Г.Тэмүүлэнг Австралид ахлах сургууль, Америкт их сургууль төгсөөд Монголд ирэхэд аав нь Үйлдвэр, худалдааны сайд байлаа. Буцаж Америк яваад магистр хамгаалаад ирэхэд аав нь Сангийн дэд сайд болчихсон байв. Ингээд 28 настайдаа төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар томилогдох үед аав нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн “эзэн”-ий хүүхэд гэдэг “тодотгол”-оороо тэр төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар таван жил ажилласан. Улмаар тэр 33 насандаа Уул уурхайн дэд сайдын сэнтийд заларч, 35 насандаа УИХ-ын гишүүн болсон. Түүнээс хойш Төрийн ордонд ес дэх жилдээ тухалж буй. Төр түшилцсэн түшээд дунд түүн шиг дардан намтартай хүн үгүй. Өдгөө УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав нь хурдан адууны “цуглуулга”-тай, ээж нь 10 давхар, эхнэр нь 12 давхар барилгатай. Нагац ах нь хотын хажууханд бөхчүүд, бас томчууд л голдуу зорьж очдог амралтын баазтай, харин авга ах нь хилийн цаана олон оффшор компанитайгаараа алдартай билээ.
ААВ Ч.ГАНЗОРИГ НЬ 160 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРГЭЭР ШҮҮГДЭЭД, 14 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ЯЛТАЙ МУЛТАРСАН
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав Ч.Ганзориг 2000-2004 онд буюу Н.Энхбаярын Засгийн газарт Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан. Дараа нь 2004-2007 онд буюу Ц.Элбэгдорж, М.Энхболдын Засгийн газарт Сангийн дэд сайдаар ажиллаж байсан. Ингээд 2007 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр С.Баяр Ерөнхий сайдаар томилогдож, 20 гаруйхан хоногийн дараа буюу 2007 оны арванхоёрдугаар сарын дундуур Ч.Ганзоригийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар томилж байлаа. Ингээд 2013 оны хоёрдугаар сар хүртэл таван жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар ажилласан байдаг. Гол нь, Ч.Ганзориг Ерөнхий сайд С.Баярын томилгоогоор 2007 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал болмогц С.Баярын байрны хуурай дүү “Жаст”-ын Ш.Батхүү нь Ч.Ганзоригтой гэрээ байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг зөөж эхэлсэн. Ингээд болоогүй, Ч.Ганзоригийг 2007-2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаанд “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьж, нийт 110 сая ам.долларын зээл авсан, тэр нь хүү алдангитайгаа 160 сая ам.доллар болж нэхэгдсэнээр олон нийтэд ил болж байсан түүхтэй. Одоогийн ханшаар бол 560 гаруй тэрбум төгрөгөөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьсан байсан гэсэн үг. Улмаар Ч.Ганзориг, Ш.Батхүү нарын 160 сая ам.долларын хэрэг 2013-2023 он хүртэл бүтэн 10 жил хууль хяналтын байгууллагад шалгагдсан. Эцэст нь, 2023 онд сахарын хүнд өвчтэй “Жаст”-ын Ш.Батхүү бүх хэргийг ганцаараа “үүрээд”, “Ч.Ганзоригийн гарын үсгийг би хуурамчаар зурсан” гэж гүрийсээр есөн жилийн хорих ял авч ачигдсан. Харин Ч.Ганзориг ердөө 14 сая төгрөгийн торгуулийн ял авч, бүхэл бүтэн 160 сая ам.долларын хэргээс мултарч байлаа.
2016 онд Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүн болсон. Ингээд ердөө жилийн дараа буюу 2017 оны есдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа нь “Спа цогцолбор” ХХК-аараа ЖДҮХС-гаас “Цэвэр усны үйлдвэр”-ийн төсөл гэх нэрээр 700 сая төгрөгийн зээл авч байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн “Спа цогцолбор” ХХК нь Баянгол дүүргийн VII хороо, олны хэлж дадсанаар 3, 4-р хорооллын эцэст байрлах 10 давхар барилга бүхий “Говь цогцолбор”-ыг эзэмшдэг. Энэ барилгад нь саун, ресторан, усан бассейн гээд цөм бий. Сонирхуулахад, Д.Дэнсмаагийн “Говь цогцолбор”-ын гишүүнчлэлийн алт, мөнгөн карт нь 1.9 саяас 2.6 сая төгрөгийн үнэтэй байдаг.

Г.Тэмүүлэнгийн эхнэр С.Энхзул нь төрсөн эгч С.Өлзийхутагтайгаа “Ханбүргэдэй” ХХК, “ТТЕМ” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. Төрсөн эгч С.Өлзийхутагийнх нь нөхөр Ч.Цогбаяр нь 2017 оноос хойш ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байгаа, хурандаа цолтой. Чухамдаа энэ гэр бүлийн баз хүргэчүүл нь төрд ажиллаж, эхнэрүүд нь бизнесээ удирддаг. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн эхнэр С.Энхзулын эзэмшдэг “Ханбүргэдэй” ХХК нь Баянгол дүүргийн IV хороо, Төмөр замд “Хан бүргэдэй” хэмээх 12 давхар их дэлгүүртэй. 300 гаруй брэндийн хувцас, гутал, цүнх, сүрчиг, нарны шил, гоо сайхны бараа зардаг, зөвхөн VIP үйлчлүүлэгчдэд зориулсан тасгууд хүртэл тус дэлгүүрт бий. Түүнчлэн “Хан бүргэдэй” их дэлгүүрийн нэг салбар нь Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн 14 давхар “Голден будда” барилга дотор бий. Мөн “Хан бүргэдэй” ХХК нь “Хан бүргэдэй” гэх салбар супермаркетууд ажиллуулдаг. Тус супермаркетийн салбарууд нь Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, XIII хороолол, Яармагт бий.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн төрсөн дүү буюу нагац ах нь Д.Баатар гэж хүн бий. Г.Тэмүүлэнгийн төрсөн дүү Г.Энх-Үүлэн нь нагац ах Д.Баатартайгаа “Түмэн занги” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Түмэн занги” ХХК нь “Говь Юү Юү” ХХК-ийг эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаа ажилладаг. Мөн “Түмэн занги” ХХК нь Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн эзэмшлийн 10 давхар “Говь цогцолбор” барилгын 3297м2 газрыг эзэмшдэг. Өнгөрөгч 2024 оны сонгуулиар Г.Тэмүүлэн хандиваар 774 сая төгрөгийн санхүүжилт босгосон. Гол хандивлагчдынх нь нэг нь нагац ах, төрсөн дүү хоёрынх нь “Түмэн занги” ХХК байсан. Энэ мэтээр Г.Тэмүүлэнгийн гэр бүл нагац ах Д.Баатартайгаа халаас хэтэвчээрээ салшгүй холбоотой явж ирсэн. Тэгвэл нагац ах Д.Баатар нь Г.Тэмүүлэнг УИХ-ын гишүүн болсноос жилийн дараа буюу 2017 оны есдүгээр сард “Төв түшээ” ХХК-аараа 1.0 тэрбум төгрөгийн зээл авч байлаа. Өдгөө Д.Баатарын “Төв түшээ” ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт “Говь ресорт” спорт, амралтын цогцолборыг ажиллуулдаг . “Говь ресорт” спорт цогцолбор нь сүүлийн үеийн тоноглол бүхий спорт заалтай, тансаг зэрэглэлийн ресторан, газрын теннис болон хөлбөмбөгийн талбайтай, бялдаржуулах төвтэй, амралтын хаус болон гэрүүдтэй. Хамгийн гол нь, “Говь ресорт” цогцолборт олимпод оролцох чөлөөт болон жүдо бөхийн тамирчид бэлтгэлээ хангадаг. Харин зундаа Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд тус цогцолборт бэлтгэлд гардаг.
2016 онд оффшорын “од”-уудын нэрс ил болсон. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Ерөнхий сайд асан С.Баярын охин Б.Бадамханд, Хотын дарга асан Э.Бат-Үүлийн төрсөн дүү Б.Чулуудай, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзоригийн нагац ах Ч.Батзориг гэх мэтээр. Ингэхдээ энэ жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзоригийн нагац ах Ч.Батзориг тэргүүлж, хамгийн олон оффшор компанитай “эрхэм”-ээр тодорч байв. Тухайлбал, Чимэддоржийн Батзориг гэгчийн нэр дээр оффшор бүсэд бүртгэлтэй “Poler White Enterprise” “Wuxian Technology” “Lixian Development” “Moon Land Investments” “Power Station Management” “Diamond Mine International” “Tomas Technology” гэсэн долоон компани гарч ирсэн. Илүү ноцтой нь, энэхүү долоон оффшор компанийг байгуулсан хугацаа нь 2008 оны долдугаар сараас 2012 оны хоёрдугаар сарын хооронд буюу Ч.Ганзоригийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал байсан хугацаатай яг мөргөдөг. Ийм ил цагаан асуудал өнөө ч хууль шүүхээр шалгагдахгүй явсаар буй.

| “АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН |
|
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |