• Өнөөдөр 2024-05-06

Х.БАТТУЛГЫГ ХУУЛЬ Ч ХҮЧРЭХГҮЙ ГЭЖ ҮҮ

2022-10-16,   2615

          Х.Баттулгыг хорьж, хөлд нь дөнгө, гарт нь гав зүүх тухай яриад хэдэн жил болов оо. Алдарт “17 чингэлэг спирт”-ийн хэргээс нь хойш 25 жил өнгөрчихлөө. Арай хожмын “Төмөр зам”-ын хэргээс нь хойш мөн л 10 жил өнгөрчихөж. Хамгийн сүүлд, Хөгжлийн банкийг хуу тоносон “хэрэгтнүүд” дотор Х.Баттулгын “хөл, гар” нь хэд хэдээрээ явж л байсан, бас л хориогүй. Хууль ч хүчрэхээ больчихсон хүн үү. Эсвэл Ардын намд Х.Баттулгыг хорихгүй байх шалтгаан, үгүй бол хамгаалдаг хүн, бүлэг фракц байна уу. Ерөөс гайхаад байх юм. 
 
       Эргэн саная. Уг нь 2016 оны сонгуульд унаж, улс төрийн тайзнаас буух үед нь түүнийг баривчлах гэж нэг үзсэн. Баахан бөх “Баянгол зочид буудал”-ыг бүчиж зогсоод хамгаалж үлдсэн. Магад, гарт нь гав зүүх ганц боломж тэр үед л байж. “Албан тушаалгүй бол ачигдах юм байна” гэж хатуу ухаарсан Х.Баттулга Ерөнхийлөгч болохоор шулуудсан. Улмаар өөрөө “Монгол ялна” гэж уриа дэвшүүлж, өрсөлдөгчөө “Хятад” гэж хаяглаж “мад”-лаад Ерөнхийлөгч болж чадсан. Ерөнхийлөгч болж дөрвөн жил хуулийн хамгаалалтад тухлахдаа “Баянголын баривчилгаа”-ныхаа өшөөг бүтэн нугалж авсан. Төрийн тэргүүнээс буухад нь баривчлах нь уу гэтэл, Ерөнхий сайдын зөвлөх болоод бас л хамгаалалтад орчихсон.Гэхдээ Х.Баттулга хэн нэгний улс төрийн хамгаалалтад удаан байж чадахгүй учраас, одоо Ардчилсан намыг атгандаа оруулах замаар ирэх сонгуульд УИХ-д өөрийн армийг бүрдүүлж, хууль хяналтынхны хараанаас мултрахаар төлөвлөж байна гэж болно. 
 
     Бас нэг “юм”-ыг гайхах юм, өөрийнх нь гарт гав зүүж, ял асууж чаддаггүй юм гэхэд яагаад тойрон хүрээлэгчид, халаас нэгтэй хамсаатнуудыг нь ч “аччихаж” чаддаггүй юм бол, Ардын намынхан. Уг нь түүний тойрон хүрээлэгчид нартаас нарсанд орох “болзол”-оо бүрэн хангачихсан. Жишээ нь, 

ШАТ ШАТНЫ ШҮҮГЧДИЙГ АРХИДУУЛЖ, АВЛИГАДАХ ЗАМААР "БОХИР"-ЫГ НЬ ЦЭВЭРЛЭДЭГ Б.БААСАНЦОГТ 

      Х.Баттулгын хууль, шүүхтэй холбоотой хамаг бохир ажлыг “нугалдаг” Б.Баасанцогт гэгч эр эчнээ танил болоод удлаа. Өмгөөлөгч, ҮАБЗ-д ажиллаж байсан гэхээс өөр тоймтой танилцуулга, тодорхойлолтгүй. Гэсэн атлаа шат шатны шүүгч нарыг архидуулж, авлигадах замаар ажлаа амжуулдаг шалгарсан аргатай нэгэн. Өнгөрсөн хоёр жил түүний нэр бүхий 11 шүүгчийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт илэрсэн, хувийн компьютерт нь хэнд хэдэн жилийн ял оноох тухай схем хадгалаастай байсан нь илэрсэн, хатуу хөл хорионы үеэр шат шатны шүүгч нарыг архидуулж, орон байр, охид, эмэгтэйчүүдээр “үйлчилсэн” бичлэг нь илчлэгдсэн. Гэвч нийтэд ил болсон энэ ноцтой нотлох баримтуудын аль нь ч түүнийг төмөр торны цаана суулгаж чадаагүй. Түүнээс авлига авсан шүүгч нар арыг нь бат даасан ч биз. 
 
        Гэтэл өнгөрсөн хавар Тагнуулынхан Б.Баасанцогттой холбоотой бас нэгэн ноцтой хэргийг илрүүлж, нийгэм даяар дуулиан болсон. Тодруулбал, төрийн эсрэг тэрсэлж, нэр бүхий улстөрчийн аминд халдахаар бүлэглэлийн зохион байгуулалтад орж, буу сум цуглуулж байсан таван этгээдийг Тагнуулынхан илрүүлж, баривчилсан. Тэдний цуглуулсан буунууд дунд өнөөх Б.Баасанцогтын эзэмшлийн буу байж таарсан. Өдгөө эл хэрэг нь Тагнуулаас шүүхэд шилжээд буй. 

ЭМЭЭЛТИЙН ХЯТАДУУД ТӨРИЙН ТЭРГҮҮН АСАНЫ ТӨРСӨН ЭГЧИЙН КОМПАНИЙН НЭРИЙГ ХУУРАМЧААР АШИГЛАХ ХҮРТЛЭЭ “ТОМ ТОЛГОЙЛЖ” ЧАДАХ УУ 

        Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” компани нийслэлчүүдийг нэг хэсэг “махнаас гаргасан”. Учир нь, “Эм Ди Си Пи” ХХК-ийнхан бэлтгэсэн махаа зориулалтын хөргүүр, хөдлөөгчид бус хортой химийн бодистой байж болзошгүй улаан уусмалд хэд хоногоор хадгалдаг байсан нь бичлэгээр илчлэгдсэн. 
 
        Хамгийн ноцтой нь, өнөө хятадууд химийн бодистой уусмалд удаан байлгаж амт, үнэргүй болгосон махандаа “ХКҮ” ХХК-ийн хаяг шошго наагаад агуулахдаа хураасан байсан нь шалгалтын явцад илэрсэн. “ХКҮ” ХХК нь Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын эзэмшдэг “Мах импекс” ХХК-ийн охин компани. Эндээс, Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаяр нь хятадуудтай хуйвалдаж, химийн бодистой мах хүнсэнд нийлүүлж, хүнсний аюулгүй байдалд заналхийлэхийг санаархсан уу, эсвэл хятадууд “ХКҮ” ХХК-ийн хаяг, шошгыг хууль бусаар ашигласан уу гэдэг асуулт гарч ирсэн. Хариуд нь “ХКҮ” ХХК-ийнхан “Манай шошгыг ашигласан байна” гэх ёс төдий тайлбарыг цахим хуудсаараа хийсэн. 
   
       Эмээлтийн хятадуудыг даварсан гэдэг ч Төрийн тэргүүн асны хувь эзэмшдэг, төрсөн эгчийнх нь удирддаг компанийн хаяг, шошгыг химийн бодистой махандаа ашиглах хэмжээнд том толгойлно гэдэг эргэлзээтэй.  Ямартай ч төрийн тэргүүн асны төрсөн эгч нь хятадуудтай хамтарч, өмхийрч, муудсан махыг химийн бодисоор амт, үнэрийг нь дараад хүнсэнд нийлүүлж байсан уу гэдэг олон нийтийн эргэлзээ бүрэн тайлагдаагүй үлдсэн байдаг. 

Х.БАТТУЛГЫН ХАМГААЛАЛТ ҮГҮЙ БОЛМОГЦ ХУУЛЬ ХЯНАЛТЫН ХААЛГА ТАТАХ ХҮН НЬ “БУУРАЛ” ХОЧИТ А.ГАНСҮХ

        Х.Баттулгатай хувь, хувьсгалын намтраараа салшгүй холбоотой байж ирсэн нэг хүн байдаг нь “Буурал” хочит А.Гансүх. Тиймдээ ч Х.Баттулгаас дутахгүй хар түүхтэй, хамтдаа хутгалдсан хэрэг ч олонтой. Жишээ нь, 10 жилийн өмнө Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад А.Гансүх дэд сайд нь байлаа. Тэдний хамтарсан хамгийн том хэрэг нь “Төмөр замын” гэх хэрэг. Ямар сайндаа л А.Гансүх 2017 онд “Төмөр замын” гэх хэргээр төмөр торны цаана суухаа шахсан. Тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг “авлигадан” байж аврагдсан гэдэг. Энэ мэтээр албан тушаалын хамгаалалтгүй бол ачигдах гээд байсан тул Х.Баттулга А.Гансүхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга болгож дэргэдээ татсан байдаг. Ингэж дахин Х.Баттулгын хажууд байх хугацаандаа мөн л олон хоронд нь оролцсон гэдэг. Жишээ нь, А.Гансүх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хойд хөршөөс хар жийпээр 20 мянган ам.доллар оруулж ирсэн хэрэгт нэр холбогдож байлаа. 
 
           Ноцтой нь, А.Гансүх дээр дурдсан “Төмөр замын” гэх хэргээс мултрахдаа тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг “Суруга Монгол”-ын Япон захирлаас “булааж” авсан газраараа “авлигадсан” хэрэг нь одоо хууль хяналтынхны анхааралд орчихоод байгаа. Өнгөрсөн сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хар тамхины хуурамч хэргийн хохирогч болж нутаг буцсан “Суруга Монгол”-ын Япон захирлыг авчрахаар хууль хяналтынхан хөөцөлдөж байгаа” гэж мэдэгдсэн. Чухамдаа Х.Баттулгын хамгаалалт хэзээ үгүй болно тэр цагт А.Гансүх “ачигдах” нь тодорхой гэсэн үг. 

Х.БАТТУЛГЫН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ, ТЭДНЭЭС Г.БАЙГАЛМАА НЬ ХУУЛЬ ХЯНАЛТЫН ХААЛГА “САХИЖ” БУЙ

      Өнгөрсөн хавар Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэрс ил болоход Х.Баттулгын тойрон хүрээлэгчдээс хэд хэдэн хүн холбоотой нь илэрсэн. Жишээ нь, Х.Баттулгын тойрон хүрээлэгчдийн нэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан, МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмааг өнгөрөгч зургадугаар сараас Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид шалгаж эхэлсэн. Өнгөрсөн хавар Хөгжлийн банкны дуулианаар ил болсон “МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан” гэх хэргийг Г.Байгалмаа тэргүүтэй хүмүүс гардан зохион байгуулсан байж болзошгүй баримтууд хууль хяналтынхны гарт орсноор түүнийг шалгаж эхэлсэн. 
 
       Тодруулбал, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг “Пирамид-Орд” ХХК-ийг анх зээл авах үед Г.Байгалмаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар энэ албан тушаалаа урвуулан ашиглаж МоАХ-ны ХУД-ийн 10 хороонд байрлах газрыг “Пирамид-Орд” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авах зээлд зориулж 15 тэрбум төгрөгийн барьцаанд тавих бүх бичиг цаасны ажлыг зохицуулсан гэж хууль хяналтынхан үзсэн. Ингээд болоогүй, Хөгжлийн банкны зээлээ амжилттай бүтээсэн “Пирамид-Орд” ХХК нь авсан зээлээрээ ахмадуудад зориулсан газар дээр “Буман залуус” хотхоныг барьж, Г.Байгалмааг 27 ширхэг байраар “шагнасан” ноцтой баримт ч хуулийнхны гарт орсон гэх мэдээлэл бий. Товчхондоо, Г.Байгалмаа албан тушаалаа урвуулан ашигласан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд нартаас нарсан орох болзол нь бүрэн “хангагдчихсан” гэх. 
 
       Х.Баттулгынхан Хөгжлийн банкны хэрэгт орооцолдсон нь ингээд дуусахгүй. Хөгжлийн банканд 117.9 тэрбум төгрөгийн зээлтэй гэж зарлагдсан “Нью яармаг хаусинг прожект” гэх компани бас бий. Энэ компанийн захирал Ц.Ууганбаяр нь 19 настайгаасаа Х.Баттулгын туслах, зөвлөх хийж явсан, түүний гарын хүн байж таарсан байдаг. Улмаар “Ц.Ууганбаярыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж саатуулсан” гэх мэдээгээр гал намжсан байдаг. 

“САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД”-ЫГ Х.БАТТУЛГЫН ХУВИЙН “СААЛИЙН ҮНЭЭ” БОЛГОСНЫ ХАРИУД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛСОН Т.МӨНХБАЯР

         Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед түүний халаасыг “түнтийлгэх”-ийн төлөө хөлсөө дуслуулан “хөдөлмөрлөж”, хариуд нь Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хоржоонтой түүхтэй нэг хүн байдаг нь Т.Мөнхбаяр. 
     
             Эргэн саная. 2018 онд Х.Баттулга, Г.Занданшатар хоёр хамтарч, төр удирдаж байгаа хэргээ гаргаж, халаас, хэтэвчээ түнтийлгэх том төлөвлөгөө хэрэгжүүлж байв. Тодруулбал, Г.Занданшатар буу агссан цэрэг цагдаагийнхныг дагуулан Дундговь аймгийн Гурвансайхан суманд очиж, “Салхитын мөнгөний орд”-ын тусгай зөвшөөрлийг Хятадуудаас “булаасан”. Эл үйлдлээ “Харийнхны мэдэлд байсан асар том ордоо төрийн мэдэлд авлаа” гэж ихэд эерүүлж “шоудсан”. Улмаар “Салхитын мөнгөний орд”-ыг ухах, ашиглах эрхтэй төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийг байгуулсан. Хоржоонтой нь, тус компанийнхаа захирлаар Т.Мөнхбаярыг томилсон. Т.Мөнхбаяр нь “Империал гоулд майнинг” гэх хууль биелүүлдэггүй хар түүхтэй, хэд хэдэн осол гарсан муу нэртэй алтны компанийн захирал төдий л залуу л байлаа. Гэтэл Х.Баттулга түүнийг хувийн ашиг сонирхлоор, халаасыг нь дүүргэж байх “даалгавартай”-гаар ийнхүү “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирлаар өргөмжилсөн байдаг. 
 
       Ингээд “Эрдэнэс силвер” компани руу Х.Баттулга, Г.Занданшатар хоёр “гүйдэлтэй” болсон. Т.Мөнхбаяр ч төрийн хоёр өндөрлөгийн “даалгавар”-ыг сайн биелүүлж, анхны гулдмайнуудаа удаалгүй гар дээр нь тавьсан. Тэгмэгц Х.Баттулга “Салхитын мөнгөний орд”-оос олсон ашгаас ахмадуудын зээлийг тэглэх санаачилга гаргаж, Г.Занданшатар ангийнхнаа “командалж” УИХ-аар дэмжүүлсэн. Ахмадуудад нэг удаа зээлээ тэглүүлсэндээ баярлаж, тэдэнд харамгүй алга ташсан. Гэвч үнэн хэрэгтээ Х.Баттулга, Г.Занданшатар нар Т.Мөнхбаяраар дамжуулж, “Салхитын мөнгөний орд”-ын өрмийг өөрсдөө хүртээд, харин хусам төдийг нь хишиг болгож ахмадуудад тараасан гэдэг. Ингэж өөрийнх халаасыг нь түнтийлгэж өгснийг нь үнэлээд хувийн компаниараа хууль зөрчин алт ухаж, хэд хэдэн осол гаргаж байснаас өөр гавьяагүй Т.Мөнхбаярыг Х.Баттулга Хөдөлмөрийн баатар болгож өргөмжилсөн байдаг. 

“Х.БАТТУЛГЫН ХҮН” ГЭХ ХУСАВЧ АРИЛАХГҮЙ НЭРТЭЙ БОЛСОН Ө.ШИЖИР ЦААШИД ХЭРХЭХ БОЛ...

       Х.Баттулга хэзээ ч өөрөө “тайзан” дээр гардаггүй, өмнөөсөө өөр хүн яриулдаг муу зуршилтай. Ерөнхийлөгч болсон эхний жилүүдэд нь З.Энхболд Х.Баттулгын хэлэх гэсэн үгийг УИХ-д, улмаар нийтэд уламжилдаг байв. Өмнөөс нь байнга яриад байхаар “Х.Баттулга, З.Энхболд хоёрын хэн нь Ерөнхийлөгч вэ” гэх хошигнол ч гарч байлаа. З.Энхболд явсны дараа Х.Баттулга өөрийн зөвлөх Ө.Шижир гэх залууг Тамгын газрын даргаараа тавьсан. Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан гэхээс өөр тодорхойлолтгүй нимгэн намтартай залууг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болгосон нь “Нандин нууцаа атгуулсных” гэж бичицгээж байлаа. 
     
      Х.Баттулга өөрөө ил гардаггүй зангаараа Ардчилсан намын даргад өөрийгөө биш Ө.Шижирийг зүтгүүлж байгаа. Саяхан Ө.Шижирийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан. Харин Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаад Ө.Шижирийг бүртгэхээс татгалзсан. Өнгөрөгч долоо хоногт Шангри-лад болсон Ардчилсан намын хууччуулын “Эвлэрэлийн” гэх уулзалтад ч Ө.Шижир Х.Баттулгыг төлөөлж очсон харагдсан. Тарж очоод “Таны тухай тэгж ярьсан” гэж тайлагнасан биз. Хэрвээ Х.Баттулга хамгаалалтгүй болж, хууль хяналтынханд ачигдвал “Х.Баттулгын хүн” гэж хусавч арилахгүй нэртэй үлдэх Ө.Шижир цаашид хэрхэхийг нь таах аргагүй юм. 

Х.БАТТУЛГЫГ ХУУЛЬ Ч ХҮЧРЭХГҮЙ ГЭЖ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-08 17:33:04
    Далай далай: Тавантолгой төмөр замын ХК захирал худулмурийн баатар байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-07 08:42:57
    Zochin: Soliotoi zuil bichdeg zahialgiin troluud bol uls eh orniig zadlan uimuuleh gesen hariin gar hul bologch bhiig bid sanah heregtei! Tusgai albad ene chigleld ajildag blgui. Mongol uls ardchilsan turt yostoi bolood bid 6 dah erunkhiilugchuu songood bna. Yamarch ued bid ene ulsuudiig hundelj yavah heregtei shuu. Ev negdel bidnii hugjil devshil yum.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-07 08:37:30
    Zochin: Mongol hunee deedelsen , turiin noyon nuruu bolj yavsan erunkhiilugch hunee yamar yaltai zuil hiisen gej bar'j horih geed bdag bna aa. Turiin terguun bsan ulsuudad ard tumen hundetgeltei handaj irsen. Turt ulamjlal aa bid geej bolohgui. A gert aav ruugaa dairsan ued ter ail muhdug jamtai! Bid turiin terguundee mash hundetgeltei khandah yostoi yum. Mongoliin ard tumen songoson shuu dee...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 19:34:35
    Зочин: Дутуу байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 12:42:07
    Zochin: Bichsen hun uuruu SETGEL MEDRELIIN EMNELEGT Uzuulbel yasiin. Yu bichih geed Yu bicheed bga yaw GALZUU HUNII UDRIIN TEMDEGLEL Bna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 09:42:55
    Зочин: Пөөх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 09:15:22
    Zochin: Tumur zam ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188