• Өнөөдөр 2024-04-19

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ ДАХЬ ТОМЧУУДЫН “ТАВИУЛУУД”-I

2023-04-20,   1745

     Урьд нь, УИХ-ын гишүүд, төрийн томчууд улсаа тонохдоо төрийн өмчит банк, компаниудын ТУЗ-ийг ашигладаг байсныг нийгмээрээ анзаардаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, тэд улсын данстай банк, үйлдвэр, компаниудын ТУЗ-д хамаарал бүхий этгээдүүдээ томилуулж, тэднээрээ дамжуулан хулгайгаа хийцгээж иржээ. Хамгийн тод жишээ нь Хөгжлийн банкны хэрэг болж, ТУЗ-аар дамждаг томчуудын тонуулыг нийтэд ил болгож өглөө. Өдгөө Хөгжлийн банкны хэргээр 80 хүн шүүгдэж байгаагийн олонх нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд байгаа. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны үе үеийн ТУЗ-ийн гишүүд нь албан тушаалаа ашиглан ах дүү, амраг садан, найз нөхдийн компаниудад зээл олгож ирсэн нь одоо баримттай ил болж, булайгаа дэлгэцгээж байна. 
 
Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтаас төрийн өмчит банк, компаниудын ТУЗ-ийн гишүүд дотор төрийн өндөр албан тушаалтнуудын хамаатан садан, хань хамсаатан, хатуухан хэлэхэд “тавиулууд” хэд байгааг цувралаар танилцуулж байна. 

ЭЛЧИН САЙД АСАН, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ГХХ-ИЙН ДАРГА Ц.ЖАМБАЛДОРЖИЙН ОХИН, “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН Ж.ТАНА

     “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний суудалд анх 2010 онд сууж, түүнээс хойш 13 жил босоогүй Ерөнхийлөгч асан Н.Багабандийг сая нэг босгохоор болов. Өнгөрсөн хугацаанд Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлүүлэх акц саарал ордонд ч, сошиал орчинд ч нэг биш удаа өрнөж байсан боловч хүчээ авдаггүй, тэгсгээд мартагддаг байв. Харин энэ удаад тохироо нь бүрдэв бололтой, тэр ч өөрөө сул цалин авч, суудал бөглөж суухаас “залхсан” биз. Улмаар түүний оронд Харвард, Оксфордын боловсролтой хэмээн Жамбалдоржийн Тана гэх эмэгтэйг томилох болсноо Засгийн газраас зарлалаа.  
 
Тэгвэл “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүн Ж.Тана 2007 онд АНУ-ын Юта мужийн бүрэн дунд сургуулийг төгссөн. Улмаар 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2016 онд Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Туршлагын тухайд, 2011-2013 онд “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн Австрали дахь салбарт шинжээч, 2013-2015 онд Монгол дахь “Оюу толгой” ХХК-д шинжээчээр тус тус ажилласан намтартай ажээ. 
 
Гэхдээ Ж.Тана АНУ-д бүрэн дунд сургууль, их сургууль төгсөж, “Рио Тинто”-гийн Австрали дахь салбарт ажиллаж байх он жилүүдэд түүний аав Ц.Жамбалдорж нь тухайн улс орнуудад Элчин сайд, Элчин сайдын зөвлөх, Элчин сайдын нарийн бичиг гэх мэт албан тушаалуудыг хашиж байжээ. Жишээ нь, Ц.Жамбалдорж 2001 онд АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдож 2007 он хүртэл ажиллаж үед Ж.Тана тэнд дунд сургуулиа төгссөн. Мөн Ц.Жамбалдорж 2009-2013 онд Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ажиллах хугацаанд Ж.Танын “Рио Тинто”-гийн Австрали дахь салбарт шинжээч байсан аж. Товчхондоо, Ж.Танын “хэт ганган” намтар нь түүний аав Ц.Жамбалдорж Элчин сайд байсантай холбоотой гэж харагдаж байна. 
Түүнчлэн, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Танын аав Ц.Жамбалдорж нь 2016-2021 онд Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдож ажилласан. Энэ хугацаандаа Албани, Мальта, Сан Марино улсад хавсран суух Элчин сайдаар давхар ажиллаж байсан. Улмаар Элчин сайдаас чөлөөлөгдөж ирмэгцээ УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа. Товчхондоо, МАН-д нэртэй ч, нөлөөтэй ч нэгэн. Тэр тусмаа, Ц.Жамбалдорж УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр гэх. Илүү лавшруулбал, Ц.Жамбалдорж нь Италид болон Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа тухайн улсууд руу Монголоос ноолуур экспортлох ажлыг голлож анхаардаг байсан. Г.Занданшатарын эхнэр болон төрсөн эгч нь Монголын ноолуурын салбарын гол тоглогчид гэдгийг дурдах нь зүйтэй байх. Тиймдээ ч Ц.Жамбалдорж өдгөө Г.Занданшатарын шууд удирдлага доор хэлтсийн даргын алба хашиж буй биз. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН ТӨРСӨН АХЫН ХҮҮ ТӨРИЙН БАНКНЫ ТУЗ-ИЙН ГИШҮҮН Л.СОНОР

     Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн Лувсандоржийн Сонор УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Тогмидын Лувсандоржийн хүү юм. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн Л.Сонор нь Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажилладаг. УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ахынх нь хүү Л.Сонор Сангийн яамны даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхад Т.Доржхандын эхнэр У.Сийлэн нь “Монре даатгал” ХХК-ийг эзэмшиж, Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа нь ашиг сонирхлын ноцтой зөрчил юм. 
Цаашилбал, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, Сангийн яамны хэлтсийн дарга Л.Сонор, түүний аав Т.Лувсандорж нар УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ах дүүс гэдгээсээ гадна хувийн бизнесээрээ ч холбогдоно. Тодруулбал, Л.Сонор нь аав Т.Лувсандоржтойгоо “Төмрийн завод” ХК-ийг хамтран эзэмшдэг. Цааш хөөвөл, Т.Лувсандорж нь НИТХ-ын төлөөлөгч П.Ганзоригтой “Гэрэгэ менежмент ҮЦК” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин П.Ганзориг нь УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр У.Сийлэнтэй “Авто хаб” ХХК, “Их Эрин констракшн” ХХК, “Монре даатгал” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Товчхондоо, Сангийн яамны Зээл тусламжийн газрын дарга, Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан УИХ-ын гишүүн Т.Доржханд даатгалын бизнесээ саадгүй байлгахын тулд төрсөн ахынхаа хүү Л.Сонорыг Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар томилуулж, цаашлаад Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн болгосон байж болзошгүй хардлага хангалттай гарч ирж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.МӨНХБАТЫН “УНАГАН” БАГЫН НАЙЗ, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН Х.БАТЖАРГАЛ

     “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ханджавын Батжаргал Архангай аймгийн уугуул, “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдож УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөөд буй Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч, мөн түүний татаасаар төрд орж ирсэн нэгэн. 
 
Х.Батжаргал төрийн албанд орж ирэхээсээ өмнө буюу 2012-2014 онд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын төрсөн дүү Ж.Батсуурийг эзэмшдэг “Ивенто” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Улмаар Ж.Мөнхбатыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсны дараахан 2014 онд Х.Батжаргал БОАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал болж, төрийн албанд ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш Ж.Мөнхбатын татаасаар 2016 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018 онд Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, 2020 онд Үндэсний хөгжлийн дарга, 2022 онд ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн. Улмаар 2022 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүний албыг давхар хашиж эхэлсэн. 
    Бизнесийн тухайд, Х.Батжаргал одоо ч УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын төрсөн дүү Ж.Батсуурийн “Ивенто” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байдаг. Мөн Г.Батжаргал, Ж.Мөнхбат нар “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж байгаа. 
 
Цаашилбал, Х.Батжаргал “Хамаг монгол хангай групп” ХХК-ийг “Марсгранд” ХХК-тай хамтран эзэмшдэг. “Марс гранд” ХХК-ийг Х.Батжаргал, Ж.Мөнхбат хоёрын багын найз, Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу эзэмшдэг. Б.Чойжилжалбуу нь “Марс гранд” ХХК-аараа 2019-2022 онд Богдхан уулын Жаргалантын аманд 46 хаус бүхий “Жаргалант гарден” хотхоныг барьж худалдсан. Эндээс, Х.Батжаргал нь БОАЖЯ-ны газрын даргын албан тушаалаа ашиглан газар авч, Ж.Мөнхбат “нүүрсний хулгай”-н мөнгөөр санхүүжүүлж, Б.Чойжилжалбуу “Марс гранд” ХХК-аараа барилгын ажлыг нь гүйцэтгэсэн байж болзошгүй ноцтой сэжүүр гарч ирсэн учир өдгөө хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. 
 
Үргэлжлэл бий...

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ ДАХЬ ТОМЧУУДЫН “ТАВИУЛУУД”-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-20 08:49:42
    Отгоо: Муу лаларуудг буудаж ал
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188