• Өнөөдөр 2024-04-26

Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ

2023-02-07,   680

         Тэр ажиглагч, бодогч, судлаач, сэтгэлзүйч, бүтээгч нэгэн. Ийм байхыг хийж байгаа ажил нь түүнээс шаарддаг юм билээ. Энэ бол түүний ажиллах процесс.

 

-АЖИГЛАГЧИЙН УРЛАНД-

            Дээр өгүүлэх хүн бол бидний энэ удаагийн онцлох зочин Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцийн зураач Б.Төрмөнх. Уншигч та түүнтэй “Бэтгэлжин бор шувуу”, “Алтан загасны үлгэр”, “Ааруул амтлах мөчид”, “Монголын нууц товчоо”, “Нацагдорж” зэрэг зурагт номын зураач гэдгээр нь хэдийнэ танилцсан билээ. Нэг ёсондоо хувь хүнтэй нь гар барьж танилцаагүй ч бүтээл туурвилтай нь хэзээний “анд” болоод буй. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг "Алтан өд" наадмын хүүхдийн зохиолын төрөлд Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас эрхлэн гаргасан "Монгол хүн" цувралын "Норовбанзад" ном шалгараад байгаа баяртай зэрэгцэн  хамт олноос нь төлөөлөн түүнтэй уулзсан минь энэ. Тэр Жангар урландаа даруухан инээсээр биднийг угтсан юм.

Ханаараа дүүрэн хүүхдийн номын зурагтай  Жангар хэмээх айлын урлан энэ өдөр нам гүм байх бөгөөд эрхгүй ийм л аниргүй, намдуухан ахуйгаас Монголын хүүхдийн номын горхи булаг ундран байдаг болов уу.

 

       Б.Төрмөнх зураач “Хүүхдийн өмнөөс ажиглаж, бодож, асуулт тавьсанаар бүтээл минь төрдөг. Хүүхдийн төлөө сайн зүйл хийх сэн, хүүхдэд хамгийн сайн туслагч, ойр найз нь байх сан гэдэг бодол л намайг хүүхдийн номын зурагтай “уяж” өгдөг байх” гэснийг ярилцлагынхаа эхэнд онцолж, эхний хэсэгт зураач болсон тухай нь ийн яриа дэлгэлээ.

-Зураач, тэр дундаа яагаад хүүхдийн номын зураачаар ажиллах болсон юм бэ?

               -Мэргэжил сонголт гэдэг тухайн хүүхдийн өсөж өндийсөн орчин ахуйгаас ихээхэн хамаардаг юм шиг санагддаг. Миний хувьд хүүхдийн номын зураачаар ажиллаж байгаа минь ном уншиж өссөнөөс үүдсэн болов уу гэж боддог. Аав минь яруу найрагч хүн байсан болохоор гэр дүүрэн номтой айл байлаа, манайх. Мөн би өвөө, эмээ хоёр дээрээ нэлээд цаг хугацааг өнгөрүүлсэн. Өвөө үлгэр их ярьж өгнө. Ингээд бодохоор энэ бүхэн л намайг уран зохиол, тэр дундаа хүүхдийн номын зураачаар ажиллахад хүргэсэн байх.

         Намайг арван жилийн сургуулиа төгсөхөд, Соёл Урлагийн Их Сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Цэдэв багш надад Дүрслэх урлагийн дээд сургуульд сурах урилга өгч байсан юм.

      Тухайн үед би химийн хичээлдээ түлхүү бэлдэж, эмч болохоор зорьж байсан л даа. Гэсэн ч урлагийн сургуульд зураачаар сурах замыг сонгосноор театрын зураач мэргэжлээр таван жил сурч төгссөн. Анх ангиа сонгоход “Жаахан юм уншдаг анги байх хэрэгтэй” гэх аавынхаа зөвлөгөөг дагаснаар театрын зураачийн ангийг сонгосон доо.

    -Зурна гэдэг төрөлхийн авьяас гэж ярих нэгэн бий. Үнэхээр авьяастай хүн л зурдаг уу, эсвэл сураад ч зурдаг зүйл үү?

          -Зураг зурах бодох үйлтэй илүү холбоотой. Хүмүүс хүүхдийг зурах, дуулах, бүжиглэх авьяастай гэдэг. Миний хувьд авьяас гэхээс илүү сэтгэл, мэдрэмжтэй нь холбоотой болов уу гэж боддог. Мэдээж гарын ур дүй гэх зүйл бий. Гэхдээ энэ нь ур дүйтэй холбоотой болохоос авьяас гэж ойлгох нь өрөөсгөл санагддаг.

  -Анх зураг зурахаар оролдож эхэлсэн үеэс анхны бүтээл тань төрсөн болов уу?

         -Сургуульд орохын өмнө санагдаж байна. Аав нэг удаа “Баригдашгүй өшөө авагсад” гэх залуу партизануудын тухай комикс ном уншиж өгсөн юм. Тэр номын зургийг би их сонирхон хардаг байлаа. Тэгээд л сэдэв нь жаахан өөр цуврал комик зурж байснаа санадаг юм. Гэхдээ тухайн үед зурсан зургаа сайн ойлгоогүй. Түүнийгээ би бүтээл гэхээс илүү ном хийх оролдлого байсан болов уу гэж боддог. Тэр үед зурсан зураг сургуульд ороод мартагдсан даа.

         Энэ хэсгийг АЖИГЛАГЧ гээд байгаагийн гол учир нь хүүхэд аливаа юмыг эхлээд ажигладаг. Энэ ч утгаар зураачийн хүүхдийн номын зураач гэх ертөнц рүү орохоос өмнөх хэсгийг түүнтэй адилтгах утгаар ийн нэрийдсэн юм. Ажиглалт бол түүний бүтээлээ эхлэх эхний алхам. Түүний дараа бодох үйл явц хамгийн чухал нь. Үргэлжлүүлэн бодогчийн бодлоор хамт аялья.

 

-БОДОГЧИЙН БОДОЛ-

 -Хүүхдийн өмнөөс ажиглаж, бодож, сэтгэх нэг талаараа хэцүү зүйл болов уу. Заримдаа залхах тохиолдол гарч байсан болов уу?

                    -Хүмүүс хүүхдийн номын зураачаар ажилладаг хүн хүүхэд шиг бодож, сэтгэдэг гэх ойлголт бий. Энэ бол хүүхдийн өмнөөс л бодож байгаа хэрэг шүү дээ. Хүүхэд өөрөө үгийн сан бага, үзэж, харсан амьдралын туршлага, ертөнцийг үзэх үзэл зэрэг олон зүйлээс томчуудаас дутуу шүү дээ. Гэтэл хүмүүс “Миний ертөнц” хүүхдийн зургийн уралдаан зарлаад байдаг. Угтаа миний ертөнц гэдгийг ч хүүхдүүд ойлгохгүй. Харин түүний оронд хүүхдүүдээс "Юу бодож байна вэ" гэвэл түүнийгээ илэрхийлэх боломжтой. Нөгөө талаар танин мэдэхүйн, шинжлэх ухааны, үйл явдлын, уран зохиол, гоо зүй гээд хүүхдийн ном олон төрөлтэй. Тэгэхээр миний хийх гэж байгаа ном аль сэдвээр, хэдэн насны хүүхдэд яаж хүрэх вэ гэдгийг бодох нь чухал байдаг. Мөн тухайн насны хүүхдийн үгийн санд тохируулж бичих, зураг дүрслэлийн хувьд нүдний харааны өнгө ялгах чадварыг харгалзах гээд нарийн зүйл их бий. Мэдээж энэ бүхнийг тохируулан ном бүтээх амаргүй. Хүүхэд өөрийнхөө хэмжээнд олон зүйлийг хурдтайгаар эрж, хайдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, 15 наснаас доош насны хүүхдүүд олон зүйлийг хурдтайгаар сурч, мэдэхийн эрмэлздэг. Түүнээс хойш хүүхдийн сурах үйл явц их удааширдаг. 

 

-СУДЛААЧ-

   Ажигласнаа бодож, бодлоо баталгаажуулахын тулд судлах зураачийн гол зарчмын нэг. Өөрөөр хэлбэл, тухайн ном гар дээр нь очих хүүхэд хэдэн настай, ямар зүйл сонирхдог, юунд дуртай гээд судалж, мэдэж, тооцоолсноор загвараа гаргадаг байна.

       -Тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан  судалгаа хийснээр зурагт номоо хүргэлээ. Тэгвэл хийсэн судалгаа тань зөрж, алдаж, тооцоолсноор тухайн хүүхдэд хүрэхгүй тохиолдол бий болов уу?

         -Мэдээж хүүхэд бүр мэдрэмж, сонирхол, сурах хурд, ойлгох чадвар өөр. Нэг ёсондоо бидний хийсэн номыг хүүхэд бүр өөр, өөрөөр хүлээж авдаг. Жангар редакцийн хамт олон сүүлийн жилүүдэд монгол үлгэрүүдийг өөрчилж, шинээр бичих ажлыг эхлүүлж, эхний үе шатаа даван туулж байна. Мөн бид өөрсдөө зохиолоо шинээр гарган, зурагт ном хийж байгаа. Бидний энэхүү ажил Монголын зурагт номын хөгжлийн хувьд нэгэн алхам болж байгаа гэж боддог. Энэ байдлыг бид борлуулалт болон хэрэглэгчийн сэтгэлзүйгээс олж хардаг. Эцэг, эхчүүдийн хувьд монгол үлгэр харгис үг хэллэг, агуулгатай хэцүү гэх хандлага их бий. Тэгвэл бид тэр хандлагыг өөрчилж, өнөө цагийн нийгэмд таарч, тохирсон хэв маягтай болгож өөрчлөөд, гаргахад хүүхдүүд их сонирхож байгаа. Үүнээс үүдэн талархсан захидал, сэтгэгдэл ч тасрахгүй ирдэг. Тиймээс бид энэхүү төслийнхөө хоёрдугаар үеийг Монсудар зурагт ном гэж эхлүүлсэн. 

           Ингээд харахаар тэр хүүхдийн өмнөөс ажиглагч, бодогч, судлагч болж байгаа юм. Энэ ч үүднээс түүнээс ажлын энэ процесс нь зан чанарт нь нөлөөлдөг эсэх талаар нь асуухад "Алдарт зураач Пабла Пикассо гэх зураач "Би таван настай хүүхэд шиг зурж сурахын тулд явсаар байгаад нас эцэслэлээ" гэж хэлсэн байдаг. Энэ бол ертөнцийг яагаад хүүхэд гэж харахыг хүссэн юм бэ гэдэг нь гайхалтай. Тэгэхээр миний хийж байгаа зүйл хүүхдэд хүрэх ёстой, урам зориг, сайн сайхан зүйлийг өгөөсэй гэж хүсэж зургаа зурдаг. Нөгөө талаар хүмүүс хүүхдийн номын зураг зурахаар зураач нь гэрэлтэй, гэгээн, хүүхэд шиг сэтгэл, зүрхтэй байдаг байх гэж боддог.

       Гэхдээ хүүхдийн ертөнц дандаа аз жаргалтай, инээд хөөрөөр цалгисан ертөнц биш. Бага нас гэдэг хэзээ ч аз жаргал дүүрэн өнгөрдөггүй. Нэг зүйл хийхэд аав, ээж, ах, эгч бүгд "Боль" гэнэ. Хэзээ ч өөрийнхөөрөө байх эрхгүй. Нэг удаа өөрийнхөөрөө юм хийгээд "Энэ гоё болсон байна уу" гэхэд бодсоноос чинь огт өөрөөр хий гэнэ. Яагаад хүмүүс хүүхэд нас руу галт тэргээр очихыг боддог вэ гэхээр одоогийн асуудлаа хүнд байна гэж боддогтой л холбоотой. Ерөөс зугатах арга зам нь л хүүхэд нас" гэсэн юм.

 

    Нэг ёсондоо хүүхдийн ном бол гэр бүлийн ном. Аав, ээж, хүүхдэдээ ярьж өгч байж, хоорондоо ярилцах ярианы сэдэв үүсдэг. Энэ ярианы, энэ үнэт зүйл, бахархлын талаар ярьдаг талбар нь хүүхдийн ном.

 

-БҮТЭЭГЧ-

         -Хүүхдийн номын зураачийн нэг бүтээл хэрхэн бүтдэг бол?

            -Манай редакцийн хувьд жилийн сүүлээр ирэх жилд гаргах номоо төлөвлөн гаргадаг. Түүнээс өмнө хийсэн бүтээлийнхээ алдаа оноог шүүдэг. Редакцаас зохиол ирэхэд зураачийн судалгаагаа хийж эхэлнэ. Энэ нь зургаан настай хүүхдийн ном уу, арван настай хүүхдэд чиглэсэн ном уу гэдгийг бодох юм. Мөн зургаан настай хүүхэд насанд хүрсэн хүнтэй харилцахдаа дээш чиглэн харна даа. Арван нас болохоор арай гайгүй гэдэг байдлаар тооцоолон загвараа яг таг гаргахыг хичээнэ. Үүний дараа өв соёл, уламжлалтай холбоотой юм уу өөр бусад зүйлээ хэрхэн шигтгэн оруулж болох вэ гэдгээ бодно. Жаахан фантаз ч нэмнэ. Анзаарвал, уул, үүл, толгодыг хүний дүр төрхтэйгээр хийхийг эрмэлздэг.  Хүний нүдэнд айхтар хурдан хугацаанд харагдаж, өнгөрдөггүй юм гэхэд хүүхдийн өөрийнх нь хэл зураг учраас хүүхэд аягүй сайн ажигладаг.

-Энэ цувралын гол зорилго, санаа юу вэ?

           -Үндэсний бахархал гэж юу вэ гэдэг асуултад л хариулт өгөх юм. Үндэсний бахархал гэдэг нь үлгэр, домгийн баатар юм уу, бодит хүн юм уу гэдгийг ойлгуулах. Хэрэв бодит хүн юм бол юуг туулж, зорьж, ямар бэрхшээлийг даван туулж байж энэ зүйлийг хийсэн юм бэ. Яагаад үүгээр бахархах ёстой юм бэ гэсэн чухал асуултад хариулах чухал зүйл байх ёстой. Гэхдээ бидний ярьж байсанчлан тухайн ном хэдэн настай хүүхдэд зориулагдаж байна гэдгээс хамаарна. Тухайлбал, Монголын нууц товчоо зурагт ном бол анд нөхөд гэж юу юм, андгай тангараг гэж юу юм, амлалтаасаа урвана гэж юуг хэлдэг гэдэгт хариулах юм.

-ТЭРСЛЭГЧ-

       Соёлын яамнаас өнгөрсөн намар хүүхдийн номын агуулгад тавигдах стандартыг боловсруулсан. Үүнийг зарим зохиолч, номын зураач, уран бүтээлчид эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлсэн. Үүнд тэр мөн номын нөхдийнхөө хамт оролцож, эсэргүүцлээ илэрхийлж, үзэл бодлоо хүргээд авсныг ч уншигчид санаж байгаа болов уу. Энэ талаар тэрбээр "Хийх номынхоо агуулгад стандартыг тогтоолгохоор энэ талбарт ямар залуу уран бүтээлч гарч ирэх юм бэ. Гэтэл стандарт боловсруулаад, үүнийгээ Соёлын бүтээлч үйлдвэрчлэлийн тухай хууль гээд яриад байгаа. Хүний ном бол үйлдвэрлэл биш, үр тарианы том атар газар. Тэндээс оюун санаа ургадаг болохоос стандарт ургахгүй. Хэрэв стандарт ургаад эхэлбэл сүйрэлт бий болно. Хүн төрөлхтний бүтээсэн оюун санааны то ертөнц рүү тэмүүлж байхад агуулгын стандарт яриад зогсож болохгүй байх" гэж байв. Ингэж тэр хүүхдийн номын  төлөө, хүүхдийн зохиол, бүтээлийн төлөө өөрийн сэтгэл, зүрхээрээ явж байгаа уран бүтээлч.

     

-АМСХИЙХ ЗУУРТ-

Бидний яриа ном, хүүхдийн зохиол, бүтээлийн талаар өрнөсөн бол цаашлаад хувь уран бүтээлчийн зуршил, бүтээл туурвилынх нь дэглэмийнх нь талаар ч сонирхлоо.

 -Театрын зураач мэргэжлээр төгссөн гэсэн. Театрт тавигдаж байгаа жүжгийг хэр үздэг бол. Нөгөө талаар байнга л хүүхдийн номын зураг гэдэг ч хааяа хувь уран бүтээлчийнхээ хувьд нэг сайхан байгалийн зураг юм уу, эсвэл гудамжаар явж байгаа нэг сайхан эмэгтэйг зурах хүсэл төрдөг болов уу?

       -Театрын зураачаар сурч байхдаа "Хувьсал" продакшнд хоёр, гурван ч жүжгийн тайзны зураачаар ажилласан. Монголд театрын зураачид хангалттай ажлын байр байхгүй. Нэг хэсэг телевизэд ажиллах гэж үзэж байгаад багаасаа номтой ойр өссөн болохоор номын зураг руу эргэлт, буцалтгүй орсон доо. Мэдээж хүүхдийн номын зургаас өөр төрлийн зураг зурна. Гудамжаар явж байхад зураг зурмаар санагдах тохиолдол бий, бий. Тэр бүхнийгээ зуралгүй яах вэ. Мөн сурагч, оюутан байхдаа шүлэг бичдэг байсан.

   -Та аль цаг үед илүүтэй төвлөрч ажилладаг вэ. Удаан бодож, бодолдоо санаагаа хурааж байгаад зурдаг уу. Эсвэл шууд л зурах уу?

       -Ихэвчлэн шөнө зурна. Өдөр гол төлөв унших, судлах зүйлсээ хайж, боддог. Дүрслэх урлагийн оюутан байхад шөнөөр их зураг зурна. Тэр үеэс л шөнөөр ажиллах дадал, зуршил суусан байх шиг санагддаг. Тиймээс төвлөрөх хугацаа шөнө байдаг. Номын зураг ойролцоогоор дөрвөн сар үргэлжилдэг. 

  -Уран бүтээлчийн хувьд ямар зуршилтай вэ?

         -Дүрийнхээ тухай их бодож,олон хүнтэй газраар өнөө дүрээ хайж, бодож, алхана. Зуршил гэвэл кофе их ууна. Тамхилах үе ч гарна аа, гарна.

      Энэ хүрээд Б.Төрмөнх зураач бидний яриа өндөрлөж, түүнээс цаашид зорьж байгаа хүсэл мөрөөдлийнх нь тухай асуухад "Уран бүтээлч хүний хувьд үнэхээр сайн ном хийе, ном бүтээл минь зөвхөн монгол хүүхдүүд гэлтгүй олон улс орны хүүхдийн унших, үзэх дуртай ном бүтээх юм сан гэж бодож, зорьж явна. Ойрын төлөвлөгөө гэвэл бий. Тухайлбал, Монголын үлгэр, домог, туульс агуулгын хувьд сайн. Гэхдээ шинэчилж найруулсан зүйл үгүй, амнаас ам дамжсан хэвээр байгаа. Нөгөө талаар хүүхдийн шинэ зохиол асар их хэрэгтэй байгаа. Ойрын хугацаанд бодож байгаа зүйл хүүхдийн зохиолчидтой хамтарч ажиллах, шинэ хүүхдийн зохиолч, зурагт номын зураачдыг бий болгох шат дараатай ажлыг төлөвлөсөн. Түүний дараа ахисан түвшний ном хийнэ. Гадагшаа гарах агуулгатай ном манай редакцад төлөвлөгдсөн байна" гэсэн юм.


Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188