• Өнөөдөр 2024-05-01

17

                         Яагаад ч юм, авлига, албан тушаалын дуулиант гэмт хэрэгтнүүд 17 гэх тоотой холбогдох юм. Нүүрсний 17, авлигын 17 тэрбум, оффшорын бүсийн 17 тэрбум ам.доллар, 17 тэрбумын тендер гэхчлэн үргэлжилнэ. Зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргүүд ч бус, 17 уулчны харамсалтай осол, 17 чингэлэг спиртийн нууцлаг хэрэг гэх мэт уй гашууд автуулсан, улс даяар шуугиан тарьсан үйл явдлууд ч энэ тоогоор эхэлж, бас төгсжээ. Хамгийн сүүлд, “нүүрсний хулгай”-н хэрэг нийгмийн дуулиан, шуугиан болоход АТГ-аас 17 нэр нийтэд зарласан. Гэтэл энэ нэрс дотор нэр нь багтаагүй Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёр өнөөх  17-гоосоо түрүүлээд албан тушаалаа өгч, ачигдах дээрээ тулаад байгаа. Өөрөөр бол, АТГ анхнаасаа Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёрыг багтаагаад 19 нэр зарлаж болох л байж. Гэтэл тэгээгүй, 17 гээд зарлачихсан нь бас л хачирхалтай. 17 гэх тоог зарим улсад “сайны ерөөл” буюу баатарлаг үйл хэргийн бэлгэдэл гэж шүтдэг байхад заримд нь “муугийн хараал” буюу ад зэтгэрийн тоо гэж цааргалдаг ажээ. Харин манайд энэ тооноос тайлал хайж, элдэв утгаар бэлгэддэггүй боловч дээр дурдсанчлан яагаад ч юм нийгмийг донсолгосон дуулиант хэргүүд, улстөрчдийн луйвар булхай 17 гэх тоотой холбогдоод байдаг аж.
 
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 17 АЛБАН ТУШААЛТАН
 
                   2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 албан тушаалтны нэрийг нийтэд зарласан. Саарал ордны өмнө болон сошиал орчинд “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх жагсаал өдөр алгасахгүй өрнөж, жагсагчид Л.Оюун-Эрдэнэ рүү хоолны сэрээ, хамрын цацлага шидтэлээ уурсаж, Төрийн ордны хашааг нурааж, төв хаалгыг нь эвдэх зэргээр эмх замбараагүй байдал үүсэж эхэлсэн тул эхний ээлжид 17 хүний нэрийг нийтэд зарласан нь энэ байв. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-очир, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга, “Эрхэт Монгол групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын нэрийг зарласан байдаг. 
 
         Гэхдээ өдгөө дөрвөн сарын хугацаа өнгөрөхөд АТГ-аас нэрийг нь зарласан нүүрсний 17 хүнээс ачигдаад явсан нь үгүй, албан тушаалдаа тухалсаар, алба, амины ажлаа хэвийн хийцгээж буй. Яах вэ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг хоёр цагдан хоригдож байгаа. Харин нэр дурдсан УИХ-ын долоон гишүүнээс ердөө хоёрынх нь буюу Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д оруулж ирсэн. Хоржоонтой нь, УИХ-д олонх МАН-ынхан Н.Наранбаатарыг хамгаалж үлдэж, цөөнх АН-ынхан Д.Бат-Эрдэнийгээ “алдсан”. Харин бусдынх нь хэрэг хэрхэж байгаа нь одоогоор тодорхой бус байгаа. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн л гэхэд “Би авлигын хэргээс ганц нэг байцаалт өгснөөс биш нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдоогүй” гэж даналзсан бол Б.Баттөмөр “АТГ-ынхан намайг нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, албан бичиг явуулсан” гэж даналзаж буй.
 
ХӨГЖЛИЙН БАНКНЫ 17 ЗЭЭЛДЭГЧ
 
            2022 оны нэгдүгээр сарын 20-нд Хөгжлийн банкнаас найдваргүй зээлдэгч 26 компанийн нэрийг нийтэд зарлаж байв. Гэвч “Хөгжлийн банкныхан өндөр албан тушаалтнуудын хамааралгүй компаниудын нэрийг зарлалгүй авч үлдсэн” гэх шуум гарч, шүүмжлэл ч газар авсан. Улмаар Хөгжлийн банк нийгмийн шахалтаар 11 хоногийн дараа буюу 2022 оны нэгдүгээр сарын 31-нд “хав дарсан” 17 зээлдэгчийнхээ нэрийг нийтэд ил болгож байв. Ингэснээр Хөгжлийн банкны бүх зээлдэгчийн нэр “нууц”-аас гарч, улмаар улстөрчдийн хамаарал бүхий компаниудын зээл ил болж, “Хөгжлийн банкны хэрэг” гэх дуулиан эхэлсэн. Тодруулбал, Хөгжлийн банкны бүх зээлдэгчийн нэрс ийнхүү ил болсноор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан, Ц.Анандбазар, болон УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Н.Номтойбаяр, Б.Элдэв-Очир, Ц.Шаравдорж, Б.Эрдэнэбат, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, БХБЯ-ны дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээдүүдийнхээ компанид Хөгжлийн банкнаас зээл олгуулсан нь илчлэгдсэн. Өдгөө УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкны хэрэг нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй.
 
 
ТЕГ-ЫН Ч.ГАНСҮХИЙН 17 ТЭРБУМЫН МӨНГӨ УГААЛТЫН ДУУЛИАНТ ХЭРЭГ
 
             2013 онд АТГ-аас Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийг албан тушаалаа ашиглаж авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үндэслэлээр нийт 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Ч.Гансүхийг 17 тэрбум төгрөгийг төрсөн дүү, аав, эхнэр, болон хүү Г.Ганзулынхаа “Бест-Анзу” ХХК-ийн дансаар дамжуулан “угаасан”  хэмээн АТГ-аас зарлаж, хэвлэлүүд ч шуугьж байв. Одоогоос 10 жилийн өмнө албан тушаалтнуудын, тэр тусмаа хэлтсийн буюу “хурган” дарга нарын авлигын хэрэг арай ч 17 тэрбум төгрөгөөр яригддаггүй байлаа. Тиймдээ ч ТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийг “17 тэрбум”-ын хэрэг тухайн үедээ дуулиан тарьж байв. Ингээд Ч.Гансүхийн хэргийг жил тойрон хэлэлцсэний эцэст 2014 оны арваннэгдүгээр сард Улсын дээд шүүхээс Ч.Гансүхийг 100 сая төгрөгийн эд хөрөнгийг улсын орлого болгон хурааж, төрд ажиллах эрхийг нь таван жилээр хасаж, долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
 
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД БА 17 ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЗАРЛИГ
 
          2019 оны зургадугаар сарын 26-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга  “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байв. Учир нь, Салхитын мөнгөний ордыг булаацалдсан хоёр хятад шат, шатны шүүхийн шүүгч нарыг авлигадаж, шүүхээр “дайтаж” байсан нь илэрч, Монголын шүүх засаглалын “ялзрал”-ыг илчилснээр жинхэнэ дуулиант хэрэг мандсан. Мөн Салхитын мөнгөний ордын хэргээр шалгагдаж байсан Гавьяат хуульч Л.Бямбаа хорих ангид нас барснаар бүр ч том асуудал дэгдсэн. Улмаар Х.Баттулга Салхитын мөнгөний ордын хэрэгт нэр холбогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болсон нь энэ юм. Х.Баттулгын бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчээс гурван шүүгч нь тус бүр гурван жилийн ял сонссон. Найман шүүгчийн гэм буруугүй нь тогтоогдож, хоёр шүүгчийн хэрэг цагаадаж, нийт 10 шүүгч бүрэн эрхээ буцааж сэргээлгэсэн. Харин нэг шүүгч гадагшаа зугтсан. Тодруулбал, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Х.Баттулгын зарлиг гарсны шөнө нь Сэлэнгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу гарч, дамжаад АНУ-д очсон. Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд С.Төмөрбатыг авчрахаар төлөвлөж буй.
 
ОФФШОР БҮСЭД “НУУСАН” 17 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ДУУЛИАН
 
               2017 оны гуравдугаар сард “Ард түмний онц зөвлөл”, “Босоо Монгол”, “Жудагт Монгол” тэргүүтэй 40 гаруй төрийн бус байгууллага нэгдэн төв талбайд “Оффшорчдын эсрэг нэгдэцгээе” уриатай жагсаалыг зохион байгуулж эхэлсэн. Жагсагчид “Оффшор бүсэд манай улсын төрийн өндөр албан тушаалтнуудын 17 тэрбум ам.доллар байна. Энэ мөнгийг яаралтай оруулж ир” гэх шаардлага бүхий лоозон, самбарыг хэдэн зуугаар нь хэвлэж барьсан байсан. Улмаар “17 тэрбум ам.долларын оффшор” гэх асуудалд УИХ-ын анхааралд орсон. Жагсаалын дараахан буюу 2017 оны дөрөвдүгээр сард М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд “Оффшор бүсэд үнэхээр албан тушаалтнуудын 17 тэрбум ам.доллар байгаа юу. Байгаа бол хэн хэн энэ мөнгийг эзэмшдэг вэ” гэх асуулгыг  тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АТГ-ын дарга  Х.Энхжаргал нарт хүргүүлж байлаа. АТГ-ын дарга Х.Энхжаргал “Бид оффшор бүсийн хэргийг шалгаж байгаа. Гэхдээ “17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна” гэх мэдээлэл хараахан батлагдаагүй байгаа. Монгол Улсын 49 иргэн оффшор бүсэд данстай нь “Панамын баримт”-аас ил болсон. Гэхдээ нийт хэчнээн төгрөгийн хадгаламж эзэмшиж байгаа нь одоогоор тодорхой болоогүй байна” гэх тайлбар хийж байв. Энэ мэтээр 2017 оны турш оффшор бүсийн асуудал, тэр тусмаа 17 тэрбум ам.долларын нууц хөрөнгийн асуудал яригдсан тулд Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд 326 дугаартай “Жагсаалт шинэчлэн батлах тухай” тогтоол гаргаж, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчилж байв. Энэ тогтоолоор Британийн Виржинийн арлууд, Панам, Ирланд, Малайз, Макао, Сингапур, Хонконг, Швейцар тэргүүтэй 49 улсыг “Оффшор бүс” хэмээн тогтоож, тухайн улсуудад төрд ажиллаж байгаа албан тушаалтнууд данс нээх, мөнгөн болон үл хөдлөх хөрөнгө байршуулах, компани байгуулахыг хориглосон байдаг.
 
ХҮРГЭН Г.ДЭНЗЭНГИЙН 17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙН ХЭРЭГ
 
                УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төрсөн эгчийнхээ хүргэн Г.Дэнзэнг 2008-2012 онд Тэргүүн шадар сайдаар байхдаа зөвлөхөөрөө, 2012-2014 онд Ерөнхий сайдаар байдаа ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилон ажиллуулж байв. 2013 оны дөрөвдүгээр сард тухайн үед сөрөг хүчин байсан УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-д оруулж ирж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлсэн ч дэмжлэг аваагүй. Улмаар Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, О.Содбилэг тэргүүтэй МАН-ын гишүүд “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн албан тушаалаа ашиглаж, эхнэр Г.Уянгын “Говь повер” ХХК-ийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбум төгрөгийн тендерт хууль бусаар ялуулсан. Төрд ажилласан туршлагагүй хүргэн Г.Дэнзэнгээ том албан тушаалд томилж, тендер өгч байгаа Н.Алтанхуяг огцрох ёстой” гэж нийтэд зарласан. Энэ дагуу АТГ-аас 2013 оны зургадугаар сард Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгахаар прокурорт санал хүргүүлж байв. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж ч “Г.Дэнзэнг ажлаа өгөөд шалгуул ёстой” гэж байв. Эндээс “Хүргэн Дэнзэнгийн хэрэг” эхэлсэн түүхтэй. Гэвч Г.Дэнзэнг шалгаж эхлээд байхад Герман руу гарч явсан бөгөөд 2015 оны тавдугаар сард Монголд ирмэгц нь цагдан хорьсон. Г.Дэнзэн өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж, шоронд өлсгөлөн зарлаж байв. Эцэст нь, өнөөх 17 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан “Говь повер” ХХК нь Г.Дэнзэнгийн эхнэр буюу Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Гэрэлхүүгийн Уянга биш Чулуунбаатарын Уянга гэх огт хамааралгүй хүний компани байжээ гэгдээд энэ хэрэг дууссан.
 
ОТГОНТЭНГЭРТ ОСОЛДСОН 17 УУЛЧИН
 
           Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрхны оргилд  авираад буцаж явсан 27 уулчны 17 нь цасан нурангид дарагдаж, сураггүй болсон тухай түгшүүрийн дуудлага 2017 оны аравдугаар сарын 22-ны 14:30 цагт Онцгой байдлын шуурхай штабт ирж, энэ харамсалт мэдээг улс даяараа цочирдон хүлээж авч байв. Ослын голомтод онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагын 108 алба хаагч, түргэн тусламжийн 23 эмч, сувилагч, уулын спортын мэргэжлийн холбоод болон бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай штаб байгуулан эрлийн ажиллагааг зохион байгуулж байлаа. Ар гэрийнхэн нь ч, ард түмэнд ч 17 уулчныг “амьд байгаасай” гэж залбирсан. 
        Харамсалтай нь, гурван өдрийн турш эрлийн ажиллагааг зохион байгуулсны эцэст 2017 оны аравдугаар сарын 25-нд 17 уулчны цогцсыг нурангиас гаргаж дууссан байдаг. Отгонтэнгэр хайрханд осолд энэ 17 уулчны гэгээн дурсгалд зориулж хожим нь гэрэлт хөшөө босгож үлдээсэн түүхтэй.
 
ҮГСЭН ХУЙВАЛДАЖ, ҮНЭЭ НЭМСЭН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫН 
17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ХЭРЭГ
 
                              2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг Монголд мэдэхгүй, мартсан хүн үгүй. Улстөрчдийн луйвар булхай, ард иргэдийн уур бухимдал, өдөөн хатгагчдын турхиралт бүгд нийлбэл юу болдгийг энэ “хар өдөр” бидэнд харуулсан. Тухайн үед үймээн самууныг зохион байгуулсан, турхирсан хэргээр хэд хэдэн хүн хоригдсоны нэг нь О.Магнай байв. Төв талбайгаас Тусгаар тогтнолын ордон руу жагсагчдын дагуулан алхаж буй Ж.Батзандан, О.Магнай хоёрын хар савхитай алдартай зураг бий дээ. Гэхдээ О.Магнай удаан хоригдоогүй бөгөөд хоригдож байх үедээ хуурай өлсгөлөн зарлаж, улмаар бие нь эрс муудсан тул удалгүй суллагдсан байдаг. “Хар өдөр”-өөс хойш хэсэг нам гүм байсан О.Магнай АН-ын гишүүн болж, улмаар 2012 оны есдүгээр сард ШӨХТГ-ын даргаар томилогдож байв. ШӨХТГ-ыг хамгийн дуулиан, шуугиантай удирдсан дарга нь тэр байсан гэхэд болно. Ойр ойрхон хэвлэлийн хурал хийж, шударга өрсөлдөөний хууль зөрчсөн компаниудыг өдий, төдий төгрөгөөр торгосон тухайгаа зарладаг байв. Түүний тарьсан ээлжит нэг дуулиан нь үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн шатахуун импортлогч компаниудын 17 тэрбум төгрөгийн торгуулийн хэрэг байсан. Гэхдээ энэ 17 тэрбум төгрөгийн торгуулийг О.Магнайг анх тавиагүй, түүнийг томилогдож ирэхэд өмнөх удирдлагууд нь шатахуун импортлогчдыг 17 тэрбум төгрөгөөр торгочихсон атлаа торгуулиа авах гэж хөөцөлдөлгүй хаячихсан байжээ. Харин энэ хэргийг О.Магнай сэргээж, нийгмийн анхааралд оруулснаар “автор” нь болсон. Улмаар О.Магнай шүүхээр үзэлцэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 17 тэрбум төгрөгийн торгуулиа төлөөгүй “Ник”, “Жаст-ойл”, “Шунхлай”, “Магнай трейд”, “Сод монгол”, “Ойн бирж”, “Петро жамп”, “М-Ойл” гэсэн найман компанийн дансыг нь хаах хүртэл арга хэмжээ авч байв.
 
Х.БАТТУЛГЫН ХОЛБОГДСОН 17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙН ХЭРЭГ
 
                          Одоогоос 26 жилийн өмнө, 1997 оны намар мандсан “17 чингэлэг спирт”-ийн гэх хэрэг үлгэр домог шиг яригдсаар өнөөг хүрч буй. Түүх сөхвөл, төмөр замаар оруулж ирсэн 17 чингэлэг ачаа “аз дутаж” гаалийнхны гэнэтийн шалгалттай таарчээ. Тус ачааг шалгатал 340 тонн спирт болох нь батлагдаж бөөн хэрэг мандсан гэдэг. Улмаар Төмөр замын цагдаагийн газраас “17 чингэлэг спирт”-ийн гэх эрүүгийн хэрэг үүсгэж, тухайн үеийн “Женко” ХХК-ийн захирал буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний төрсөн дүү Х.Баттуул, УИХ-ын гишүүн асан, “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж байх үед буюу  1997 оны аравдугаар сарын 5-ны шөнө Гаалийн хяналтын талбайд битүүмжлэн хадгалж байсан 17 чингэлэг спирт усаар солигдсон байгаа юм. Дээрээс нь, тухайн 17 чингэлэгт спирт байсныг нь баримтжуулан бичиж авсан ч камерын бичлэг МҮОНРТ-ийн архиваас хулгайлагдсан гэх. Ийнхүү 17 чингэлэг спирт ганцхан шөнийн дотор ус болон хувирч, ганц баримт буюу камерын бичлэг нь хулгайд алдагдсанаар Х.Баттулга, Х.Баттуул нарыг үргэлжлүүлэн шалгах боломжгүй болсон. Илүү ноцтой нь, “17 чингэлэг спирт”-ын хэргийг анх гаалийнхантай хамт илрүүлж, нийгмийн дуулиан болгосон цагдаа зургаан сарын дараа хяналтын пост дээрээ 27 удаа хутгалуулж амиа алдсан байдаг. Эцэст нь, “17 чингэлэг спирт”-ийн хэргийг хоёр залуу “үүрсэн”-ээр хаагдсан түүхтэй.

17
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 13:11:54
    S: SEXSDN80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188