• Өнөөдөр 2024-05-19

ЧОНЫН АМНААС БАРЫН АМАНД ОРСОН “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР

            “Эрдэнэт” үйлдвэрт ээлтэй эзэн ер таарч байсангүй. Томилогдсон болгон нь тонох сэдэлтэй очдог нь ёс, ёр болж тогтсон. “Эрдэнэт”-ийг удирдаж асан Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ч.Ганзориг, Ц.Даваацэрэн, Х.Бадамсүрэн гэх үе үеийн захирал нь үр удмаараа толгой баячууд болцгоосон. Зөвхөн тэд ч биш, тэднийг томилсон, тэдний томилсон хүмүүс ялгаагүй. Хатуухан хэлэхэд, нүүрсний хулгайн бизнес “моод”-нд орохоос өмнөх Монголын баячуудыг Эрээн, Эрхүү хооронд гахай үүрч хөлжсөн, “Эрдэнэт”-д шахаа хийж хөлжсөн гэж хоёр хувааж болно. Хамгийн сүүлд, Х.Бадамсүрэнг “Эрдэнэт”-ийн эзэн болох үед хамаг юм “шилэн” болчихсон байсан учраас хэрхэн хөлжиж, хазааргүй тансаглахыг нь нийтээрээ харсан. Тэр 50 саяын массажны сандалд тухалж, 500 саяын Мерседес бенз хөлөглөж, эдлэл хэрэглэл, эрх ямба нь эрх баригч намын даргаасаа ч дээгүүр байлаа. Тиймдээ ч, Х.Бадамсүрэнг “Эрдэнэт”-ээс явахад хэн хүнгүй л баярласан байх. 
 
    Өдгөө “Эрдэнэт” үйлдвэр Г.Ёндон гэх шинэ "эзэнтэй" болоод буй. Түүнийг анх томилогдоход нь, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар хэсэгхэн ажилласныг нь эс тооцвол улстөрч биш учраас “ууж, идэх” шунал суугаагүй биз” гэж нийтээрээ итгэсэн. Атал, Ардын намын даалгавраар “Эрдэнэт” үйлдвэрт эзэн суусан Г.Ёндон тэрбум, тэрбумын тендерүүдийг намынхандаа, нэр нөлөөтэй албан тушаалтнуудад баруун солгойгүй тарааж байгаа ажээ. Жишээ болгож, Г.Ёндонгийн зарлаж, шалгаруулсан гурван компанийг танилцуулъя. 

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ОРЛОГЧ ДАРГА АСАН Т.БЯМБАЖАРГАЛ, ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН ГЭХ АХ ДҮҮ ХОЁРТ 3.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГЧЭЭ 

      Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдож очсоныхоо дараа 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд “Сэлэнгэ амралтын цогцолборын өвлийн байр өргөтгөх” нэртэй 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Улмаар өнгөрөгч нэгдүгээр сарын 30-нд тус тендертээ “Мотоблок” ХХК-ийг шалгаруулсан байна. “Мотоблок” ХХК-ийг Тогтохын Бямбажаргал, Тогтохын Жаргалсайхан гэх төрсөн ах дүү хоёр эзэмшдэг ажээ. Тэд Ховд аймгийн Мөст сумын уугуул бөгөөд Т.Бямбажаргал нь Эрдэнэтэд, Т.Жаргалсайхан нь Ховддоо амьдардаг боловч бизнесээ хамт явуулдаг ажээ. Судалж үзвэл, “Мотоблок” ХХК-ийг эзэмшигч Т.Бямбажаргал гэгч нь 1998 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан, 2012 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэрийн Материал, техникийн хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж, улстөрчдийн увайгүй “шахаа”-г нь гардан гүйцэтгэж байсан нэгэн ажээ. Улмаар 2016 оны сонгуулийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга болтлоо дэвшин томилогдож байжээ. Ноцтой нь, насаараа “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан Т.Бямбажаргал 2017 оны ХОМ-тээ 7 орон сууцтай, оффис, үйлчилгээний 3 барилгатай, дансандаа 1.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байжээ. Товчхондоо, эхэнд дурдсанчлан “Эрдэнэт”-д “шахаа” хийж хөлжигсдийн том төлөөлөл нь аж. 
 
Харин “Мотоблок” ХХК-ийн нөгөө хувь эзэмшигч Т.Жаргалсайхан нь 2018-2020 онд Ховд аймгийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн бодлого хариуцсан орлогчоор ажилласан. Улмаар 2020 оны Орон нутгийн сонгуулиар Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ. Мөн Т.Жаргалсайхан нь Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой “Ховд аймгийн нутгийн зөвлөл” ТББ-ыг хамт удирддаг бөгөөд тун дотно найзууд гэнэ. Сонирхуулахад, “Мотоблок” ХХК-ийг эзэмшигч Т.Бямбажаргал, Т.Жаргалсайхан хоёрын аав Т.Тогтохын төрсөн ах нь ЗГХЭГ-ын дарга, Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, 2012 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилогдож асан Т.Лхагва ажээ. 
Тайлбар: УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын төлөөлөгч, "Мотоблок" ХХК-ийг эзэмшигч Т.Жаргалсайхан нар, 2021 он-Ховд
     Товчхондоо, Г.Ёндон томилогдож очмогцоо л “Эрдэнэт” үйлдвэрт улстөрчдийн “шахаа”-г шургуулж хөрөнгөжсөн, түүнээсээ болж хар тамгатай “хөөгдсөн” Т.Бямбажаргал болон төрд ажиллахын хажуугаар тендерээр хөлжиж яваа Т.Жаргалсайхан гэх ах дүү хоёрт 3.6 тэрбум төгрөгийн тендер өгчихжээ. 

“Ц.НЯМДОРЖИЙН ХАЙРТАЙ ДҮҮ” ГЭЖ ЗАРД ГАРСАН, АВЛИГЫН ХЭРГЭЭР ХОРИХ ЯЛ СОНСОЖ АСАН С.АНХБАЯРТ 895 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГЧЭЭ 

     Г.Ёндон өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд “Эрдэнэт” үйлдвэрийн “Карбамид нийлүүлэх” нэртэй 895 сая төгрөгийн тендерт “Бест Вестерн Тех” ХХК-ийг шалгаруулжээ. “Бест Вестерн Тех” ХХК-ийг Сайнжаргалын Анхбаяр эзэмшдэг. С.Анхбаяр нь 2016 оны сонгуулийн дараа “ДЦС-VI” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон, Ц.Нямдоржийн хамгаалалтад байдаг хайртай хуурай дүү, багшийнх нь хүүхэд гэдгээрээ танигдсан нэгэн. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэгэнтээ “Нямдорж өөрийн хуурай дүү Анхбаяр гэдэг залуугаараа дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийдэг. “ДЦС-VI”-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяраар дамжуулж 42 сая ам.долларын бараа материал шахсан баримт нь надад бий” гэж мэдэгдэж байв. Хариуд нь Ц.Нямдорж “Надтай холбоод байгаа тэр Анхбаяр гэдэг залуу чинь миний багшийн хүүхэд. Өөр холбоо байхгүй” гэж байлаа. Удалгүй, 2018 онд АТГ-аас С.Анхбаярыг их хэмжээний авлигын хэргээр баривчилсан. Улмаар 2018 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Анхбаярт хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон. Харин 2019 оны дөрөвдүгээр сард Улсын дээд шүүх С.Анхбаярын хэргийг хэлэлцээд хоёр жилийн хорих ялыг нь 27 сая төгрөгөөр торгох ялаар солиод, суллаж, Ц.Нямдоржийн хамгаалалтад байдаг хайртай дүү нь гэдгийг баталсан байдаг. 
 
Атал, “Эрдэнэт”-д шахаа хийсэн, “ДЦС-VI” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа авлига авсан хэргүүдэд холбогдож, шүүхээс ял хүртэл сонсож явсан С.Анхбаярт Г.Ёндон дахиад тендерт өгч эхэлжээ. “Авлигачид, хулгайчидтай тэмцэнэ” гэх сүржин мэдэгдлүүд хийж буй Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, авлигачинд тендерт өгч байгаа Г.Ёндон хоёр илт зөрчилтэй л харагдаж байна. 

ЯАРМАГИЙН НҮХЭН ГАРЦЫГ БАРИХ ГЭЖ ЖИЛ ТОЙРОН ЯДАЛЦАЖ БУЙ “УБТЗ” ХНН-ИЙН ОРЛОГЧ ДАРГА АСАН Ч.ЭРДЭНЭДАЛАЙН ХҮҮХДҮҮДЭД 15.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГЧЭЭ 

     Г.Ёндон томилогдож очсоныхоо дараахан буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 7-нд “Үйлдвэрлэл технологийн паркийн төмөр зам барьж байгуулах” нэртэй 15.3 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тус тендертээ “Туулын гүүр далай” ХХК-ийг шалгаруулсан байна. Улмаар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-нд урьдчилгаа санхүүжилт болгож “Туулын гүүр далай” ХХК-ийн данс руу 4.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. 
   Тэгвэл “Туулын гүүр далай” ХХК-ийг Эрдэнэдалайн Баярбат, Эрдэнэдалайн Баярчулуун гэх ах дүү хоёр эзэмшдэг. Ноцтой нь, Э.Баярбат, Э.Баярчулуун нарын аав, “Туулын гүүр далай” ХХК-ийн “нууц эзэн” Ч.Эрдэнэдалай нь “УБТЗ” ХНН-ийн Орлогч даргаар ажиллаж ирсэн нэгэн ажээ. Г.Ёндонгийн 15.3 тэрбум төгрөгийн тендерийг мөн л төрийн том даргын хамаарал бүхий компани авчихжээ гэсэн үг. Сонирхуулахад, “Туулын гүүр далай” ХХК нь өнгөрсөн онд Яармагийн зам дагуу буюу “Хүннү молл”-ын баруун урд нүхэн гарц барих нэрээр Нийслэлээс 2.0 тэрбум төгрөгийн тендерт авсан. Улмаар өнгөрөгч 2022 оны наймдугаар сард нүхэн гарцын сууриа цутгаж байгаа нэрээр сарын турш Нисэх, яармагийн замыг хааж байв. Тухайн үед “Туулын гүүр далай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Баярчулуун “Бид ирэх есдүгээр сард нүхэн гарцыг хүлээлгэж өгнө” хэмээн ярилцлага өгч байлаа. Харамсалтай нь, Яармагийн нүхэн гарц өнөөг хүртэл бүрэн ашиглалтад ороогүй, өнгөрсөн дөрөвдүгээр сард орсон багахан борооноор дээвэр болон хананаас нь ус шүүрч, хонгил нь усаар дүүрсэн хэл аманд өртсөнийг сануулах нь зүйтэй байх. 
 
        Г.Ёндонгийн “Эрдэнэт” үйлдвэрийн эзэн болсноосоо хойш зарласан тендерүүд, шалгаруулсан компаниудаас ердөө гурван компанийнх нь эздийг танилцуулахад л ашиг сонирхлын асар их зөрчилтэй, зарим нь бүр “Эрдэнэт” үйлдвэрт хар тамга даруулсан, хэзээ ч тендерт нь оролцож болохгүй хүмүүс ч байгааг баримтууд харууллаа. Товчхондоо, уул уурхайн мэргэжилтэй, улстөрч биш, “ууж, идэх” шунал суугаагүй хүн томилогдлоо гэсэн итгэл талаар болж, тэр тендерүүдийг хэрхэн баруун солгойгүй намынхандаа, нэр нөлөөтэй томчуудад тарааж байгааг харууллаа. Хатуухан хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр чонын амнаас барын аманд оров бололтой. Төрд хулгай нүүрлэсний анхны тод жишээ болсон “Эрдэнэт” үйлдвэрийг авлигачид, хулгайчид одоог хүртэл тоносоор байхад Засгийн газар авлигачид, хулгайчтай тэмцэнэ гэж мянга орилоод хэрэг байна уу. 
 

ЧОНЫН АМНААС БАРЫН АМАНД ОРСОН “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-15 14:00:03
    irgen: Endon henii taviul bilee bod doo.Erh medeltenguud eersdiin uuj ideh shataa amar bolgohiin tuld eersdiin hunee meregjiliin bus bsanch shahna.Ajilchin hun huuhdee Erdenet uildvert orohod uogii haagaad bga uom.77 .ba turiin alban tushaaltanguudiin huuhduud bugd ue damjaad darga.bur BZS hulgailj surgaad.zaaval rurd oruulna.Ehner.nuhree.nuuts amragaa bugdiig tur.hil gaali.tagnuul.Hamgiin unatstai ashigtai gazart ajilluulj bhd ardiin huuhed erdenet uildvert orood.meregjil ezemsheed yvag.Turiin hulgaichuudiin huuhdiig tegvel turd ******** ourtuul.Ahduu amrag sadangaa hamt ajilluulj bolohgui gj huuli gargana gd Zandan daraad hevtej bga.Ter huuli garahgui.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-12 11:33:57
    Зочин: Буудах ч багадна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188