• Өнөөдөр 2024-05-03

НЭРЭЭ “ХУЛГАЙЧДЫН НАМ” БОЛГОЖ СОЛИХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ, АРДЫН НАМ

2022-12-16,   954

2018 оны арванхоёрдугаар сар. Төв талбайд жагсагчид жирийж, таван ханатууд ярайж байлаа. Төв талбайгаас Төрийн ордон зүгт “Огцор” гэж орилох дуу олон ч өдөр хадсан. “МАНАН бүлэглэл”-ийн эсрэг гэх энэ жагсаал эрх баригч намын эзэн, Монголын “хаан” шахуу байсан М.Энхболдыг унагах улс төрийн том операци байсан юм.  Энэ операцийг эрх баригч намын таван гишүүн толгойлж, өөрсдийгөө “Шударга тав” хэмээн өргөмжилж байв. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ үстэй дээлтэй, үнэгэн лоовууз духдуулсан “Шударга тав”-ын толгойлогч байлаа. 
 
2022 оны арванхоёрдугаар сар. Дөрөв дэх жилийнхээ мөчлөг дээр төв талбай жагсагчдаар дахин дүүрэв. Ард түмний уур, амны уур зэрэг савсаж, салхи хаашаа ч эргэж магадгүй айдастай, эрх баригчид сандралтай 10 гаруй хонолоо. Ахлах ангийн сурагч хүү “Хулгайч нарын нэрсийг зарла” гэж хоолойгоо сөөтөл хашхирч байна. Хөгшид хүртэл халуун савтай цай, хэдэн уут боорцог, дулаан хувцас уутлаад хүрч ирж байна. Төрийн томчуудын ЖДҮ, Хөгжлийн банк тэргүүтэй олон хулгайг тэвчсэн ард түмэн “Нүүрсний хулгай”-г тэссэнгүй, тэсэрлээ. Захиалгатай, зохион байгуулалттай гэх хэл ам гарч байгааг аль тэр гэх вэ. 
 
      Дөрвөн жилийн өмнөх жагсаалыг сөхөж, одоогийн жагсаалтай жиших болсныхоо учрыг одоо тайлбарлая. Ард түмэн бид Ардын намын хулгайч, тонуулчидтай тэмцэх үүрэгтэй, тийм үндсэн зорилготой амьдраад байгаа юм уу. Дөрвөн жилийн өмнөх “МАНАН бүлэглэл”-ийн эсрэг жагсаал, одоогийн “Нүүрсний бүлэглэл”-ийн эсрэг жагсаал хоёрын нэр нь л өөр болохоос биш ардах агуулга нь яг ижилхэн. Өөрөөр бол, ард түмэн дөрвөн жилийн өмнө “Төрд үүрлэсэн тонуулчдаа зайлуулж, хулгайч нартаа хариуцлага тооц” гэх маш ойлгомжтой шаардлага тавьж зогссон. Дөрвөн жилийн дараа ч яг энэ шаардлагаа дахин тавиад, дүн өвлөөр даарахыг үл ажран жагсаж байна. 
 
Гэтэл ард түмэн ингэж жагсаад байхад Ардын намын хулгайч нар нь хорогдсонгүй, харин ч эсрэгээрээ нэмэгдчихсэн байна. Хоёрхон жишээ дурдъя. 
 
      Нэгдүгээрт, өнгөрсөн өвөл Хөгжлийн банкны хулгай ил болсон. Хөгжлийн банкийг хуу тоносон төрийн томчууд нь хамаарал бүхий компаниудыг жагсаавал цаг ч, цаас ч их орно. Заримаас дурдвал, С.Бямбацогт, Ц.Анандбазар, С.Бямбацогт, Х.Ганхуяг гэх мэтээр цааш хөвөрнө. Хамгийн гол нь, Ардын намынхан Хөгжлийн банкны хэдэн зуун тэрбум төгрөгийг хувааж авчихаад, хэдэн жилээр хугацаа хэтрүүлэн төлөхгүй тас гэдийж байсан нь илчлэгдээд байхад хэн ч хариуцлага хүлээлгүй “Өрөө төлсөн” гэх үгээр ам таглан өдий хүрч байна. 
 
       Хоёрдугаарт, Ардын намынхнаас “Нүүрсний хулгай”-н хэргээс нэр цэвэр хүн үлдэхгүй нь нь бараг л тодорхой болж байна. Тэрбумыг цацаад ч хамаагүй төрийн түшээ болгох гэж хошуурцгаагаад байдгийнх нь үндсэн зорилго “нүүрс хулгайлах” юм биш үү. Ардын намынхан “Эрдэнэс тавантолгой”-гоос аяганыхаа хэмжээгээр хооллож, халаасныхаа хэмжээгээр хулгай хийж байсан нь баримтаар илчлэгдсээр байна. АТГ-аас эхний ээлжид Ардын намынхнаас Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн нарыг цохож нэрлэсэн. Гэтэл тэд “Би мэдэхгүй, би бурхны шашинтай, би гомдолтой байна, би хулгайч биш” гэж мэлцэж, мэтгэж гүрийсээр байгаа. Тэдний араас С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар нарын нэрс тодорчихсон байгаа гэх. Тодорхой болсон баримтуудаас бол Ардын намынхнаас хөгшин, залуу, шинэ, хуучин гэлтгүй л “Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр холбогдоцгоосон байна лээ. Ахимагууд, “Акул”-ууд нь ам нөхцөлөөр нүүрс авах квоттой, хятадуудад дамлан худалддаг, хилээр татваргүй гаргадаг, хил, гаалийнхныг хүссэнээрээ удирддаг, урд хөршид хүртэл хамсаатнуудтай болгочихсон юм байна.  Арай залуу, “овсгоотой”-нууд нь олборлолт, хөрс хуулалтыг нь хэдэн зуун тэрбумаар хийж, оффтейк гэрээгээр хулгайгаа нууж ирсэн юм байна. Бизнесмен түшээд нь бараа материал шахах, тендерүүдийг нь сорчилж түүх маягаар саваа дүүргэж ирж. Намдаа нэр, нөлөө муу, “навсгар” түшээд нь хүртэл хэдэн арван нүүрсний машинтай юм билээ. 
 
          Эцэст нь, эрх баригч Ардын нам ер нь “Хулгайчдын нам” болгож нэрээ өөрчилбөл яасан юм бэ. ЖДҮ санг тоносон дөчин хэд, Хөгжлийн банкийг тоносон арван хэд, “Нүүрсний хулгай”-н гучин хэд гэх маягаар хулгайчдынх нь тоо нэмэгдсээр, хэрээс хэтэрчихлээ. 
 

НЭРЭЭ “ХУЛГАЙЧДЫН НАМ” БОЛГОЖ СОЛИХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ, АРДЫН НАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-17 10:06:23
    ху нам хулгайч: ху нам гэдэг эрт дээрээс л эхэлж байж нэрийг нь ард түмэн аль эртээ өгсөн байжээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188