• Өнөөдөр 2024-05-03

Г.ДАВААБААТАР: Сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаална

2021-09-21,   840

-САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 25-НААС ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ-

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон сайжруулсан шахмал түлшний талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Даваабаатараас тодрууллаа.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц хэр байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

          -“Таван толгой түлш” ХХК 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн байдлаар компанийн баруун үйлдвэрт 12 шугам ажиллахаас найман шугам тогтмол ажиллаж байгаа бөгөөд өдөрт 1600-1800 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Мөн өнөөдрөөс эхлэн хоёр шугам нэмэгдэн ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэл тодорхой хэмжээнд өснө. Харин үйлдвэрт ямарваа нэгэн доголдол гарсан тохиолдолд нэмж, ажиллуулах хоёр шугам нөөцөнд бий.

-2021-2022 оны өвөлжилтөд шаардлагатай шахмал түлшний нөөц хэр байгаа вэ. Мөн энэ жилийн нөөц өмнөх оныхоос өөрчлөгдсөн үү?

          -Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 60 мянган тонн бий аравдугаар сарын 1 гэхэд 80-90 мянган тонн болгох зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотын өдрийн хэрэглээ нь 3000 тонн түлшийг хэрэглэдэг гэж үзвэл бид нэг сарын нөөцийг бүрдүүлж, 90 мянган тонн  түлш бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад одоогоор нөөц бага байна. Үүний шалтгаан нь өнгөрсөн дөрөвдүгээр сард  “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүс рүү нүүлгэнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн үйл ажиллагаа эрт зогсож, урсгал засвар хийгээгүй байсан юм. Хавар эрт засвар хийх ёстой байсан боловч өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас цар тахалтай холбогдуулан нүүлгэлтийн ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан шийдвэр гаргасан. Тэгээд долдугаар сарын сүүлчээс засварын ажлыг хийж эхлэн, наймдугаар сарын эхээр шахмал түлш бэлтгэж, нөөцөлж эхэлсэн.

-Долоо хоног тутамд нэг айлд сайжруулсан шахмал түлшний зургаан шуудайг авах эрх байдаг. Тэгвэл энэ жилд долоо хоногт нэг айлд ногдсон шуудайн хэмжээ өөрчлөгдсөн үү. Мөн шуудай сайжруулсан түлшний үнэ ямар байх вэ?

          -Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл шахмал түлшний үнийг 50 хувь бууруулж олгохоор болсон. Нэг айлд зургаан шуудайг олгох нь өөрчлөгдөхгүй. Айлуудад сайжруулсан шахмал түлш худалдан авах карт олон байдаг. Үүнд “Нэг өрх-Нэг карт” гэсэн зарчим баримталж, цэгцэлж, шийдвэрлэх үүрэг өгсөн. Тухайн айлын өрхийн тэргүүний аль эсвэл, өрхийн гишүүний иргэний үнэмлэхний бар кодоор бүртгэлжүүлээд явж байгаа . Хэрэв түлшний картаа баталгаажуулаагүй өрх байгаа бол түлш худалдаалж эхлэх үед түлш авахгүй байх хүндрэл үүснэ. Тийм учраас түлшний картаа баталгаажуулаагүй өрхүүд “Таван толгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 70119400 дугаарын утсанд хандаж, харьяа дүүргийнхээ хэрэглэгч, үйлчлэгчдэд хандах төвийн утасны дугаар,  байршлыг лавлаж тухайн газарт очиж, картаа баталгаажуулна.

-Гэр болон байшинд амьдардаг өрхийн хоногт хэрэглэх түлшний хэмжээ өөр. Зарим айлд долоо хоногийн зургаан шуудай шахмал түлш хүрэлцээтэй байх бол заримд нь хүрэлцээгүй байдаг. Хэрэв энэ төрлийн асуудал тулгарвал тухай айл хэрхэн шийдвэрлүүлэх боломжтой вэ?

          -Ерөнхийдөө нам даралтын зуух хэрэглэдэг мөн том метр квадраттай айл өрхүүд байх юм бол тухайн зуухныхаа хүчин чадлаас хамаараад тоог нь нэмүүлэх боломжтой. 12-100 кв хүчин чадалтай зууханд нэмэгдүүлэхгүй харин үүнээс дээш байвал нийслэлийн холбогдох алба хэлтсээс зөвшөөрөл авч нэмүүлж болно.

-Сайжруулсан түлш борлуулах нэг цэгээр долоо хоногт хэдэн өрх үйлчлүүлэх вэ. Энэ жил шахмал түлш борлуулах цэгүүдийн тоо нэмэгдсэн үү. Хэзээнээс борлуулж эхлэх вэ?

          -Өнгөрсөн жил 480 орчим борлуулалтын  цэг ажилласан. Гэвч иргэдийн зүгээс “Хүрэлцээ муу байна” гэсэн гомдол, санал ирсэн учир энэ жил шахмал түлш борлуулах цэг ажиллуулах иргэдийн хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авч, 933 хүсэлтийг иргэдээс хүлээн авсан. Үүнээс тодорхой шаардлагыг хангасан боломжит 600 цэгийг шалгаруулсан байгаа. Эдгээр хүнтэй гэрээ байгуулж дууссаны дараа есдүгээр сарын 25-наас эхний цэгүүдээр борлуулалт эхэлж, аравдугаар сарын 1-эн гэхэд жигдрэнэ.  Өнгөрсөн оны статистик мэдээллээр нийслэлд 180 мянга гаруй айл өрх гэр хороололд оршин суудаг гэсэн мэдээлэл бий. Тиймээс 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллана.

 

М.ЖАВХЛАН


Г.ДАВААБААТАР: Сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188