• Өнөөдөр 2024-04-19

ТАЙЗНААС БУУХ ТҮШЭЭД БУЮУ МАН-ЫН “ХАР ЖАГСААЛТ”-НЫХАН

2023-01-15,   2498

     Сонгуулийн сураг гарч эхэллээ. Эрх баригч нам ҮХНӨ-ийг яаралтай батлуулж, энэ намартаа багтаан ээлжит бус сонгууль хийхээр бэлдэж буй гэх. Ингэхдээ одоогийн түшээдийнхээ талыг нэр дэвшүүлэхгүй байхаар “хар жагсаалт” гэгчийг гаргаж, тус жагсаалтдаа авлига, албан тушаалын хэрэгтэй, ард түмэнд “тендерчин”, “концессчин”, “казиночин” гэх муу нэр зүүсэн гишүүд болон хэд хэдэн улиран сонгогдож, намдаа авлага, өглөггүй болсон “хөгшин” гишүүдээ багтааж буй аж. Хэрвээ Ардын намынхан ингэж “хар жагсаалт” гаргаж, намынхаа нэрийг хойш татагч гишүүдийнхээ нэр дэвших эрхийг хязгаарлахгүй бол хоёр сонгууль угсраа явж асан амжилтаа давтаж чадахгүй. Тиймдээ “хар жагсаалт”-д хайр, найргүй багтааж буй. Ингэхдээ "Хар жагсаалт"-д багтаах хамгийн том "шалгуур "нь "Нүүрсний хулгай"-н хэрэг болж байгаа ажээ. 
 
Тэгвэл хууччуулаа “хөөж”, авлига, албан тушаалын хэрэгтнүүдээ албан тайзнаас буулгах төлөвлөгөө буюу МАН-ын “хар жагсаалт”-д хэн хэн багтсаныг танилцуулж байна. 

Ц.АНАНДБАЗАР

        УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд Ардын намаас ахиж нэр дэвших, Төрийн ордонд түшээ болж залрах боломжоо алдсан. Бараан, балагтай намтар ихтэй учраас Булганыхан ч түүнд боломж олгохгүй нь тодорхой. Товчхондоо, тэр намдаа хаягдах, тойргийнхондоо “таягдуулах” бүх “болзол”-оо өөрөө хангачихсан. 
 
Жишээ нь, Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн амыг баячуудын “бяцхан” хот болгож, их наяд төгрөг давсан асар их ашиг олсон. Тооцож үзвэл, Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн 160 айлын амины хаус барьж, нэг бүрийг нь 4-5 тэрбум төгрөгөөр буюу нийт 720 тэрбум төгрөгөөр худалдсан. Нэмээд 172 айлын гурван орон сууц барьсан гэхээр, нийлүүлж тооцвол олсон ашиг нь их наяд төгрөг давсан гэсэн үг. Өдгөө Бага тэнгэрийн ам Ц.Анандбазарын “хаант улс” мэт болж, цэрэг эрээн хувцастай хамгаалагч нар хаусны эздээс бусад хэнийг ч оруулахгүй, хавьтсан, ойртсон болгоныг хөөж туудаг болсон. Бага тэнгэрийг амыг ийн эзэгнэхийн сацуу “Сод монгол” компаниараа төрийн байгууллагуудад шатахуун “шахаж”, тэрбум давсан өртөгтэй тендерүүдийг тэр л ганцаараа шахуу түүдэг болсон. Тэр байтугай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 38 тэрбум төгрөгийн тендерт шалгарахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт ч холбогдож амжсан.
 
Араас нь, хүчингийн хэргийн сэжигтнээр нэрлэгдэж, түүний эсрэг 1000 эмэгтэй нэгдэж, “Мe too” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. Хүчингийн гэх хэргийнх нь дуулиан намжаагүй байхад Хөгжлийн банкны хэрэг нь сөхөгдсөн. Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэгдсэн ч зээлээ төлж барагдуулснаар хэл амнаас холуур өнгөрч, уснаас хуурай гарч дөнгөсөн. Харин өнгөрсөн сард “Нүүрсний хулгай”-н хэргийн сэжигтнээр нэр цохогдлоо. Ц.Анандбазар “Эрдэнэс тавантолгой” ХК-д 12 тэрбум төгрөгийн шатахуун “шахсан” нь баримтаар илчлэгдсэн. Нэмээд УИХ-ын дарга асан З.Энхболдтой нийлж, “Страто” ХХК-иар дамжуулан “нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон гэх олсны үзүүр ч гарч ирсэн. Энэ мэтээр дурдаад байвал эрх баригч намын нэр хүндийг хойш татаж байгаа, “хар жагсаалт”-ын хамгийн эхэнд бичигдэх бол Ц.Анандбазар. Ямартай ч, Ардын намынхан түүнийг өнгөрсөн гурван жил хойно, урдаа гаргаж, хир халдаалгүй хамгаалсан. Дахиад дөрвөн жил зууралдахыг хүсэхгүй л болов уу. 
 

Ш.РАДНААСЭД

      АТГ-ынхан Ш.Раднаасэдийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбоотой гэж зарласан. Өөрөөр бол, Ардын намаас ахиж нэр дэвшихгүй хүмүүсийн “хар жагсаалт”-д багтсаныг нь батлах жишээ бол энэ. Ш.Раднаасэдийн хувьд “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр холбогдож байгаа нь анхных биш. 2020 онд тэр “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр холбогдож, тэр байтугай “түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэнэ” гэх явган яриа ч тархаж байлаа. Авлига, албан тушаалын хэрэгт ч холбогдож явсан “толбо” ч түүнд бий. Ам.долларын авлигын анхны дуулиант хэргүүдийн нэг буюу “Оймсны” гэх хэрэг эцсийн цэгт Ш.Радраасэдтэй холбогдож, “Авлигачид үүнийг Ааяа гэж авгайлдаг” гэх сенсаци ч дэгдэж байв. 
 
      АТГ-ынхан Ш.Раднаасэдийг “нүүрсний хулгай”-н хэрэгт нэр цохсон олсны үзүүрийг хөвөрдвөл “ЭТТ”-н гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд дээр хөтөлж очдог. Ш.Раднаасэд, Д.Ариунболдыг “ЭТТ”-н гүйцэтгэх захирал байх үед нь Говь-алтайгаар дагуулан явж, тойргийнхоо сонгогчдод автомашин, мотоцикл, төрийн одон медаль, мөнгөн шагнал, өвс тэжээл, гарын бэлэг баруун солгойгүй цацаж байсан нь баримт болж үлдсэн. Өөрөөр бол, Ш.Раднаасэд Д.Ариунболдыг “ЭТТ”-н гүйцэтгэх захирал байх үед “нүүрсний хулгай”-н хэрэгт нэлээд гүнзгий холбогдсон, “хор хутгах” хамтрагч нь байж, хариуд нь халаасаа ч овоо түнтийлгэсэн гэгдээд байгаа. Нэмээд, Ш.Раднаасэдийн хадам аав, хүргэн ах нь Арцатын аманд тансаг зэрэглэлийн хороолол босгож байгаа баримт ч бий. Энэ мэтээр “Ааяа” дарга Ардын намаас ахиж нэр дэвшихгүй байх болзлоо хангачихлаа. 

Б.БАТТӨМӨР 

      Б.Баттөмөрийн хувьд, 43 жил төрд зүтгэж, Ардын намаас авахаа авсан нэгэн. Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх хэн хүссэн нь удирдаад байдаггүй хоёр том “айл”-ыг удирдаж, улс төрийн алба тушаалуудаас охь шимийг нь оройлон хүртсэн. Хувьсгалын хэрэгт ийн зүтгэхийн сацуу хувийн бизнесээ ч томруулж, “шатахууны магнат” болтлоо тодорсон. Одоо харин түүний тайзнаас буух цаг ирсэн бололтой. АТГ-аас түүнийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр цохсон. Тэгмэгц нь тэр гэмгүй хүний дүрд орж, “Би “Эрдэнэс тавантолгой” ХК хаан байдгийг ч мэдэхгүй” гэж мэдэн будилсан ч тусыг эс олсон. Гаалийн ерөнхий газрын дарга байсан атлаа, дамаа “Тэс петролиум” групп нь нүүрсний шаланзуудыг шатахуунаар цэнэглэдэг гэдгийг цөм мэддэг байтал ийн мэлзсэн нь түмний эгдүүцлийг төрүүлэхээс хэтрээгүй. Дээрээс нь, АТГ-т шалгагдаж эхлээд, “нүүрсний хулгайч” гэж нийтэд цоллогдоод, амь гуйж, аргаа барж яваа байх гэтэл Төрийн ордонд шинэхэн эмэгтэй сайдыг шунаг гэгч нь чанга гэгч нь үнссэн шигээ, чухам жаргалтай яваа харагдсан. Товчхондоо, тайзнаас буух хувь тавилантайгаа хэдийнэ эвлэрчихсэн гэсэн үг. 

Ц.ДАВААСҮРЭН

      “10 хувь” гэх хочоор аавынхаа нэр шиг “овоглох” болсон Ц.Даваасүрэн сайдын сэнтийд дахин залрав. Өөрөө болохоор “Ерөнхий сайд миний мэдлэг, туршлагыг ашиглах гэж сайд болгосон” гэж ихэд гоёшоон тайлбарласан. Үнэн хэрэгтээ тэр “Намайг сайд болгохгүй бол наад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг чинь гацаана шүү” гэх маягтай “шантааж” хийж, намын даргыгаа гарах гарцгүй шахаж байж “сүүлчийн удаа” сайдын суудалд заларсныг нийтээрээ мэдэж буй. Өөрөөр бол, нэгэнт намдаа ч, тойрогдоо ч “муу нэр”-тэй, дахин сонгогдох “шаанс”-гүй болчихсон тул сүүлчийн удаа намынхныгаа намнаж байгаад ч хамаагүй сайд болоод, авч амжаагүй аваад буух тактик гэж харагдаж буй. Тиймдээ ч, өмнө нь чуулган бүр дээр хөмсөг атируулж, харц тулсан бүхэнтэйгээ хэрүүлж хийж, тэмээ гэхээр яамаа гэж суудаг асан Ц.Даваасүрэн яам атгах болсныхоо дараа яаж баярласныг, ямар сэтгэл хөдлөл гаргасныг нийтээрээ харсан.Гол нь, “үхэхдээ үхэр буугаа тавих” буюу “Эрчим хүчний салбарыг “самарч” байсан Ц.Даваасүрэн Барилгын салбарыг бусниулах нь” гэх “айдас” ард түмний дунд бий болчихсоныг дурдах нь зүйтэй болов уу. 

Ж.МӨНХБАТ

      “Ядруухан” яруу найрагч асан Ж.Мөнхбат өдгөө өрөм болгоныг хамж “иддэг” Ардын намын “акул”-уудын нэг болчихсон даналзаж яваа. У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн Ж.Мөнхбат баялаг бөгөөд бараан намтар арвинтай. Хадам ахдаа 186 тэрбумын концесс, хадам аавдаа 6.0 тэрбумын тендер “бэлэглэж”, хүргэн хүүгийн хүчийг үзүүлсэн жишээ бол зах үзүүр нь. Аав, ах хоёрт нь том “бэлэг” өгсөндөө аархсандаа юу, гэртээ агсам тавьж, эхнэрээ гар хүрсэн дуулианд ч холбогдож явлаа. Цаашилбал, түүний нэр үе үед казинотой холбогддог. У.Хүрэлсүх таван жилийн өмнө Төрийн ордонд Ж.Мөнхбаттай хэрэлдэхдээ “Солонгосын казинод сэгсрүүлээд, буцах зардалгүй шахуу хэвтэж байхад чинь би авчирсан” гэж ил цагаан хэлж байсныг олон нийт одоо ч санаж буй биз. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд, түүний 2008 онд казинод тоглосон 160 мянган ам.долларын баримт ил болоход “Тэр үед ах нь залуу байлаа” гэх маягтай аархаж байна билээ. 
 
Өдгөө тэр “Нүүрсний хулгай”-н хэрэгт сэжиглэгдэж, түүний өмнөөс туслах нь АТГ-ын хаалга сахиж буй. ЗГХЭГ-ын дарга байхдаа Д.Ариунболдыг “ЭТТ”-н гүйцэтгэх захирлаар томилох ажлыг гардан хийж, түүгээр дамжуулан “нүүрсний хулгай”-н хэрэгт гар бие оролцсон гэгддэг. Д.Ариунболдыг “ЭТТ”-н гүйцэтгэх захирал байх үед Ж.Мөнхбат хотын төвд таван өрөө байр авч, тухайн байраа яаж авснаа тайлбарлах гэж хэсэг л мунгинасан. Эл дуулиан намжсаны дараахнаас нь, Ж.Мөнхбатын багын найзууд, бизнесийн хамтрагчид нь Жаргалантын аманд 46 ширхэг хаус барьж худалдсан. Том барилгын компаниудын гадна пасад мэтийн жижиг “халтуур”-ыг хийж явсан багын найзынх нь барилгын компани ямар мөнгөөр тансаг зэрэглэлийн 46 хаус барьж худалдсаныг хууль хяналтынхан удахгүй тогтоох биз. Энэ мэтээр дурдаад байвал Ж.Мөнхбатын бараан бөгөөд баялаг намтар дундрахгүй их. Өөрөөр бол, тэр МАН-ын “хар жагсаалт”-ад тун дээгүүр бичигдэж буй. 
 

Т.АЮУРСАЙХАН

      Т.Аюурсайханы итгэлт туслах И.Даваадорж нь “Нүүрсний хулгай”-н хэргээр цагдан хоригдож, Т.Аюурсайхан өөрөө “Гишүүний халдашгүй байдал” гэх хана хэрмээрээ хамгаалагдаж үлдээд буй. Түүний туслах И.Даваадорж нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас тендер “гувчуулж”, 500 мянган тонн нүүрсний квот гаргуулж, Ар гүнт, Арцатын аманд хаус хороолол барьж байсан нь баримтаар нотлогдсон. Гагцхүү, И.Даваадоржид “даалгавар” өгсөн Т.Аюурсайхан нь “Би ямар ч хамаагүй” гэж туслахаараа “туг тахих” янзтай гүрийсээр буй. Гэхдээ хууль хяналтын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг  УИХ-д хүргүүлэх нь цаг хугацааны асуудал болсон гэх. 
 
     Т.Аюурсайханы хувьд Б.Ганхуягтай нийлж, Ардын намын төлөө төв талбайд жагсаж явсан. Улмаар 2016 онд тэр УИХ-ын гишүүн болж, харин найз Б.Ганхуяг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэд захирал болж, удалгүй гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Улмаар Т.Аюурсайхан Б.Отгонжаргал гэх туслахаа Б.Ганхуягийн дэргэд буюу “ЭТТ”-н Худалдан авах албаны даргаар томилуулсан. Ингээд Т.Аюурсайханы И.Даваадорж, Б.Отгонжаргал гэх хоёр туслах нь түүний даалгавраар “ЭТТ”-г “тоносон” схем харагддаг. Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-ынхан ачигдсан ч, ачигдаагүй ч Ардын намаас ахиж нэр дэвшихгүй хүмүүсийн “хар жагсаалт”-д албан ёсоор ийнхүү багтлаа. 

Л.ЭНХ-АМГАЛАН

      Л.Энх-Амгалан өөрөө Боловсролын салбарыг “базаж”, эхнэр нь Эрүүл мэндийн салбарыг “эзэгнэдэг” нь нэгэнт нууц биш болсон. Халдварт тахал гаарч, хэн хүнгүй сандарч, дээр, дооргүй бужигнаж асан өнгөрсөн хоёр жил Л.Энх-Амгалангийн эхнэрийн эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнес хамгийн ашигтай ажилласан гэдэг. Нөхөр нь төрийн сайд хийж байхад эхнэр нь төрөөс тендер “хамаад” байх нь хуульдаа харш л харагддаг. Харамсалтай нь, хууль хяналтынхан хөдлөхгүй л байгаа. 
 
       Нөгөөтээгүүр, Л.Энх-Амгалан “нүүрсний” гэх хэргээр нэр цэвэр үлдэхгүй. “МCS”-ийг төрд төлөөлдөг түшээдийн нэг нь тэр. Тэр “МCS”-ийн дэд ерөнхийлөгчөөс төрд орж ирсэн. Одоо ч “MCS”-ийн харьяаны охин компаниуд нийлж хандив өгөөд л Л.Энх-Амгалангийн сонгуулийн санхүүжилтийг босгочихдог юм билээ. Хамгийн гол нь, “МCS” групп бол нүүрсний салбарын нэг том акул. С.Ганбаатар саяхан Төрийн ордонд хэвлэлийн хурал хийхдээ “Монголын хамгийн том нүүрсний хулгайч бол “МCS” групп” гэж ил цагаан зарлаж байна лээ. Ардын намын “нүүрсний хулгайч” нараасаа нэг мөр салъя гэж бодож л байгаа бол “МCS”-ийн төлөөллүүдийг дахин түшээ болгохгүй байх нь зөв. Энэ мэт агуулгаар, Л.Энх-Амгалан МАН-ын “хар жагсаалт”-д багтаж байгаа юм. 

Н.ЭНХБОЛД 

      Н.Энхболд амьдралынхаа 43 жилд нь төрд зүтгэж, түүнээсээ 22 жилд нь Төрийн ордонд “амьдарч” байгаа. Н.Энхболдыг Төрийн ордонд түшээ болоод орж байхад төрсөн хүүхэд өдгөө 22 настай, хоёр, гурван хүүхдийн аав болчихсон явж байгаа гэсэн үг. Тэр ийм урт, удаан хугацаанд УИХ-ын гишүүний сэнтийд тухалсан байна. Товчхондоо, түүний тайзнаас буух цаг нь албан ёсоор болчихсон. 
 
Н.Энхболдын хувьд өөрөө Ардын намаас авахаа авч, төрсөн дүү, төрсөн хүү, хүргэн, бэрүүдээ, хадмуудтай нь төрд төвхнүүлж амжсан. Тайзнаас буухад түүнд тийм ч хэцүү биш болов уу. Н.Энхболдын Гадаад хэргийн сайд байх үед төрсөн дүү нь хүүгээ дагуулаад Германы элчинд очсон. Өөрөө тэндээ төхнөж, харин хүү нь буцаж ирээд Ерөнхийлөгчийн зөвлөх болчихсон. Бас нэг дүү нь Багануур дүүргийн прокурорын газрын дарга болсон. Харин Н.Энхболдын өөрийнх нь хүү нь өдгөө Төрийн ёслолын газрын даргаар ажиллаж буй. Хүүгийнх нь хадам ээж А.Цогцэцэг нь 2016 онд Эрүүл мэндийн сайд болж байлаа. Харин охиных нь нөхөр буюу хүргэн нь Солонгосын элчинд даргаар томилогдож ажилласан. Өдгөө ҮАБЗ-д ажиллаж буй. Энэ мэтээр Н.Энхболд хүү, охин, хүргэн, бэрүүдээ төрд хангалттай төвхнүүлсэн. 
 
Хувийн бизнесийн хувьд ч Н.Энхболдын эхнэр нь Монголын толгой компаниудын нэг “Нью ком”-д захирлын алба хашдаг. Хүргэнийх нь төрсөн эгч нь Монголын бас нэгэн алдартай компанийн буюу Чингис хаан банкны охин компанид захирлын алба хашдаг. 
 
Товчхондоо, Ардын намд 43 жил “эрхэлсэн” Н.Энхболдын хувьд тайзнаас буухад төдийлөн харамсах зүйлгүй харагдаж байгаа юм. 
 

33 ТЭРБУМЫН “ГУРВАЛ” БУЮУ Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ, Г.АМАРТҮВШИН

      Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин гэх гурван найз Төрийн ордонд түшээ болж залраад гурван жил боллоо. Анх тэднийг түшээ болж байхад “Залуу үеийн төлөөлөл, мэдлэг боловсролтой, гадаадад боловсрол эзэмшсэн” хэмээн ард түмэн ам сайтай байсан. Харамсалтай нь, төд удалгүй тэд ах нараасаа дутахааргүй “акул”-ууд байсан нь илчлэгдэж, итгэсэн олны урам хугарсан. Өөрөөр бол, Г.Амартүвшин нь зээл гаргагч, Х.Ганхуяг нь зээлдэгч, Г.Дамдинням нь зээлийн мөнгийг зарцуулагч гэх салшгүй схемээр холбогдсон Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлдэгчид байсан нь илэрсэн. Хөгжлийн банкны зээлдэгчид гэдэг нь баримтаар ийн илчлэгдсэн ч тэд уучлал ч гуйгаагүй. Х.Ганхуяг нь “Минийх биш манай эгчийн компани, надад хамаагүй” гэж мэлзсэн. Г.Амартүвшин нь “Намайг Хөгжлийн банкны захирлын албан тушаалаас бууснаас хэд хоногийн дараа олгогдсон зээл учраас надад хамаагүй” гэж гүрийсэн. Г.Дамдинням нь “Би Х.Ганхуягийн эгчийн компанид ердөө хоёрхон хувийн хувьцаа л эзэмшдэг байсан. Тэгээд ч тэр хувьцаагаа буцаагаад өгчихсөн учраас надад хамаагүй” гэж бултуулсан. Ингээд 33 тэрбумын тэр зээл “эзэнгүй” болж, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин гэх гурвал албан тушаалтайгаа үлдсэн. 
 
Нэмээд, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хувьд төр дахь “нүүрсчид”-ийн тод төлөөллүүд. Жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2018 онд “Хера-Экуйпмент” ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн олборлогч шалгаруулах” 191 тэрбум төгрөгийн тендерт “Хишиг арвин индустриал” ХХК-тай өрсөлдөж байлаа.
 
     Түүнчлэн, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг, ээж П.Бямбасүрэн нарынх нь эзэмшдэг, Г.Дамдиннямын гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан, уул уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэдэг, 1000 гаруй ажилчинтай “Вертекс майнинг партнер” ХХК нь “MCS” группийн “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” төслийн хөрс хуулалт, олборлолтыг ажил гүйцэтгэж буй гэх. 
 
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд Х.Ганхуягийн “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байснаас гадна түүний ээж Пүрэвийн Бямбасүрэнтэй хамт “Топ майнинг солюшнс” ХХК-ийг эзэмшдэг зэргээр салшгүй холбоотой. Чухамдаа “Нүүрсний бүлэглэл”-тэй холбоотой улстөрчдийг хайж байгаа энэ цагт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёрын нэг хоцорч болохгүй болов уу. Тиймдээ ч тэд Ардын намаас ахиж нэр дэвшихгүй хүмүүсийн “хар жагсаалт”-д багтах ёстой. 
 

ТАЙЗНААС БУУХ ТҮШЭЭД БУЮУ МАН-ЫН “ХАР ЖАГСААЛТ”-НЫХАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-15 16:01:10
    Zochin: Amartuvshin orsonig oilgosongui ee ene hun mongold heregtei bhaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-15 16:01:08
    Zochin: Amartuvshin orsonig oilgosongui ee ene hun mongold heregtei bhaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-15 10:40:30
    Балай юм: Садар эмс панужин ундрам нарыг зайлуудах хэрэгтэй панужин хурдын удмын адуу гэж пан гөрж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ирээдүйн авилгын мөнгөө хавчуулахаар эхнээсээ бодолтой орж ирсэн сайнаар ярьвал олон эрийг баярлуулагч хүн, ширээ ундрамын секс скандал груп секс болж өргөжих бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-15 09:53:54
    Иргэн: Одоогийн бга 76 дотор үлдэх хүн нь Б.Энхбаяр гишүүн л бна. Тэр Пануужин, Өнөрболор энэ тэр гээд хадаас шиг зүрхтэй хар авгайчуулаас салмаар бна. Хахир өвлийн хүйтэнд хайран сайхан залуус гадаа хичнээн хоногоор жагсаж бхад хараа ч үгүй юм шиг бдаг хогийн эмэгтэй гишүүдээс үлдэх хүн үгүй л болов уу!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 11:06:08
    Зочин: Дутуу л байна даа. Болорчулуун, Сэргэлэн ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 21:49:12
    Од-Сэр: Манай Хүрэлээ Чойжоо 2 алгаа оруулаад өгөөрэй хө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 21:07:55
    Ган: Энх-Амгалан хамгийн дажгүй сайд шд. Новшийн раднаасэд анандбазар нарыг зайлуулаад зогсохгүй шоронд хийх хэрэгтэй. Хогийн энхболд 22 жил төрд шимэгчилж амьдарчээ. Үхэж далдарвал таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 18:48:34
    Батсайхан: Дээр нь аймгуудын засаг дарга нарыг хар дансанд оруулах хэрэгтэй .ЖИШЭЭ НЬ ГОВЬСҮМӨЭРИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСУУРЬ БАЙНА ӨМНӨ НЬ ЗАСАГ ХИЙЖ БАЙГААД . ДЭД САЙД БОЛСОН ЭРГЭЖ ГОВЬСҮМБЭРИЙНХЭЭ ЗАСАГ ДАРГЫГ БӨӨРНӨӨС НЬ ШААЖ МӨРГӨСӨН НӨХӨР ....УВИАГҮЙ БЯЛДУУЧ ЦҮНХ ЫАРИГЧ НАМЗАХ гэж пялдагдаж явдаг .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 18:48:34
    Батсайхан: Дээр нь аймгуудын засаг дарга нарыг хар дансанд оруулах хэрэгтэй .ЖИШЭЭ НЬ ГОВЬСҮМӨЭРИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСУУРЬ БАЙНА ӨМНӨ НЬ ЗАСАГ ХИЙЖ БАЙГААД . ДЭД САЙД БОЛСОН ЭРГЭЖ ГОВЬСҮМБЭРИЙНХЭЭ ЗАСАГ ДАРГЫГ БӨӨРНӨӨС НЬ ШААЖ МӨРГӨСӨН НӨХӨР ....УВИАГҮЙ БЯЛДУУЧ ЦҮНХ ЫАРИГЧ НАМЗАХ гэж пялдагдаж явдаг .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 18:48:34
    Батсайхан: Дээр нь аймгуудын засаг дарга нарыг хар дансанд оруулах хэрэгтэй .ЖИШЭЭ НЬ ГОВЬСҮМӨЭРИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСУУРЬ БАЙНА ӨМНӨ НЬ ЗАСАГ ХИЙЖ БАЙГААД . ДЭД САЙД БОЛСОН ЭРГЭЖ ГОВЬСҮМБЭРИЙНХЭЭ ЗАСАГ ДАРГЫГ БӨӨРНӨӨС НЬ ШААЖ МӨРГӨСӨН НӨХӨР ....УВИАГҮЙ БЯЛДУУЧ ЦҮНХ ЫАРИГЧ НАМЗАХ гэж пялдагдаж явдаг .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 18:48:34
    Батсайхан: Дээр нь аймгуудын засаг дарга нарыг хар дансанд оруулах хэрэгтэй .ЖИШЭЭ НЬ ГОВЬСҮМӨЭРИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСУУРЬ БАЙНА ӨМНӨ НЬ ЗАСАГ ХИЙЖ БАЙГААД . ДЭД САЙД БОЛСОН ЭРГЭЖ ГОВЬСҮМБЭРИЙНХЭЭ ЗАСАГ ДАРГЫГ БӨӨРНӨӨС НЬ ШААЖ МӨРГӨСӨН НӨХӨР ....УВИАГҮЙ БЯЛДУУЧ ЦҮНХ ЫАРИГЧ НАМЗАХ гэж пялдагдаж явдаг .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 18:48:23
    Батсайхан: Дээр нь аймгуудын засаг дарга нарыг хар дансанд оруулах хэрэгтэй .ЖИШЭЭ НЬ ГОВЬСҮМӨЭРИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСУУРЬ БАЙНА ӨМНӨ НЬ ЗАСАГ ХИЙЖ БАЙГААД . ДЭД САЙД БОЛСОН ЭРГЭЖ ГОВЬСҮМБЭРИЙНХЭЭ ЗАСАГ ДАРГЫГ БӨӨРНӨӨС НЬ ШААЖ МӨРГӨСӨН НӨХӨР ....УВИАГҮЙ БЯЛДУУЧ ЦҮНХ ЫАРИГЧ НАМЗАХ гэж пялдагдаж явдаг .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 13:07:05
    зочин: Өөр бусад нь алга байх юм Ч Хүрэлбаатар Ц Нямдорж Нямбаатар Амарбаясгалан гээд хулгайч нар нь дутуу байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188