• Өнөөдөр 2024-05-03

Э.ЭНХБОЛД: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дөрвөн хүн нас барж, найман хүн гэмтсэн

2020-12-29,   521

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт арванхоёрдугаар сарын 23-ны  06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх тухай захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатарт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид  өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлалт тогтоох чиг үүргийн дагуу удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоон ажиллахад нөхцөл байдал ямар байна вэ?

-Тээврийн цагдаагийн алба нийслэлийн доторх болон  хотоос орох, гарах шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Алба хаагчид өглөө, өдөр, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн туршид гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт хийн ажиллаж байна.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн сүүлийн долоо хоногийн хугацаанд хязгаарлалтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим буурч, авто замын ачаалал 70 гаруй хувиар буурсан. Хөдөлгөөнд зөвхөн үйл ажиллагааг нь нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад  зөвшөөрсөн 15 салбарын ажилтан, албан хаагчдын QR тусгай зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгсэл оролцож байгаа. Үүнтэй холбоотойгоор тус албанд ирэх зам, тээврийн ослын дуудлага мэдээлэл өнгөрсөн 2019 оны мөн үеийн долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад  61.5  хувиар, зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага 74.2 хувиар тус тус багассан байна.

-Энэ хугацаанд нийтлэг ямар зөрчил гарч байна вэ. Иргэдэд  ямар сэрэмжлүүлэг хүргэх вэ?

-Бүх нийтийн бэлэн байдлын үед олонх иргэн маш хариуцлагатайгаар хорио цээрийн дэглэмийг сахиж байна. Энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоон ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд дэм болж байна. Иргэд ийнхүү ухамсартай байгааг хараад манай алба хаагчид урам авч, гадаа цаг агаар хүйтэн, нөхцөл байдал хүнд ч иргэдийнхээ төлөө илүү хичээн ажиллахад түлхэц болж байгаа юм.

Гэтэл зарим иргэн өөрийн хувийн  эрх ашиг, хүслээ тэргүүнд  тавьж хорио цээрийн дэглэм, журмаа сахилгүй тээврийн хэрэгслээр шилжилт хөдөлгөөн хийх зэргээр өөрийгөө болон бусад иргэнийг эрсдэлд оруулж болзошгүй үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Тухайлбал, өмнөх хязгаарлалтаар олгож байсан хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байгааг газар дээр нь илрүүлэн шалгаж байна.

Ингэж хорио цээрийн дэглэм зөрчин ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийн асуудлаар зарим иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байна. Иргэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өөрт нь ажил үйлчилгээтэй нь холбогдуулан олгогдсон тусгай зөвшөөрлөө ашиглан автомашинаараа дэмий сэлгүүцэн өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэн зорчигч тээвэрлэх зэрэг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах зөрчил дутагдал гаргаж байгааг илрүүлэн  ажиллаж байна.

-Орон нутагт болон нийслэлд зорчиж байгаа иргэддээ хандаж ямар анхааруулгыг Тээврийн цагдаагийн албанаас хүргэх вэ?

-Өнгөрч буй долоо хоногийн хугацаанд ноцтой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, энэ сарын 24-ний Дундговь аймагт мотоцикл  барьж явсан 46 настай иргэн амиа алдсан. Мөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймагт суудлын автомашин онхолдож 20 настай залуу нас барсан, мөн тухайн өдөр Төв аймагт мотоцикл онхолдож жолоодож явсан 65 настай иргэн амиа алдсан тохиолдол бүртгэгдэн, шалгагдаж байна. Харин нийслэлд энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошууны замд суудлын автомашин гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөж, жолоодож явсан 41 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд ноцтой зам тээврийн осол гарч байгаа үндсэн шалтгаан болох согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдаа зөв тохируулан халтиргаатай замаар анхаарал болгоомжтой, бага хурдаар зорчих, жолооч гэлтгүй зорчигч нар ч гэсэн хамгаалах бүсийг тогтмол зүүх, шөнийн цагаар автомашиныхаа гаднах гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн эсэхийг тогтмол шалгаж, бүрэн асааж байх, улирал цаг агаарын нөхцөлд тохирсон өвлийн тэмдэглэгээ, хээтэй дугуй ашиглах зэрэгт онцгой анхаарч хөдөлгөөнд оролцоорой гэж  иргэддээ   зөвлөж байна. 

-Хүйтний эрч хүч чангарч байна. Хатуу хөл хорионы хугацаанд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-ний хугацаанд мөрдөгдсөн Бүх нийтийн бэлэн байдлын нөхцөл байдлыг өмнөх 2019 оны тухайн өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 2894 бүртгэгдэж, өмнөх үеэс 64 хувиар, зам тээврийн гэмт хэрэг 73 гарч өмнөх үеэс 68 хувиар, хүний амь нас хохирсон тохиолдол 15 бүртгэгдэж өмнөх үеэс 60 хувиар, гэмтсэн хүн 71 бүртгэгдэж өмнөх үеэс 73 хувиар тус тус буурч байсан.

Харин хоёр дахь удаагийн Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 485 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, 14 гэмт хэргийн улмаас дөрвөн хүний амь хохирч, найман хүн гэмтэж, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 151 зөрчлийг илрүүлж ажилласан. Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч алба хаагчид маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, цар тахлаас сэргийлэх хорио, цээрийн дэглэмийг мөрдүүлэх өндөр их хариуцлага хүлээж ажиллаж байна. Төрийнхөө сүлдэнд тангараг өргөсөн учраас бидэнд халшрах, няцах эрх байхгүй. Тиймээс бид та бүхнийхээ төлөө хүйтнийг үл ажран үүргээ нэр төртэй биелүүлэх болно. Харин иргэд та бүхэн минь хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, орон гэртээ байхад анхаараарай.

Айлчлан ирж буй шинэ ондоо айл өрх бүр аз жаргал, эрүүл энх байж, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, аюул эрсдэлгүй байх болтугай. 
 


Э.ЭНХБОЛД: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дөрвөн хүн нас барж, найман хүн гэмтсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188