• Өнөөдөр 2024-05-17

СОЛОНГОС ЯВААД СУРАГ АЛДАРСАН Ж.МӨНХБАТ “СУПЕР” ТОХИРООТОЙ БУЦАЖ ИРЭХ ҮҮ

2023-02-28,   1455

        “Нүүрсний хулгай” гэж намраас хойш “нохой шуугиулсан” Ардын намынхан нам гүм болцгоочихлоо. Тэр тусмаа, “Нүүрсний хулгай”-н хэргийн хамгийн том “хулгайч”-аар нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөх өргөдлөө өгснөө сошиалаар зарлаад, Солонгосыг зорьсноос хойш сарын хугацаа өнгөрч, сураг тасарлаа. 
 
Уг нь, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөлдөө “Ээжийгээ эмчлүүлнэ, Энгийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэх хоёр шалтгаан дурдсан байсан. Гэвч эмчлүүлнэ гэсэн ээжийгээ энд үлдээгээд ганцаараа явчихсан гэх. Эх сурвалжуудын мэдээлснээр бол, тэр эргэж ирээгүй, тойрогтоо үзэгдээгүй, төрийн золголтод ч харагдаагүй. Товчхондоо, хаана яваа нь, хэзээ гарч ирэх нь, хэрэг нь хэрхэж байгаа нь ч тодорхойгүй байна. 
 
      Ер нь Ж.Мөнхбат ядрахаараа ч юм уу, задрахаараа ч юм уу, Солонгос явчихдаг гэмтэй, бас зантай. Анх 2007 онд тухайн үеийн МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намынхаа ах нар, нөлөө бүхий бизнесменүүдийг дагаж Солонгос очоод, Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр “ховх” казинодсон дуулианд холбогдож байлаа. Дараа нь 2016 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Солонгост аваачиж, казиногоор зочлуулсан гэгдэж байв. Дараахан нь 2017 онд тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой Солонгосын “Парадайз” казинод тоглож “булагнасан” гэх бичлэг зураг нь цацагдаж, сошиалаар нэг шуугьж байлаа. Товчхондоо, тэр Солонгос явсан л бол сошиал дүүрэн сенсац дагуулж ирдэг байсан.
 
     Тэгвэл тэр энэ удаад Солонгос руу ямар зорилгоор, яах гэж явсан байж болох вэ. Энэ удаад эрх биш “казинодох” гэж яваагүй нь тодорхой, хорхойгоо дарах гэж хэд орсон байхыг үгүйсгэхгүй. Харин “Нүүрсний хулгай”-н хэргээс нэр цэвэр хэрхэн мултрахаа төлөвлөх гэж, тохироогоо хийх гэж явсан гэвэл үнэнд илүү ойртоно. Ер нь ч хэрэгт холбогдсон, хууль хяналтынханд ээрэгдсэн төрийн томчууд Солонгос нисдэг “моод” дэлгэрч байх шиг. Эхлэлийг нь Ч.Сайханбилэг тавьж, эмчилгээ хийлгэх нэрээр Солонгос явж байлаа. Тэндээсээ тив алгасаж АНУ-д очсон. Түүнийг алдарт Т.Бадамжунай түүчээлж Солонгос явсан, өдгөө тэнд суурьшсан гэдэг. Саяхны нэг жишээ нь, Х.Баттулга “Нүүрсний 17”-гийн нэгээр нэрлэгдмэгцээ Солонгос ниссэн. Буцаж ирмэгцээ Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж байсан С.Баярцогтын эсрэг ҮХЦ-ийн үүдэнд “бяцхан” жагсаал хийж, үр дүнд нь хоёр жил гаруй үргэлжилсэн тамганы хэрүүл түүний талд төвөггүй шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэр Солонгост тохироо хийчихээд ирсэн нь хэнд ч ойлгомжтой харагдсан. 
 
Үүнтэй адилаар Ж.Мөнхбат ч Солонгост “Нүүрсний хулгай”-н хэргээс хэрхэн мултрах тохироогоо хийхээр очсон гэж хардах, харах нэг сэжүүр байна. Дээр дурдсанчлан, тэнд алдарт ах Т.Бадамжунай нь байгаа гэх. Тэд нэг нутаг, тиймдээ ч Ж.Мөнхбат Т.Бадамжунайгаас хөтөлж, хормойдож анх улс төрд орсон гэдэг. Хожим нь Хадгаламж банкны хэрэгт ч хамтдаа холбогдож явсан. Бүр сүүлд “Бөх билэгт дэмжээ”-ний тэргүүнээр Ж.Мөнхбат, дэд тэргүүнээр нь Т.Бадамжунай ажиллаж байсан. Энэ мэтээр тэдний ах дүүсийн барилдлага их. Чухамдаа, Ж.Мөнхбат анхнаасаа Солонгос явсан нь, яваад сураг тасарсан нь ах дээрээ очиж, арга сүвэгчлэх төлөвлөгөө байсан гэж харагдаж байгаа юм. Ингэж харвал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд “Нүүрсний хулгай”-н хэргээс нэр цэвэр мултрах “супер” төлөвлөөтэй хүрч ирэх биз ээ. 
 
Эцэст нь, Ж.Мөнхбатыг Солонгос руу ах дээрээ арга, аврал эрж очих хүртэл нь сандаргасан “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй нь холбоотой зарим баримтыг эргэн сануулъя. Ж.Мөнхбат Архангайд 10 жилдээ хамт сурч байсан, хар багийн Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу гэх хоёр найзыгаа хажуугаасаа салгалгүй “чирч” ирсэн. Ж.Мөнхбатыг 2016 онд УИХ-ын гишүүн болсны дараа Х.Батжаргал нь БОАЖЯ-нд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн банканд Хөрөнгийн удирдлагын газрын дарга болж байв. Тэд хувьсгалын хэрэгт ийн хамтран зүтгэхийн сацуу хөрөнгө, халаас ч нэгтэй явж ирсэн гэхэд болно. Тухайлбал, Ж.Мөнхбат, Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу нар “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Өмнө нь тэр гурав “Си Эн Ай” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаад Оюунчимэгийн Хүрэлтогоод шилжүүлсэн. Цаашилбал, Х.Батжаргал нь Ж.Мөнхбатын дүү Ж.Батсуурьтай “Ивенто” ХХК-ийг хамтран эзэмшдэг бол Ж.Мөнхбаттай хөлбөмбөгийн спортыг сурталчлах “Челси эфси дэмжигчдийн монгол дахь албан ёсны клуб” ТББ-ыг хамтран удирддаг. 
 
Хамгийн ноцтой нь, хар багийн найз, халаас нэгтэй бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуу нь “Марс гранд” ХХК-иараа 2020 онд Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх тансаг зэрэглэлийн 46 айлын хаус хотхон барьсан. Тухайн 46 хаусаа нэг бүрийг нь 630 сая төгрөгөөр буюу нийт 28 орчим тэрбум төгрөгөөр борлуулсан баримт бий. Б.Чойжилжалбуу энэхүү 46 хаус бүхий хотхоныг барьж, худалдсан хугацаа нь Ж.Мөнхбатын "Эрдэнэс тавантолгой" ХК-тай холбогдсон хугацаатай давхацдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбат "Нүүрсний хулгай"-н мөнгөөр найз Б.Чойжилжалбуугаараа 46 хаус бариулж, мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. 
 

СОЛОНГОС ЯВААД СУРАГ АЛДАРСАН Ж.МӨНХБАТ “СУПЕР” ТОХИРООТОЙ БУЦАЖ ИРЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 21:57:05
    Иргэн: Нууц амраг нь ч яахав ажилтай болоод авч авааль эхнэр нь яажшүү байдаг юм бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 21:54:52
    Иргэн: Путин шиг хаа байгаа газар нь нухдаг болвол таарна өмхий хулгайчидыг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 21:50:48
    Иргэн: Ихээхэн азтай нууц амраг байна даа Солонгос Америк 2.чинь монголын хулгайчидыг орогнуулдаг газар юм уу энэ одоо бодвол Ардчилал байх тиймээ тэр хулгайч хаачсан гэхээр л солонгосоор дамжаад америк явцан л гэх юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-01 08:44:33
    mglchud: ene pizdanuud ayandaa nohion ******** bolnoo ard tumen ta nariig orshoohgui ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-28 16:33:50
    Зочин: Мөнхбаатар нүүрсний хэргээ шалгуулах аа.Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг 2016 онд 17 боодол нэгт бариад давхар дээл өмсөөд явж байсан МӨНХБАТ одоо $ хэд хүргэчихсэнээ бас шалгуулах хэрэгтэй шүү.Давхар дээл гэдэг чинь бүр ЗАВААРЧ ӨГСӨН ДӨӨ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-28 16:02:44
    РАВДАН: МӨНХБАТ ангийнхаа хүүхдийг шууд МХСний ХОТЫН СҮЛЖЭЭНИЙ дарга болгосон. Нууц амрагаа татварын газрын харьяа НӨАТ ын дэд дарга болгуулсан.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188