байлаа. Хүнд өвчтэй гэдгээ мэдсэн даруйдаа сулбайгаад, хэвтээд өгч байгаа юм. Ажлаасаа гараад, гэрээсээ хамраа ч цухуйлгахаа больсон. Охины минь бие муудаж, эмнэлэгт байн байн хэвтэх болсон. Сүүлдээ хүүхдийнхээ бүү хэл өөрийнхөө  ч эм, тарианы мөнгийг дийлэхээ байж, хэцүүдэж эхэлсэн. Нэг л өдөр “Би яагаад үхлээ хүлээж байгаа хүн шиг болчихов” гэж бодоод, зоригжуулаад, амьдралд дахиад хөл тавьсан. Сурсан боловсрол ч үгүй, мэргэжил ч үгүй хүнийг үйлчлэгч, угаагчийн ажлаас өөр хүлээж авах газар олдохгүй. Ядахдаа худалдагчаар ажиллая гэхээр тооцоо бодож, бичиж чадахгүйн бэрхшээл тулгарна. Тэгээд нэг газарт угаагчийн ажилд орж, бусадтай адилхан цагаар ажиллаж эхэлсэн. Намайг тоож угаагчаар ажилд авсан тэр рестораны эзэнд дандаа баярлаж явдаг. Миний амьдралд итгэл нэмсэн шүү дээ” гээд инээв.

     Дээрх яриаг үргэлжлүүлэн “Цусны эмгэгтэй иргэдийн нэгдсэн холбооноос бидэнд өөртөө цус сэлбэх, тариа тарихыг зааж өгдөг. Эхлээд мунгинаж байсан ч сүүлдээ гарамгай гэгч нь судсаа олдог болсон. Анх өөртөө тариа хийж байхдаа яг л мөрөөдлөө биелүүлж байгаа юм шиг санагдаж байлаа. Би багаасаа л эмч болохыг мөрөөдөж тоглодог байсан. Гэхдээ биеийн байдал, боловсрол эзэмшээгүй гэх мэт зүйлсээс болж эмч болох мөрөөдөл минь тэгсгээд унтарсан. Гэсэн ч би “Энэрэл” МСҮТ-д сурсан. Сургуулиа олж очсондоо үнэхээр баяртай байдаг. Надад А үсэг зааж, хоолоо олж идэх мэргэжилтэй болгосон шүү дээ. Хэрэв тэр сургуульд сураагүй байсан бол өнөөдөр би гэртээ өвдөөд хэвтэж байж ч мэдэх. Манай ангид оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд суралцаж, төгссөн. Одоо бүгд хувь, хувьсгалын ажил хийгээд, олон хүнийг хоол, хүнсээр хангаад, мөрөөдлөө биелүүлээд сайхан амьдарч байна” гэсэн юм.

     Түүнд шантарч байсан өдөр олон ч хүүхдүүдийнхээ төлөө хичээсээр өнөөдөрт хүрсэн. Хоёр охиноо БНСУ-д мэргэжил эзэмшүүлэхээр зорьж, хөдөлмөрлөсөөр зорилгодоо хүрсэн байна. Бага охин нь тун удахгүй хоёр эгчийнхээ араас сургуульд явна гэнэ. Хэдийгээр удамшиж ирсэн цусны эмгэг нь эдгэрэхгүй ч гэлээ эм, тариагаа таслахгүй байвал асуудалгүй гэсэн юм.

    Ё.Мягмарсүрэн “Надтай адилхан өвчтэй бага охиндоо санаа их зовдог. Энд тэнд ухаан алдаад уначихвал яана гэхээс байнга айдас, түгшүүртэй байдаг. Охин минь дөнгөж 18 настай, хүүхэд төрүүлээгүй учраас цус шүүрэх, гоожих нь их. Хүн төрөх тусмаа цус нь багасдаг бололтой. Миний хувьд эм, тариагаа хэрэглээд, өөрийгөө тордоод байвал сард дөрвөн л удаа цус алдаж, сандаргаж байна. Харин охины минь хамар, амнаас гарах цусны хэмжээ их, давтамж нь ч ойрхон байна. Гэхдээ охиныхоо сурах хүсэл мөрөөдлийг нь унтрааж, өвчинд даруулж болохгүй. Тийм учраас эм тариаг нь сайн хангаж өгөөд эгчийнх нь араас тун удахгүй явуулна. Охин бид хоёр гэмтэж, бэртэх эрхгүй амьдардаг. Хэрэв муу зүйл болоод хагалгаанд орвол цус их хэмжээгээр алдаж, амиа алдах хүртэл эрсдэлтэй. Дээрээс нь булчин тариа хийлгэж болохгүй заалттай. Дархлаа муу учраас тамир тэнхээтэй байхын тулд өөрсдөө л сайн хичээх хэрэгтэй. Бидний энэ өвчин чинь гаднаас харагдахгүй хэрнээ дотроос “идэж” байдаг юм. Харахад эрүүл, саруул хэрнээ байнгын толгой эргэж, цус багадалттай амьдарч байна. Хэн ч миний аман дотор дүүрэн цус шүүрч байгааг, арга ядахдаа цусаа залгиж байгааг,  сарын тэмдэг ирэхэд шанагаар цутгаж байгаа юм шиг урсаж байгаа зовлонг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би хүний төлөө өвдөөгүй учраа өөрөө хичээх хэрэгтэй. Харин хүмүүсийг нэгнээ хайрлаасай, гаднах өнгө үзэмжээр нь битгий дүгнээсэй л гэж хүсэж, бодож явдаг юм. Автобусанд ороод хөгжлийн бэрхшээлтэй гэсэн карт дарахад бүгд эргэж хардаг, хүний картаар явж байна гэж хараалгуулж, хураалгаж байсан тохиолдол ч бий. Группийн мөнгөө сунгуулахаар очихоор эмч нар нь “Эрүүл юм биш үү. Шинжилгээ чинь зүгээр юм биш үү. Харахад зүгээр л юм байна шүү дээ” гэх зэргээр сонжсон харц, доромжилсон үг шиддэг. Гурван сар тутам шинжилгээ өгч, группээ сунгуулах бүрдээ л энэ парамт, мэдрэмжийг авдаг даа. Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан хүнд энэ харилцаа тийм ч таатай бус, харин ч сэтгэлийн дарамт болдог” хэмээн ярьлаа. 

    Түүний амьдралд алдаа, оноо байсан. Амьдралын шуурганд бүдчиж явсан ч босох хүч, итгэл, тэнхээг тэр хүүхдүүдээсээ авсан гэсэн. Өрх толгойлсон, хүнд өвчтэй залуухан ээж явахдаа “Би байхгүй бол миний хэдэн хүүхэд яах юм бэ” гэж шүд зуун тэмцэж, үхлээс олон ч удаа эргэж ирсэн тухайгаа тэр ярьсан юм.

    Тэрбээр “Бүрэнхий орчлонг хүүхдүүд минь л гэрэлтүүлж байгаа. Ухаан алдаад сэрэхэд миний хэдэн хүүхэд л хажууд бүлтэгнээд, уйлаад сууж байдаг байсан. “Дахиад энэ хүүхдүүдийг зовоож, үхэлтэй нүүр тулахгүй юм шүү” гэж олон ч удаа өөртөө хэлсэн. Цусны хүнд хэлбэрийн эмгэг гэдэг чинь эрсдэлтэй, маргааш ч, хэдхэн минутын дараа ч үхүүлж мэдэх хүнд өвчин. Дээрээс нь, энэ өвчин удамшлынх учраас хэнийг ч буруутгах аргагүй, гомдлох эрхгүй. Ийм төрлийн өвчтэй олон хүн миний энэ зовлонг туулж байгаа гэж бодохоор сэтгэл өвддөг юм. Тэр дундаа дөнгөж онош нь илэрч байгаа жаахан хүүхдүүдийг өрөвддөг. Бүрэн эдгэхгүй ч тэднийг сэтгэлийн тэнхээтэй байж бусдын адил амьдраасай, жаргаасай л гэж хүсэж байна. Би тэдний туулах замыг туулаад ирсэн болохоор өмнөөс нь мэдрээд, халгаад байна. Онош нь тогтоогдсон, тогтоогдоогүй олон хүн өөрсдийгөө тусгаарлачихаад, нийгмийн амьдралаас алсарч байгаа шүү дээ” гэлээ.

    Биднийг ийн ярилцах зуур рестораных нь захиалгын хонх дуугарч, “Мийгаа тогооч оо, захиалга орж ирлээ” хэмээн түүнийг дуудав. Тэр “Амьдрал сайхан. Ажиллах, хамт олонтой байх, миний хоолонд хэн нэгэн дуртай байх шиг жаргал байхгүй. Биеийн бэрхшээлээс илүү сэтгэлийн бэршээл хэцүү гэдгийг эгч нь эрт ойлгосон. Тийм учраас бие өвдөж байсан ч эмээ уугаад, ажилдаа явдаг” гэсээр гал тогоо руугаа явж одлоо. Түүнд сайхан мөрөөдөл олон бий гэсэн. Түүнийг Монголоороо тойрох, дэлхийгээр аялах, цусны эмгэгтэй хүүхдүүдэд туслах мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тэр мөрөөдлүүдээ биелүүлж чадах, ялангуяа бусдын сайн сайхны төлөө бол бүр илүүтэй хичээдэг хүчтэй эмэгтэй байсан. 


37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-17 19:55:00
    Altatuya Mijid: нутгийн дүү минь мундаг шүү аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-17 16:19:04
    Цэрмаа: Үнэхээр мундаг сайхан сэтгэлийн туйл шүү дүү минь аз жаргал эрүүл энхийн дээлийг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-17 14:53:17
    yanjka: мундаг сэтгэлтэй сайхан эгч шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-17 12:07:19
    Ё.Батбаяр: Энэ чинь л миний эгч сэтгэл бол бас агуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 17:52:10
    Зочин: Огт эдгэхгүй өвчтэй, групт орсон хүмүүсийг эмч нарын хурлаар дахин дахин оруулдагаа болимоор юммаа, хөл, гар нь тасарсан хүний хөл гар нь ургахгүй нь тодорхой шүү дээ, түүнтэй л адил огт эдгэхгүй өвчинтэй нь оношлогдсон л бол бүх насаар нь груп тогтоочихож болдоггүй юм уу, эсхүл 3, 5 жил ч юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 16:45:52
    Зулаа: Хүн өөрөө хичээвэл ямарч зовлон бэрхшээлийг давна гэдэг л энэ болов уу! Гэхдээ тэр гурвын гурван хүүхэдтэй болтол харилцаанд орсон эцэг гэдэг хүн тусламж дэмжлэг үзүүлдэг юм болов уу? Өрх толгойлсон эх гэсэн тодотгол харлаа. Ер нь хүн ямарч өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй байж болно! Ил харагдахгүй болохоор эмч нар болон хүмүүс зүгээр юм байж гэсэн байдлаар ханддаг! Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж заавал хүн харахад хөл гар дутуу, хувцас хунар муу байх ёстой гэсэн нийтлэг ойлголт манайхан дунд байна! Илүү дутуугүй цэвэрхэн хувцас өмсөж явж болмоор санагдах юм!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 12:11:36
    Хишигт : Хоёр нүднээ нулимс унаган байж уншиж суулаа . Үнэхээр сэтгэлийн тэнхээтэй эрч хүчийг ундрага болсон сайхан бүсгүй шүү чамдаа эрүүл энх аз жаргал хүсэе ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 08:53:19
    Zochin : Uneheer mundag. Ergeed haramsahguigeer odoo-nh shigee itgel duuren amidraarai. Baga ohindoo ch bas tgj helj, ulgerledeg bh. Burhan ta bugdiig urgelj iveeg, sain saihan buhniig huseye.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188