Сонгуулийн сурталчилгаа өнөө шөнө өндөрлөнө. Тойргийн 996, жагсаалтын 370 буюу 1336 нэр дэвшигч 16 хоногийн турш өөрсдийгөө сошиал, сонин сэтгүүл, телевиз радиогоор болон биечлэн бүх л янзаар сурталчиллаа. Одоо сонгогчид сонголтоо хийх л үлдсэн.
Уг нь урьд өмнөх сонгуулиудаар салам үзэлцэж, үсдэлцэхээс наахнуур булайгаа дэлгэцдэг байлаа, намууд, нэр дэвшигчид. Харин энэ удаад хэн нэгэн шүдэнз зурсангүй, хятад цустнууд илчлэгдсэнгүй, хормой хотны садар самуун бичлэгүүд задарсангүй, харь шашинтнууд баригдсангүй, хөрөг зурагтай самбарууд гудамжаар хөглөрсөнгүй, харьцангуй тайван, хөгжөөх “юм” багатай байлаа.
Гэхдээ нэр дэвшигчдийн сурталчилгааны арга хэлбэрүүд урьд жилүүдийнхээс төрөлжиж, зарим нь ч төгсөрчээ. Ерөнхийд нь дараах байдлаар багцалж болж байна.
ӨӨРИЙГӨӨ “КРАШ”-ААР ӨРГӨМЖЛӨГСӨД
Насаар бусдаасаа залуу, царай зүс нь бусдаасаа жаахан дөнгүүр бол өөрсдийгөө тойргийнхоо “краш”-аар өргөмжлөх моод дэлгэрэв. Жишээ нь, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Хан-Уулын, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрхийн бүсгүйчүүдийн “краш” юм гэнэ. Өөрсдийгөө тэд тэгж өргөмжлөв. Гэхдээ Т.Мөнхсайхан тунгаа жаахан хэтрүүлсэн. Яаж ч бодсон бодит амьдрал дээр Т.Мөнхсайханы зургийг утасныхаа дэлгэцэн дээр тавьчихсан явдаг, тэгтлээ “крашилдаг” оюутан охид байдаггүй байлгүй дээ.
САЙН ДУРЫН УРАН САЙХАНЧИД
2016 онд Л.Гүндалай, 2020 онд С.Жавхлан сонгогчдодоо дуулж өгч байлаа. Харин энэ удаад олон дуучин “төрөв”. Жишээ нь, Хан-Уулд нэр дэвшигч Ц.Оюунгэрэл сонгогчдодоо “Хөдөө нутаг сайхан” дууг өөрийн хувилбараар дуулж сонирхуулав. УИХ-ын Б.Пүрэвдорж Увс аймгийн Малчин сумын сонгогчдод “Цэнхэр тэнгэрийн орон” дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөлөө. Дахилтыг нь дуулахдаа “Алив бүгдээрээ хамтдаа” гэхээ мартсангүй. Бөхийн өргөөний тоглолтуудыг алгасалгүй үздэг бололтой юм. Бас Ховд, Говь-Алтай, Завхан, Увсад нэр дэвшиж буй ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан “Харанга”-ын дуунуудыг “хашраадаг” юм байна. Говийн тойрогт нэр дэвшигч Ө.Золбаяр ч хоцорсонгүй, “Татар”-ын “Ганцаараа” дууг үглэж үзүүлэв.
ЭГЭЛ, ЭНГИЙНИЙ ТУЙЛУУД
Эгэл, энгийн харагдах “заль” зарим нэр дэвшигчийн имиж болчихжээ. Жишээ нь, Баянзүрхэд нэр дэвшигч Ц.Жадамбаа бэлэн гоймон, араас нь цуйван идэж үзүүлэв. Хоржоонтой нь, “Би хоол голдоггүй” гэх тайлбартайгээр бэлэн гоймон идэж буй зургаа нийтэлжээ. “Бэлэн гоймон голохгүй иддэг, бидэнтэй л адил эгэл, энгийн хүн юм” гэж сонгогчид нь бодож, саналаа түүнд өгөх ёстой юм байна л даа, түүний төсөөллөөр. Бас Сүхбаатар, Чингэлтэйд нэр дэвшигч О.Батнайрамдал сурталчилгааны туршид “Би Ховдод төрж өссөн, жирийн л айлын эгэл бор хүү. Бор зүрхээрээ, хэний ч дэмжлэггүйгээр Ховдоос Харвардад суралцсан” гэх түүхээ тоть шиг давтав. Ховдоос хаа байсан Харвардад очиж сурсан гавьяаг нь Сүхбаатар, Чингэлтэйн сонгогчид өндрөөр сайшаан үнэлж, саналаа түүнд өгөх ёстой юм байна л даа. Цаашилбал, Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгосон, дэлхий даахааргүй баян гэгддэг Б.Чойжилсүрэн энэ удаад амьдрах байргүй, хөл дүүжлэх унаагүй гэж мэдүүлэв. Бидэнтэй л адил амьдрах гэж зовж яваа нэгэн байж, хөөрхий. Бас “М-ойл” колонкийн эзэн, нэр дэвшигч Б.Пунсалмаа 2020 онд нэр дэвшиж байхдаа жилд 85 тэрбум төгрөгийн орлоготой хэмээн аархаж байв. Харин энэ удаад жилд 84 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Уг нь “М-Ойл” колонкууд дампуураагүй, өдөр тутмын орлого нь дөрвөн жилийн өмнөхөөс нэмэгдсэн үү л гэхээс багасаагүй.
Ард түмний хөргөгч хоосон, хоногийн хоолтой, хоолгүй, амьдрал нь хүнд байгаа, үнэн. Гэхдээ халаас нь том, хэтэвч нь зузаан гэдэг нь хэнд ч ойлгомжтой нэр дэвшигчид энэ мэтээр ард түмэнтэй адил зовж зүдэрсэн, бас эгэл, энгийн болж “жүжиглэх” тийм ч таатай маркетинг биш байв.
ААВЫНХАА НЭРЭЭР НҮҮРЭЭ ТАХЛАГСАД
“Аав минь хөрөнгөтэй, хүндтэй, мэдлэгтэй, мундаг хүн, би аавтайгаа яг адилхан” гэх логик муутай ухуулга сурталчилгааны өдрүүдэд давамгайлав. Жишээ нь, Сүхбаатар, Чингэлтэйд нэр дэвшигч, “Магнай трейд”-ын эзэн Р.Ганзоригийн хүү Г.Дашням “Аав минь хөрөнгөтөн, тэрбумтан. Би хэнээс ч айхгүй” гэж аархав. Задарсан баяны хүү ядарсан ардуудад аархах үзэгдэл өнгөрсөн зуунд үлдсэн гэж бодож явсан, үгүй байжээ. Төвийн бүсэд нэр дэвшигч, С.Лүндэг сурталчилгааныхаа туршид л өвөө Ш.Сүрэнжавыгаа ярилаа. Арга ч үгүй байх, төвийн бүсийнхэн “сураггүй” С.Лүндэгээс илүү, түүний өвөө Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсныг илүү таних учраас тэр биз. Бас нэр дэвшигч Б.Даваадалай сурталчилгаа эхэлснээс хойш л “Аав минь Баянхонгорын уугуул, математикч, олон мянган шавьтай багш байсан” гэж ярив. Бүр аавынхаа шавь нарыг цуглуулж байгаад, аавынхаа тухай яриулаад, дунд нь өөрийгөө хавчуулаад, хөрөг нэвтрүүлэг болгож цацав. Баруун бүсэд нэр дэвшигч Б.Заяабал ойр дотныхоо хүмүүсээр “Б.Заяабалын аав Ч.Батжаргал түмнийхээ төлөө зүтгэсэн эмч хүн байсан. Одоо хүү нь төрийнхөө төлөө зүтгэхээр нэр дэвшиж байна” гэж улиг болтол сурталдав. Бас нэр дэвшигч Ч.Ундрам “Аав минь Аж үйлдвэрийн гавьяат Ч.Чинбат. Жудагтай эр хүн, жинхэнэ баялаг бүтээгч” гэж сурталчлав. Өөрөө биш аав нь нэр дэвшиж буй аятай л аавыгаа магтагсад энэ мэтээр олон байлаа.
ТӨМӨР ӨРГӨДӨГ, САГС ТОГЛОДОГ, ДЭВЖ ШАВДАГ СПОРТЫНХОН
Сурталчилгааны өдрүүд олимпын наадмыг санагдуулам байв. Зарим нэр дэвшигч өөрийгөө спортлог хэмээн сурталчлах гэж ядахдаа зааланд амьдрах шахав. Жишээ нь, Хан-Уулд нэр дэвшигч Т.Мөнхсайхан фитнесийн зааланд, Сонгинохайрханд нэр дэвшигч Н.Хүрэлбаатар сагсанбөмбөгийн талбайд өнждөг гэдгээ баталлаа. Сүхбаатар, Чингэлтэйд нэр дэвшигч Д.Цогтбаатар жүдогоор 40 жил тасралтгүй хичээллэж байгаа, ясны тамирчин болохоо харуулав. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хоёрын хувьд хөлбөмбөгчид юм байна. Бас тэс хөндлөн нэг хүн байсан нэр дэвшигч Б.Даваадалай. Уг нь Б.Даваадалай өөрийгөө тооны хүн, төрмөл математикч гэж сурталчилж байсан ч өчигдөр ойн цоорхойд цолоо дуудуулж, дэвж, шавж үзүүлэв. Барилддаггүй ч гэсэн дэвж, шавж харагдвал бөхөд хайртай сонгогчид саналаа гарцаагүй өгнө гэж хэн нэгэн түүнд зөвлөснөөс гарцаагүй.
ЭХНЭР, НӨХРӨӨРӨӨ ГОЁГСОД
Энэ сонгуулиар эхнэр, нөхрөөрөө гангарах, хайрын түүхээрээ сайрхах трэнд бий болов. Түүчээлэгчид нь, эрэгтэйгээс Сонгинохайрханд нэр дэвшигч П.Галиндэв, эмэгтэйгээс Баянзүрхэд нэр дэвшигч Х.Булгантуяа байв. Тухайлбал, нэр дэвшигч П.Галиндэв “Мiss Mongolia-2022”-ын тэргүүн мисс эхнэртэйгээ хэдэн янзаар зургаа татуулж, түүнийгээ сошиалд нийтэлж хэдэн өдөр гайхуулав. Үнэхээр ч мисс эхнэр нь П.Галиндэвээс илүү олны танил ажээ. Харин нэр дэвшигч Х.Булгантуяа нөхөртэйгөө тэврэлдсэн залуу үеийнхээ зургийг нийтэлж, 20-иод жилийн өмнөх анхны хайрын түүхээ хуваалцав.
Энэ мэтчилэн 1136 нэр дэвшигч байж болох бүх л аргаар өөрсдийгөө бусдаас өөр гэж харагдахыг чармайн, 16 хоногийн турш өөрсдийгөө өөд уруугүй сурталчиллаа.