• Өнөөдөр 2024-05-18

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ, Б.ЦЭНГЭЛИЙН “ТАВИУЛ” Н.БУДБАЯР Н.УДААНЖАРГАЛЫН АРААС “ШУВУУ” БОЛОХ ВИЙ

2023-07-20,   5081

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдож, хууль бусаар хөрөнгөжсөн, хамаарал бүхий этгээдийнхээ хадгаламжид нуусан нь илэрмэгц хил давж зугтсан. Сураг нь эхлээд Солонгосоос сонсогдож, дараа нь Малайз, Аргентинд бүгж байгаад, тэндээсээ Тайланд руу талийсан гэх мэдээлэлтэй өдий хүрч байна. Засгийн газрын “Шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалыг “шүүрч” авчраад, шүүхийн өмнө ял асууна гэж “шоудаад” хагас жил өнгөрлөө. Тэгвэл Засгийн газар, ЗТХЯ-наас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн шинэ гүйцэтгэх захирлаар Нэргүйн Будбаяр гэгчийг томилжээ. Засгийн газар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяа “Тавантолгой төмөр зам” ХХК-д Монголын экспортын гарцыг нэмэгдүүлэх төмөр замын бүх том төслүүдээ хариуцуулж  байгаа атлаа гүйцэтгэх захирлаар нь төмөр замын “түй” ч туршлагагүй хүн томилчихжээ. Иймд бид “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр гэж хэн болохыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. 
 

БАНКНААС БИЗНЕСТ, ТЭНДЭЭСЭЭ ТӨМӨР ЗАМД ОРЖ БУЙ Н.БУДБАЯРЫН НАМТАР

     Н.Будбаяр 1998 онд МУИС-ийг Эдийн засаг мэргэжлээр төгсөж, 2006 он хүртэл Худалдаа хөгжлийн банк, ХБНГУ-ын FFS банк, Улаанбаатар хотын банканд тус тус мэргэжлээрээ ажилласан. 2006-2016 он хүртэл “Женерал финанс” ХХК, “Женерал коммерс” ХХК, “Ариун шиваа мандал” ХХК, “Монгол хүнс” ХХК, “Монгол хүнс групп” ХХК, “Би Пи Эм партнерс” ХХК, “Хүннү энержи” ХХК, “Лагуна нүхт” ХХК, “Цэлмэг ази групп” ХХК, “Цэлмэг ази” ХХК, “Танан капитал” ХХК, “Нановүүд” ХХК, “Ард дизайн” ХХК гэх 13 компанийг өөрөө болон өрөөлтэй хамтарч байгуулсан. 2017 онд Хөгжлийн банкны Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдож, 2019 оныг дуустал хоёр жил ажилласан. Харин өнгөрөгч нэгдүгээр сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засгийн албаны даргаар томилогдож, хоёр хоногийн өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдлоо. Банк, бизнесийг хослуулсан түүнд төмөр замын туршлага огт байхгүй нь дээрх намтраас нь тодорхой харагдаж буй биз. 
 

ТӨБЗГ-ЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛИЙГ “ТӨМӨР ЗАМ” ДАХЬ АШИГ СОНИРХЛЫГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ “ТАВИУЛ” БУЮУ Н.БУДБАЯР

    “Монголын төмөр зам” ТӨХК-д хэлтсийн даргаар хагас жил ажилласан” гэх намтарт нь байх ганц өгүүлбэрээс өөр төмөр замын туршлагагүй Н.Будбаяр гэгчийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсны ард хэн байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Судлаад үзвэл, хэний ч танихгүй, “хурган” бизнесмен Н.Будбаярын томилгооны ард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, “Эрдэнэс  Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Цэнгэл байх буюу түүний тавиул аж. Н.Будбаяр, Б.Цэнгэл хоёрын холбоо хамаарлын нэгээхэн сэжүүрийг хөдөлшгүй баримтаар тайлбарлъя.
 
      Н.Будбаяр 2009 онд Р.Нацагдорж гэгчтэй “Монгол хүнс” ХХК, “Монгол хүнс групп” ХХК гэх хоёр компанийг хамтран байгуулж, өнөөг хүртэл өнгөрсөн 14 жил дөрөө харшуулжээ. Харин Р.Нацагдорж гэгч нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн төрсөн эгч Б.Цолмонтой 2014 оноос хойш “Санхүүгийн тооцоолох систем” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаа хамтрагчид. Ингээд зогсохгүй, “Санхүүгийн тооцоолох систем” ХХК-ийн толгой компани болох 1998 онд байгуулагдсан “Санхүүгийн тооцоолох групп” ХХК-ийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өөрийн эхнэр ЕТГ-ын газрын дарга С.Янжинсүрэн болон төрсөн эгч Б.Цолмонтойгоо хамтран эзэмшдэг.
 
Бас нэгэн сэжүүр нь, Н.Будбаярын хамтрагч Р.Нацагдорж нь Б.Цэнгэлийн эгч Б.Цолмон болон ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Жигүүр транс” ХХК-ийг өнгөрсөн он хүртэл хамтран эзэмшсэн байгаа юм. Дээрх схемээс “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн бизнесийн сүлжээний гар хөл гэдэг нь тун тодорхой харагдаж буй байх. Өмнө нь, төрийн томчууд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд төрсөн ах, дүү, амраг садныхаа нэг нэгнийг тавиул болгож, томилгоо хийдэг байв. Гэвч тэр нь төд удалгүй баригдчихдаг учраас хашир сууж, арга нь нарийсаж, өөрсдөдөө хамааралтай гэж харагдахгүй хүмүүсийг тавиулаараа сонгож, томилгоонд оролцуулдаг болсон нь энэ. Гол нь, Б.Цэнгэл Н.Будбаярыг ямар зорилгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулав гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултад хариулт хайж үзвэл, 
 
Нэгдүгээрт, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өөрөө 2017 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019 он хүртэл хоёр ажиллаад У.Хүрэлсүхийн зөвлөхөөр шилжин томилогдож байв. Түүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 2018 онд Засгийн газраас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяанд шилжүүлж байсан. Товчхондоо, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн албан ёсны намтар нь ч, ашиг сонирхол нь ч “Монголын төмөр зам” ТӨХК руу чиглэдэг. Ингэж харвал, Б.Цэнгэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа авч чадаагүйгээ “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өөрийн тавиул Н.Будбаярыг томилуулах замаар авах гэж байна гэж харагдана.  
 
Хоёрдугаарт, Засгийн газраас өнгөрсөн оноос Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт гэхчихэн төмөр замын том төслүүдийг хөдөлгөж, энэ оноос Тавантолгой-Гашуунсухайтын хоёр төмөр замыг холбох, Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барих, Богдхан төмөр замыг эхлүүлэх гэх мэтээр эрчимжүүлж байгаа. Тухайн төмөр замын төслүүдийг чиг үүргийн хувиар “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК хариуцан ажиллана. Тэгэхээр хувиар “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-д асар их мөнгө эргэлдэнэ гэсэн үг. 
 

Н.БУДБАЯРЫН БИЗНЕСИЙН БАРААН НАМТРУУД БУЮУ ТЕНДЕР, ББСБ, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, БОГДХАН УУЛЫН АМНЫ ХАУС ХОРООЛОЛ...

 
     “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр 13 компанитайг дээр дурдсан. Тухайн компаниудынх нь заримаас танилцуулъя. Н.Будбаяр, түүний эхнэр Д.Ундрал нарын эзэмшлийн “Арт дизайн” ХХК нь төрийн тендерүүдэд, тэр тусмаа “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн тендерүүдэд голчлон оролцдог. Өнгөрсөн онд болон энэ онд хэчнээн тендерт оролцсоныг нь доор баримтаар харуулъя. Сонирхуулахад, Н.Будбаярын “Ард дизайн” ХХК нь өнгөрөгч тавдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг Бэрх тосгоны наадмыг талбайг 38.0 сая төгрөгөөр тохижуулж өгчээ. 
    Богдхан уулын амуудыг хаус хорооллоор дүүргэсэн компаниудын нэг нь Н.Будбаярын “Лагуна Нүхт” ХХК бөгөөд ХУД-ийн IV хороо, Богдхан уулын Нүхтийн аманд тансаг зэрэглэлийн хаус хотхон барьж худалдсан. Мөн Туул голын эрэгт Гацууртын зам дагуу баригдсан 32 айлын “Гачуурт риверсайд” хаус хороолол ч Н.Будбаяр руу чиглэх аж. 
    Н.Будбаярын “Хүннү-Энержи” ХХК-ийн эзэмшдэг “Цэлмэг-Ази” ХХК нь 2015 онд Сүхбаатар дүүргийн XV хороо, Дамбадаржаа орчмын 13 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч “Эко Дамбадаржаа” хорооллыг барьсан. Гэвч Аудитын газрын 2017 оны шалгалтаар “Цэлмэг Ази” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр тендергүйгээр шалгарч, улмаар нийслэлийн төсвөөс 13.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар шууд гэрээ байгуулсан байсан нь илэрсэн байна. 
    Эцэст нь, дээрх баримтуудаас дүгнэвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Цэнгэлийн тавиул Н.Будбаяр өмнөх захирал Н.Удаанжаргал шигээ хууль бусаар хөрөнгөжиж, хил даваад, “шувуу” болоод нисчих вий гэсэн болгоомжлол төрж байна. 
 

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ, Б.ЦЭНГЭЛИЙН “ТАВИУЛ” Н.БУДБАЯР Н.УДААНЖАРГАЛЫН АРААС “ШУВУУ” БОЛОХ ВИЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-23 15:24:45
    ЗОЧИН: БАС Л ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХТЭЙ ХУЛГАЙЧУУД ЮМ БНА Ш ДЭЭ. ТОЛГОЙ ЭРГЭМ ОЛОН КОМПАНИТАЙ ЮМ БНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-02 14:28:29
    df: СБД-н дахин төлөвлөлтийн байрыг очиж үзээ, ордерын шалтгаангүй өгөхгүй байна, байр ашиглалтад орсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-20 21:51:53
    Иргэн: Цэнгэл Еөкийнх бишээ хүүкийн эртний найз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-20 12:10:54
    Зочин: Хулгайч нь зугтана цавны бөөсөө үе залгамжлуулдаг жишиг тогтсоон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-20 08:34:54
    Зочин: Нис нис
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-19 13:54:05
    зайлаа: цэнгэл нь екийн хүн шт тэгээд бод бод
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188