• Өнөөдөр 2024-03-28

ААР СААРХАН АСУУДЛААР АРД ТҮМНИЙГ ТАВЛАЖ, ТУЙЛДУУЛДАГ АРДЫН НАМЫНХАН

2023-04-29,   1207

      Ардын намынхан өөрсдөө их л том гэж төсөөлцгөөдөг. Хэдэн их наядын хулгайтай тэмцэж байна гэж шуураад л, Үндсэн хууль хоцрогдоод байна гэж өөрсдийнхөөрөө өөрчлөхөөр улайраад л, даргын албан тушаалд бүрд дэлхийн боловсролтой хүн томиллоо гэж нэг нэгнээ хөөргөөд л. Халдварт тахлын хоёр жилээс хойш эдийн засаг ингэж ч сэргэлээ, энэ ч улсад айлчиллаа, энэ ч улсын төрийн тэргүүн ирлээ гэж хөл хөөр болцгоогоод л. Харамсалтай нь, Ардын намынхан өөрсдөө л агаараар хөвөөд байгаагаас биш хөрсөн дээр хэрэгжүүлж буй ажлууд нь аар саархан, аахар шаахархан л байна. Наад зах нь, тэд Төрийн ордны хашааг янзалж байна гэж бүтэн сар мунгиналаа. Хятадуудад бол бүтэн хороолол ч босгохоор хугацаа. Аль нэгнийх нь талд орохгүй гэсэнгүй, гэхдээ Ардчилсан намын үед ажил ид буцалж байсантай харьцуулахад тэд нэг үйлдвэр нэмсэнгүй, нэг аймгийг замаар холбосонгүй. Энэ мэтээр эрх баригч намын хийж хэрэгжүүлж байгаа ажлууд хэтэрхий гологдож байна. 

ТӨРИЙН ОРДНЫ ХАШААГАА Ч ХЭЛ АМГҮЙ ЗАСЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА МАН-ААС МУНДАГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХҮЛЭЭХ ХЭРЭГ БАЙНА УУ 

     Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн төв талбайг дүүргэж, төрийн ордныг бүчсэн жагсагчид зүүн урд талын хашааг нь нураасан. Хулгайчдаа хаацайлж, нэрсийг нь нууцалсны харгайгаар төрийн ордныхоо төмөр хашааг нураалгасан нь энэ байв. Төрийн ордон хашаагүй, эсвэл бүрэн, бүтэн бус бол түшээд тайван сууж чаддаггүй бололтой юм билээ. Ингээд өнгөрөгч гуравдугаар сард нурсан хашааг шинэчлэх “их бүтээн байгуулалт”-ын ажлыг өдий төдий хөрөнгө зарж эхлүүлсэн. Ингэхдээ саарал ордны зүүн талыг явган замтай, юутай ийтэй нь хааснаас болж сошиал орчинд явган хэрүүл эхэлж, сүүлдээ хашаа байх хэрэгтэй эсэх сэдвээр хэлэлцүүлэг ч өрнөөд амжсан. Сурагч охин саарал ордны зүүн талаар автозам дээгүүр алхаж яваа зургийг хараагүй хүн үлдээгүй байх. 
 
    Барилга барьж байгаа аятай бүтэн сар “ноцолдсон”-ы эцэст хоёр хоногийн өмнө хашаагаа босгож дуусгав. Үнэндээ яг ч бүрэн дуусгаж амжаагүй, плитагаар өнгөлөх ёстой байсан ч Польшийн Ерөнхийлөгчийн айлчлал давхацсан тул түрдээ нил ногоон өнгөөр буджээ. Өнгө нь ч, үзэмж нь ч ард түмэнд таалагдсангүй, ахиад л сошиал орчинд саарал ордны хашааны хэрүүл дэгдэв. ТЗҮЭГ-ын дарга Ж.Тамир гэгч хурган дарга гарч ирж, хашааныхаа хажууд зогсоод, хашааныхаа сэдвээр хэвлэлийн хурал хийж ч байх шиг. Эгээ л тууз хайчилсангүй. Энэ бол инээдэм гэхээсээ эмгэнэл. Долоон жил төр барихдаа дорвитой бүтээн байгуулалт нэгийг ч хийсэнгүй, адаглаад 100 метр хүрэхүй хашааг ч хэл амгүй барьчихсангүй, өрөвдмөөр нь өнгийг нь ч тохируулаад будчихсангүй, Ардын намынхан. Хатуухан хэлэхэд, Ц.Нямдоржийн хоёр хүүгийн хос хаусны бетонон хашаа Төрийн ордны хашааг бодвол хэд дахин өндөр, хана хэрэм шиг л юм билээ. 
   Нөгөөтээгүүр, анзаарах нь ээ, Ардын намынхан ард түмний анхаарлыг юугаар сарниулах аа, ямар сэдэв сошиал хаяж “хооллох”-оо сайн мэддэг болцгоосон юм байна. Хэнд ч хэрэггүй сэдэв хаяж өгч хэрэлдүүлээд, хэд хоног чих амар байцгаахаа сайн тооцоолдог болсон юм байна. Ямар сайндаа л, нил ногоон өнгийн хашаагаа хүчээр шахуу нийтийн анхаарлын төвд оруулж, хэрүүлийн алим, наргианы сэдэв болгож хувиргана лээ. Хөгжлийн банкийг хуу тоногсдын шүүх хурал хэдэн өдөр үргэлжилж, хэн нь хэнд хэдэн төгрөгийн авлига өгснөө өчицгөөж байхад анхаарч байгаа хүн нэг алга. Ногоон хашааны сэдэвт л нийтээр хошуурцгааж харагдана. 

 УЛААНБААТАРТ ӨВӨЛ “ТООС СОРОГЧ” ХЭРЭГТЭЙ ЮҮ, ТОМ ОВРЫН ЦАС ЦЭВЭРЛЭГЧ МАШИН ХЭРЭГТЭЙ ЮҮ ГЭДГИЙГ Ч ШИЙДЭЖ ЧАДАХАА БОЛЬТЛОО УР ЧАДВАР, УДИРДЛАГА ЧИГЛЭЛИЙН ДОРОЙТОЛД ОРОВ

    Хотын удирдлагууд явган болон автозам дээрх хөлдсөн мөс, хунгартсан цасаа ч арилгаж чадахаа больцгоосон. Цас мөсний цэвэрлэгээнд зориулагдсан техник хэрэгсэл тоотой хэдхэн ширхэг байдаг боловч элэгдсэн, эвдэрсэн, Эрээн дээр сэлбэг нь саатгах гэх мэтхэн шалтгаар гражид хэвтсээр өвлийг барах. Хөөрхий, ТҮК-ийнхан л хүрз гэх ганц “зэвсэг”-тэй үзэж тарцгаадаг. Харин өнгөрсөн өвөл Хотын удирдлагууд цас, мөс, хогны цэвэрлэгээний 28 машин төсвийн хөрөнгөөр оруулж ирсэн. Нийлүүлэгч “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ “Энэ машинууд хүчин чадал сайтай, хүний хөдөлмөрийг 100 хувь хөнгөлнө. Өвөл, зунгүй ашиглах боломжтойгоороо давуу талтай” гэх мэтээр “тэнгэрт тултал” магтсан. Харамсалтай нь, төсвийн 3.5 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн 28 машиныг гудамжаар цэвэрлэгээ хийж явахыг нь хараад хүлээлт ихтэй байсан нийслэлчүүдийн дур гутсан. Ажилд орсон эхний өдрөө л нэг нь хөндлөн хараад хэвтээд өгсөн. Өвөл, зунгүй ашиглах боломжтой гэсэн атлаа өнгөрсөн хэдэн удаагийн цаснаар цэвэрлэх байтугай хий эргэж, хий илбэж, жинхэнэ “зэс” нь цухуйсан. Үнэндээ цас, мөсөнд зориулагдаагүй, томхон хэмжээтэй тоос сорогч маягийн л машин юм билээ л дээ. 28 ширхэг “тоос сорогч” авч байснаас хоёр ширхэг цас цэвэрлэгээний машин авчихсан бол жилийн 5-6 сард нь цас мөстэй байдаг манай хотод хамгийн тохиромжтой сонголт байх байв. Нэгэнт авчихсан хойно, Төрийн ордон, төв талбай тойрсон замуудынхаа тоосыг соруулж, “шид”-ээ гаргах биз. 
Ер нь Ардын намынхан хөшөө барих, хувьдаа халааслах зэрэгт бол төсвийн хамгийг хайрлахгүй. Харин хүүхдийн сургууль цэцэрлэг барих, хотдоо ганц цасны машин авах зэрэг хаа хаанаа хэрэгтэй зүйлд харам гэж яана. 

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ШҮГЛЭЭР ТЭМЦЭХ “ХӨНГӨМСӨГ” УЛС ТӨР

   Энэ УИХ-д МАН-аас 11, АН-аас хоёр, нийт 13 эмэгтэй гишүүн бий. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас 16 эмэгтэй нэр дэвшсэний 11 нь сонгогдож, Төрийн ордонд түшээ болсон. Түүхэнд байгаагүй үзүүлэлт. Тухайн үед тэд “Энэ төрд эмэгтэйчүүд л олон байвал хатууг зөөллөж, төрийн бодлого нигүүлсэнгүй байж, нийгмийн өчүүхэн жижиг асуудлыг ч олж харж, тулж ажиллаж чадна” гэцгээж байсан. Атал АН, МАН-ын нийлсэн 13 эмэгтэй төрд байгаа мөртөө нийгэмд хэрэгтэй нэг ч болов ажил хийхгүй байсаар бүрэн эрхийнхээ хугацааны талаас илүүг өнгөрүүллээ. Яах вэ, нийгмийн асуудал яриагүй биш Б.Жаргалмаа архины савлагаа, М.Оюунчимэг гэр хорооллын жорлон, Б.Баярсайхан хөдөөгийн сургуулийн 00, П.Анужин дээлийн хээ ярьж ирснийг дурдах нь зөв байх. 
 
   Гэтэл өдрөөс өдөрт өнчирч хагацсан хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүд нэмэгдсээр, хойд эх, эцгийн гэх хүүхдийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг гаарч байна. Жил тутам хэдэн зуун хүүхэд сэтгэлзүй, эрүүл мэнд, эцэст нь амь насаараа хохирцгоож байна. Атал АН, МАН-ын эмэгтэйчүүд чухам юу хийсэн бэ. Саяхан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хүүхдийн хүчирхийллийн эсрэг “супер” төсөл санаачлав. Хүүхэд бүрийг шүгэлтэй болгож, хүчирхийлэлд өртөхөөсөө өмнө түүнийгээ үлээж аврагдах юм гэнэ. Х.Булгантуяагийн өөрийнх нь туршилтын үлээлт лавтай дөрөв бүтэлгүйтсэн, хэрвээ хажууд нь хүчирхийлэгч байсан бол тэр хэдийнэ хохирогч болох байв. Асуудлын гол нь, жишээ нь хойд эцэг нь ажилгүй, архины хамааралтай гэртээ сууж байхад тэр гэрт байгаа хүүхдэд мянган шүгэл байгаад яах юм бэ. Харанхуй гудамжинд бүдчиж яваа хүүхэд хэн нэгэнд хүчирхийлүүлж, азаар шүглээ үлээж амжлаа гэхэд түүнийг нь сонсох, сонслоо гэхэд гарч ирж аврах хүн хэд бол. Хүчирхийлэл шүглийн дуу сонсогдохооргүй нууц далд үйлдэгддэг гэдгийг Төрийн түшээгээр өдий улирсан Х.Булгантуяа мэт ойлгоогүй яваа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, эхлээд ажилгүйдэлтэй, архидалттай, дараа нь нийгмийн стресс бухимдалтай, ухамсартай тэмцэж байж хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй үндсээр нь тэмцэж чадна гэдгийг Төрийн түшээд хүртэл ойлгоогүй л явна. Ийм байхад тэднээс юу ч хүлээх вэ дээ. 

ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ “ТОМ” ТӨЛӨВЛӨГӨӨНИЙХ НЬ НЭГ ХЭСЭГ БОЛСОН НҮХЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ ЖИЛ ТОЙРОХ НЬ

   Ардын намынхан, Хотын удирдлагууд Нисэх, Яармагийн замын нэлийсэн түгжрэлийг бууруулах “том” төлөвлөгөө боловсруулснаа зарлаж, тус замд нүхэн гарц барих ажлыг төсвийн хөрөнгөөр эхлүүлж байв. Уг нь тэд энэхүү “зууны” бүтээн байгуулалтаа сарын дотор барьж дуусгана гэж байлаа. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сард нүхэн гарцын цутгалтын ажлаа хийж байна гэж Нисэх, Яармагийн замыг хэдэн өдөр хааж, түгжрэлийг туйлд нь хүргэсэн. Нүхэн гарц ашиглалтад ороод, нэг ч болов гэрэл дохио хасагдвал түгжрэл бууруулахад нэмэртэй гэж Нисэх, Яармагийнхан тун ч хүлээцтэй хандсан. Атал сарын дотор ашиглалтад оруулна гэсэн нүхэн гарц жил тойрох гэж байхад одоо ч бүрэн ашиглалтад ороогүй л байна. Тэгээд болоогүй, хэдэн өдрийн өмнөх борооноор дээврээс нь дусаал гоожиж, усанд автсан. Ашиглалтад орохоосоо өмнө цөмөрч, аваар гарах вий гэж тус замаар зорчигсод болгоомжилж эхлээд буй. Нисэх, Яармагийн замын түгжрэлийг бууруулах, аваар ослыг багасгах зорилготой гэж жил шахам хүлээгдсэн Ардын намын “том” бүтээн байгуулалт ийнхүү муу дүн тавиулаад байна. Ганц гүүрэн гарц барьж чадахгүй жил тойрч байгаа мөртөө энэ оноос хотын төвийн төмөр зам доогуур дөрвөн гүүрэн гарц, Яармагаас Хархорин хүртэл дүүжин зам тавина гэж том ярьцгааж буй. Хэрхэхийг нь харах л үлдэж байна. 

ААР СААРХАН АСУУДЛААР АРД ТҮМНИЙГ ТАВЛАЖ, ТУЙЛДУУЛДАГ АРДЫН НАМЫНХАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-26 09:05:49
    З: Яг яг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-26 08:21:45
    Иргэн: МАН бол 8 жил засаглахад үнэндээ бүтээлч бус өөрсдөө хагартлаа баяждаг, төрийн мөнгөөр түрүүвчээ түнтийлэгдгийг л харлаа. Бүлгийн дарга нь мөнгө тараагаад л. Ард түмнийг өөртөө татаж буй юм гэнэ. Хуцваа. Одоо би хулхидуулахгүй ээ. Хоолоо авч хүчрэхгүй, 2 идэхгүй арай л хоосон хонохгүй болтол нь түмнээ туйлдуулж өөрсдөө том дэлгүүрийн эзэд л болоод
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-26 07:38:13
    Иргэн: Битгий гоншигноод бай. Өөрсдөө сонгочихоод. Ирэх жил хэдэн төг өгөөд дахиад гарахаа мэдэх байлгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188