• Өнөөдөр 2024-05-06

ОРДНЫХОН ХУУЛИА ОЮУТНУУДААР “ЗОХИОЛГОДОГ”

2024-01-14,   1036

      УИХ-ын гишүүд багц багцаар нь хууль өргөн барьж, өдөрт нь шахуу “бөөндөж” баталдаг болсоор удлаа. Сүүлийн хоёрхон жилээр жишээ авч үзье. УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар 341 хууль, намрын чуулганаар 289 хууль баталсан бол өнгөрөгч 2023 оны хаврын чуулганаар 264 хууль тогтоомж баталжээ. УИХ-аас жил тутам 500-600 хууль, хуулийн нэмэлт өөрчлөлт “үйлдвэрлээд” байна гэсэн үг шүү дээ. Ардын нам олонх учраас хууль санаачилсан л бол буцаагдана гэж байхгүй, харин батлагдах нь баараггүй. Тиймдээ ч УИХ-ын гишүүд халтар, хултар, онгорхой, цоорхой нь хамаагүй хууль, хэнд зориулсан нь тодорхойгүй нэмэлт өөрчлөлтүүд оруулж ирээд өдөрт нь батлуулдаг боллоо. Асуудлын гол нь жил тутам батлагдаж байгаа 500-600 хууль ард түмний амьдралд, аж ахуйн нэгжүүдийн бизнест нэмэр болж байна уу гэхээр улам л дордоод, доошлоод байх. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүд хэд хэдээр нь хууль санаачилж, батлуулах нь халаасаа түнтийлгэх нэг арга нь болсон гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүд хууль санаачилж, батлуулах бүрдээ 20 сая төгрөг, жилд 250 сая төгрөгийн урамшуулал авдаг гэгдэж ирсэн. Эргэн санавал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа 2016 оны Эдийн засгийн форумын индрээс “Улстөрчдөд хариуцлага тооцох механизм алга байна. УИХ-ын гишүүд хууль санаачилж батлуулсныхаа төлөө хэдэн арван сая төгрөг авч байгаа. Хуулийн төслийн доор хууль санаачилсан гэж нэрээ бичихэд л 20 сая төгрөг авдаг. Гэтэл эргээд ямар ч хариуцлага тооцдоггүй” гэж байсан удаатай. Гэтэл энэ 20 сая төгрөг гэх тоо явсаар 2021 оноос 250 сая төгрөг болж сонсогдох болсон. 
 
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2021 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр “УИХ-ын гишүүд цалин, хангамжаасаа гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй. Үүнд тойрогт ажиллах, хуулийн төсөл боловсруулах, ном сэтгүүл хэвлүүлэх, сургалт сурталчилгаа явуулах зардлууд багтдаг” гэж ам алдсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн хууль санаачилж, батлуулж, түүнийгээ тойрогтоо очиж сурталчлах зардалд нь төсвөөс 250 сая төгрөг гаргаж өгдөг гэсэн үг. Гэхдээ Д.Тогтохсүрэн “250 сая төгрөг шууд баталж өгдөг” гээгүй, “зарцуулах эрхтэй” гэснийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хуулийн төслүүдээ санаачилж байж 250 сая төгрөгөө авах эрхтэй болно. Жилийн 250 сая төгрөгийг сард нь хуваавал 20 сая төгрөг. УИХ-ын нэг гишүүн сард нэг хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл санаачлах, эсвэл санаачлагчдынх нь дунд нэрээ хавчуулахад л жилд 250 сая төгрөгөө бүтэн авна гэсэн үг. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн “УИХ-ын гишүүд нэг хууль санаачлаад 20 сая төгрөг авдаг” гэж хэлсэн яг л мөргөж байгаа юм.
Иймээс л эхэнд дурдсанчлан жилд 500-600 хууль, хуулийн нэмэлт өөрчлөлт “мэндлээд” байгаа хэрэг л дээ. 
    Илүү ноцтой нь, Төрийн түшээдийн ихэнх нь их сургуулийн хуулийн ангийн оюутнуудаар хуулийн төслөө “зохиолгодог” ажээ. Ингэхдээ их сургуулийн багш, эсвэл хуульч, өмгөөлөгч сэтэртэй хэн нэг хүн тухайн оюутнуудыг ахалж, нэг өрөөнд ширээ тойрч сууж байгаад УИХ-ын гишүүний хүссэн агуулгаар хуулийн төслийг нь хэдхэн хоногт “зохиож” өгнө. Төсөл бэлэн болмогц нь өнөөх УИХ-ын гишүүн “санаачилсан” гэж доор нь өөрийнхөө нэрийг бичээд УИХ-д өргөн барина. Ингээд хуулийн төсөл нь батлагдмагц “Хуулийн төсөл боловсруулах зардал” гэх боловсон нэртэй 20 сая төгрөгөө аваад, 5-6 сая төгрөгийг нь оюутнууддаа өгнө. Үлдсэн нь эрхэм гишүүний халаас руу орно гэсэн. УИХ-ын гишүүний сарын цалин 1.2 сая төгрөг, жилд 14.4 сая төгрөг. Тэгэхээр жилийн цалингаа ганц хуулийн төсөл санаачлаад л авчихдаг гэсэн үг шүү дээ. 
 
      УИХ-ын гишүүдийн ихэнх нь энэ мэтээр их сургуулийн оюутнуудаар хуулиа “зохиолгож”, эсвэл хуульч мэргэжилтэй бусад гишүүдийнхээ санаачилсан хуулийн төслийн доор “хамтран санаачилсан” гээд нэрээ биччихээд урамшууллаа авчихдагаас биш тухайн хуулиа өөрөө ч ойлгоогүй байх нь олонтаа. Саяхны нэг “супер” жишээ бий. Эргэн санавал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор дөрөв Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хамтран санаачилж, 2021 оны аравдугаар сард УИХ-аар хэлэлцүүлсэн байдаг. Хүчин төгөлдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагч нь манай улсад 100 мянган ам.доллараас багагүй хөрөнгө оруулсан байх босго тавидаг. Гэтэл Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор дөрөв Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлдөө гадаадын хөрөнгө оруулагчдаас авдаг 100 мянган ам.долларын босгыг хассан байсан ч нийгмээс асар их шүүмжлэл дагуулсныг тод санаж буй байх. Хоржоонтой нь, олон нийт уг хуулийн төслийг нь эсэргүүцэж, шүүмжилж, өөрсөд рүү нь дайрч эхэлмэгц УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин хоёр хамтарч өргөн барьсан хуулийн төслөөсөө өөрсдийнхөө нэрийг татаж, Х.Ганхуяг, Х.Булгантуяа хоёр руугаа бухаж эхэлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Анужин “Хууль өргөн барих албан бичиг дээр чинь гарын үсэг зурахад энэ заалт байгаагүй шүү. Эцсийн хувилбараа надад үзүүлж танилцуулаагүй” гэж албан ёсны хаягаараа бичсэн нь одоо ч бий. Ингээд тэд Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө эргүүлэн татаж байв. Өөрөөр хэлбэл, Д.Өнөрболор, П.Анужин нар Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг огт боловсруулалцаагүй, ямар заалтууд орсныг нь ч мэдэлгүйгээр УИХ-д өргөн барих албан бичигт “хамтран санаачлагч” гэж гарын үсгээ зурчихсан хэрэг л дээ.
    Эцэст нь, татвар төлөгчид бид Төрийн түшээдэд хуулийн төсөл боловсруул, түүнийгээ тойрогтоо очиж сурталчил гэж сар тутам 20 сая, жилд 250 сая, дөрвөн жилд 1.0 тэрбум төгрөг цалин хангамжаас нь гадна урамшуулал байдлаар өгдөг байх нь. Өөрөөр бол, УИХ-ын 76 гишүүнд 76 тэрбум төгрөгийг хууль санаачлах, түүнийгээ сурталчилах зардалд нь өгдөг гэсэн үг шүү дээ. Гэтэл өнөөх УИХ-ын гишүүд маань 1.0 тэрбум төгрөгийнхөө өчүүхэн бага хэсгийг их сургуулийн оюутнуудад өгч хуулийн төсөл “зохиолгоод”, үлдсэнийг “санаачлагч” гэж гарын үсэг зурсныхаа шагнал болгож халааслаад сууж байдаг байх нь. 
 

ОРДНЫХОН ХУУЛИА ОЮУТНУУДААР “ЗОХИОЛГОДОГ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-14 20:46:25
    Зочин: Унэхээр утгагуй балай зуйл гаргаж бна. Тэр Боловсролын багц хуулийг яанаа!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-12 09:48:45
    Эмээ: Ойлгомжтой!!! Тэр анужин жаргалмаа сарангэрэл нараас ямар хууль гарар вэ???? Ха ха ха ха хи хи хи хи!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188