• Өнөөдөр 2024-04-25

УЛСЫГ АТГАХЫГ САНААРХАГЧДЫН “УТСАН ХҮҮХЭЛДЭЙ”-НҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ

2023-05-22,   2174

      Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нэгэн цагт хөхөө өвлөөр үнэгэн малгай, үстэй дээлтэй жагсдаг “утсан хүүхэлдэй” байв. Харин одоо тэд “утсан хүүхэлдэй” биш утасны үзүүрийг нь атгаж суудаг болжээ. Тэд ах нараа “агнах” улс төрийн зорилгоор, өөрсдийн “утсан хүүхэлдэй”-нүүдээ ашиглаж, өр зээл, хулгай, луйвар бүхнийг нь л дэлгэлээ. Н.Мандуул гэх залуугаар Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг нийтэд зарлуулж, зээл тэглэсэн “баатар” болгож мандуулав. Ж.Ганбат гэх залууг БЭТ болгож, “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн суулгалаа. Хамгийн сүүлд, О.Батнайрамдал гэх залууг Боловсролын зээлийн сангаар “од” болгов. Л.Оюун-Эрдэнэ ба түүний тойрон хүрээлэгчид төрийг “эрхшээж” байгаа цагт "ууган ажиллагаа"-нуудыг нь ахалсан Н.Мандуул, Ж.Ганбат, О.Батнайрамдал гэх гурван “утсан хүүхэлдэй” улс төрд “том” байх нь тодорхой болж байна. 
 
Тэгвэл тэдний хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя. 

ХУВЬДАА КОМПАНИГҮЙ, ХӨРӨНГӨГҮЙ ГЭХ Н.МАНДУУЛ “КОРПОРЕЙТ” ЗОЧИД БУУДЛЫН НУУЦ ЭЗЭН ЮМ БИШ БИЗ

      Л.Оюун-Эрдэнийн улс төрийн ууган “тоглолт”, урам авсан анхны ажиллагаа буюу Хөгжлийн банкны хэргийг Нямандэлэгийн Мандуул гэх залуу хариуцаж ажилласан. Н.Мандуулын хувьд, Болгарт бакалавр, АНУ-д магистр хамгаалж, Сангийн яаманд газар, хэлтсийн даргаар 10 гаруй жил ажилласан. Сангийн яамнаас гадна Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн харьяа “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирлаар тус тус томилогдож байсан. Товчхондоо, үе үеийн Сангийн сайд нараас албан тушаалын томилолт авч байсан намтартай. Хэвлэлүүдэд Д.Хаянхярваагийн, Б.Жавхлангийн, Х.Булгантуяагийн “татаасны хүн” гэж хэдэнтээ бичигдэж явсан. Аав Л.Нямандэлэг нь Хөвсгөл аймгаас гаралтай, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2018 онд тэтгэвэртээ суусан. Төрсөн дүү нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Аудитор, хүргэн нь “Таванбогд групп”-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажилладаг. 
 
     Цаашилбал, Н.Мандуулыг “УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн хүргэн” гэх сэтэр гэх үү, сүүдэр гэх үү дагалддаг. Үнэхээр ч С.Дэмбэрэл сошиал хуудастаа “Хүргэн ба хөвгүүдийн хамт” гэх тайлбартайгаар хүргэн Н.Мандуул, хүү Д.Ирмүүн, Д.Билгүүн нартайгаа авхуулсан зургаа нийтэлжээ. Н.Мандуул Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохтой зэрэгцээд буюу С.Дэмбэрэлийн том хүү Д.Ирмүүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр томилогдсоныг дурдах нь зүйтэй байх. С.Дэмбэрэл өөрөө ч өдгөө Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлын албан тушаалд тухалж буй. 
     Хамгийн ноцтой нь, Н.Мандуул ХОМ-тээ 60 саяын жийп, 180 саяын орон сууцнаас ондоо хөрөнгөгүй гэж мэдүүлдэг. Гэтэл Н.Мандуулын эхнэр, С.Дэмбэрэлийн охин Д.Энэрэл нь Улаанбаатар хотод хамгийн томд тооцогддог МҮХАҮТ-ийн хаяанд байрлах “Корпорейт” зочид буудал болон Зайсангийн ам, Нүхтийн аманд байрлах “Корпорейт” зочид буудлын салбаруудыг удирддаг ажээ. Эндээс том хэргийн сэжүүр хөвөрнө. 
Тодруулбал, С.Дэмбэрэл 1997-2012 он хүртэл тасралтгүй 15 жил МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж МҮХАҮТ-ын эзэмшил газрыг төрсөн эгч С.Мандалдуламынхаа нэр дээр хууль бусаар авч, түүний хүү Тордайн Ганболдын нэр дээр “Корпорейт” зочид буудлыг барьсан хэрэгт холбогдож, 2012 оны хоёрдугаар сард АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Улмаар АТГ-аас С.Дэмбэрэлийн хэргийн прокурорт шилжүүлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл С.Дэмбэрэл 2012 оны зургадугаар сард ИЗНН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, улмаар “Корпорейт” зочид буудлын хэрэг нь хэрэгсэхгүй болж мартагдсан. Гэтэл өдгөө МҮХАҮТ-ийн хаяанд байрлах “Корпорейт” зочид буудал газрын хамт С.Дэмбэрэлийн төрсөн эгч С.Мандалдулам, төрсөн дүү С.Отгондулам нарын нэр дээр байдаг. Дээрээс нь, С.Дэмбэрэлийн охин Д.Энэрэл нь “Корпорейт” зочид буудлын бүх салбарыг удирдаж байна. С.Дэмбэрэлийн 15 жил удирдсан МҮХАҮТ-ийн хаяанд төрсөн эгч С.Мандалдулам нь “Корпорейт” зочид буудлыг барьсан нь, өдгөө охин Д.Энэрэл нь удирдаж байгаа нь тохиолдол гэхгүй л байлгүй. Товчхондоо, С.Дэмбэрэл хууль бусаар бариулсан “Корпорейт” зочид буудлаа охин Д.Энэрэлээрээ дамжуулан удирддаг, харин төрсөн эгч С.Мандалдулам, түүний хүү Т.Ганболд нар нь түүний халхавч байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.  
Ингэж харвал, Хөгжлийн банкны хулгайг илчлэгчийн дүрээр хэвлэлийн од болсон Н.Мандуул өөрөө асар том хулгайн гэрч, гэр бүлийн гишүүн нь болж хувирна. Том хулгайгаа түшээ болж хаалгасан С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүнийг зөвлөхөөрөө, хүргэн Н.Мандуулыг Хөгжлийн банкны захирлаар томилсон Л.Оюун-Эрдэнийн өрнүүлж буй тэмцлүүд үнэхээр шударга ёсны тэмцэл мөн үү гэдэг ноцтой асуулт ч эндээс урган гарна. Дүгнэлтийг уншигч танд үлдээе. 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НУТГИЙН АХ Ж.ГАНБАТ НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙГ ТӨВХНҮҮЛЭЭД БАЙНА УУ, “ТОНООД” БАЙНА УУ 

      Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгай”-н хэргийн далимд “Эрдэнэс тавантолгой” ХК-д онц дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Жигжидийн Ганбатыг томилсон. Улмаар Ж.Ганбат Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга зэргээр улс төрд хамгийн олон давхар дээлтэй нэгэн болж хувирсан. 
 
Ж.Ганбатын хувьд, Хэнтий аймгийн уугуул, Л.Оюун-Эрдэнийн нутгийн ах. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хамгийн ойрын хүндээ хариуцуулсан нь энэ. Харамсалтай нь, Ж.Ганбат “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төвхнүүлэх даалгавартай очсон уу, “тонох” даалгавартай очсон уу гэдэг нь эргэлзээ төрүүлэхүйц болоод буй. Тодруулбал, Л.“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдож, цагдан хоригдсон “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийн “Кей эй рентал сервис” ХХК-ийг 50 тэрбум төгрөгийн тендерт шалгаруулсан. Мөн Хөгжлийн банканд 100 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчээр нэрлэгдсэн “Моннис майнинг” ХХК-ийг 1.3 их наяд төгрөгийн тендерт шалгаруулсан баримт бий. Үнэхээр л Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар Хөгжлийн банкны хулгай болон Нүүрсний хулгайн хэрэгтнүүдтэй тэмцэж байгаа бол БЭТ Ж.Ганбат нь хулгайн хэрэгтнүүдийн компаниудад тендер өгөх байсан уу. Зүүн гараараа багалзуурдчихаад, баруун гараараа толгойг нь хоол халбагадаж өгөөд байгаатай ямар ялгаатай вэ. Эсвэл Ж.Ганбат Засгийн газрынхаа эхлүүлсэн тэмцлийн эсрэг ганцаараа ажиллаад байгаа хэрэг үү. 
Цаашилбал, Ж.Ганбат Сангийн яамны ТНБД, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн гэх мэт олон сэтэр зэрэг зүүж байгаа шиг хамаарал бүхий этгээдүүдийнх нь ургийн мод ч төрийг хэрсэн. Тухайлбал, Ж.Ганбатын ах Ж.Ганбаатар нь Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга, Ж.Ганбаатарын эхнэр Д.Болортунгалаг нь Монгол банкны Хэнтий аймаг дахь Салбарын захирал, охин Г.Энхжин нь ТЕГ-ын татварын улсын байцаагчаар ажилладаг. Харин Ж.Ганбатын дүү Ж.Ган-Эрдэнэ нь Боловсролын үнэлгээний төвийн захирлаар ажиллаж байгаад хэлтсийн дарга болсон. Илүү сонирхолтой нь, Ж.Ганбатын ах Ж.Ганбаатарын эхнэр Д.Болортунгалагийн төрсөн дүү Д.Бат-Эрдэнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн даргаар ажилладаг. Харин Д.Бат-Эрдэнийн эхнэр С.Мөнгөнчимэг нь Сангийн дэд сайд. Сангийн яамыг худ ургаараа хамтарч удирдсан анхны тохиолдол тэд байх. 
 
Товчхондоо, БЭТ Ж.Ганбат “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг ашигтай ажиллууллаа гэж ард түмнээр алга ташуулж байгаа боловч цаагуураа “хар данстан”-уудад тендер өгч, төрлийнхнөө тордсоор буй бололтой.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХАРВАРДЫН НАЙЗ О.БАТНАЙРАМДАЛ ХУЛГАЙ ИЛРҮҮЛЭГЧ БОЛСОН НЬ

     “Боловсролын зээлийн сангийн хулгай” гэх ээлжит “сошиал сценар”-ыг О.Батнайрамдал гэх залуу дэглэж, дэлгэв. Цахим хөгжлийн сайд Н.Учрал Засгийн тэргүүнийхээ “зараал”-аар төрийн сангуудын зээлдэгчдийг цувралаар дэлгэж буй ч ахиц, амжилт муутай байсан тул О.Батнайрамдалаар хүч нэмсэн нь энэ байв. Энэ ч амжилттай болж, төрийн мөнгөөр хүүхдүүдээ сургасан АН, МАН-ын хууччуул түмний ад болж байна. 
 
О.Батнайрамдалын хувьд, 2014 онд Л.Оюун-Эрдэнэтэй Харвардад “учирч”, хожим улс төрийн хамтрагч нь болох эхлэлээ тавьсан. Тухайлбал, АНУ-ын Харвардын Кеннеди Их сургуулийг 2015 онд Л.Оюун-Эрдэнэ Төрийн удирдлагын магистраар, О.Батнайрамдал Бизнесийн удирдлагын магистраар хамт төгсөж байв. Л.Оюун-Эрдэнэ буцаж ирээд УИХ-ын гишүүн болж, харин О.Батнайрамдал АНУ-д үлдэж, ажилласан. Улмаар 2018 онд О.Батнайрамдал Монголд ирээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хувьцаа хариуцсан дэд захирлаар, 2019 оноос Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр, 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар, 2023 оноос МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус томилогдож, найзынхаа буянаар ногоон гэрлээр тушаал дэвшиж өдий хүрсэн. Албан тушаалд суулгаж, Ардын намд албан тушаалтай болгосных нь хариуд “Боловсролын зээлийн сангийн хулгай” гэх сэдвээр сошиал сенсаци тарьж, хууччуулыг “намнах” тэмцэлд нь ийнхүү хүч хавсарлаа гэж харагдаж байна. 
Тайлбар: 2015 он, АНУ
Тайлбар: 2015 он, АНУ
Тайлбар: 2019 он, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зөвлөх О.Батнайрамдал

УЛСЫГ АТГАХЫГ САНААРХАГЧДЫН “УТСАН ХҮҮХЭЛДЭЙ”-НҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-27 21:52:33
    Далай: Ялагдаж буй талынхан сөрсөн базаа гэгчийг хийж эхлэв ээ хөөрхий Дахиж өөр хулгайн хэрэг илрүүл.яахыг хар . Мөн ч их НО гарна даа 30 жилийн бузар далай далай гэж нэг хүн их олон удаа чарласан даа.Бас чиг ор үндэстэй л орилооп байсан юмуу хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-24 11:36:34
    Juju: Batnairamdal bol yaaltachgui chadvar tolgoigoro uneluulj hamtral bii bolj bgaa bhoo. Tuunees busad shg huvaaj idej tonoj hulgai lav hiigeeguideg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-23 21:31:42
    Ерөнхий сайдаа хамгаалая: ХУЛГАЙЧ НАР СӨРӨГ ДОВТОЛГООНД ОРЖ БАЙНА. СҮҮЛИЙН ГУЧИН АНХ УДАА ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭЖ БУЙ ЕРӨНХИЙ САЙДАА ХАНА ХЭРЭМ БОЛЖ ХАМГААЛАН ГУДАМЖ ТАЛБАЙ ДОРГИТОЛ ЖАГСАЖ ДЭМЖИЕ. ШААРДЛАГАТАЙ БОЛ ХУЛГАЙЧ НАРААС ХАМГААЛСАН ШИЙДВЭРТЭЙ АЛХАМ ХИЙЦГЭЭЕ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-22 21:03:43
    Зочин: Үнэн үг хэлсэн хүнд гэмтнүүд өширхөлгүй яахав, бүх бузар булайг нь илчилж хариуцлага үүрүүлэх цаг нь болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-22 19:05:24
    zc: Deerdeh yumgui luivarchid baih shiv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-22 18:08:47
    Зочин 30 жилд хэн ч ингэж хулгай луйвартай тэмцээгүй : 30 жилд хэн ч ингэж хулгай луйвартай тэмцээгүй ямар ч засаг төр тэмцээгүф энэ засийг энэ ажлыг эсэргүүцэж бга хүн хэн бэ гэдгээ харуулж бх шмв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-22 18:06:06
    Би : Хулгай дээрэмтэй тэмцэж бгаад нь дургүй хүрсэн нэг хөлсний этгээд бичиж лдээ энийг яасан бнакны хулгаймн нүүрсни хулгайтай тэмцэхээр дургүйцэж бна гэдэг чин хэн бэ гэдэг нь тодорхой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-22 16:23:27
    Үнэн: Удахгүй өөрсдөө хонгилоор явна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188