• Өнөөдөр 2025-01-31

ТЭРБУМЫН АДУУТАЙ УИХ ДАХЬ УЯАЧ ГИШҮҮД

2025-01-27,   2390

      Хурдан морийг улс төрд хоёр янзаар “ашигладаг” болчихсон нь нууц биш. Эхнийх нь авлига ба мөнгө угаалтын хэрэгсэл болгох. Хурдан удмын адуу бол их хэмжээний бүртгэлгүй, бас баригдахгүй мөнгө л гэсэн үг. УИХ-ын гишүүн асан, “газрын наймаа”-гаар зард гарсан “Мон-Уран”-ы Б.Наранхүү нэг азаргыг л 800 сая төгрөгөөр худалдаж авсан гэх “домог”-ийг мэдэх биз. Өөрөөр бол, ханш нь өндөр, тэгэх мөртөө орон сууц, оффис, орд харш шиг яг тэд гэж ижил үнэ тогтоох боломжгүй, эргээд хурдан зарагдана, гол нь хэнээс хэдэн төгрөгт тооцож аваад, хэнд хэдэн төгрөгөөр худалдсан ул мөр бараг л үлдэхгүй. Авлига авсан, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх мэт хэргүүдээс бултах шалгарсан арга болчихсон гэсэн үг. Сүүлийн, бас сонгодог жишээ нь УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан. Анх хэвлэлийн жижиг цехтэй, хослол зардаг жижиг лангуутай байсан гэх Т.Аюурсайхан “Эрдэнэс тавантолгой” ХК-тай халаас, хэтэвчээ “нэгтгэж” эхэлсэн цагаас хурдан моринд мөнгө хайрлахаа больсон гэдэг. Тод манлай уяач Ц.Дуламсүрэн Т.Аюурсайханыг хурдан удмын эрлийз морьдыг 20 мянган ам.доллароор худалдан авч байна гэж шүүмжилж байсан удаатай. Мөн өнгөрсөн онд Хүй долоон худаг ба Дорнодын Хөлөнбуйрт байх Т.Аюурсайханых гэх хурдын удмын адууны хоёр ч тансаг жүчээ зураг, бичлэгтэйгээ баримтаар ил болсон. Товчхондоо, авлигад цүнх дүүрэн мөнгө авч байснаас, эсхүл авлигын мөнгөөрөө уулын аманд хаус авлигад авч "гэрэл цохиулж" байснаас хурдан удмын адуу авчихсан нь ёстой өнөө авсан, өгсөндөө өлзийтэй байдаг ажээ. 
 
Дараагийнх нь, хурдан морины гал, уяачдын холбоод нь улс төрийн фракц аятай болчихсон. Сонгодог жишээ нь, МАН-ын дарга асан, Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүн асан, Манлай уяач М.Энхболд. Тэр их улс төрд ид байхдаа өөрийг нь тойрон хүрээлдэг олон ч уяачийг улс төрд оруулж ирж, албан тушаалын аагтай болгоныг амсуулсан. Жишээ нь, М.Энхболд ММСУХ-ны тэргүүн байхад Т.Бадамжунай, Су.Батболд, “Мон-Уран”-ы Б.Наранхүү, Х.Бадамсүрэн, П.Сэргэлэн, Ц.Цэнгэл нар тэргүүлэгч гишүүдээр нь ажилладаг байв. Тэд бүгд л улс төрд М.Энхболдоор хөтлүүлж орсон, түүний дэмжлэгээр эрх мэдэл, албан тушаалд хүрсэн, түүний фракцийнхан. Хамгийн сүүлд л гэхэд, 2016 онд МАН үнэмлэхүй ялж, М.Энхболд МАН-ын даргын хувиар ММСУХ-ны Нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүн П.Сэргэлэнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болгож байлаа. ММСУХ-ны дэд тэргүүн Ш.Лхамсүрэнг Барилга, хот байгуулалтын дэд сайд болгож байлаа, гэх мэтээр цааш үргэлжилнэ. 
 
      Товчхондоо, УИХ-ын гишүүн, уяач гэсэн хос сэтэртнүүд бол онцгойлон анзаарч, ажиглаж байх ёстой нөхдүүд гэсэн үг л дээ. Тэгвэл саяны сонгуулиар Ш.Адьшаа, Х.Болорчулуун нарын цуутай уяач нар нутаг буцаж, оронд нь Тод манлай уяач Б.Далайн хүү Д.Батбаяр, Тод манлай уяач Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга тэргүүтэй шинэ уяач нар орж ирлээ. УИХ дахь уяачдын буухиа тасарсангүй, харин ч олуулаа болж орж ирлээ. Иймд бид УИХ дахь хамгийн олон, бас хамгийн үнэтэй адуутай шинэ, хуучин нийлсэн 10 уяачийг танилцуулж байна. 
8.8 ТЭРБУМЫН ХУРДАН УДМЫН АДУУТАЙ УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯР
 
      УИХ-ын гишүүн Д.Батбаяр нийслэлийн Алдарт уяач цолтой. Сая сонгуулиар нэр дэвшихдээ хурдан удмын 110 адуутай гэж мэдүүлж, 8.8 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Арга ч үгүй байх. Түүний аав Б.Далай нь Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, улсын Тод манлай уяач цолтой нэгэн бий. Увс аймгаас төрсөн анхны Тод манлай уяач бөгөөд 2019 онд түүнд хүндэтгэл үзүүлэх “Тод манлай-2019” наадам Увс аймагт болж, таван насны морь уралдаж, 128 бөх барилдаж, Дархан аварга Х.Баянмөнх, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав тэргүүтэй зочид уригдан оролцож байв. УИХ-ын гишүүн Д.Батбаярын хувьд ч хамгийн сүүлд, 2022 онд Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ой /хамтатгаж тэмдэглэсэн/-н Хангайн бүсийн уралдаанд “Тод хул” шүдлэнгээ түрүүлгэж, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой /хамтатгаж тэмдэглэсэн/-н Улсын баяр наадамд “Тод хул” шүдлэнгээ аман хүзүүнд хурдлуулсан. Харин өнгөрөгч 2023 онд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Төвийн бүсийн уралдаанд “Тод хул” хязаалангаа долоод давхиулж байв. 
 
ААВААСАА АДУУГ НЬ Ч, АН ДАХЬ НӨЛӨӨГ НЬ Ч ӨВЛӨН АВЧ БУЙ УИХ-ЫН ГИШҮҮН П.МӨНХТУЛГА
 
    УИХ-ын гишүүн П.Мөнхтулга “Түмний эх” галын залуу уяач. Тэрбээр хурдан удмын 30 адуутай гэж мэдүүлж, 1.0 тэрбум төгрөгөөр үнэлжээ. П.Мөнхтулга 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын баяр наадамд “Жигүүр бор” азаргаа айргийн гуравт хурдлуулж байлаа. Мөн 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой /хамтатгаж тэмдэглэсэн/-н улсын баяр наадамд халтар даагаа есөд давхиулж байв. Харин түүний аав Ө.Пүрэвбаатар нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, улсын Тод манлай уяач цолтой, 2019 оноос хойш ММСУХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Ө.Пүрэвбаатарын тухайд, АН-ын хууччуулын нэг бөгөөд тэртээ 2000 онд Н.Алтанхуягтай хамтран СХД-ийн АН-ыг байгуулж, төвхнүүлж байлаа. Сүүлд СХД-ийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байв. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга ааваасаа адууг нь ч, АН дахь нөлөөг нь ч өвлөж авч буй нэгэн. 
 
БАЯНХОНГОРЫН ЗАСАГ ДАРГА БАЙХДАА АЙМГИЙНХАА НААДМЫН ТҮРҮҮГ ГАРГААДАГГҮЙ БАЙСАН УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЖАРГАЛСАЙХАН
 
     УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан аймгийн Алдарт уяач цолтой. Морь сонирхогчид, ялангуяа баянхонгорчууд түүний хурдан бор азаргыг андахгүй. Д.Жаргалсайханы бор азарга 2007 онд даагандаа Баянхонгорын наадамд айргийн гурваар давхиж, 2008, 2010, 2012, 2013 онд тус тус түрүүлж байв. Өөрөөр бол, түүнийг Баянхонгорын Засаг дарга байх үед түүний бор азарга нь аймгийнхаа наадмын түрүүг түүдэг байсан гэсэн үг л дээ. Хамгийн сүүлд, 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойн Улсын баяр наадамд 11-ээр давхиж, дараахан нь Ламын гэгээний 375 жилийн ой, Говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж байв. Аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж дөнгөсөн түүнд аймгийн алдартнаас Улсын алдарт болох ойрхон л төсөөлөгдөж буй биз. 
 
ХАМГИЙН ОЛОН АДУУТАЙ МАНЛАЙ УЯАЧ, УИХ-ЫН ГИШҮҮН З.МЭНДСАЙХАН
 
    УИХ-ын гишүүн З.Мэндсайхан Ховд аймгийн Мянгад сумын уугуул, улсын Манлай уяач цолтой. Тодруулбал, З.Мэндсайхан УИХ дахь уяачдаас хамгийн том цолтой нь гэсэн үг. Тэрбээр сая сонгуульд нэр дэвшихдээ 235 адуутай, тэр тусмаа хурдан удмын 25 адуутай гэж мэдүүлж, 1.3 тэрбум төгрөгөөр үнэлжээ. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан 2010 оноос морь уяж эхэлсэн бөгөөд 2010 ондоо Ховд аймгийнхаа 80 жилийн ойгоор их насны морио түрүүлгэж байв. Түүнээс хойш улс, бүсийн наадмаас 24 айраг түрүү авсан. Сүүлд, 2018 онд Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадамд хонгор соёолонгоо айргийн дөрөвт хурдлуулж байлаа. 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой /хамтатгаж тэмдэглэсэн/-н улсын баяр наадмын эрлийз дээд насанд түүний хээр мөн айргийн дөрөвт хурдалж байв. Өнгөрөгч 2023 оны Ардын хувьсгалын 102 жилийн ойн улсын баяр наадмаар манлай уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэн, Дундговь аймгийн Луус сумын харьяат Э.Улаанхүүгийн хар шүдлэн зэрэг орж ирж маргаан гарсан. Улмаар Э.Улаанхүүгийн хар шүдлэнг түрүү, З.Мэндсайханы шарга халзанг аман хүзүүнд бүртгэж байв. 
 
ХАГАС ТЭРБУМЫН ХУРДАН АДУУТАЙ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН
 
      УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Архангай аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж асан. Түүний аав Ч.Ганзориг улсын Тод манлай уяач цолтой. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн тогоруу халтар азаргыг морь сонирхогчид андахгүй. Түүний халтар азарга нь 2011, 2014, 2015 оны Улсын баяр наадамд тус тус түрүүлж байв.  Г.Тэмүүлэн хурдан удмын 52 адуутай гэж мэдүүлж, 523 сая төгрөгөөр үнэлжээ. 
 
АЙМГИЙН АЛДАРТЫН ХҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮН О.АМГАЛАНБААТАР
 
     УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар удам дамжсан, гэхдээ залуу уяач. 2019 оны Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын баяр наадамд алаг шүдлэнгээ айргийн тавд хурдлуулж байв. Түүний аав П.Очирбат нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач цолтой. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар сая нэр дэвшихдээ хурдан удмын 30 адуутай гэж мэдүүлжээ. 
 
ХӨВСГӨЛИЙН УЯАЧДЫГ “АТГАДАГ”, “ДЭЛТЭЙ ЦЭНХЭР” МСУХ-НЫ ТЭРГҮҮН АСАН, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН
 
     УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач цолтой. Анх 2003 онд Ардын хувьсгалын 82 жилийн ойн улсын баяр наадамд азаргаа аман хүзүүдүүлж байв. Дараа жил нь Ардын хувьсгалын 83 жилийн ойн улсын баяр наадамд их морио айргийн гуравт хурдлуулж байв. Сүүлд 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын баяр наадамд буурал азаргаа наймаар давхиулсан. Мөн Ц.Даваасүрэн 2005 онд Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн болж, 2007 оноос Хөвсгөл аймагтаа “Хотгойдын хурд” хангайн бүсийн хурдан морины уралдааныг жил бүр зохион байгуулж ирсэн байдаг. Ц.Даваасүрэн энэ жил 192 адуутай хэмээн мэдүүлжээ. 
 
ЭНЭ ОНД АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР ЭНГЭРЭЭ МЯЛААЖ, УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР УЛИРЧ “ЁНДООРСОН” Ц.ТУВААН
 
     УИХ-ын гишүүн Ц.Туваан өнгөрсөн хоёрдугаар сард улсын Алдарт уяач цол хүртсэн. Хамгийн сүүлд, өнгөрөгч 2023 онд Төв аймгийн 100 жилийн ойн эрлийз дээд насанд Ц.Тувааны хар морь аман хүзүүдэж байв. УИХ-ын гишүүн Ц.Туваан ММСУХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. УИХ-ын гишүүн Ц.Туваан сая сонгуульд нэр дэвшихдээ 518 адуутай хэмээн мэдүүлжээ. 
 
УДАМТАЙ УЯАЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛ
 
      УИХ-ын гишүүн Ж.Батжаргал морины хорхойтон, удамтай, бас шаггүй уяач ч гэлээ ил барагтай гардаггүй. Магад, морины хоббигоор нэгддэг учраас М.Энхболд түүнийг УИХ-ын гишүүн болгосон биз. Ямартай ч Ж.Батжаргалын хувьд, 2013 онд Төв аймгийн 90 жилийн ойд хонгор морио 12-оор давхиулж байлаа. Мөн 2013 онд болсон монгол морийг Гиннест бүртгүүлэх 4249 морь уралдсан уралдаанд Ж.Батжаргалын хонгор морь айрагдаж байв. Цаашилбал, Ж.Батжаргалын аав Б.Жигжид тэртээ Ардын хувьсгалын 50 жилийн ойд хээр морио айрагдуулж байлаа. Мөн Ж.Батжаргалын ах Ж.Мөнхбат нь өдгөө аймгийн Алдарт уяач цолтой. Тиймдээ ч Ж.Батжаргал Төв аймгийн Морин спорт уяачдын холбоог тэргүүлж ирсэн. 
 
БӨХ, МОРИНЫ ХОС “ХОББИ”-ТОН БУЮУ УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА
 
      Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг зөвхөн самбо, жүдогоор төсөөлдөг. Гэхдээ түүнд цоллуулж байсан түүхүүд бий. Жишээ нь, Х.Баттулгын хүрэн зээрд азарга 2009 онд Ламын гэгээний 370 жилийн ой, хангайн бүсийн “Их хурд-2009” уралдаанд түрүүлж байв. Мөн Х.Баттулгад хурдан хар алаг морь байлаа. Түүний хар алаг морь 2005 оны улсын баяр наадамд айргийн гуравт, 2006 оны улсын баяр наадамд аман хүзүүүнд тус тус хурдалж байв. 
 

ТЭРБУМЫН АДУУТАЙ УИХ ДАХЬ УЯАЧ ГИШҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-28 09:35:54
    Устгая: ГОЛДУУ ХЯТАД ГАРАЛТАЙИХУЛГАЙЧ НАР БАЙДАГ. МОНГОЛЫГ ЭД НАР Л БУЗАРТУУЛСАН. ШУУД УСТГАЯ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-27 14:57:25
    Хуц.: Хулгай, луйвраар баяжаад буруу гарын мөнгөө угаах гэж моринд орсон этгээдүүд.Одо эд нарын балагаар монгол адуу цэврээр үлдэхгүй нь дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-10 14:14:52
    Сэрээч: Авилга, хулгайгаар баяжаад, түүгээрээ Монголын уламжлалт адууны соёлыг устгагч ийм мунхагуудыг сонгохоо хэзээ болих вэ ард түмээн?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-10 10:22:53
    Hurelbaatar: Chi Bitgii Ataarh!!! Aduutai baina uu, baihgui baina uu chamd hamaagui???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-30 09:55:13
    зочин : дандаа авилга, нүүрс, 10 хувь, газрын наймаа, төсвийн хулгайгаар хөлжиж, моринд шунасан хулгайч нар. Эд өөрийн хөдөлмөрөөр хөлжиж бэлжээгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-29 17:48:33
    АРД: Нийгмийн хог шааруудыг магтсан нийтлэл болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-29 07:10:53
    Зочин: ANUSDI80955877SEXSEER XANGNA
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-08 16:12:22
    Зочин: XUCHINDYLUULI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188