• Өнөөдөр 2024-05-09

АРДЫН НАМААС АТГ-Т ДУУДАГДАХ ДАРААГИЙН “НҮҮРСЧИД” ХЭН БЭ-I

2022-12-19,   1699

       АТГ-аас “Нүүрсний хулгай”-н хэрэгт 35 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаагаа мэдэгдсэн. Улмаар эхний ээлжид улс төрийн өндөр албан тушаал хашишж байсан болон байгаа 17 хүний нэрийг нийтэд зарласан. “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр нь зарлагдсан 17 хүний дотор Ардын намын таван гишүүн багтсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарыг зарлаад буй. Тэд өөрсдийгөө буруугүй гэж заргалдаж байгаа ч баримт өөр зүйл хэлж буй
 
     Тухайлбал, Ц.Анандбазар “Эрдэнэс тавантолгой” ХК-д 2018 оноос хойш 12 тэрбум төгрөгийн шатахуун шахсан. Ш.Раднаасэдийн хадам аав Н.Бямбажав, хүргэн ах П.Ганбат хоёр нь “Энержи минерал интернэйшнл” ХХК-иар дамжуулан Богдхан уулын Арцатын аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа мэдээлэл бий. Энэ хотхоны санхүүжилт “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гарсан байж болзошгүй хардлага байгаа. Н.Наранбаатар АТГ-т шалгагдаж буй “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн авлигын хэрэгт холбоотой байж болзошгүй сэжүүрүүд бий. Ц.Сэргэлэнгийн хувьд Хятадуудтай хамтрагч бизнес хийж байсан, тэр тусмаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн найз, будилааны эзэн “Азарган гол чонот”-ийн Б.Отгонбаатарын үүсгэн байгуулсан компанид захирал хийж байсан зэрэг бараан намтруудтай. Энэ мэтээр эрх баригч намаас “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр нь зарлагдсан таван гишүүнд “но” их байгаа. 
 
Харин одоо нийгэмд 35 хүнээс нэр нь зарлагдалгүй үлдсэн 18 хүн хэн бэ гэх хүлээлт бий болоод байна. Тэгвэл бид Ардын намаас АТГ-т дуудагдах дараагийн “Нүүрсчид”-ийг цувралаар дэлгэх гэж байна. Энэ удаад “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 799 тэрбум хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-тай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэрхэн холбогдож байгааг танилцуулахаар бэлтгэлээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН “МОНГОЛ МАЙНИНГ ЭНД ЭКСПЛОРЭЙШН” ХХК-ИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ 799 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, НӨЛӨӨЛСӨН ҮҮ

        “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр цохогдсон Ардын намын таван гишүүн АТГ-ын үүдэнд хэвлэлийн хурал хийсэн. Тус хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хэлсэн үгнээс “Жинхэнэ нүүрсний хулгайч нар бид биш. Эхлээд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулсан Хөрс хуулалтын компаниудыг шалга. Хэний хамааралтай компаниуд байна гэдгийг нь тогтоо. Том мөнгөний хулгайг Төрийн ордноос л хийдэг юм шүү” гэх дөрвөн өгүүлбэр нь анхаарал татна. Өөрөөр бол, Ш.Раднаасэд дээрх үг “Жинхэнэ нүүрсний хулгайч нар хөрс хуулалтын компаниудаар дамжуулж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг тонодог” гэх далд утгатай сонсогдож байгаа юм. Эндээс ургуулж, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан компаниуд судалж үзэхэд 2018 оноос хойш хэдхэн компани “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олборлол, хөрс хуулалтын тендерүүдийг авч иржээ. Тухайлбал, АТГ-т баривчлагдаад буй Б.Хишигдоржийн “Хишиг арвин индустриал” ХХК л гэхэд хөрс хуулалт, олборлолтын 1.5 их наяд төгрөгийн гэрээ байгуулсан. Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нартай холбогддог Э.Оюутцэцэнгийн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК нь 2.2 их наяд төгрөгийн гэрээ байгуулсан. УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Баттулгын “Спейшлмайнинг сервис” ХХК нь 620 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Сангийн сайд Б.Жавхланд сонгуулиар хандив өгдөг “Моннис майнинг” ХХК  799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. 
     Тэгвэл 2020 оны наймдугаар сарын 28-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн А хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” тендерт “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК шалгарч, улмаар ЭТТ-2020/521 дугаартай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компани нүүрс ухаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт оролцож байгаагүй атлаа анх удаа оролцоод 799 тэрбумын тендерийг нь авчихсан байгаа юм. Судлаад үзвэл, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь 2008 оноос Шарын голын “Их шарын гол” алтны орд, 2013 оноос Төв аймгийн Заамарын “Ар наймган”-ны алтны орд, 2015 оноос Хонгорын “Зоолуурхар”-ын алтны орд, 2016 оноос Булганы Дашинчилэнгийн “Доргонот”, “Улаан ухаа” алтны ордыг тус тус ухаж байгаа алтны компани аж. 
 
Хамгийн ноцтой нь, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч Дугарсүрэнгийн Отгонлхагва, Гончигбатын Батболд нар нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй хэд хэдэн сэжүүрээр, тун ойроор холбогддог аж. Тодруулбал, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг сумынх. Тэр байтугай Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга юм байна. Харин Г.Батболд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул аж. 
 
Илүү ноцтой нь, Д.Отгонлхагва нь Аймгийн алдарт уяач, Г.Батболд нь Манлай уяач цолтой, хоёулаа уяач. Түүгээр барахгүй УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн тэргүүнээр нь ажиллаж ирсэн “Дэлтэй цэнхэр” Морин спорт, уяачдын холбоог удирдах зөвлөлд багтдаг, Ц.Даваасүрэнгийн зохион байгуулж ирсэн “Хотгойдын хурд” уралдааныг ивээн тэтгэдэг байжээ. 
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2004 онд Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” Морин спорт, уяачдын холбооны тэргүүн болсон. Улмаар 2007 онд анх удаа “Хотгойдын хурд” баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж, уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Ц.Даваасүрэнгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Хотгойдын хурд” наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Отгонлхагва, Г.Батболд нарын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК, Г.Батболдын дангаараа эзэмшдэг “Цагаан-Уул магнит” ХХК тус тус ажиллаж иржээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.  
 
Товчхондоо, тэд ийнхүү 10 гаруй жил нэг холбоог хамт удирдаж, “Хотгойдын хурд” уралдааныг хамтран зохион байгуулж иржээ. Улмаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” Морин спорт уяачдын холбооныхоо бага хурлыг хуралдуулж, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн захирал Гончигбатын Батболдод тэргүүний суудлаа шилжүүлж өгсөн байгаа юм. 
 
Эндээс харвал, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй маш ойроор, бүр нэг сумаар, нэг холбоогоор холбоотой явж ирсэн нь шууд харагдаж байгаа юм. Тэр байтугай Ц.Даваасүрэн “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн захирал Г.Батболдод 10 гаруй жил удирдсан "Дэлтэй цэнхэр" МСУХ-гоо хүртэл шилжүүлж өгсөн байна. Өөрөөр бол, алтны жирийн нэг компани “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дэмжиж, нөлөөлсөн байж болзошгүй дүр зураг харагдаж байна. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

АРДЫН НАМААС АТГ-Т ДУУДАГДАХ ДАРААГИЙН “НҮҮРСЧИД” ХЭН БЭ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-20 20:00:34
    Zochin: Daanch syyliin yed duugyi bolchikhsiin.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-19 07:35:11
    иргэн: эдэн дундаас нэр цэвэр хүн огт алгаа хонины арьс нөмөрсөн цөөврүүд үхэж далд ороосой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188