• Өнөөдөр 2024-05-03

Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨРӨӨР ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ, ӨӨРТӨӨ АЛГА ТАШУУЛЧИХААД, ӨРӨӨ БИДНЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЮМ БИШ БИЗ

2022-12-01,   876

       Өнгөрсөн баасан гарагт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг нээсэн. Тус замын нээлтэд Засгийн тэргүүнээс эхлээд, эрх баригч намын томчууд цөм оролцож, нэг нэгэндээ баяр хүргэж, “найр” шахуу л ёслол хийсэн. Уригдаж очсон улстөрчид дунд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусад руугаа үе үехэн мушилзаж, их л додигор зогсоо харагдсан.
 
      Учир нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа 400 сая ам.доллар гаргаж, хувийнхаа “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК гэх компаниудаараа эл төмөр замыг бариулсан. Тиймдээ ч магтуулах гэж тэсэж ядахдаа тэгж додигор зогссон биз.  Засгийн тэргүүн ч “ханд”-ыг ойлгосон бололтой, “Хувийн компаниуд 226 км урт төмөр замыг зун, намрын улирал буюу наймхан сарын дотор барьж дуусгаж болдгийг хамтдаа харлаа” гэж “зад” магтсан. Битүүхэндээ “Дэлгэрсайхандаа гялайлаа” гэснээр өөрцгүй магтаал. 
Нэмээд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Маш богино хугацаанд улсад нэг ч төгрөгийн өр үүсгэхгүйгээр, Засгийн газрын нэг ч төгрөгийн баталгаагүйгээр, тонн нүүрсний ч тохироогүйгээр хувийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр барьж босголоо” гэж хачирласан. Ийнхүү Ардын намынхан нэгэн цагт Швейцарын прокурорт ээрэгдэж явсан “оффшорчин”-оо “од” болгож, “Ардын баатар”, “Оны шилдэг” болгож онцлохоо шахав. Өмнө нь төрийн томчууд том дүнтэй тендер, концессыг нууцаар “нудардаг”, нийтээс нууцалдаг байсан бол одоо эсрэгээрээ олны өмнө сайшаадаг болж, амар ч юм шиг.
 
       Б.Дэлгэрсайхан ингэж баяр хүргэсэн мэндчилгээнд “бялуурч” байтал нь Б.Буянтогтох гэх эр гэнэт гарч ирж, телевизэд ярилцлага өгөв. Д.Буянтогтохын хувьд Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсонгоос 19 сая ам.доллар “залилсан” хэрэгт холбогдож, хууль хяналтынханд шалгагдаж байхдаа хил давсан, хэвлэлээр нэг дуулиан тарьсан зартай эр. Өдгөө Америкт амьдарч буй. Эх орноосоо “дүрвэж”, алс Америкт амьдрах болсных нь нэг буруутан нь Б.Дэлгэрсайхан гэж тайлбарладаг. Ямартай ч, Д.Буянтогтох Б.Дэлгэрсайханы баярт мөчтэй яг зэрэгцэж олны өмнө гарч ирэв. Чухамдаа “Өст хүн өлийн даваан дээр” гэдэг дээ.  
       
      Хамгийн ноцтой нь, Д.Буянтогтох телевизэд өгсөн ярилцлагадаа Б.Дэлгэрсайханы тухай хэд хэдэн ноцтой асуудал ярьжээ. Тухайлбал, Д.Буянтогтох “Б.Дэлгэрсайхан их хэмжээний авлигын асуудлаа нуухын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр Швейцарын шүүхээс ял авсан ялтан. Яагаад ялтан хүн УИХ-ын гишүүн болоод сууж байгааг ойлгохгүй байна. Швейцарын шүүх түүнд тэнсэн болон 300 мянган еврогоор торгох ял оноосон тогтоол нь байгаа” гэж ярьжээ. 
 
Д.Буянтогтохын ярьсныг судалж үзвэл, 2021 оны долдугаар сард Швейцарын Swissinfo.ch сайтад үнэхээр Б.Дэлгэрсайханы тухай мэдээлэл гарч байжээ. Тодруулбал, “Холбооны Эрүүгийн хэргийн шүүх 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Б.Дэлгэрсайханыг бичиг баримтын залилан хийсэн гэм буруутайд тооцсон. Тэр 300,000 еврогийн торгууль, 31,000 еврогийн шүүхийн зардлыг төлөхөөр болжээ. Энэ мөнгийг түүний UBS банкан дахь 1.85 сая доллароос хассан байна” гэж бичжээ. Эргэн санавал, Швейцарын хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг Хятадын бизнесмен Сямин Лигээс Швейцар дахь UBS банкны дансаараа 45 сая ам.доллар авсан. Үүнээсээ 5.0 сая ам.долларыг нь С.Баярцогтод өгсөн гэж буруутгаж байв. Дээр дурдсан Swissinfo.ch сайтын мэдээллээр бол, Б.Дэлгэрсайхан нь эл хэргээсээ мултрахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн гэжээ. 
 
Мөн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2020 оны сонгуулийн дараахан хэвлэлийн хурал хийж “Швейцарын прокуророос миний хэргийг хаасан” гэж дөрвөн хуудас цаас үзүүлж байсан. Гэтэл дээрх сайтад дурдсан мэдээллээр бол түүнийг 2021 оны зургадугаар сард гэм буруутайд тооцсон гэжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Миний хэрэг хаагдсан” гэж хэвлэлийн хурал хийснээс жилийн дараа буюу 2021 оны долдугаар сард шүүхийн шийдвэр гарсан болж таарч байна. Хэрвээ Б.Дэлгэрсайхан үнэхээр Швейцарын шүүхээс торгох ч бай, тэнсэх ч бай ял авсан бол, түүнийгээ нуун дарагдуулсан бол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах хүртэл маш ноцтой асуудал үүснэ. Нөгөөтээгүүр, гадаадад оронд ял авснаа нууж, гишүүнээрээ үлдэхийн тулд намынхандаа тал засаж, төмөр замын төсөл хэрэгжүүлэгч дүр хувирсан ч байж болох.
 
      Түүнчлэн Д.Буянтогтох “Б.Дэлгэрсайханд төмөр зам бариад явах мөнгө байхгүй. Тэр Хятадын банкуудад асар их хэмжээний өртэй. Өр нь 2.0 их наядаар яригдаж байгаа. Ирэх оны хавар гэхэд Хятадууд манай улсаас тэр мөнгийг нэхэж эхэлнэ” гэж ярьжээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Засгийн газартай Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын концессыг 400 орчим сая ам.доллароор санхүүжүүлэхээр тооцож гэрээлсэн. Гэвч хямрал, ханшийн өсөлт зэргээс болж санхүүжилт нь тооцоолсноос давж, нийт 600 орчим сая ам.доллар гаргасан гэх. Өнөөдрийн ханшаар бол 2.0 их наяд төгрөг гэсэн үг. Хэдэн ч компанитай, хэдэн ч орд газартай байсан энэ бол асар их мөнгө. Үүнтэй зэрэгцээд, сүүлийн үед сошиал сувгуудаар Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компаниудын Хятадын банкуудаас авсан өр зээлийн асуудал цацагдах болсон. Жишээ нь, Б.Дэлгэрсайханы эзэмшдэг “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Инфинити спейс” ХХК-иудын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 2000 ширхэг вагон, 121 ширхэг зүтгүүр, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг нь Хятадын Экспорт Импорт банкны 200 сая ам.долларын зээл, Хятадын Хөгжлийн банкны 175 сая ам.долларын зээлийн барьцаанд тавигдсан гэх. Өөр бусад өр зээлийн мэдээллүүд ч бий. Энэ сэжүүрүүдээс “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Засгийн газартай концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барихдаа хаанаас, ямар замаар санхүүжилт авсан бэ, цэвэр мөнгө үү” гэдэг асуулт урган гарч ирнэ. Мөн Д.Буянтогтохын ярьсанчлан “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы урд хөршөөс авсан их хэмжээний өр төлбөрийн асуудал даамжирч, улсаа асар их өрөнд унагаж юм биш биз” гэх болгоомжлол ч төрж байна. 
 
     Ямартай ч, Ардын намынхан Хятад руу нүүрс зөөх нэг гарц шинээр нэмэгдлээ гэж хэдэн өдөр өөрсдөдөө алга ташицгааж, гол баатраараа Б.Дэлгэрсайханыгаа өргөмжиллөө. Харин Б.Дэлгэрсайхан өрөөр төмөр зам тавьж, өөртөө баахан алга ташуулчихаад ирэх онд өөрсдөөр маань өрөө төлүүлэхгүй л байгаасай. 
 

Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨРӨӨР ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ, ӨӨРТӨӨ АЛГА ТАШУУЛЧИХААД, ӨРӨӨ БИДНЭЭР ТӨЛҮҮЛЭХ ЮМ БИШ БИЗ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-01 17:59:12
    Зочин: Энэ новшийн этгээд магадгүй шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188