• Өнөөдөр 2026-10-07

ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ

    Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, болзошгүй гамшгийн үеийн хариу арга хэмжээний төслийн бэлтгэл ажил, гамшгийн эрсдэлийн санхүүжилт болон техникийн туслалцааны талаар санал солилцжээ.

    Уулзалтын үеэр Дэлхийн банкны төлөөлөгчид төслийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалт, Онцгой байдлын ерөнхий газрын оролцоо, төсөл хэрэгжүүлэх нэгж болон санхүүжилтийг идэвхжүүлэх чиглэлээр мэдээлэл өгчээ. Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс Монгол Улсад томоохон хэмжээний гамшгийн үед шуурхай ашиглах тогтвортой, уян хатан санхүүжилтийн механизм шаардлагатайг онцолж, КОВИД-19 цар тахал болон зудын гамшгийн үеэр тулгарсан санхүүжилтийн хүндрэл, сургамжийн талаар танилцуулсан байна.

    Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээлсэн байна. Түүнчлэн гамшгийн дараах хохирол, хэрэгцээний үнэлгээний аргачлалыг шинэчлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдэж, Монгол Улсын нөхцөлд тохирсон үнэлгээний аргачлал боловсруулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон техникийн туслалцааг Дэлхийн банкнаас авах боломжийг хэлэлцжээ.

    Цаашид төслийн удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлох, төсөл хэрэгжүүлэх гарын авлага боловсруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр сургалт зохион байгуулж, чадавх бэхжүүлэхээр тохиролцжээ.


ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188