• Өнөөдөр 2024-05-06

ТӨРД ТӨВХНӨСӨН, ТӨРСНӨӨС ӨӨРЦГҮЙ ДҮҮ НАР НЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОЛГОЙГ НЬ “ЦУСТАХ” ВИЙ

2022-11-08,   977

        Төрийн томчуудын томилгоонд тун эмзэг ханддаг, эгдүүцдэг, эсэргүүцдэг байсан больж ээ, бид. Цар тахлын хууль нэрийн дор хоёр жил гаруй хараа хяналтгүй томилгоо хийгдээд, “хэн нь хэний хүн бэ” гэдгээ нуудаг биш нийтэд сайрхдаг болоод, олон нийт түүнд нь дасаад, дөжирчихсөн бололтой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л гэхэд төрснөөс өөрцгүй дүү нар, тойрон хүрээлэгчдээ төрд төвхнүүлсээр, одоо жигдэрч байна. ЗГХЭГ-ын дарга байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан нөхөд Засаг дарга цаашлаад дэд сайд болцгоочихлоо. Туслах маягийн тойрон хүрээлэгч дүү нар нь төрийн албанд орцгоочихлоо. Одоо олон хүн үлдээгүй гэхэд болно. 
 
     Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнэ томилгооныхоо тунг тааруулж мэддэггүй бололтой юм. Барууны их сургуулийн дипломтой л бол бага балчир гэж чамлалгүй, намтар нимгэн гэж гололгүй дарга болгож дэвшүүлээд байдаг. Гэтэл эргээд тэд нь толгойг нь “цусдаж” мэдэх нь. 

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧААС ТӨРИЙН САЙД БОЛСОН Б.БОЛОР-ЭРДЭНЭ

      Л.Оюун-Эрдэнийн ил цагаан, ичиж зовохгүйгээр “зоригтой” хийж ирсэн нэг томилгоо нь Б.Болор-Эрдэнэ гэх бүсгүй. ЗГХЭГ-ын дарга байхдаа түүнийг зөвлөхөөрөө ажиллуулж байлаа. Дараа нь Цахим хөгжлийн үндэсний хорооны дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга болгож дэвшүүлсэн. Улмаар саяхан Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд болгож, санасандаа нэг мөр хүрсэн. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ Б.Болор-Эрдэнийг төслийн зохицуулагчаас төрийн сайд болоход ердөө хоёрхон жил л зарцуулсан нь энэ. 
       
     Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ хоёрын хэн хэн нь олон удаа оочер дайрсан хүнд олон нийт дургүй болно гэдгийг тооцоолоогүй бололтой билээ. Ядахад яриа, ярвагардуу хандлага нь олон нийтийг ихэд ундууцуулах юм. Жишээ нь, өнгөрсөн амралтын өдрүүдийн сошиалын од нь “Обуна” байлаа. Түүний “Төрийн дунд шатанд хуучин Орост сургууль төгссөн хөгшчүүл ажиллаж байгаа нь хүндрэлтэй байна. Биднийг ажлаа хийхэд тэдний хоцрогдсон хандлага саад болж байна” гэх агуулгатай жилийн өмнөх яриа нь сошиалд сая тарж, түмний бухимдлыг буцалгав. Төрийн албаны хууль журмыг зөрчин байж татаасаар дарга болчихоод “Хөгшчүүдтэй хамтарч ажиллахад хүндрэлтэй байна” гэж яриад суух нь хэтэрхий даварсан үг болохыг хадагтай “Обуна” ойлгохгүй л ярьсан бололтой юм. 
 
     Цар тахал цамнаж байхад “Цахим үндэстэн” гэх нүсэр шоу зохион байгуулж, нийслэлчүүдийг тэр чигт нь тахлын голомт болгохоо шахсан хүн бас л Б.Болор-Эрдэнэ байсан. Тухайн үед “Албан тушаалаас нь огцруул” гэж ард түмэн шаардаж байсан ч том артайн хэрэг юу билээ, тогтож үлдсэн. Дараахан нь “Бүх юмны дарга” гэх нэр хоч аваад, нэг хэсэг ярианы сэдэв болж байлаа. Харин одоо “Америк боловсрол Оросын боловсролтой харшлаад, ажиллахад хэцүү байна” гэж аархаж сууна. Дараагийн удаа юу гэж хэлж Л.Оюун-Эрдэнийн толгойг “цусдах”-ыг таах аргагүй юм. 

ЗӨВЛӨХӨӨС ЗАСАГ ДАРГА БОЛСОН НЬ Э.БОЛОРМАА

        Засгийн тэргүүн маань 30 настай зөвлөхөө Засаг даргаар илгээсэн “түүхэн” томилгооны гэрч болоод удаагүй байна, бид. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх, Ажлын албаны дарга явсан Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод байгаа. Гэхдээ их айхтар, “Зөвлөхөө Засаг дарга болголоо” гэж шүүмжлэх вий гэсэндээ “Анхны эмэгтэй Засаг дарга” гэж өргөмжлөөд, жендерээр нь тоглолт хийчихсэн. Эмэгтэйчүүд “Анх удаа эмэгтэй Засаг даргатай боллоо” гэж сошиалаар баахан магтаад, Засгийн тэргүүний томилгоо гэдгийг нь мартчихсан. Томилгоог тийм л нарийн ньюанстай хийдэг болсон юм билээ. 
Харамсалтай нь, Ховд аймгийн удирдахын хажуугаар “Эрдэнэбүрэн усан цахилгаан станц”-ын төслийг урагшлуулах улс төрийн даалгавартай очсон Э.Болормаагийн тухай сайнаасаа саар мэдээ нь илүү дуулдаж байгаа. Эхлээд, нэг ч бизнес хийж байгаагүй гэх мөртөө 2.1 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, гадаадын банканд 510 сая төгрөгийн хадгаламжтай гэх мэтээр анхааралд өртсөн. Засаг дарга болмогцоо Ховдынхонд өөрийгөө танилцуулахдаа “Нөхөр, хүүхэдгүй. Ганц бие” гэсэн нь ч хэд хоногийн ярианы сэдэв болсон. Сүүлийн үед Э.Болормааг дагаж Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан Ховд руу “нүүдэллэж” эхэлсэн шуум дуулдах болсон.
 
Жишээ нь, Э.Болормааг Засаг дарга болсны дараахан ЗГХЭГ-т шинжээчээр ажилладаг Б.Баялаг-Эрдэнэ гэх эмэгтэй Ховдод оччихсон, албан тушаалд томилогдохоо хүлээгээд сууж байгаа юм билээ. ЗГХЭГ-т шинжээчээр ажилладаг гэх мөртөө Ховдын ЗДТГ-т албан тушаал авах гээд оччихсон, тэгэхдээ тушаал нь ч гараагүй байхад өөрөө түрүүлээд оччихсон байна гэхээр Төрийн алба назгайрсны нэг тод жишээ юм даа. Тэр эмэгтэй өөрөө ч “Э.Болормаа надад хамт ажиллах ажлын санал тавьсан. Би таатай хүлээж авсан. Миний албан тушаалд томилогдох тушаал албажаад араас ирж байгаа. Бид төрд нэг жил ажилласан” гэж жишим ч үгүй тайлбар өгч харагдсан. Ноцтой нь, шинэ Засаг дарга Э.Болормаа ЗДТГ-ын дарга Д.Энхболдыг гэгчийг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Б.Баярсүх гэх залууг түр томилоод байгаа гэх. Эндээс харвал, Э.Болормаа Б.Баялаг-Эрдэнэ гэх эмэгтэйг ЗДТГ-ын даргаараа томилох гэж байгаа бололтой юм. Төрийн албанд нэг жил ажилласан хүнийг аймгийн ЗДТГ-ын дарга болговол төрийн албаны хуулийн утга учрыг алдагдуулна гэдгээ эрх биш мэдэж байгаа байлгүй. 

ХЭНТИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС ДЭД САЙД БОЛЦГООСОН НЬ М.ГАНХҮЛЭГ, М.БАТБАЯР

      10 гаруйхан настайгаасаа Л.Оюун-Эрдэнийг “дагасан” М.Ганхүлэг гэх залуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болсон. Түүх сөхвөл, Л.Оюун-Эрдэнэ М.Ганхүлэг хоёрын ах дүүгийн харилцаа аль 20 жилийн өмнөөс эхлэлтэй юм билээ. Л.Оюун-Эрдэнэ 2002 онд “Дэлхийн зөн Монгол”-ийн Хэнтий салбарын захирлаар ажиллаж байхдаа “Хүслэн-Хүүхдийн оролцооны зөвлөл” гэх сайн дурын бүлгэм маягийн байгууллага нээж ажиллуулжээ. Тэр зөвлөлийн анхны гишүүдийн нэг нь 10 гаруйхан настай М.Ганхүлэг байж. Сонирхолтой биш гэж үү.
 
     Тэр цагаас хойш М.Ганхүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ер холдоогүй. Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын дарга байх үед нь олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Ерөнхий сайд болсных нь дараа Ажлын албаных нь гишүүн, давхар зөвлөхөөр нь улирч ажиллаж байв. Тэр бүү хэл, М.Ганхүлэг Л.Оюун-Эрдэнийн ээж нэгтэй төрсөн дүү Б.Буяннэмэхтэй “Ашид пресс” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Мөн Л.Оюун-Эрдэнийн 2016 оноос хойш тэргүүнээр ажилласан Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гээд дурдаад байвал Л.Оюун-Эрдэнийн төрснөөс өөрцгүй дүү гэдгийг нь батлах олон холбоо бий. 
 
      Ашиг сонирхлын асар том зөрчил, ах дүүсийн асар гүнзгий холбоо нь ч дүүрч гэхэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг удирдалцах туршлага, мэдлэг түүнд бий юү гэдэг нь гол асуудал. Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн гэх боловч халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, хөдөө аж ахуйтай холбогдож явсан түүхгүй л юм билээ. 
       
      Л.Оюун-Эрдэнийг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн байх үед гүйцэтгэх захирал нь байсан М.Батбаяр Соёлын яамны дэд сайд болж тодорсон. Тэгээд болоогүй “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-иараа Хэнтийд хэрэгжиж буй барилга, бүтээн байгуулалтуудын зураг төслийг төсвийн мөнгөөр гүйцэтгэж, түрийвчээ түнтийлгэж суудаг. Тэгээд болоогүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатартай хамтран “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ыг байгуулж, хандиваар цугларсан хэдэн тэрбум төгрөгийг дансандаа байршуулсан нь илэрч, хэсэгтээ л хэл аманд өртөж байлаа. Цааш нь дурдвал, сайнаасаа саар түүх түүнд олон бий. 
 
       Энэ мэтээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөх, туслах, төрснөөс өөрцгүй дүү нар, тойрон хүрээлэгчдээ туршлага мэдлэг, төрийн албаны хууль журам үл хамааруулан төрийн сайд, Засаг дарга болгоод төрд төвхнүүлчихсэн. Гэтэл татаасаар төрд дарга болсон тэд нь төрийн албанд тэнцэхгүй болохоо захаасаа харуулцгааж байна. Товчхондоо, тун удахгүй түүний унах шалтгаан нь тэд болж мэдэх нь. 
 

ТӨРД ТӨВХНӨСӨН, ТӨРСНӨӨС ӨӨРЦГҮЙ ДҮҮ НАР НЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОЛГОЙГ НЬ “ЦУСТАХ” ВИЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-09 06:08:53
    Zochin : Yaduu Ganhulug yumuu haha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-09 06:08:24
    Zochin : Haanaasaa ch Ganhulugiig gargaad irsiin haha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-08 23:15:39
    Зочин: Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх хоер хоёулаа адилхан унах цаг нь болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-08 22:29:20
    Зочин: Хоосон толгойтой барууны тэжээврууд!!! Терийг цэцэрлэг, ясли болгодоо МАН!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-08 14:25:31
    Уур: Оюунэрдэнэ ёстой нялх Сэнгүм шиг тэнэгтэж эрх мэдэл мөнхийн юм шиг бодож Хэнтийд бүх татварын мөнгийг өөрийн юм шиг шилжүүлж, өөрийн мэдлийн хэдэн авгай нарыг хааны татвар эм шигээр бодож орд өргөө бэлэглэдэг шиг тэнэгтэж төрийн албан тушаал бэлэглэж өөр шигээ адил мэдлэггүй гадаад хэлтэй хооснуудаар дүүргэж улсыг зүгээр л дампууруулж байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-08 08:18:28
    Зочин: Сүүлийн үеийн бүх томилгоо Хэнтийн хүмүүс болж, тун ихдэхээрээ аюултай. Жор тунгаа тохируул, өөр аймгиын туршлагатай сайн улс зөндөө байна, нүдэнд нь өртдөггүй болтой. Сайныг санаж бичлээ, авахын ухаанаар хандана уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188