• Өнөөдөр 2026-10-07

ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА

Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн өдөр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн салбарт болж, өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛС ТӨР

САНГИЙН САЙДЫН БАГЦЫН 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАХ ЭРСДЭЛТЭЙ ТУЛАВ

УИХ энэ өдрүүдэд 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Өргөн бариад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа төсвийн тодотголоор төсвийн нэг хэсгийг танаж, нөгөө хэсгийг нэмэгдүүлж, заримыг нь өрөөр санхүүжүүлэх замаар жилийн эцсийн төсвийн бүтцийг дахин зохион байгуулахаар хэлэлцэж байгаа.

          Тэгвэл өнгөрөгч даваа гарагт Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Засгийн газрын зарим сайдын багцад багтсан төсвийн мөнгийг хэдийнэ зарцуулсан тухай асуудал яригдсан. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний зүгээс Сангийн сайдын багцад багтсан 124 хүний цалингийн зардлыг өөр яам руу шилжүүлж, 23 тэрбум төгрөг хэмнэх санал гаргаж ирсэн. Гэсэн ч өөр яам руу шилжүүлэх санал гаргасан цалингийн зардлыг хэдийнэ Сангийн яамнаас цалинждаг 124 хүн олгосон тухай З.Мэндсайхан сайд мэдээлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “2026 оны төсвийн тодотгол өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдөр өргөн баригдаад, одоог болтол батлагдаагүй байгаа төсөл. Гэтэл зарим сайд хууль зөрчиж, батлагдаагүй байгаа төсвийг урьдчилан байна” гэсэн асуудал хөндсөн юм. Харин үүнтэй холбоотойгоор өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа Сангийн сайд З.Мэндсайхан “С.Цэнгүүн гишүүний яриад байгаа асуудал нь тодотголоор урсгал зардал нэмж оруулсан асуудал биш. Сангийн сайдын багц дээр тодотгогдоод цалин нь олгогдоод явж байгаа 124 хүний цалингийн асуудал. Одоо төрийн албанд ажлаа хийгээд цалингаа авчихсан байсан 124 хүний цалинг төсвийн тодотгол дээр дахин хэлэлцээд цуцлаад хаячихвал тэр хүмүүсээс цалинг буцааж нэхэмжилж авах нөхцөл байдал үүсээд байгаа юм” хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Тодотгол батлагдчих юм чинь” гэсэн хандлагаар урьдчилан зарцуулчихсан дүр зураг харагдаж байгаа. Зөрүүлээд УИХ-ын гишүүд нь “Батлагдаагүй мөнгө хууль зөрчиж, зарцуулж болохгүй шүү дээ” гэсэн шаардлага тавихаар “Энэ цалин авсан хүмүүс, урьдчилж гаргасан зардал хохирох гээд байна шүү дээ” гэсэн асуудал ярьж байна” гэсэн юм.

          Энэ маягаар нэгэнт батлагдчихсан байсан төсвийн дахин задалж, тодотгол оруулж ирсэн 2026 оны төсвийн тодотголын IV шатны хэлэлцүүлэг олны анхаарлын төвд орж байна. Төсвийн тодотголын хамгийн онцлох сэдэв болж байгаа 124 хүний цалингийн асуудал яаж ч шийдэгдсэн бай тэр хэмжээний төсвийн хөрөнгө төсвөөс хасагдах эрсдэлтэй нүүр тулж байгаа юм.

НИЙГЭМ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ИРГЭДИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт дэлбэрэлт болсны улмаас долоо хүн амиа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай осол гарсан. Тэгвэл өнгөрөгч өдөр Ерөнхий сайд Н.Учрал дэлбэрэлтийн улмаас амиа алдсан дөрвөн иргэний гэр бүлийг хүлээн авч уулзаж, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.

          Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Энэ тусламж эрдэнэт хүний амь, элэг бүтэн амьдралыг нөхөхгүй. Гэхдээ төр иргэнээ мартаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар гамшгийн үед ч, гамшгийн дараа ч иргэнээ ганцааранг нь үлдээхгүй. Бид энэ ослоос сургамж авч, дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн юм. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дүнг ар гэрийнхнийх нь хүсэлтээр олон нийтэд мэдээлэхгүй юм байна.

ГОДРОН ӨВЧНИЙ УЛМААС МАЛАА УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

“Ямаатай чемодан”-ы асуудал аюулын харанга дэлдэж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Төв болон Говь-Алтай аймгийн 6296 ямааг годрон өвчний улмаас устгалд оруулаад байгаа бөгөөд цаашид 11 мянга орчим тоо толгой ямааг устгалд оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн годрон өвчний тандалтын хугацаа хоёр сарын турш үргэлжлэх бөгөөд өвчин 10 аймгийн хэмжээнд тархсан байж болзошгүй аж.

          Тэгвэл үүнтэй холбогдуулан өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал шуурхай хурал зарлаж хуралдсан. Хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдаж, 16 өрхийн 6296 ямааг устгалд оруулсныг мэдээлжээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн “Намайг сайдаар ажиллаж байхад годрон өвчний асуудал огт орж ирээгүй. Вакцины бизнес эрхлэгчид санаатайгаар өвчин тараадаг гэдгийг үгүйсгэхгүй. Энэ талаар олон жил л ярьж байна” гэсэн юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын “Чемодан өвчтэй ямаа хийж Монгол Улсын нутаг дэвгэрт оруулж байж болзошгүй” гэж мэдээлсэнтэй холбоотойгоор малыг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байгаа аж.

          Ерөнхий сайд Н.Учрал “Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгох ёстой. Годрон өвчний вакцин үйлдвэхлэх санхүүжилт болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Дараа нь гэм буруутай этгээдээр төлбөрийг нөхөн төлүүлэх ёстой” гэж мэдээлсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын шуурхай хуралдаанаар өвчний тархалтыг зогсоох, бусад аймаг суманд тархахаас сэргийлэхийн тулд мөшгөн тандалт, лабораторийн оношилгоог эрчимжүүлэх, тархалтын хүрээг бүрэн тогтоох, нөөц санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатайг мэдээлсэн юм. Биокомбинатад ямааны годрон өвчний вакцин гаргаж авахад 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

УЛСТӨРЧИЙН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИУД БҮХ СУРАХ БИЧГИЙГ ХЭВЛЭХ ЭРХИЙГ АВЧ БАЙГААД ГОМДОЛТОЙ БАЙНА ГЭВ

Өнгөрөгч өдрийн онцлох үйл явдлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарын хамаарал бүхий компаниудаар хийлгэсэн байж болзошгүй асуудлыг дэлгэсэн “Монсудар” хэвлэлийн газрын төлөөллүүдийн мэдэгдэл байлаа. Хэвлэлийн хурлын үеэр нэгдүгээр ангийн сурах бичгийн хавтсуудыг AI-аар зуруулж, хүүхдүүдийн царай, төрхийг бүгдийг ижил зуруулсан, даалгавар ажилд гурван хөлтэй хүүхдийн зураг байгаа эсэх асуудлыг дэлгэсэн юм.

          Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн 2000-2007 онд Ерөнхий менежер, захирлаар нь ажиллаж байсан “Соёмбо принт” ХХК, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн 1996-2005 онд Ерөнхий захирлаар нь ажиллаж байсан “Мөнхийн үсэг” тэргүүтэй компани Боловсролын ерөнхий газраас зарласан тус тендерт шалгарч сурах бичиг үйлдвэрлэсэн талаар мэдээлэв. Уг асуудлаар “Монсудар” хэвлэлийн газрын төлөөлөл АТГ-т гомдол гаргаж, шалгуулж байгаагаа мэдэгдсэн бөгөөд “Улстөрчдийн холбоо хамаарал бүхий эдгээр компани шалгарч байгаад манай компанийн хувьд гомдолтой байнна. Төр засаг хүүхдүүдийг бодсонгүй, зөвхөн ашиг хонжоо харлаа гэж үзэж байна” хэмээсэн юм.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЛЭВ

Франц Улсын Засгийн газрын 51 сая америк долларын  хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Яармагийн I будлаас Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах “Хархорин” худалдааны төв хүртэлх 4.2 км дүүжин тээврийн шугам байгуулах төсөл хэрэгжиж байсан билээ. Тэгвэл тус зам тээврийн шугамын туршилт албан ёсоор эхэлж, Францын “Bureau Veritas” инженерийн байгууллагаас техникийн аудит хийж байна.

Тодруулбал, нийтийн дүүжин тээврийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд туршилтаар ган тороосын хэвийн ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос болон удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдрэгчийг шалгаж байгаа аж. Дүүжийн тээврийн туршилт нийт 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад оруулахар төлөвлөжээ. Уг дүүжин тээвэр нийтийн хэрэглээнд явж эхлэхээр иргэд 4.3 км замыг 11-13 минутын хугацаанд зорчино гэж мэдээлж буй юм.  

ЭДИЙН ЗАСАГ

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2026 ОНД 5.7 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн 2026 оны өсөлтийн төсөөллөө 0.7 нэгж хувиар нэмэгдүүлж, 5.7 хувь болгожээ. Гэсэн ч 2027 онд 5.6 хувь, 2028 онд 5.4 хувь болж саарах төлөвтэй байна гэж мэдээлэв.

          Тухайлбал, 2026 оны эхний хагас жилд эдийн засаг 7.8 хувиар өссөн нь уул уурхайн олборлолт нэмэгдэж, экспорт болон хөрөнгө оруулалт тэлсэнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн мал аж ахуйн салбар сэргэж байгаа нь уул уурхайн бус салбарын өсөлтийг ч дэмжиж, тус салбарын өсөлт энэ оны эхний хагаст 4.3 хувьтай гарсан байна.

          Харин Дэлхийн банкны Монгол Улсын 2026 оны инфляц ес орчим хувьтай буюу бүс нутгийн орнуудтай харьцуулбал хамгийн өндөр түвшинд байх төлөвтэй байна. Үүний том шалтгаануудын нэг нь шатахууны нийлүүлэлтийн хүндрэл бөгөөд ойрын хугацаанд шатахууны хомстол, үнийн дарамт өндөр хэвээр байвал мөнгөний бодлогын чангарал дунд хугацаанд инфляцыг сааруулна гэж үзэж байгаа аж.

ДЭЛХИЙД

ЭРХҮҮД ГАРСАН УЧИР БИТҮҮЛЭГ ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 200 ХҮНИЙГ ТУСГААРЛАЖЭЭ

ОХУ-ын Эрхүү мужид Алс Дорнодын Тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн лабораторийн ажилтан эмэгтэй халдварч авч, эмнэлэгт гурав хоноод энэ сарын 2-нд нас барсан тухай олон улсын хэвлэлүүдээр гарсан. Лабораторийн ажилтанд халдварласан нь уушгины халдварт тахал гэж үзэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан I, II хавьтал болсон 200 орчим хүнийг тусгаарлаад байгаа юм байна.

          “Reuters” агентлагийн мэдээлснээр тус бүс нутагт тахлын шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хорио цээрийн арга хэмжээний хүрээнд хяналтад байгаа хүмүүсээс коронавирус, риновирус илэрсэн ч тахлын халдвар илрээгүй гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоогийн мэдээлэлд үндэслэн Эрхүүд гарсан учир битүүлэг тахлын олон нийтэд учруулах эрсдэлийг бага гэж үнэлжээ.

СПОРТ

"АЙЧИ-НАГОЯ 2026" АЗИЙН НААДМААС МОНГОЛ УЛС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Япон Улсын Айчи мужийн Нагоя хотод зохион байгуулагдсан 20 дахь удаагийн Азийн наадам өнгөрөгч өдөр албан ёсоор хаалтаа хийв.

          “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд Монгол Улсаас 298 тамирчин оролцсоноос нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртлээ. Монгол Улс энэ удаагийн Азийн наадмаас  15 медаль хүртсэн нь 2002 оны Бусаны Азийн наадмаас хойших хамгийн сул амжилт болж байгаа юм байна. Түүнчлэн тус наадмаас медаль хүртсэн 37 орноос чансаагаараа 27 дугаарт жагсаж байгаа нь манай улс Азийн наадамд 1974 оноос орж эхэлснээс хойш хамгийн доогуур эрэмбэ болов.

Тухайлбал, Монголын багийн цор ганц алтан медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд барилдсан К.Ёолк, мөнгөн медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 килограммын жинд барилдсан Т.Ариунзаяа хүртсэн юм.

          “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд БНХАУ 169 алтан медалтайгаар медалийн тоо, чанараараа дахин нэг удаа тивийн наадамд тэргүүлсэн бол Япон, БНСУ удаалжээ. Харин Төв Азийн таван улс нийт 186 медаль хүртсэнээс Узбекистан Улс 21 алтан медальтайгаар тавдугаарт, Казахстан Улс 12 алтан медалтайгаар наймдугаар эрэмбэлэгджээ.

МОНГОЛ ТАМИРЧИН NBA-ИЙН БАГТАЙ ГЭРЭЭ ХИЙЛЭЭ

Монгол тамирчин анх удаа NBA-ийн багтай гэрээ хийсэн түүхэн үйл явдал өнгөрөгч өдөр тохиолоо. Тухайлбал, Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Ш.Энхийн-Од NBA-ийн “Орландо Мэжик” багтай 10 өдрийн гэрээ хийсэн. Энэ тухай тус тамирчны аав Гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна вэ. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амарлаа. Одоо Жи лигийн багтаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй, миний хүү. Аав, ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч гэсэн баяр хүргэе” хэмээн цахим хуудастаа сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

          “Mongolian Mike” буюу Ш.Энхийн-Од нь NCAA-ийн I дивизийн багт тэтгэлгээр суралцсан анхны монгол тамирчин бөгөөд NCAA-ийн “Dayton Flyers”, “San Francisco Dons”, “Utah Utes”, “South Carolina Gamecocks” багт тоглож байсан туршлагатай. Тэрбээр NCAA-д тоглосон хамгийн сүүлийн жилдээ буюу 2025-2026 оны улиралд “South Carolina Gamecocks” багийн өмсгөлтэй 10.9 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт, 2.6 оновчтой дамжуулалт үзүүлсэн. Улмаар 2026 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй. Харин “Орландо Мэжик” багийн урилгаар тус багийн Зуны лигийн багт тоглосон бөгөөд тус багтайгаа ийнхүү албан ёсны 10 өдрийн гэрээ хийж байна.

 

 


ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188