Их тэнгэрийн аманд төрийн өндөрлөгүүд, харин хаяа залгаа Бага тэнгэрийн аманд нь УИХ-ын Ц.Анандбазар амьдардаг. Их тэнгэрийн амны “оршин суугчид” дөрвөн жил тутамд, зарим нь засаг огцормогц солигддог бол Ц.Анандбазар Бага тэнгэрийн амны байнгын оршин суугч буюу эзэн нь. Дархан цаазат Богдхан уулын аманд төрийн өндөрлөгүүд хүртэл “түр” амьдраад буцдаг байхад тэр л харин нэг амыг дангаараа эзэгнэж суудаг гэх үү дээ. Тэгэхдээ бүр хажуу Их тэнгэрийн аманд нь төрийн өндөрлөгүүд тухалж байхад өөрийн Бага тэнгэрийн амандаа “хүчингийн хэрэг” үйлддэг гэх, түүн шиг “бөх” зүрхтэн үгүй биз.
Төр энэ хавар хувьд шилжсэн өмчөө буцааж авах “аян” зарласан аятай л байна. “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн өмчид шилжээд өчнөөн жил болсон “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг буцааж авлаа. Шадар сайд С.Амарсайхан саяхнаас “Монголын ипотекийн корпораци”-ийг ярьж эхэлснээс үзвэл мөн л “хурааж” авахаар “тоочиглосон” бололтой юм. Учир нь “МИК” бол бас л “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийнх. Тэгвэл, төр нэгэнт хувьд шилжсэн өмчөө хурааж авах “аян” зарлачихсан юм бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас Бага тэнгэрийн амыг салгаж авбал яасан юм бэ. Дурдвал дундрашгүй их хар түүхтэй, Хөгжлийн банкны хэрэг, хүчингийн хэрэг, хувийн компаниа шатахуун “шахсан” хэрэг гээд хууль хяналтынхан шударга шалгадаг бол “шоронгийн хаалга”-тай тун ойр хүн байтал хариуцлага хүлээсэнгүй өдий хүрлээ. Тэгвэл ядаж аялал жуулчлалын бааз болгох нэрээр амины хаусууд барьж, асар их ашиг олсон “хэрэг”-ээр нь хариуцлага хүлээлгэж, Бага тэнгэрийг амыг буцааж авбал ямар вэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР БАГА ТЭНГЭРИЙН АМАНД 160 АЙЛЫН ХАУС БАРЬЖ, НЭГ БҮРИЙГ НЬ 4-5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАРСАН ГЭЖ ТООЦВОЛ 720 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛСОН ТООЦОО ГАРНА
“Сод Монгол групп”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд эзэн суугаад удаж буй. Тусгай хамгаалалтад байх ёстой ам яаж яваад түүний мэдэлд очсон нь эргэлзээтэй. Ц.Анандбазар өөрөө дуудлагах худалдаагаар авсан гэж тайлбарладаг боловч “Тэр амны цаана авлига, албан тушаалын ноцтой хэрэг бий” гэж учир мэдэх "хууччуул" харддаг юм билээ. Баттай гэвэл, тэр тусгай хамгаалалттай дархан цаазат газарт “Аялал жуулчлалын бааз” барих нэрээр амины хаусууд барьж, асар ашиг олсон нь бодит үнэн.
Өдгөө түүний ээж З.Бямбаагийн эзэмшдэг “Нью тур” ХХК нь Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд нийт 65 га талбайд “Бага тэнгэр” гэх цогцолбор хотхон барьж буй. Нийтдээ 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж Бага тэнгэрийн амыг дүүргэж байгаа. Зөвхөн нэг амины хаус нь л гэхэд 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 160 айлын хаус гэж тооцвол 720 тэрбум төгрөгөөр зарсан тооцоо гарна. Хэрвээ Ц.Анандбазар Бага тэнгэрийн амыг дуудлага худалдаагаар 120 сая төгрөгөөр авсан нь үнэн бол Бага тэнгэрийн амны газрыг авсан үнээ 6000 дахин нугалсан ашиг олжээ гэсэн үг. Мэдээж энэ бол зөвхөн амины хауснуудынх нь барьмжаа тооцоо буюу үүн дээр 172 айлын орон сууцных нь үнэ нэмэгдэнэ.

ТАЙЛБАР: УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН БАГА ТЭНГЭРИЙН АМАНД БАРЬСАН АМИНЫ ХАУСУУД...

ТАЙЛБАР: УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР "БАГА ТЭНГЭР" ЦОГЦОЛБОРТ...
Цаашлаад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аман дахь хаусуудаараа төрийн өндөр албан тушаалтнуудыг “авлигадаж”, ажлаа бүтээдэг гэх яриа ч бий. Тодруулбал, УИХ-ын гишүүний суудалд залрахын тулд 2012 оноос МАН-ынхныг “тойглож” ирсэн. Эцэст нь, энэ хүслийг нь УИХ-ын дарга Г.Занданшатар гүйцээж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх "энгэрийнх" нь халаасанд хийж өгсөн гэдэг. Улмаар УИХ-ын гишүүн болсон Ц.Анандбазар УИХ-ын дарга Г.Занданшатарт Бага тэнгэр дэх хауснаасаа нэгийг өгч, ачийг нь хариулсан гэх яриа бий. Ц.Анандбазар, Г.Занданшатар хоёрын хоршил хамаарлын тухайд илүү сонирхолтой нэг зүйл нь, УИХ-ын дарга Г.Занданшатарын ХОМ-тээ жил бүр алдалгүй тусгадаг “Монголиан силикон валлей” ХХК-ийн нөлөө бүхий нэг хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаа. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай “халаас”-аа нэгтгэсний нэг жишээ бол энэ. Түүнчлэн, 2012-2016 онд УИХ-ын даргын албыг хашиж, “зангаргатай спикер” гэгдэж явсан З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол газ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм билээ. Ингээд харвал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үе үеийн УИХ-ын дарга нартай “үй зайгүй” дотно бөгөөд дүү нарыг нь хувийн компанидаа хувьцаа эзэмшүүлэх замаар халаасаа нэгтгэж “барьцаалдаг” дүр зураг харагдаж байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВЧ, АВСАН ЗЭЭЛЭЭ "БАГА ТЭНГЭР" ЦОГЦОЛБОРТОО ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛЖ, МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ СЭЖҮҮРЭЭР ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод монгол групп” ХХК-иараа Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 24-нд 669.8 сая иенийн зээл авсан байдаг. Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр Хөгжлийн банкийг хуу тоносон төрийн түшээдийн дуулиан дэгдмэгц Ц.Анандбазар Хөгжлийн банкны зээлээ хааж, олны хэл амнаас чимээгүйхэн мултарсан. Хэдийгээр Ц.Анандбазар зээлээ хааж, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтаас “Сод Монгол групп” ХХК нь хасагдсан боловч зээлээ зориулалтын бусаар зарцуулсан эсэх хэргийг нь хууль хяналтын байгууллагаас эцэслэх ёстой.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас дээрх зээлийг “Тос, тосолгооны материалын үйлдвэр барих төсөл”-өөр авсан. Хамгийн ноцтой нь, Хөгжлийн банкныхан зээлийн хэрэгжилтийн явц дундын хяналт шалгалт хийгээд “Сод Монгол групп” ХХК нь авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Үйлдвэр нь баригдаж эхлээгүй, төсөл нь бүрэн хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна” гэж дүгнэж байжээ. Өөрөөр хэлбэл, “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ “Тос, тосолгооны материалын үйлдвэр” барихад бүрэн зарцуулаагүй, эсрэгээрээ зориулалтын бус зүйлд зарцуулсан байж болзошгүй байна" гэж дүгнэсэн байгаа юм. Үнэндээ хайгаад ч “Сод Монгол групп”-ийн гэх тодотголтой “Тос, тосолгооны материалын үйлдвэр” манай улсын хаана нь ч алга. Ингэхээр, хэрвээ Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ үйлдвэр бариагүй, зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдвол энэ нь “Мөнгө угаах” гэмт хэрэг болж хувирна.

ТАЙЛБАР: ХӨГЖЛИЙН БАНКНААС "СОД МОНГОЛ ГРУПП" ХХК-Д ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАЙЛАНГИЙН ХЭСГЭЭС...
Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас анх 17.4 тэрбум төгрөгийн зээл авахдаа 4.6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 11.6 тэрбум төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц буюу нийт 16.2 тэрбум төгрөгийн барьцаа тавьсан аж. Уг нь авах зээлийн дүнгээсээ ахиу мөнгө байрлуулж байж зээл олголт нь баталгаажих журамтай. Гэтэл Ц.Анандбазар авсан зээлийнхээ үнийн дүнгийн 86 хувьтай тэнцэх хэмжээний л барьцаа тавьсан байгаа юм. Тэгэхдээ бүр хэзээ ч дуусаж болох газрын тосны бүтээгдэхүүний нөөц гэх “баталгаагүй” барьцаа тавьжээ. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн албан тушаалаа ашиглаж, нэр төдий барьцаа тавьсан байж болзошгүй буюу “албан тушаалын гэмт хэрэг” үйлдсэн байж болзошгүй байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ үйлдвэр бариагүй юм бол тэр их мөнгө хаашаа орсон байх вэ. Судлаад үзвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” Хөгжлийн банкнаас зээл авснаас хэдхэн сарын дараа түүний ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийнхан “Бага тэнгэр” цогцолборыг төвийн дулаан, цэвэр усны шугамд холбох ажлийг эхэлж, 2018 оны аравдугаар сард дууссан байдаг. Хотын төвөөс 21 километр шугам сүлжээ татахад хэдэн тэрбумаар тоологдох зардал гарах нь ойлгомжтой. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулахдаа Бага тэнгэр цогцолбортоо зориулсан байж болзошгүй хардлага төрж байгаа юм. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ Бага тэнгэр цогцолбортоо зарцуулсан байж болзошгүй гэх сэжимээр хууль хяналтынхан шалгах л ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН НЭР ХОЛБОГДСОН “1000 ХОХИРОГЧТОЙ” ГЭХ ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНЫ ХЭНИЙХ НЬ “ШҮҮГЭЭНД” ГАЦСАН БЭ
Хэнтий аймгаас сонгогдож, хамгийн залуу УИХ-ын гишүүнээр “өргөмжлөгдөж” явсан Д.Гантулга хоёр удаагийн хүчингийн хэрэгт холбогдож, хоёр жилийн хорих ял сонссоноор хууль “төрдөг” Төрийн ордноос анхны хүчингийн хэрэгтэн “төрж” байв. Харин түүнийг “түүчээлж”, хоёр дахь хүчингийн хэрэгтнээр нэрлэгдсэн нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Д.Гантулгаас ялгаатай нь хүчингийн гэх хэргийнх нь хохирогчдын тоо хоёр биш бүр мянгаар яригдсан боловч тэр өдий хүртэл өргөст торны цаана суух бүү хэл төрийн түшээ гэгдсээр л явна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн гэх хүчингийн хэргүүдийн дуулиан одоогоос яг жилийн өмнө дэгдэж байв. Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нд олон нийтийн сүлжээнд цацсан. Улмаар гурав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн хохирогчийн өргөдлөө цагдаагийн байгууллагууд хүргүүлж, тэр даруйдаа хэвлэлийн хурал хийж байв. Энэ үеэрээ Б.Сүндэръяа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай 2019 онд танилцсан. Өдий хүртэл Ц.Анандбазар гишүүнд нандин нууцаараа барьцаалагдаж, үг хэлж чадахгүй явж ирлээ. Цаашид дарамт шахалттай амьдарч чадахгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм олон хүн холбогдоно гэж огт төсөөлөөгүй байсан” гэж мэдэгдэж, тухайн үедээ дуулиан тарьж байлаа. Улмаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг “Өргөө” кинотеатр болон “Бага тэнгэр” цогцолборт үйлчлэгч, зөөгчөөр ажиллаж байсан охид, бүсгүйчүүд түүний хүчирхийлэлд нэг биш удаа өртөж, айдас, дарамт дунд амьдарч ирснээ дэлгэж, “Бага тэнгэр” цогцолборт оройн ээлжинд ажиллаж байхдаа хүчиндүүлсэн гэх эмэгтэйн нэвтрүүлэгт хүртэл цацагдаж байлаа. Ингээд хүчирхийллийн хэргийнх хохирогчдын тоо болон үзэн ядагчдынх нь тоо хамт нэмэгдсээр “Ме too” хөдөлгөөн болон өргөжиж байв. Мөн дараахан нь 20 гаруй жилийн өмнө Ц.Анандбазарын гэрийн үйлчлэгч хийж байсан гэх эмэгтэй мөн л Ц.Анандбазарт хүчирхийлүүлж байсан тухайгаа дэлгэж, хэвлэлүүдэд ярилцлага өгч байсан.

ТАЙЛБАР: ИРГЭН Б.СҮНДЭРЪЯА УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ШАЛГУУЛАХААР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ БУЙ НЬ...
Харамсалтай нь, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон дээрх хүчингийн хэргүүдийн дуулиан удаан үргэлжлээгүй буюу хаврын сенсац төдий болоод удалгүй “мартагдсан”. УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарын асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэх тухай “лоозондож”, МАН-ын удирдлагууд Ц.Анандбазарыг намаасаа түр түдгэлзүүлж байгаагаа ёс төдий зарлаж, Цагдаагийн байгууллагаас Ц.Анандбазарт холбогдох хүчирхийллийн хэргүүдийг нь шалгаж, яллагдагчаар татах саналтайгаар НПГ-т хүргүүлж, прокуророос яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэх мэдээлэл гарснаас хойш энэ хэрэг нам гүм болсон байдаг. Сүүлдээ Ц.Анандбазарын үйлдсэн гэх хүчингийн хэрэгт нь хууль хяналтынханд нотлогдохоо болиод, хэрэгсэхгүй болж байгаа гэх сураг гарах болсон. Хүчингийн хэргийн хохирогчид нь нэгдэж, Ц.Анандбазарын үйлдлийг өдөр, сар, цаг, минуттай нь “илчлээд” байхад ч Ц.Анандбазар УИХ-ын гишүүний суудалдаа суусаар байгаа нь гайхмаар.
ӨНГӨРӨГЧ ГУРАВДУГААР САРД “МИАТ” ТӨХК-ИАС УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН “СОД МОНГОЛ ГРУПП” ХХК РУУ 4.0 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон өөр нэг хэрэг бол "авлигын хэрэг". Тэрбээр “Мэргэн ван” ХХК-иараа дамжуулан Хөшигийн хөндийн Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг концессийн шууд гэрээгээр өөрийн болгосон нь илчлэгдэж байсан удаатай. Тодруулбал,2017 оны есдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яам болон ОХУ-ын “Роснефть” компани Хөшигийн хөндийн Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангах хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байв. Дараа онд нь буюу 2018 оны долдугаар сард Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг нэг аж ахуйн нэгжид шууд концессоор эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарч, улмаар Ц.Анандбазарын “Мэргэн ван” ХХК эзэмшихээр болсон. Гэтэл энэ үйл явц өрнөснөөс 14 хоногийн дараа тухайн үед “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар томилогдоод байсан Н.Энхбаатарыг Ц.Анандбазараас 500 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд Ц.Анандбазараас 500 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан нь Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн баазын шууд концесстой холбоотой гэж харж байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэж төрийн ордонд мэдээлэл хийж байв. Тухайн үедээ Ц.Анандбазарыг хил давж зугтаж байсан гэх мэдээллүүд ч байдаг. Ингэж энэ хэрэг олон нийтэд илчлэгдсэн учраас 2020 оны гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн баазын шууд концессийн гэрээг цуцлах тогтоол гаргаж, Ц.Анандбазарын төлөвлөгөө нурсан түүхтэй.
Гэхдээ Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг алдсан нь Ц.Анандбазарт төдийлөн хохиролтой биш буюу нэг боломжоо л алдсан төдий. Бусдаар бол Ц.Анандбазар өдгөө “Сод Монгол групп” ХХК, “Мэргэн ван” ХХК, “Интерстандарт нефть” ХХК гэх хувийнхаа гурван компаниар “МИАТ” ТӨХК-д монополь эрхтэйгээр онгоцны шатахуун нийлүүлж буй. Жишээ нь, өнгөрөгч гуравдугаар сард л гэхэд “МИАТ” ТӨХК-иас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК руу онгоцны шатахууны төлбөр гэх утгаар дөрвөн удаагийн гүйлгээгээр 4.0 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Төрийн өмчийн компаниас сард л 4.0 тэрбум төгрөг аваад сууж байдаг УИХ-ын гишүүн түүнээс өөр үгүй биз.

ТАЙЛБАР: "МИАТ" ТӨХК-ИАС "СОД МОНГОЛ ГРУПП" ХХК РУУ 4.0 ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН ЖИШЭЭ...
Энэ мэтээр, түүний нэр холбогдсон хэргүүдийг тоочвол цаг ч, цаас ч их орно. Тиймээс төрд төмөр нүүр гэж байдаг бол түүнтэй харз нүүрэлдэх цаг нь болсон юм биш үү. Хэдий хүртэл хүчингийн хэрэгт нэр холбогдсон хүнийг хууль санаагчлагчийн дүрээр саарал ордонд суудал “бөглүүлэх” гэсэн юм бэ.
БАГА ТЭНГЭРИЙН АМЫГ БИТҮҮМЖИЛЬЕ |
|