• Өнөөдөр 2025-04-02

АН-ЫН ЖАГСААЛТ ДАХЬ “ЭЛБЭГДОРЖУУД”

2024-05-23,   1245

      АН-ын жагсаалт дунд “Элбэгдоржууд” буюу түүний хүмүүс олон бий, үнэн. Тэр тусмаа Ц.Элбэгдоржийн хүн биш гэх вий гэсэн шиг ойр дотно харилцаа, хамааралтай гурван “Элбэгдорж” байгаа нь Лу.Гантөмөр, А.Ганбаатар, Э.Галбадрал гурав. Тэгвэл тэд Ц.Элбэгдоржтой хэзээ, хэрхэн, хэнээр дамжин дотносож, түүний ивээлд багтсаныг танилцуулъя. 

Да.ГАНБОЛДООС Ц.ЭЛБЭГДОРЖИД "ШИЛЖСЭН" Лу.ГАНТӨМӨР

      Арлын Японд долоон жил амьдарсан Лу.Гантөмөр 1999 оны эхээр Монголд ирсэн. Японд машины ченж хийж байсан тул овоо ч мөнгөтэй ирсэн нь мэдээж. Ирмэгцээ УИХ-ын гишүүн Да.Ганболдтой уулзаж, “Ирэх жил УИХ-ын гишүүн болмоор байна, та л надад тусал” гэж гуйжээ. Учир нь, урьд нь Да.Ганболдыг Японд очиход Лу.Гантөмөр тосож авч уулзаж учирдаг, дайлж цайлаад буцаадаг байсан тул аяганы хариу “нэхсэн” нь энэ байж. Нөгөө талаас, тухайн үеийн улс төрд МҮАН-ын Ц.Элбэгдорж, Да.Ганболд хоёр л оргил нь байлаа. Тухайн үед Ц.Элбэгдорж өөрийнхөө оронд зөвхөн Да.Ганболдыг Ерөнхий сайд болгох гэж долоон удаа нэр дэвшүүлж асан түүхийг бид 26 жил сонссон тул нурших илүүц биз. Товчхондоо, Да.Ганболдын хүчтэй, бяртай, ид байсан үе. Тиймдээ ч Лу.Гантөмөр Да.Ганболдыг бараадсан хэрэг. 
 
    Ингээд Да.Ганболд Лу.Гантөмөрийн гишүүн болох гуйлтыг төвөггүй зөвшөөрч, нэн түрүүнд Сүхбаатар дүүргээс МҮАН-ын Бага хурлын гишүүн болгож, улмаар МҮАН-аас УИХ-ын гишүүн болгохоор бэлтгэл хангаж эхэлжээ. Гэвч 2000 оны сонгуулиар Лу.Гантөмөрийг УИХ-ын гишүүн болгох байтугай, Да.Ганболд өөрөө унасан түүхтэй. 
 
    Ийнхүү 2000 оны сонгуульд МАХН-д далаараа тавиулж, далан таваар бууж өгсөн ардчиллын зургаан нам 2000 оны арванхоёрдугаар 6-нд нэгдэж, Ардчилсан намыг байгуулж, даргаар нь Д.Дорлигжавыг томилсон. Харин маргааш нь буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ардчилсан залуучуудын холбоог байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Г.Батхүүг, дэд ерөнхийлөгчөөр нь Лу.Гантөмөрийг томилжээ. Өөрөөр бол, Да.Ганболд Лу.Гантөмөрийг УИХ-ын гишүүн болгож чадаагүй ч хоосон хаяагүй гэсэн үг. Сонирхуулахад, С.Зоригийг Дэд бүтцийн сайд байх хугацаанд Г.Батхүү Дэд бүтцийн яамны Зам тээврийн газрын дарга байсан. Улмаар 1998 онд С.Зориг алуулж, түүний оронд Г.Батхүү Дэд бүтцийн сайд болсон. Өөрөөр бол, Г.Батхүү агсны улс төрийн замнал ингэж эхэлж байв.
 
     Ингээд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Лу.Гантөмөр 2004 онд дөрвөн жил хүсэж, бэлдэж, хүлээсэн Сүхбаатар дүүрэгтээ АН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Харин “багш” Да.Ганболд нь дахин унасан. Гэхдээ 2004 онд АН-аас, Да.Ганболдын “андууд”-аас Өвөрхангайгаас Г.Батхүү, Сэлэнгээс Э.Бат-Үүл, С.Баярцогт, Хөвсгөлөөс М.Энхсайхан тус тус сонгогдож, нэмээд дотнын анд Ц.Элбэгдорж нь Ерөнхий сайд болсон тул Лу.Гантөмөр ганцаардаагүй нь мэдээж. 
 
2008 онд Лу.Гантөмөр Сүхбаатар дүүргээсээ улирч сонгогдов. Гэвч Да.Ганболд Хэнтийдээ дахиад л унасан. Ийнхүү 2000, 2004, 2008 онд гурав дараалан унаж, улс төрийн карьер нь унтарсныг анзаарсан Да.Ганболд Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржид “шилжүүлсэн” гэдэг. Ингээд 2008 оны намраас Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил нам, намд эхэлж, Лу.Гантөмөр Ц.Элбэгдоржийг сурталчилах “даалгавар”-тай Увс аймгаараа хэдэнтээ бүтэн тойрсон. Чухам энэ үеэс Лу.Гантөмөр Ц.Элбэгдоржийг тахин шүтсэн, шүтэн биширсэн хандлагаа хаана ч, хэнээс ч нуухгүй илэрхийлдэг болсон. 
 
2009 он, “Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарах орой би төв штаб дээр сууж байлаа. Гэтэл Сүхбаатар дүүргийн 1-р хорооноос “Манайд Ц.Элбэгдорж яллаа” гэх анхны мэдээ ирсэн. Тэр үед би Ц.Элбэгдорж ялах юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ бол үнэхээр түүхэн мөч байсан” 
 
2010 он, “Хэрэгтэй үед, хэрэгтэй цагт, хэрэгтэй үгийг хэлж чаддаг Ц.Элбэгдорж шиг улстөрч Монголд хэрэгтэй шүү дээ” гэх мэтээр...
 
     2012 онд Лу.Гантөмөр Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнээр гуравдахиа сонгогдож, улмаар Боловсролын сайдаар томилогдсон. Эл томилгооны “захиалагч” нь Ц.Элбэгдорж гэдэг. Ер нь ч Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх үеийнх нь гол “пи-ар” нь “хүүхэд ба боловсрол” байсан. 2009 онд Ерөнхийлөгч болохдоо л хэрхэн 30 хүүхэд өргөж авч, өсгөсөн тухайгаа, хэрхэн Харвардын их сургуулийг төгссөн тухай ярьж, энэ хоёр сэдвээрээ гол “пи-ар”-аа хийж сонгогдсон. Тиймдээ ч тэр 2012 онд АН ялж, Засгийн газраа байгуулж эхэлмэгц Боловсролын яамыг, сайдаар нь Лу.Гантөмөрийг “захиалсан” гэдэг. Лу.Гантөмөр ч Боловсролын сайдын хувиар оюутан, залууст АН-ыг, тэр тусмаа Ц.Элбэгдоржийг “сурталдах” ажлыг гарамгай хийсэн гэдэг. 
 
2013 он, "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладгийг би мэднэ. Ажил хийж чаддаг улстөрч цөөрсөн өнөө үед энэ хүн монголчуудад хамгийн хэрэгтэй”  
 
2014 он, “АН-ын гарцаагүй ганц лидер бол Ц.Элбэгдорж”  гэх мэтээр...
 
     2016, 2020 оны сонгуулиар сураг алдарсан Лу.Гантөмөр өнгөрөгч 2023 онд АН-ын даргын дүрээр гарч ирсэн. 2020 оноос хойш гурван жил АН-ын даргын арслантай тамгыг Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр булаалдаж, тал талаасаа тамгагүй олон дарга сонгож, томилсны эцэст ийнхүү Лу.Гантөмөрт жинхэнэ тамгаа өгсөн. Х.Баттулга Ц.Элбэгдоржид буулт хийж, Лу.Гантөмөрийг АН-ын даргаар зөвшөөрсний тохироо”-нд энэ сонгуульд тойргийн мандат, жагсаалтын дугаараа тэнцүү “хувааж” авахаар тохирсон гэх. Тиймдээ ч өдгөө АН-аас тойрог болон жагсаалтад нэр дэвшигчдийг Ц.Элбэгдорж, Х.Баттулгын хоёрын хүмүүс өнгөлж буй биз. 

Г.БАТХҮҮ АГСНААС Ц.ЭЛБЭГДОРЖИД “ӨРГҮҮЛСЭН" А.ГАНБААТАР

    АН-ын жагсаалтын 15-д Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Лу.Гантөмөрийн дотнын найз А.Ганбаатар гэгч бичигдсэн. А.Ганбаатар нийтэд нэр, нүүрээрээ тийм ч танил биш. Гэхдээ АН-ынхан А.Ганбаатарыг Ц.Элбэгдорж, Лу.Гантөмөртэй адил хүндэлнэ, бас айна. Учир нь, А.Ганбаатар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байсан найман жил зөвлөхөөр нь ажиллаж, басхүү өнгөрсөн ба одоогийн АН-ын “пи-ар”-ыг атгаж ирсэн учраас арга ч үгүй биз. Тэгвэл А.Ганбаатар нь Ц.Элбэгдоржтой анх хэрхэн холбогдсоныг Лу.Гантөмөр ба Ц.Элбэгдоржийн түүх шиг нуршихгүйгээр, он дарааллаар нь товч танилцуулъя. Дүгнэлтийг уншигч та хийх биз ээ. 
 
- 1998 онд Дэд бүтцийн сайд С.Зоригийн амиа алдсаны дараа Дэд бүтцийн яамны Зам тээврийн газрын дарга Г.Батхүүг Дэд бүтцийн сайдаар томилсон. Тухайн үед Ц.Элбэгдорж, До.Ганболд хоёр хэн байсныг дээр дурдсан.  
 
- 2000 онд АН-ыг байгуулж, анхны даргаар нь Ц.Элбэгдорж Д.Дорлигжавын томилуулсан. Мөн АН-ын дэргэд Ардчилсан залуучуудын холбоог байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Г.Батхүүг, дэд ерөнхийлөгчөөр нь Лу.Гантөмөрийг ажиллуулж эхэлсэн. 
 
- 2002 онд Г.Батхүү “АПУ” компанийг хувьчилж авч, компанийнхаа маркетингийг сэтгүүлч мэргэжилтэй, “пи-ар” чиглэлээр мэргэшсэн А.Ганбаатар гэгчид хариуцуулсан. А.Ганбаатар өмнө нь М.Буянбадрах гэгчтэй “FM 107” радиог хамтран ажиллуулж байсан. Харин М.Буянбадрах нь өмнө нь Японд сурч, ажиллаж байсан. М.Буянбадрах ба Лу.Гантөмөрийн Японд байсан хугацаа давхацдаг. Өөрөөр хэлбэл, А.Ганбаатарыг анх Г.Батхүүд “зуучилсан” хүн нь Лу.Гантөмөр гэж харагддаг. 
 
- 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж, Г.Батхүүг Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар томилсон бол, Г.Батхүү Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын даргаар А.Ганбаатарыг томилсон. 
 
- 2006 онд Г.Батхүүгийн шууд хөрөнгө оруулалтаар А.Ганбаатар “NTV” телевизийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж эхэлсэн. 
 
- 2008 онд А.Ганбаатар “NTV” телевизийн захирлын ажлаа өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байсан Ц.Элбэгдоржийн  “пи-ар” хариуцсан менежер болсон. 
 
- 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж, А.Ганбаатар түүний зөвлөх болсон.  
 
- 2010 онд Лу.Гантөмөр, А.Ганбаатар хоёр Ц.Элбэгдоржийн заавар ба дэмжлэгээр АН дотор “Нэг ардчилал” клубыг байгуулсан. 
 
- 2011 онд Лу.Гантөмөр “Манай “Нэг ардчилал” клуб хожим энэ намын цөм болно” гэсэн ярилцлага өгч байсан. Өнөөдөр түүний “зөгнөл” биелж, Ц.Элбэгдорж, Лу.Гантөмөр, А.Ганбаатар гурваар “толгойлуулсан” хоршил буюу “Нэг ардчилал” клуб АН-ыг “атгаж” байна гэхэд хилсдэхгүй болов уу. 
 
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН Лу.ГАНТӨМӨРТ “ДАГАЛДУУЛЖ” БУЙ Э.ГАЛБАДРАЛ
 
     АН-ын жагсаалтын 21-т Ц.Элбэгдоржийн нутгийн дүү Э.Галбадрал гэгчийг бичигдсэн. Ц.Элбэгдоржийн нутгийн дүүг 21-т бичсэн нь “доромжилсон” мэт харагдаж буй ч дөрөвхөн сарын өмнө Дүнжингаравын газны дэлбэрэлтэд жийптэйгээ өртөж асан хүний хувьд жагсаалтаар нэр дэвшиж буй харин ч баярлууштай хэрэг.
 
Э.Галбадрал анх Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны тэргүүний дүрээр Ц.Элбэгдоржид тоогдсон. Улмаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан найман жилдээ Э.Галбадралыг “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн орлогч захирлаар тус тус томилуулж “эрхлүүлж” байв. Ингээд Ц.Элбэгдоржийг 2017 онд Ерөнхийлөгчөөс буух үед Э.Галбадрал АНУ-ын Сан франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдож, АНУ-д гурван жил ямба эдэлсэн. 
 
Өнгөрөгч 2023 оны хоёрдугаар сард Лу.Гантөмөрийг АН-ын дарга болмогц Э.Галбадрал түүний зөвлөх болсон. 2023 оны арванхоёрдугаар сард АН-ын Ажлын албаны даргаар томилогдож дэвшсэн. Гэвч энэ оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт байх Лу.Гантөмөрийн хувийн оффисын гадаа машиндаа сууж байхдаа газны дэлбэрэлтэд өртөж, 35 хувийн түлэгдэлтэй амь гарсан. Улмаар Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж, өдгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нь энэ юм. Бүрэн эдгээгүй шахуу мөртөө нэр дэвшиж яваагаас нь үзвэл Ц.Элбэгдорж түүнийг төрд оруулахаар "яаруулж" байж ч болох.
 
 
 

АН-ЫН ЖАГСААЛТ ДАХЬ “ЭЛБЭГДОРЖУУД”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-23 18:21:09
    S: SHAAX ERTEI XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-23 18:03:11
    Batjaw: zovlon usen hun uurchlult hiinedee,Galaada amjilt husey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-23 11:29:07
    S: SEXSDI AXN XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-23 11:09:55
    эб: дэлбэрэлтэд лбгдрж гар дүрждээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188